Баруун гараас: Мадуро, Родригес, Силия. 2023 оны эцэс
Хэдхэн хоногийн өмнө Венесуэлийн Гадаад хэргийн сайдаар томилогдсон 43 настай Николас Мадуро 2006 оны есдүгээр сард Нью-Йорк хотноо НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 61 дүгээр чуулганд оролцож байв. Түүний дарга Уго Чавес индрээс үг хэлэв. Хэлсэн үгийг дэлхийн хэвлэл, мэдээллийн бүх хэрэгсэл эш татсан нь нэг Ерөнхийлөгч нөгөөгөө “чөтгөр”, “худалч”, “эзэрхэгч” хэмээн НҮБ-ын индрээс хэлж байгаагүйтэй холбоотой. Жорж Бушийн дараа үг хэлэхдээ тэрбээр “Би чөтгөр гэж нэрлэж байгаа АНУ-ын ноён Ерөнхийлөгч дэлхийг эзэгнэгч мэтээр энэ индрээс ярив” хэмээн Бушийн хэлсэн үгийг Чавес дүгнэхэд Мадуро алга ташив. Хэдэн өдрийн дараа тэрбээр Жон Кеннедигийн нэрэмжит нисэх онгоцны буудлаас эх орондоо буцаж иржээ. Хожим Мадуро сэтгүүлчдэд хэлснээр онгоцонд суухын нь өмнө түүний баримт бичиг, тасалбарыг хураан аваад нэг өрөөнд оруулж цаг гаруй байцаасан аж. Доромжилж буй мэт энэ хандлагыг сайд эсэргүүцсэн ч Венесуэлийн төлөөлөгчид хүсэлт, шаардлага тавих хүртэл түүнийг онгоцонд суулгахгүй байлаа. Энэ бүхий байдлыг олон улсын хүний эрхийг зөрчиж, дипломат бүрэн эрхийг нь хайхарсангүй хэмээн америкчуудыг хатуухан шүүмжилсэнд АНУ уучлалт гуйжээ. Онгоцны буудалд болсон үйл явдлыг Мадуро, Чавес хоёр Бушийн талаар хэлсэн үгийнх нь хариуг авч буй хонзон гэж үзжээ.
2006 онд Венесуэл НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд байнгын бус суудалтай болохын төлөө кампанит ажил өрнүүлэв. Аюулгүйн Зөвлөлд Латин Америкийг төлөөлөхийг Гватемала хүсэж байлаа. Түүнийг Бушийн засаг захиргаа дэмжсэн нь гайхах юм биш. Гэлээ ч дундын хувилбарыг сонгож уг суудлыг Панамд өгөв. Чавесийг залгамжлагчийн хувьд Мадуро АНУыг гадаад дайснаа болгож байгаагаа ашиглаж Венесуэлийн дотоодод учирч буй төвөг бэрхшээл болгож тайлбарладаг байв. Уран илтгэх авьяас чадвараараа хүмүүст хүрч чаддаг Чавесаас ялгаатай нь Мадуро үг хэлэхдээ муу, үгийн сан нь ч ядуу байлаа.
Николас Мадуро ядуу айлд төржээ. Бүр сурагч байхаасаа улс төрийг сонирхсон аж. Өсвөр насандаа рок хөгжимд татагдав. Түүнд дунд сургуулийн гэрчилгээ, дээд боловсролын дипломын аль нь ч байхгүй. 24 настайдаа Гаванад очиж, Кубийн коммунист залуучуудын холбооны улс төрийн бэлтгэлийн нэг жилийн курсэд сурсан ч нэгэн компанид автобусны жолоочоор ажилласан. 1993 оны эцсээр Мадуро шоронд очиж Чавестай анх уулзжээ. 1992 оны эхээр цэргийн эргэлт хийх гэж оролдоод бүтэлгүйтсэний улмаас дэд хурандаа Уго Чавес шоронд хоригдсон байв. Түүнийг суллуулахаар Мадуро нэг бус удаа тэмцэл хийж, санасандаа хүрсний зэрэгцээ хуульч Силия Флорес гэдэг бүсгүйтэй танилцаж, сүүлд нь гэргийгээ болгожээ. Чавес хоёр жил хоригдоод байхад шинэ Ерөнхийлөгч Рафаэль Кальдера өршөөл үзүүлсэн байна. 1998 онд Чавес сонгуульд ялж, хоригдол байсан эр Төрийн тэргүүн болов. Мадуро ч мөн онд Парламентын гишүүн болж Ерөнхийлөгчийн бодлогыг дэмжигчдийн эгнээнд орлоо.
