Нийслэлийн ИТХ 45 төлөөлөгчтэй. Тэдний 40 нь МАН-ын, тав нь АН-ын гишүүн юм. Сая гаруй хүн амтай хотын иргэдийн амьдрал ямар байх нь тэдний ажлаас шууд хамааралтай. Гэвч өнөөдөр манай хотод ганцхан Х.Нямбаатар гэдэг хүн л бүгдийг мэддэг болоод байна. Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ нийслэлд нүүрлэсэн авлига, хулгайг “цэвэрлүү лэх”-ээр түүнийг хот руу илгээсэн юм. УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдын өндөр албан тушаалаас татгалзан байж Х.Нямбаатар нийслэлийн Засаг дарга болсноос хойш хоёр жил гаруйн хугацаа өнгөрчээ. Гэвч тэр авлигыг цэгцэлсэнгүй, иргэдийн амьдрах орчныг ч өөд татсангүй. Харин түгжрэлийг бууруулах нэрээр ямар ч судалгаагүй, хүний эрх зөрчсөн гэнэтийн шийдвэрүүд гаргаж, биднийг тамлаж байгаа гэхэд болно. Саарал хүрэм өмссөн нэг л ажил хэрэгч, бас хэрүүлч хүн болж хувираад буй. Гэтэл түүнийг хянах, иргэдийн эрхийг хамгаалах ёстой үлдсэн 44 төлөөлөгч нь таг дуугүй. Тэд хэлгүй, чихгүй аж. Учир нь бүгд шахам ямар нэгэн албан тушаалын “бялуу” хүртээд амаа таглуул чихсан гэхэд хэтрүүлсэн болохгүй.
ИРГЭДЭД ТУСЛАХ БИШ, ДАРАМТЛАХ ШИЙДВЭРҮҮД
Х.Нямбаатар Засаг даргаар хоёр дахиа улиран ажиллаж буй. Энэ хугацаанд тэрбээр автомашины татварыг 2-3, зам ашигласныхыг тав дахин нэмсэн. Замаа ингэж сайжруулна гэв. Жил гаруйн хугацаа өнгөрсөн ч өнөөх замууд бахь байдгаараа. Яг хэрэгтэй хэсгээ засахгүй мөртлөө замын бордюр л солиод байна. Мөн автомашины үнэгүй олгодог байсан дугаарыг үнэлж, “шагийн наймаа” цэцэглүүлээд авлаа. Огцом өндөр татвар төлж эхэлсэн атлаа иргэд машинаа хүссэнээрээ унах ч эрхгүй болов. Хичээл сургууль эхлэх, томоохон баярууд тохиох үеэр дугаарын тэгш, сондгойгоор яв хэмээн хүчилнэ. 10 гаруй жилийн өмнө АН засаглахдаа ийм зохицуулалт эхлүүлсэн хэмээн өнөөх л “лааз өшиглөж” явсан сөрөг хүчин рүүгээ бурууг чихдэг. Гэтэл МАН үнэмлэхүй олонхоор засаглаад 10 жил өнгөрчхөөд байна. Тухайн үед дугаарын хязгаарлалт ганц шийдэл байсан байж болно. Харин одоо илүү дээр, хүний эрхийн мэдрэмжтэй арга зам олж, хэрэгжүүлэх цаг болсон. Гэвч бүтээлч шийдэл эрж хайхын оронд хаах, хорих, татвар нэмэх л гаргалгаатай суусаар удаж байна. Шийдвэр гаргахдаа ядаж наад захын судалгаа ч хийдэггүй нь эмгэнэл.
Хамгийн сүүлд шинэ оны өмнө буюу арванхоёрдугаар сард гурван өдрийн дотор 3400 хүний санал аваад л 1.7 сая иргэний автомашинаараа зорчих эрхийг хасахыг оролдов. Амралтын өдөр, ажлын цаг дууссаны дараа Тээврийн цагдаагийн алба нь энэ тухай мэдэгдэж, “Маргаашнаас тэгш, сондгойгоор зорчино” гэж байгаа юм. Иргэд дургүйцэж, шүүмжлээд эхэлмэгц Хууль зүй, дотоод хэргийн сайд нь “Ийм албан шийдвэр гараагүй” хэмээгээд цуцалсан. Түгжрэлийн буруутан нь иргэд. Алхаад явахын оронд машин унаад байна гэж Х.Нямбаатар биднийг загнадаг. Болоод, бүтээд байсан бүхнийг дордуулдаг, ардчилсан нийгэмд амьдарч буй атлаа хүний эрхийн ямар ч мэдрэмжгүй, коммунист даргатай, саарал хот л болж хувирлаа.
