Нийслэлийн зарим байршилд уржигдар өглөөнөөс эхлэн цахилгаан, дулаан тасалдав. “ДЦС-IV”ийн наймдугаар зуухны халах гадаргууд эвдрэл гарч зогссоны улмаас 371 174 айл өрх, 46 691 аж ахуйн нэгжийн цахилгааны 161 МВт хэрэглээг хязгаарласан юм байна. Хонх нь дуугарахад дамар нь таг гэгчээр Бөөрөлжүүтийн цахилгаан станцад ч бас асуудал үүсжээ. Тус станцад түлдэг нүүрс уржигдар 18.00 цагийн үед хөлдөж, бөглөрснөөс үү дэн хүчин чадал нь 120 МВт-аар буурч, хязгаарлалтын хэмжээг нэмэгдүүлсэн аж. Нүүрс нь чийгшил ихтэй байсан, мөн цаг агаар оргил хүйтнээс зургаан хэмээр “хэтэрсэн”-ээс ийм зүйл болсон гэнэ. Ажлын хариуцлага алдсанд өөрсдөө биш, цаг агаар буруутай юм байх.
“ДЦС-IV”-ийн эвдрэлийг өчигдөр 09.00 цагт засаж дуусгасан, 12.00 цагаас хэрэглээ хэвийн болно, Бөөрөлжүүт рүү тусгай баг илгээсэн, засаж дуусвал цахилгаантай, амжихгүй бол зарим бүсэд хязгаарлалт үргэлжилнэ хэмээн Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн өчигдөр мэдээлэв. Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанаар энэ талаар мэдээлэл сонсжээ. Нийслэлийг 16 бүсэд хуваагаад ийнхүү ээлжлэн цахилгаан, дулаан хязгаарлаж буй аж.
Цахилгаан тасрах үед орон сууц, албан байгууллагуудын лифтэнд цөөнгүй хүн гацжээ. Хорооллууд руу орж, гардаг автомат хаалт, дулаан гараашийн хаалга ажиллахгүйгээс “түгжрэл” үүссэн байна. Өчигдөр зарим цэцэрлэг тоггүй учраас хүүхдүүдээ буцаажээ. Ингээд үрсийг нь харж асрах хүн хайсаар зарим эцэг, эх ажлаасаа хоцров. Маргааш нь шалгуулах ёстой учраас уржигдар орой бага ангийн хүүхдүүд лааны гэрэлд даалгавраа хийсэн гэнэ. 2026 он гарчхаад байхад альфа үеийн хүүхдүүдэд 100 жилийн өмнөх амьдралыг хүчээр ингэж мэдрүүлэн, “хү жийн гал”-д хичээл хийтэл нь зовоох ч гэж дээ.
“Нөөц тоноглол байхгүй учраас доголдол гарвал тэр хэсэгт хязгаарлалт хийх нөхцөл үүсэж байна” хэмээн Эр чим хүчний сайд Б.Чойжилсүрэн ярьсан. “ДЦС-III” 1968, “ДЦС-IV” 1979 оноос хойш ажиллаж буй, ашиглалтын хугацаа хэтэрсэн, нөөц тоног төхөөрөмжгүй учраас хэзээ ч эвдэрч, эрсдэл гарч болзошгүй. Ийм байхад яагаад арга хэмжээ авахгүй байгаа юм бэ. “2027 он хүртэл цахилгааны хязгаарлалт хийнэ” хэмээн сайдтан “ёжилж” сууна. Ямар ч бэлэн, шуурхай байдал үгүй. Цахилгаан, дулаан тасалдаад хоёр цаг болоод буцаж ирснийх нь араас “Цахилгааныг нэг цагаар хязгаарлана” гэдэг мессеж илгээн, иргэдийн мэдрэлээр наадаж байгаа юм. Хойрго, бас худалч.
Улаанбаатарт улсын хүн амын талаас илүү хувь нь амьдардаг. Шилжилт, хөдөлгөөн ч жил ирэх бүр нэмэгдсээр байгаа. Хот тэлэхийн хэрээр цахилгаан, дулааны хэрэглээ өсөх нь тодорхой л байсан. Гэтэл эх үүсвэр нь бахь байдгаараа. Үеэ өнгөрөөсөн, хэзээ ч тэсэрч, нийслэлчүүдийг хөлдөөж мэдэх станцуудтай удлаа. “ДЦС-V”-ыг барих тухай 1990 оны дундаас хойш л ярьж байна. Сүүлийн 20 жилд илүү эр чимтэй ярьсаар буй. Гэхдээ хийсэнгүй. Энэ хугацааны 90 хувьд нь МАН төрийн эрхийг барьсан. Сүүлийн 10 жил тэд тасралтгүй, бүх шатанд эрх мэдлийг атгалаа. Тэгээд юугаа хараад, хэнийг хүлээгээд байна вэ. Нүүрсний хулгай, Хөгжлийн банкны хэрэг, ЖДҮХС гээд олон тэрбумаар нь идэж, уусан мөнгөөрөө ганц цахилгаан станц барьчихаж болох байсан юм биш үү. Б.Чойжилсүрэн Увс аймгийнхаа 100 жилийн ойгоор төсвийн мөнгөнөөс хэдэн тэрбумаарнь “цацсан” атлаа хариуцсан салбарынхаа ажилд болохоор гар татдаг сайд аж. Тэгчхээд одоо “Төрд тийм их мөнгө байхгүй” гэж хэлэхээсээ ичих хэрэгтэй.
