Орон нутгийн, тэр дундаа сумуудын сургуулийн дотуур байрнууд одоо болтол модон жорлонтой, нүүрсэн галлагаатай, хэзээ мөдгүй нурахад ойрхон байгааг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүн, “Хүүхэд хүчирхийлэхийн эсрэг үндэсний хөдөлгөөн”-ий зохицуулагч Д.Ундраа өчигдөр нийгмийн сүлжээнд мэдээлсэн нь олон нийтийн анхааралд өртөв. Тэрбээр “Энэ онд 100 сумын 100 дотуур байр, цэцэрлэг, сургуульд ажиллаж, хяналт шалгалт, үзлэг хийлээ. 365 хоногийн 300-д нь хөдөө ажилласных бүгдийг нүдээр үзээд маш их урам хугарлаа. Булган аймгийн төвийн сургуулиудын хүүхдийн дотуур байранд яг одоо ажиллаж байна. Хэлэх ч үг олдохгүй нь ээ. Булган аймгаас УИХ-д удаа дараа сонгогдсон есөн гишүүн байдаг. Гэтэл шинэ зуунд тойргийн хүүхдүүд нь нурах шахсан хүйтэн амбаарт хөгжиж, суралцах ямар ч боломжгүй орчинд амьдарсаар байна. ИТХ-ын төлөөлөгчид нь ч тоодоггүй, улс төржөөд сууцгаадаг аж. Дашинчилэн, Уньтай, Хантай багийн дотуур байр маш чанаргүй баригдсан, зарим нь дээврээсээ нурж эхэлжээ. Модон жорлон ч дүүрч гэхэд хүүхдүүд наад зах нь цахилгаанд цохиулах эрсдэлтэй нөхцөлд байна. Боловсролын яамны тендерт удаа дараа шалгарсан нэр бүхий компаниуд өчнөөн олон сургууль, цэцэрлэг, дотуур байрны барилгыг царцаасан байдаг. Ашиглалтад оруулаагүй 10 жил болж буй барилга ч цөөнгүй. Үүнээс болоод орон нутагт хүүхдүүдийн эрх ноцтой зөрчигдсөөр. Эрх баригчид нөхцөл байдалтай газар дээр нь яаралтай танилцаж, арга хэмжээ авах хэрэгтэй” гэсэн юм.

О.Оргилох