ХАРААТ ТӨЛӨӨЛӨГЧИД
Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид хотын төсвийг баталж, үүнийг хэрхэн хэрэгжүүлэхэд хяналт тавих үүрэгтэй. Мөн хотын иргэдийн эрх ашгийг төлөөлж, таатай орчинд амьдруулах нөхцөлийг бүрдүүлэх учиртай. Тэд бас Засаг даргаа хянах ёстой юм. Х.Нямбаатар хотыг удирдсан хоёр жил гаруйн хугацаанд нийслэлийн төсөв огцом өсөж, зардал нь нэмэгджээ. Энэ онд нийслэл 4.6 их наяд төгрөгийн төсөв баталсан. Гэвч Х.Нямбаатарыг хянах хүнгүй, “хаан” болгочхоод буйн шалтгаан бол төлөөлөгчдийн олонх нь ямар нэг байдлаар албан тушаалын “бялуу” хүртээд амаа хамхисантай холбоотой. Тэд бүгд шахам нийслэлийн өмчит ямар нэг компанийн захирал, ТУЗ-ийн гишүүн болсон учир “найзан дундаа” зарчмаар ажиллаж, хотын даргын дураар авирыг хараагүй мэт өнгөрүүлдэг аж. Тиймээс ч нийслэлийн иргэдийн биш, өөрийн эрх ашиг, албан тушаал, эрх ямбаа “тойглож” суудаг. Тэгэхээр энд хяналт тавих тухай яриа байхгүй, Х.Нямбаатараас хараат болсон гэсэн үг.
Төлөөлөгч Т.Даваадалай Засаг даргынхаа нэгдүгээр, А.Амартүвшин хоёрдугаар орлог чоор ажилладаг. Г.Ууганбаяр нь Х.Нямбаатарын Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан зөвлөх юм. Үүнээс гадна нийслэлийн өмчит ХК, ХКК-иудад захирлаар ажилладаг төлөөлөгч олон. МАН орон нутгийн сонгуулиар нийслэлийн Сүхбаатараас бусад найман дүүрэгт ялсан. Эдгээр дүүргийн Засаг дарга нь бүгд нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч. Тэд зөвхөн нэг компанийн захирал болоод зогсдоггүй. Төрийн өмчит өөр компаниудын ТУЗ-д багтаж, өндөр цалин авдаг хүн ч олон. Бараг хэдэн компанийн ТУЗ-ийг “хуваад аваад” орчихдог бололтой юм. Тухайлбал, Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай Улаанбаатар хотын хөгжлийн корпорацын Удирдах зөвлөл болон ТУЗ-д хамаардаг юм байна. Мөн төлөөлөгч Б.Дөлгөөн болон Л.Хосбаяр нар “Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн гэдгийг сайтуудад мэдээлжээ. Ус сувгийн удирдах газрын даргаар нийслэлийн ИТХын төлөөлөгч Ц.Төрхүү ажилладаг. Тэгвэл тус байгууллагын ТУЗ-д төлөөлөгч Ж.Батбаясгалан, Э.Одонтуяа, Д.Бадарсан, Д.Эрдэнэсүх нар багтдагийг цахим хуудаснаас нь харж болно.
Цалин авдаггүй ИТХ-ын төлөөлөгчийн ажилд улс төрчид яагаад хошуураад байдгийн шалтгаан энэ. Тэд төрийн өмчит компаниудыг удирдана, ТУЗ-д нь багтан өндөр цалин авна. Тэгвэл ийм “давхар дээл” өмсөж, эрх ямба хүртчихээд хотын иргэдийг төлөөлөх ажлаа умартдаг байдлыг засахын тулд тэдэнд цалин, төсөв хуваарилах ёстой гэж УИХ-ын гишүүн Ж.Золжаргал үзэж буйгаа мэдэгдсэн. Тэрбээр нэгдсэн чуулганы хуралдааны үеэр “Нийслэлийн иргэдийн төлөөлөгчид нь бүгд нэг төрийн компанийн захирал болчихсон. Тиймээс иргэдийн эрхийг хамгаалахын төлөө ажиллах завгүй. Энэ үүргийг нь салгамаар байна. Тэр олон төлөөлөгч-захирлын дунд төсвийн мөнгө “хусдаг” ч хүн байна. Их л хэл амтай байх юм. Нийслэлийн ИТХ хяналтаа тавихын тулд төлөөлөгчид нь хангалттай цалинтай байх хэрэгтэй. Цалингаа аваад, хийх ёстой ажлаа хийдэг болж байж төрийн өмчит компаниудаас холдуулна. Ингэхгүй бол яаж төсөв батлах юм” гэжээ.