Мадуро улмаар Үндэсний Ассамблейн дарга, Гадаад хэргийн сайд болов. Нефтийн орлого болон төсөв нэмэгдсэнээр нийгмийн хөтөлбөрүүд хэрэгжүүлж, Венесуэлд ядуурал багаслаа. Үүнтэй зэрэгцэн засаглалыг дэмжих ёстой институтүүд суларч, шүүхийн бие даасан байдал алдагдаж, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, Үйлдвэрчний эвлэлийн байгууллагуудад үзүүлэх дарамт ихсэж, улс төрийн талаар ялгаварлах байдал хүч түрж эхэлжээ. Чавесийн засаглалын сүүл рүү Венесуэлийн эдийн засаг нефтээс хамааралтай болж, инфляц өндөрсөв. 2013 оны гуравдугаар сарын 5-нд тус улсад төрийн теле суваг гэнэт тасарч тэр үед Дэд Ерөнхийлөгч болоод байсан Мадуро дэлгэцнээ гарч ирэн Уго Чавес амьсгал хураасныг дуулгав. Мадуро түр хугацаагаар улсаа удирдах боллоо.
2024 оны долоодугаар сард Ерөнхийлөгчийн сонгууль болоход Венесуэлээс 7.8 сая хүн гадагш явчихсан байсны дор хаяж 68 мянга нь санал өгөх эрхтэй байв. Цагаачлагчдын олонх нь Мадурог эсэргүүцэгчид байсанд эргэлзэх юмгүй. Гэлээ ч Мадуро өөрийгөө Ерөнхийлөгчөөр дахин сонгогдсоноо зарлажээ. Гэтэл өрсөлдөгч нь 67 хувийн санал авчихсан байдаг. Сонгуулийн дүнг зарламагц эсэргүүцэл өрнөж, түүнийг залгаад баривчилгаа эхлэв. Баривчлагдагсдын дотор нийгмийн сүлжээгээр санал бодлоо илрэхийлсэн насанд хүрээгүй хүн ч олон байлаа. Ямар ч байсан 2025 оны нэгдүгээр сарын 10-нд Николас Мадуро Ерөнхийлөгчийн тангаргаа өргөв.
...Мадурог баривчилсныхаа дараа олон түмэнд илэрхий болгосон баримтад өгүүлснээр сүүлийн 25 жил тэрбээр өөрийн нөхцөл байдал болон олон түмний итгэлийг төрийн байгууллагуудыг хахуульдаж, олон тонн хар тамхийг АНУ руу зөөхөд ашигласан байна. Уг баримтаар Мадуро, түүний төрөл төрөгсөд, ойрын хүмүүс Колумби болон Мексикийн хар тамхи үйлдвэрлэгчид Венесуэлийн “Арагуа галт тэрэг” гэдэг дээрэмчдийн бүлэгтэй хамтарч, тэдний халхавчаар мансууруулах бодисыг Карибын тэнгисийн сав газрын орнуудаар дамжуулан АНУ-д хүргэж байжээ. Нью-Йоркийн шүүхээр хэлэлцэх эхний томоохон хэрэг нь Ма дуро Гадаад хэргийн сайд байсан 2006-2008 онд хамаарагдах бөгөөд худалдаачдад дипломат паспорт олгож, хар тамхийг дипломат ачаа мэтээр АНУ-д аваачиж байсан явдал юм. Хоёр дахь хэрэг нь 5.5 тонн хар тамхи АНУ-д оруулах гэснийг нь Мексикийн эрх баригчид саатуулсан байдаг. Гурав дахь нь Мадурогийн гэргий Силия Флоресийн ач, зээ нартай холбоотой. Тэднийг 2015 оны намар Гаитид саатуулж АНУ-д хар тамхины панз хийхийг оролдсон гэж шүүсэн аж. Тэд олсон орлогоо Венесуэлийн Үндэсний Ассамблейн гишүүн болохын төлөө Силия Флоресийн кампанит ажилд зарцуулахаар төлөвлөж байжээ. Мадурогийн холбогдсон хэрэг энэ бүхнээр хязгаарлагдаж байгаа, эсэх нь одоогоор тодорхойгүй, гол нь олон хэргийн нь нотлох баримт ховор байгаа аж. Хэрэв Мадуро, гэргий нар нь хар тамхины наймаанд холбоотой болох нь нотлогдвол насаар нь хорьж, хөрөнгийг хураан, торгууль төлүүлэх ял оноох заалт бүхий хууль ч бий юм байна.