2022 оны наймдугаар сараас хойш гурав дахь Засгийн газартаа Эрчим хүчний сайд нэр зүүж яваа тэрбээр энэ тухай асуусан сэтгүүлчдэд агсрах, уурсах маягтай. Өнгөрсөн зургаадугаар сард “ДЦС-III”-т гэмтэл гарахад ч сайд нь “тоогоогүй”. Бодит байдлыг асууж байхад л “Таны хэлж байгаа шиг гүтгэлэг их байна” гэх юм. Үнэнийг асуухад гүтгэлэг гэж ойлготлоо энэ сайд амьдралаас тасарчээ. Тэрбээр “Эрчим хүчний салбарын 104 жилийн түүхэнд 1264 МВт хүчин чадалтай станц барьсан байна. Тэгвэл 2024 оноос хойш бид нийт 560 орчим МВт хүчин чадалтай эх үүсвэрийг нэмж ашиглалтад орууллаа” хэмээн өөрөөрөө нэлээд “бахархсан” байдалтай байн байн мэдэгдсэн. Зуун жилийн өмнө техник, технологийн хөгжил, эдийн засгийн нөхцөл байдал огт өөр байсан. Тэгвэл ардчилсан тогтолцоонд шилжсэнээс хойш байдал эрс өөрчлөгдөж, хүсэл нь байвал энэ салбарыг өөд татах, сайжруулах олон боломж бий болсон. Урд хөрш сум мэт хурдан галт тэрэг ашиглалтад оруулж, техник технологийн олон гайхамшигт шийдлээ цагтай уралдан танилцуулж, хөгжүүлж байхад манай улс сүүлийн гурван жилд 560 МВт станц барьснаараа бардаад сууж байгаа нь эмгэнэл юм. Ямар цаг үеийг юутай харьцуулж “онгирох”оо ялгаж мэддэггүй ийм ч сайд байх гэж.
Бас эх үүсвэрийг 50 хувиар нэмчхээд байхад хэрэглээ чинь жилд 12 МВт-аар өсөөд байхад би яах юм хэмээн “ялархсан” өнгө аяс ч цухуйлгав. XXI зууны 2026 он болчихоод байхад цахилгаанаа байн байн тасалж, идэр есийн хүйтэнд иргэдээ дааруулан зутрааж буйдаа огтхон ч гэмшсэнгүй. “Цаг үеийн хүндрэл, сорилт ийм л байна. Сүү лийн 3-4 жилд чадлын дутагдалтай байгаа ч ямар ч байсан хөлдөөлгүйгээр, системийн доголдол болгохгүй өнөөдөртэй золгосон. Бүх асуудал өргөс авсан мэт алга болохгүй. Тендерээр баяждаг зарим компанийг хааснаас болж над руу хандсан гүтгэлэг их явуулж байгаа. Яаж үнэлэх нь та бүхний асуудал. Миний оронд хэн ч байсан нөхцөл ийм л байна” хэмээв.
Хувийн хэвшлийнхний хүчээр голдуу энд тэнд 20-80 МВт хүчин чадалтай хэдэн станц ашиглалтад оруулсны гавьяаг өөртөө наачхаад, “Бодит байдал ийм л байна, 2027 он хүртэл цахилгаан тасарсаар байх болно” гээд даажигнан суудаг Эрчим хүчний сайд байж таарахгүй. Монголчууд Б.Чойжилсүрэнд өргүй. Тэр өнгөрсөн хугацаанд хариуцсан салбараа биш, хувийнхаа ажлыг өөд татах, амжуулахад л анхаарсан байна. Тиймээс бид өөрт чинь “Та Эрчим хүчний сайд хийж барахгүй байна аа, ажлаа өг дөө” гэдэг үнэлэлт, дүгнэлт өгч байна. Танд багахан ч гэсэн ичих нүүр байдаг бол одоо энэ албан тушаалыг чаддаг хүнд нь өг. Үгүй бол энэ хүнээ огцруулж, хариуцлага тооцно уу, Ерөнхий сайд аа. Одоо хангалттай.
С.Уул