СӨРӨГ ХҮЧИНГҮЙ ХОТ
Уг нь тэнд АН-ын таван хүн сөрөг хүчин болж сонгогдсон юм. МАН-ын төлөөлөгчид нь олдсон албан тушаал, эрх ямбаа алдахгүйн тулд Х.Нямбаатарыгаа “долоодог” юм гэхэд сөрөг хүчин дуугарах ёстой. Гэвч чимээ ч гарахгүй хоёр дахь жилдээ орж байна. Уг нь 2020-2024 онд ХҮН намын гурван төлөөлөгч гайгүй сайн сөрөг хүчин хийсэн жишээ бий. Хүсвэл гурвуулаа ч сайн ажиллаж болдгийг тэдний мэдэж, олон нийтэд мэдээлсэн “ногоон автобусны хэрэг”ээс харж болно. Гэтэл АН-аас Д.Батцогт, Д.Бадарсан, Д.Эрдэнэсүх, О.Зундуйдорж, Б.Золтуяа гэсэн таван төлөөлөгч ажилладаг ч сөрөг хүчин шиг байж чадахгүй байна. Д.Эрдэнэсүх нь гэр бүлийн хүнээ хүчирхийлсэн хэрэгт холбогдоод “завгүй” яваа. Өөрийгөө ч засаж, төлөвшиж чадаагүй хүн иргэдийн төлөө ажиллана гэж хүлээлтгүй. Түүнд тийм чадамж, сэтгэл дутна. Мөн тэрбээр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны Засаг даргаар ажилладаг гэнэ.
Т.Батцогт Улаанбаатар хотын хөгжлийн корпорацын Удирдах зөвлөл болон ТУЗ-ийн гишүүн юм байна. Д.Бадарсан Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах төсөл, хөтөлбөрийн зохицуулагч, мөн Ус сувгийн удирдах газрын ТУЗ-ийн гишүүн, О.Зундуйдорж нь Нийслэлийн хөрөнгө оруулалт, бүтээмж хариуцсан менежер, Б.Золтуяа Ус сувгийн удирдах газрын дэд дарга болжээ. Эл эмэгтэй “Тархмал эрчим хүчний дэд бүтэц” ХХК-ийн Удирдах зөвлөл болон ТУЗ-д бас харьяалагддаг аж.
Ийнхүү Ерөнхий сайд асны ганц итгэлт анд нь болох Х.Нямбаатар үеэлийнхээ “ам хамхиулах” арга барилыг нийслэлийн ИТХ-д тун сайн хэрэгжүүлжээ. Дөрвөн нам, нэг эвслээс бүрдсэн 126 гишүүнтэй парламентыг экс Ерөнхий сайд хэрхэн өөрийнхөө талд бүрэн үйлчлүүлж байсан билээ. ИТХ-д ч ийм л түүх давтагдаж буй нь харамсалтай. Хэвийн мэт болсон эл тогтолцоог өөрчлөхгүй бол төлөөлөгчид солигдоод ч байдал дээрдэхгүй. “Давхар дээл”-тэй нийслэлийн төлөөлөгчдөө яая гэж байхад УИХ-ын гишүүн У.Отгонбаяр Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах төсөл өргөн барьж, сумын ИТХ-д төрийн албан хаагчид сонгодог болгоё гэсэн. УИХ-аар уг төслийг хэлэлцэж буй. Гэхдээ зөвхөн сумаар хязгаарлагдах, эсэх нь эргэлзээтэй. Сүүлдээ “давхар дээл”-тэй байх ёстой гээд хуульчилчихаж ч мэдэх л улс төрчидтэй улс шүү дээ, бид.