Улсын дээд шүүхээс одоогийн байдлаар долоон намын үндсэн дүрмийг албан ёсоор бүртгээд байна. Хуулийн хугацаанд багтан 29 нам өргөдлөө ирүүлсэн, тэдний материалыг түрүүчээс нь хянаад, шийдвэр гаргаж буй. Энэ сарын 9-нд Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар МАН, АН, МҮАН, Их эв, ИХ намуудыг, 12-нд Миний Монгол намыг бүртгэжээ. Оны өмнө Иргэдийн оролцооны нэгдэл намынхан хамгийн түрүүнд бүртгүүлсэн байв. Тэгэхээр эдгээр долоон нам Улс төрийн намын тухай хуульд нийцсэн дүрэм, хөтөлбөртэй болоод байна. Шинэ дүрмийнхээ дагуу зарим нам дотооддоо бүтцийн томоохон өөрчлөлт хийж буй бол зарим нь “косметик” засвар л оруулж байгаа аж. Улс төрийн намуудын дотоодод ямар хөдөлгөөн өрнөж байна вэ.
МАН АЛБАН ЁСООР ДОТООД СОНГУУЛЬ ЗАРЛААГҮЙ
Эрх баригч намынхан “түүхэн талцал”-аасаа хойш харьцангуй нам гүм байна. Өнгөрсөн арваннэгдүгээр сард болсон 31 дүгээр Их хурлаараа МАН-ынхан дотоод талцалдаа цэг тавьж, намын даргаараа Н.Учралыг сонгон, улмаар үндсэн дүрмээ баталж, Бага хурлын гишүүдийнхээ бүрэлдэхүүнийг шинэчилсэн юм. Ингэхдээ 479 гишүүнийхээ тодорхой хувийг шинэчилж, нэмээд 118 хүн сонгосон байна. Өөрөөр хэлбэл, Бага хурал нь нийт 597 гишүүнтэй болж өргөжжээ.
Улмаар тэд шинэ бүрэлдэхүүнээрээ хуралдаж, зарим дотоод өөрчлөлт хийсэн билээ. Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн, Хяналтын ерөнхий хорооны удирдлагаа шинээр сонгосон юм. Одоо УИХ-ын гишүүн Б.Баярбаатарын оронд П.Мөнхтөр Хяналтын ерөнхий хороог нь даргалж буй. Мөн намынхаа ерөнхий болон бусад нарийн бичгийн даргыг сонгосон. Я.Содбаатарыг 99.6 хувийн саналаар улираажээ. Орон тооны нарийн бичгийн даргаар Н.Энхбаатар, Б.Пүрэвдагва, Ө.Золбаяр, С.Мөнгөнчимэг, М.Цэлмүүн, орон тооны бусаар Д.Сумъяабазар, Б.Чойжилсүрэн, Д.Мөнхсайхан нарыг сонгосон байна.
Эрх баригчид үндсэн дүрэмдээ 44 заалт шинээр нэмж, 57-г өөрчлөн найруулж, есийг нь хассан аж. Дүрэм ёсоор бүх шатны байгууллагын удирдлагад 40-өөс багагүй хувь нь эмэгтэйчүүд байх учиртай. Бага хурал, Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд эл квотын дагуу бүсгүйчүүдийг сонгосон юм байна. Ийнхүү үндсэн дүрмээ баталсан даруйд, Дээд шүүхийн баталгаажуулалтыг хүлээлгүйгээр шаардлагатай өөрчлөлтөө хийсэн байх нь.
Тэгвэл аймаг, нийслэл, сум, дүүргийн намын хороодын дарга нараа өөрчлөх үү гэсэн асуулт үлдэв. Одоогоор тус нам ямар нэгэн дотоод сонгууль явуулахгүй, албан ёсоор зарласан зүйл үгүй гэнэ. Харин МАН-ын дэргэдэх Социал демократ Монголын эмэгтэйчүүдийн холбооны Их хурал ирэх сард болж, шинэ тэргүүнээ сонгох юм байна. Дүрмийн дагуу тодорхой хугацаанд хуралдах ёстой, түүнийгээ цагтаа хийгээгүй, амжаагүй байгууллагуудын удирдлагын сонгууль л болно гэсэн үг. СДМЭХ-г эдүгээ УИХ-ын гишүүн Х.Булгантуяа тэргүүлдэг. Гэвч Үндсэн хууль зөрчин төрийн эрхийг авах оролдлого хийсэн учраас түүнийг УИХ-ын дэд даргаас огцруулсан юм. Тэгвэл тэрбээр Эмэгтэйчүүдийн холбооны тэргүүний ажлаа ч удахгүй өгөх нь.