Мадуро Путинтэй нөхөрлөсөн нь Чавесээс өвлөгдсөн харилцаа юм. Венесуэл нь Оросын тухайн бүс нутаг дахь стратегийн нэг гол түнш нь юм. Тус улс Оросоос зэвсэг худалдаж авч, хариуд нь нефтийн нөөцдөө нэвтрэх эрх олгосон байдаг. 2025 онд Мадуро, Путин нар стратегийн түншлэлийн тухай гэрээнд гарын үсэг зурсан байна. Нефть олборлох үйлдвэр хамтран байгуулах ажлыг 15 жилээр сунгахаар Венесуэл өнгөрсөн оны эцсээр шийдвэрлэжээ. “Reuters” агентлагийн мэдээлснээр 2005-2017 онд Каракаст 11 тэрбум ам.долларын зэвсэг Москва худалдаж, 17 тэрбум ам.долларын зээл олгожээ. Энэ ачийг нь санаж Крымийг Оросын нэг хэсэг болохыг Мадуро хүлээн зөвшөөрч, дараа нь Украин руу довтлохыг нь дэмжсэн байна. Сүүлчийн удаа Путин, Мадуро хоёр 2025 оны арванхоёрдугаар сарын 11-нд утсаар ярьжээ. 2024 онд Сирид Башар Асадыг авч хаяхад, Ираны цөмийн обьектуудад АНУ, Израил цохилт өгөхөд яаж ч чадаагүйнхээ адил Мадурог унагахад Орос гар хумхиж суув.
Николас Мадуро, Силия Флорес нар одоо Нью-Йоркийн Бруклинд түр хорих төвд байгаа аж. Энд Гондурасын Ерөнхийлөгч асан Хуан Орландо Эрнандес, Мексикийн НАХЯ-ны сайд асан Хенаро Гарсия Луна нар шүүхийн шийдвэр гарахыг хүлээн сууж байжээ.
Мадурогийн орыг эзлээд буй Дэлси Родригес гэгч хатагтай Америкийн “эзэнт улс”-д цохилт өгнө гэж амласан. Гэтэл Доналд Трамп болохоор түүнийг Вашингтоны зааврыг хэрэгжүүлэгч амбан сайд нь болно гэдэгт эргэлзэхгүй байгаа.
Родригес Венесуэлийн Дэд Ерөнхийлөгч байсан болохоор Мадурог баривчлагдсаны дараа Дээд шүүх нь Төрийн тэргүүний бүрэн эрхийг түүнд үүрүүлсэн. Тэрбээр Мадурог хулгайлснаар Венесуэлийн дэглэмийг, бодлогыг нь өөрчлөхгүй гэж даруй мэдэгдсэн. “Венесуэлд ганцхан Ерөнхийлөгч бий, түүнийг Николас Мадуро гэдэг. Манай ард түмэн бууж өгөхгүй, ямар нэг эзэнт улсын хараат хэзээ ч болохгүй” гэж хэлээд тусгаар тогтнолоо хамгаална хэмээн амлав. Венесуэлд хэн одоо гол хүн бэ гэж асуухад Трамп “Бүхнийг бид захирна” гэж хариулаад, цэргийн ажиллагаа дахин явуулна, Цагаан ордны үгийг биелүүлэхгүй, нефть болон бусад юмандаа АНУ-ыг хүргэхгүй бол Родригес чи Мадурогоос дор амьтан болно” хэмээн заналхийлсэн.
