Тайландын зүүн хойд нутагт суудлын галт тэрэгний дээрээс барилгын өргөгч цамхаг унасны улмаас 32 хүн амиа алдаж, 50 гаруй иргэн гэмтэж бэртсэн байна. Уг осол тус улсын нийслэл Бангкок хотоос зүүн хойд зүгт 230 км-ийн зайд орших Накхонратчасима мужийн Сикхио тойргийн нутаг дэвсгэрт орон нутгийн цагаар лхагва гаргийн 09:00 цагт болжээ. Тус улсын Тээврийн сайдын мэдээлснээр галт тэргэнд нийт 195 зорчигч байснаас кранд дарагдсан гурван вагоны хоёрт нь сууж явсан хүмүүс хамгийн их хохирол амссан аж. Амиа алдсан болон гэмтсэн иргэдийн дунд нэг ойтой нярайгаас эхлээд 59 хүртэлх насныхан байгааг өдгөө албаныхан тогтоогоод буй юм. Улмаар Засгийн газраас нь амиа алдсан иргэдийн гэр бүлд тус бүр 500 000 бат буюу 14 000 орчим ам.долларын нөхөн олговор олгохоо зарлав. Мөн тухайн чиглэлийн төмөр замын хөдөлгөөнийг 48 цагийн хугацаанд зогсоож, барилгын талбай дахь бүх техникийн аюулгүй байдлыг дахин шалгаж эхэлсэн байна.
Ташрамд дурдахад, тухайн үед Сикхио тойргийн нутагт одоо ашиглаж буй замын дээгүүр Тайланд-Хятадын хамтарсан өндөр хурдны төмөр замын гүүрэн байгууламж барьж байсан гэнэ.
Э.Сүйлэн