Гэвч саяхны талцлын “шарх” нь бүрэн аниагүй, эрх мэдлээ нэмэх сонирхолтой бүлэглэлүүд зүгээр суухгүй байгаа бололтой. Тэд аймаг, нийслэл, сум, дүүргийн түвшинд дотоод сонгууль хийж, өөрийн хүнээ тавих амбицтай яваа сурагтай. Үүнд хамгийн түрүүнд өртөх албан тушаалтан бол Нийслэлийн намын хорооны дарга. Хотын дарга Х.Нямбаатар нийслэлийн намын хороогоо тэргүүлдэг юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар томилогдоод хоёр жил гаруй болж буй ч тэрбээр иргэдийн амьдрах нөхцөлийг сайжруулах дорвитой өөрчлөлт хийсэнгүй. Харин автомашины татварыг 2-3, зам ашигласны төлбөрийг тав дахин нэмж, машинаараа зорчих эрхийг нь хаан боогдуулах “коммунист” хаалт, хязгаарлалт л хийж байна. Түгжрэл бууруулах өөр ардчилсан шийдэл олохын оронд явган алх, тэгвэл оноо өгнө гэх мэт хийсвэр, амьдралаас тасархай юм ярихаас хэтэрсэнгүй. 1.6 сая хүний амьдрах нөхцөлийг сайжруулдаггүй юм гэхэд дордуулдаггүй хүн л хотын дарга байх учиртай. Тиймээс нийслэлчүүдийн олонх нь түүнийг огцруулахыг дэмжиж, шаардаж эхлээд буй. Ажлаа хийж чадахгүй байгааг нь МАН доторх зарим фракцынхан “олзолж”, үүн дээр нь дөрөөлөн Нийслэлийн намын хорооны даргын албан тушаалаас огцруулах ажиллагаа хөшигний ард өрнөж эхэлсэн гэнэ. Улс төрийн намын талаас бодвол тэр 2024 оны орон нутгийн сонгуульд багаа амжилттай удирдаж, нийслэлийн ИТХ-д 40 төлөөлөлтэй буюу үнэмлэхүй олонх болгосон гавьяатай. Гэхдээ аливаа “хор” гаднаас гэхээс илүүтэй дотроосоо гүйдэг жамтай.
Үүнээс гадна зарим аймаг, дүүргийн намын хорооны даргын суудал ч “хэлтийж” эхэлсэн бололтой. УИХ-ын гишүүдээс голдуу ийм санал гарч байгаа тухай зарим сайтад мэдээлжээ. Дунд шатанд өрнүүлэх эдгээр өөрчлөлт нь үндсэн дүрмийн хүрээнд бус, удахгүй болох Ерөнхийлөгчийн болон 2028 оны УИХ-ын сонгуулийг угтсан улс төр юм байна.
АН БҮХ ШАТАНДАА ШИНЭЧЛЭЛ ХИЙНЭ
Тэгвэл АН-ынхан арай өөр зорилго, арга барилтай ажиллаж буй. Тэд намын даргаа эхэлж сонгоод, улмаар үндсэн дүрмээ боловсруулж баталсан. Үүнийг нь Дээд шүүхээр баталгаажуулсны дараа л дотоод бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөө эхлүүлж байна. Тэд дүрмээ шинэчлэн найруулсан юм. Өнгөрсөн долоо хоногт тус намын Улс төрийн зөвлөл хуралдаж, дүрмийн хүрээнд хийх дотоод зохион байгуулалтын өөрчлөлтөө ярилцсан аж. АН-ынхан бүх шатны сонгууль явуулна гэв.
Шинэ дүрэм нь хүчин төгөлдөр болмогц ерөнхий нарийн бичгийн болон 15 дэд дарга нь чөлөөлөгдсөнд тооцогджээ. Тиймээс Улс төрийн зөвлөлийнхөө хурлаас ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Амарбаясгаланг томилсон байна. Тэрбээр УИХ дахь АН-ын бүлгийн ажлын албаны дарга, зөвлөхөөр ажиллаж байсан нэгэн аж. Мөн Хөвсгөл аймгийн намын хорооны дарга байсан, 1996 оноос хойш тус намын аппаратад ажиллажээ. Л.Гантөмөрийн үед тал тал тийш харсан олон фракцаа зангидах, нэг дээвэр дор багтаахын тулд 15 дэд даргын албан тушаал бий болгож, “бялуу” хүртээсэн. Харин одоо АН-ынхан харьцангуй эвтэй, нэг талдаа гарсан учраас ийм олон дэд даргын хэрэггүй гэж үзжээ. Дүрмийн төсөлд хоёр л дэд даргатай байхаар тусгасан ч хэлэлцэх явцад тав болгон нэмсэн байна.
