
Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын эд хөрөнгийн тухай хууль хувьсан өөрчлөгдөж буй нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцэхээсээ нийцэхгүй нь их болсон. Өөрөөр хэлбэл, 23 жилийн өмнөх хуулийг хэт ерөнхий бичсэн, үүрэг хариуцлага тодорхойгүй, өнөөгийн эрэлт хэрэгцээг хангахгүй болсны учир шинэчлэх гэнэ. Иймд хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулжээ. Ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ ахалж буй.
Тэрбээр өнгөрсөн пүрэв гарагт шинээр боловсруулсан Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежментийн тухай хуулийн төслөө танилцуулж, хэлэлцүүлэв. Хэлэлцүүлэгт Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар болон Монголын Сууц өмчлөгчдийн холбоодын дээд зөвлөл зэрэг төрийн болон төрийн бус байгууллага, СӨХ-уудын төлөөлөл оролцож, үгээ хэлсэн.
Монгол Улс иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, үл хөдлөх хөрөнгө шударгаар өмчлөх эрхийг хангах зорилгоор дээрх төслийг боловсруулсан аж. Дэд сайд төслөө танилцуулахдаа “2003 онд батлагдсан Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын эд хөрөнгийн тухай хуулиар нийтийн зориулалттай орон сууцны байшингийн орчны болон дэвсгэр газрын өмчлөл, ашиглалтын талаар тухайн байшингийн сууц өмчлөгчдөд тодорхой эрх олгоогүй. Эдгээр газрыг СӨХ ашиглаж ирсэн нь иргэдийн гомдол, маргаан жилээс жилд нэмэгдэх, өмчлөх эрх нь бүрэн хэрэгжихгүй байх нөхцөлийг бий болгосон. Үүнээс гадна дундын өмчийн эд хөрөнгийн арчлалт, хамгаалалт, менежмент сул байна. СӨХ-ны эрх зүйн байдал, бүртгэл, хяналт, ил тод бус байгаа нь иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг бүрэн хангахгүйд хүргэсэн. Хуулийн төслийг боловсруулж, батлуулж чадвал барилгын компанийн гоё, ганган загвар макет, сайхан нэртэй төсөлд оршин суугчид хууртагдахгүй, газар хамтран өмчлөх эрхтэйгээ үлдэнэ” гэдгийг онцлов.
Мөн тэрбээр шинэ хуулийн төсөл болон дагалдуулан боловсруулсан бусад хуулийн төслөөр дараах зарчмын шинжтэй зохицуулалтыг бий болгоно гэв. Тухайлбал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн орчны болон дэвсгэр газрыг СӨХ-нд бус, тухайн байшингийн сууц өмчлөгчдийн дундын өмч буюу хамтран хязгаартайгаар эзэмших эрхтэй байхаар тогтоож, уг эрхийг тухайн орон сууцны өмчлөх эрхийн салшгүй хэсэг болгон баталгаажуулах аж. Мөн дундын өмчийн эд хөрөнгийн менежментийг сайжруулах хүрээнд СӨХ-ны бүртгэл, хяналт, ил тод байдал, хамтын ажиллагаа, эрх, үүргийг тодорхой болгож, дундын өмчийн арчлалт, хамгаалалтыг мэргэжлийн менежментийн компаниар гүйцэтгүүлнэ. Ингэснээр орон сууцны орчны газрыг тогтмол арчлан хамгаалах нөхцөлийг бүрдүүлж, өмчлөгчдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангана, дундын өмчлөлийг улсын бүртгэлд бүртгүүлж, үр ашигтай зарцуулах боломж нээгдэнэ гэв.
Ажлын хэсэг төслөө боловсруулахдаа ОХУ, Гүрж, АНУ, ХБНГУ, Солонгос, Канад, Турк, Узбекстан зэрэг улс орнуудын хууль тогтоомжийн зохицуулалт, туршлагыг судалж үзсэн гэнэ. Мөн дотооддоо 2003 оны хуульд хэрэгжилтийн үр нөлөөний судалгаа хийсэн байна. Хууль хэрэгжүүлж эхэлснээс хойш 23 жилийн хугацаанд орон сууцны ашиглалт, үйлчилгээ хариуцсан байгууллага болон СӨХ- дын үйл ажиллагаатай холбоотой цөөнгүй асуудал ямар ч зохицуулалтгүй явж иржээ. Тухайлбал, 2020-2023 оны хугацаанд иргэдээс 15,174 өргөдөл, гомдол гаргасан байна. Мөн нийслэлийн хэмжээнд 9 дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2018- 2022 онд СӨХ-нд хамаарах нийт 5360 нэхэмжлэл ирж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан бөгөөд СӨХ-ны төлбөрөө төлөхгүй байгаа, СӨХ-ны ашиглах эрхтэй газрыг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай шаардлага бүхий нэхэмжлэл дийлэнх хувийг эзэлж буй. Ийнхүү уг хуулийг зайлшгүй шинэчлэх шаардлага амьдрал дээр үүсжээ.
Дээрх бүгдийг цогцоор нь шийднэ, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлнэ хэмээн Засгийн газар 2024-2028 оны мөрийн хөтөлбөртөө тусгасан билээ. Манай улсад 2023 оны эхний улирлын байдлаар 1600 гаруй СӨХ байгаагаас 920 гаруй нь нийслэлд үйл ажиллагаа явуулдаг аж.