Делси Родригесийн эцэг партизан байсан бөгөөд 1976 онд цагдаа нарт тамлуулан амиа алджээ. Шударга ёсны эрэлд гарсан Родригес хуульч болохоор шийдэж Францад очив. Боливарын хувьсгал болон Уго Чавес засгийн эрхэд гарсныг эцгийнхээ өшөөг түрүүчийн эрх баригчдаас авах сайхан үе тэдний гэр бүлд ирлээ гэж Делси Родригес үзжээ. Ах Хорхе Родригес нь ч улс төрд зүтгэв. Одоо тэрбээр Үндэсний Ассамблей тэргүүлж байна. Чавесийн үед Делси Родригес сайдын суудалд ч сууж байв. Харин Чавес нас барж, эрх мэдэл Николас Мадурод шилжсэнээр Дэд Ерөнхийлөгч болжээ. Мадурогийн үед энэ эмэгтэй Холбооны, Эдийн засгийн болон Гадаад хэргийн сайдаар ажиллаж байгаад хоёрдугаар хүн болж, ядуу Венесуэлийн орлогын цорын ганц эх үүсвэр болсон нефть, хийн салбарыг хариуцах болсон байна.
Родригес “гэрт ч, гадаа ч” Мадурогийн баруун гар нь байв. Эрх чөлөөг нухчин дарж, сонгууль луйвардсаныхаа хариуд Өрнөдийн хоригт орсон Мадурогийн дэглэмийн нүүр царай нь Делси Родригес болж байлаа.
Сүүлийн үед Мадуро өөрөө гадагшаа явахаа бараг байж Родригес л Турк, Хятад, Иран гээд холбоот улсуудтайгаа харилцахад гол үүрэг гүйцэтгэх болжээ. Юм юманд хүрч байдаг, зүгээр суух дургүй Родригес хэл ам татлах нь бас цөөнгүй. Өмнөд Америкийн худалдааны эвслээс Венесуэлийг гаргасны дараа Буэнос-Айрест болсон тус эвслийн хуралд орохыг тэрбээр Мадуро шүүхийн шийдвэр хүлээж, Родригес хоёр нүүр гаргав оролдож байв. Шенгений бүсэд нэвтрэхийг хориглосныг үл тоон 2020 онд хувийн онгоцоороо Испанид очиж л байлаа. Хүний эрхийг зөрчиж, Венесуэлийн ардчилалыг бусниулсан гэж үзэж АНУ хийгээд Европын Холбоо Родригесийн эсрэг хориг тавьсан удаа ч бий. Родригес Америкийг байнга шүүмжилж, Мадуро болон түүний хүрээллийн социализм байгуулах эрхийг тууштай хамгаалж, Америкийн империализмын эсрэг тэмцлийг үргэлжлүүлэв. Одоо үгэнд нь орохгүй бол цэргийн интервенц хийх Трампын амлалттай нүүр тулгарч, Вашингтоны заавраар ажиллах нөхцөл байдалтай Родригес учраад буй. Тэрбээр уян хатан байхад хүрч байна. Түүний дуу хоолойн өнгө ч зөөлөрч. Трампад хандан “Хоёр талын хамтын ажиллагааны зарчим дээр ажиллахаар бид АНУ-ын эрх баригчдыг урьсан. Ерөнхийлөгч Доналд Трамп, манай ард түмэн, манай бүс нутаг дайныг биш, энх амгаланг, яриа хөөрөөг хүсэж байгаа” гэжээ.
Р.Жаргалант