Сөрөг хүчний намынхан гишүүдийнхээ бүртгэлийг шинэчлэхээс ажлаа эхлэх юм билээ. Ирэх сарын 1-нээс гуравдугаар сарын 10-ны хооронд гишүүдээ ХУР, ДАН, “И-Монголиа” цахим систем ашиглан бүртгэнэ. Залгуулаад дөрөвдүгээр сар хүртэлх 20 хоногт дотоод сонгуулиа зохион байгуулах нь. Улмаар дөрөвдүгээр сарын 7, 8-нд Их хурлаа хийж, шинэ бүрэлдэхүүнээ баталгаажуулахаар төлөвлөсөн байна. Энэ үеэр Үндэсний бодлогын хороо (ҮБХ)-ны бүрэлдэхүүнийг шинэчилж, ерөнхий нарийн бичгийн дарга, таван дэд дарга, Улс төрийн зөвлөлийн бүрэлдэхүүнээ сонгоно. Тиймээс АН-ын фракцуудын дунд “хор найруулах” ажил өрнөөд эхэлсэн байна. ҮБХ бол АН-ын төлөөллийн төв байгууллага. Уг байгууллагад өөрийн хүмүүсээ олноор оруулснаар эрх мэдлийг гартаа авах боломж бүрдэнэ. Тиймээс Х.Баттулгын МоАХ фракцынхан нийслэлийн хамгийн том дүүргүүд болох Баянзүрх, Сонгинохайрхан, ХанУулыг “онилсон” сурагтай. АН-ын дунд шатны байгууллагуудаас ҮБХ-ны гишүүнд нэр дэв шүүлдэг тул энэ мэтээр “тулж ажиллаж” эхэлсэн байна.
ГУРАВДАГЧ ХҮЧНИЙ НАМУУД
Парламентад суудалтай дөрвөн нам, нэг эвслээс одоогоор МАН, АН болон Үндэсний эвслийн бүрэлдэхүүнд байдаг МҮАН-ын үндсэн дүрмийг л Дээд шүүх бүртгээд буй. ХҮН, ИЗНН, МНН-ын өргөдлийг хянасаар байгаа аж. Тэгвэл МҮАН-ынхан шинэ дүрмийнхээ дагуу дотооддоо тодорхой өөрчлөлт хийхээр төлөвлөжээ. Юуны өмнө гишүүдийнхээ бүртгэлийг шинэчлэх юм байна. Мөн Удирдах зөвлөлийн 15 гишүүнээ шинээр сонгох нь. Эдгээр өөрчлөлтөө ирэх гуравдугаар сард багтаан дуусгахаар ажиллаж буй гэнэ. Тус намынхан үндсэн дүрмээ батлах Их хурлаа хийх үедээ төлөөллийн төв байгууллага нь болох Бүгд хурлын бүрэлдэхүүнийхээ гуравны нэгийг шинэчилжээ. Намын дарга, дэд дарга, ерөнхий нарийн бичгийн даргаа бол өөрчлөхгүй юм байна.
Улс төрийн намууд дундаас хамгийн түрүүнд буюу арванхоёрдугаар сард Иргэдийн оролцооны нэгдэл намыг бүртгэсэн юм. Тус намын дарга Ц.Оюунгэрэлээс дотоод бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтийн талаар тодруулахад “Манай үндсэн дүрмийг Дээд шүүх бүртгэмэгц бид Төлөөллийн танхимынхаа даргыг сонгосон. Өмнө нь уг танхим маань даргагүй, намын дарга хурлаа удирддаг байсан юм. Шинэ дүрмээр Төлөөллийн танхимын дарга гэдэг орон тоо бий болгож, Ц.Батболдыг сонгосон. Мөн гуравдугаар сард манай гүйцэтгэх байгууллага болох Менежментийн зөвлөлийн долоо, улс төрийн бодлогын зөвлөх байгууллага буюу Үнэт зүйлийн зөвлөлийн 30 гаруй гишүүнээ сонгоно. Уг дотоод сонгуулийн дараа ч намын салбар хороо байгуулах ажил үргэлжилнэ” гэлээ. Тус намын ерөнхий нарийн бичгийн дарга нь Менежментийн зөвлөлдөө сонгогдох дүрэмтэй аж. Харин тэгж чадахгүй бол генсекийг өөрчлөх тухай ярих юм байна. Намын даргыг өөрчлөх сонгууль нь 2027 оны гуравдугаар сард болох аж. Тэр үед мөн дэд даргаа шинээр сонгохоор төлөвлөжээ.
Дээд шүүхийн босго давсан намуудад ойрын өдрүүдэд ийм хөдөлгөөн өрнөж байна. Гэхдээ олон нийтийн анхаарал парламентад суудалтай гол намуудад түлхүү төвлөрч байгаа нь нууц биш. Ялангуяа эрх баригч намын дотоод өөрчлөлт, талцал улс орныг “хөлдөө чирдэг” эрсдэлтэй тул анхаарахаас өөр аргагүй билээ.