Тогтсон жишгийг эвдсэнээс үүдэлтэй будилаан төрд ажиглагдах болов. Хууль тогтоох, гүйцэтгэх засаглалын болон Төрийн тэргүүний эрх, үүрэг холилдож, хэн нь юу хийхээ ч “мэдэхээ” больж эхэлжээ. Намрын чуулганы завсарлагаанаар УИХ-ын дарга зүүн болон хангайн бүсэд ажиллалаа. Үргэлжлүүлээд нийслэлийн дүүргүүдээр ч явж байна. Дэвшүүлж байгаа асуудал, өгч буй чиглэлийг нь харахад Засгийн газрын тэргүүний л ажил хийгээд байх шиг. Нөгөө талд нь Ерөнхий сайд нэг орны Төрийн тэргүүний санаачилсан Энхийн зөвлөлийн гэрээнд улсаа төлөөлөн гарын үсэг зураад шүүмжлүүлж байна. Ерөнхийлөгчийн ажлыг Засгийн газрын тэргүүн хийх ёсгүй хэмээж буй. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх харин Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд мэт “Цагаан алт”, “Хүнсний хувьсгал” зэрэг хөтөлбөр сурталчлаад “манаргаж” явна. Олон жил дараалан үнэмлэхүй олонхоор эрх барихаар ажил, үүргээ “найзан дундаа” хуваагаад авчихдаг ч юм уу. Эсвэл үүнд арай өөр зорилго бий юү.
ЗАСГИЙН ГАЗРААР ЮУ ХЭЛЭЛЦЭХИЙГ Н.УЧРАЛ МЭДНЭ
УИХ-ын тухай хуулийн 13 дугаар зүйлд парламентын спикерийн бүрэн эрхийг тодорхой тусгасан байдаг. Тэрбээр УИХ-ын үйл ажиллагаанд Үндсэн хууль, бусад хуулийг сахин биелүүлэхэд анхаарч, ээлжит болон ээлжит бус, хүндэтгэлийн зэрэг чуулганыг зарлах, бэлтгэл хангах, нэгдсэн хуралдааныг даргалах үүрэгтэй. Дэг сахиулах, хууль боловсруулах, хэлэлцэн батлахтай холбоотой бүхий л үйл явцыг зохион байгуулна гэсэн үг. Мөн УИХ-д ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагуудын дарга болон өөрийн зөвлөх, парламентын ерөнхий нарийн бичгийн даргыг томилох, чөлөөлөх бүрэн эрх бий. Бас УИХ-ыг гадаад, дотоодод төлөөлнө, Ерөнхийлөгчийн тухай хуулийн 11.1-д заасны дагуу түүнийг түр эзгүйд орлох эрхтэй.
Тэгвэл манай УИХ-ын дарга Н.Учрал энэ хү рээндээ ажиллаж байна уу. Парламент хууль батлахаас гадна түүний хэрэгжилтэд хяналт тавих үүрэгтэй учраас гишүүд чуулганы завсарлагаанаар орон нутагт ажилладаг. Баталсан хууль тогтоомжоо иргэдэд танилцуулах, хэрэгжилтийг хянах, санал бодлыг сонсох ажил хийдэг юм. УИХ-ын дарга ч үүний хүрээнд намрын чуулганаар баталсан хууль тогтомжоо танилцуулж, иргэдтэй уулзаж буй. Гэхдээ зарим нэг “толгой эргүүлсэн” юм болоод байна. УИХын дарга сайд нарын хамт орон нутагт ажилласан. Ингэхдээ өөрийн гаргасан “Чөлөөлье” хэмээх санаачилгаа тодотгож буй юм. Энэ нь Үндсэн хуулиар баталгаажсан иргэний эрх, эрх чөлөөг бүрэн эдлүүлэх эрх зүйн орчин бүрдүү лэх зорилготой санаачилга аж. Үүний хүрээнд намрын чуулганаар Иргэдийг үнийн өсөлтөөс хамгаалах арга хэмжээний тухай тогтоол баталжээ. Улмаар Засгийн газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороонд чиглэл өгч, тус бүрийнхээ чиг үүргийн хүрээнд авч хэрэгжүүлэх 16 багц арга хэмжээг тусгасан. Монголбанк бие даасан, хараат бус байгууллага хэдий ч УИХ-ын дарга ерөнхийлөгчийг нь өрөөндөө дуудан уулзаж, данхайсан бүтцээ цомхотгож, аудит оруулахыг “тулгасан”. С.Наранцогт ерөнхийлөгч нь үүний дараа 700 гаруй болтлоо данхайсан Монголбанкны орон тоог 120 гаруйгаар цөөлсөн юм. Зөв шаардлага хэдий ч бие даасан байгууллагад шууд чиглэл өгөх эрх УИХ-ын даргад үгүй.
За ямартай ч УИХ, Засгийн газар хоёр нягт хамтран ажиллана гэдэг санааг харуулах гэж ийм “баг” бүрдүүлжээ. Мөн хөгжлийн бодлого, цаашдын чиг хандлага, тулгамдаж буй асуудлыг нь сонсож явна. УИХ хууль баталдаг учраас улс орны бүх л асуудал хамаатай гэж үүнийг ойлгоё. Гэтэл УИХ-ын дарга маань нэгдүгээр сарын 30-нд Өвөрхангай аймгийн удирдлагуудтай уулзахдаа “Бүсчилсэн уулзалтуудын мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээг Засгийн газрын хуралдаанаар тогтмол танилцуулж, ажлын хэсгийн бүрэлдэхүүн холбогдох ажлыг хэрэгжүүлнэ” хэмээн ярьжээ. Хэдийнээс УИХын дарга нь Засгийн газрын хуралдааны хэлэлцэх асуудлыг мэдэж, шууд шийддэг болсон юм бол. Тэнд Ерөнхий сайд гээд нэг хүн уг нь байгаа юм сан. Г.Занданшатар биш, Н.Уч рал сайд нартай хамт орон нутгаар ажиллаж, тэгснээ Засгийн газрын нэрийн өмнөөс шийдвэр гаргаад байгаа нь яавч хэвийн зүйл биш. УИХ-ын тухай хуулиар парламентын спикерт ийм эрх мэдэл лав олгоогүй юм.
“ТОМ ТОЛГОЙ”-ТОЙ ЕРӨНХИЙ САЙД
Үндсэн хуульд зааснаар Засгийн газар бол төрийн гүйцэтгэх дээд байгууллага мөн. Уг хуулийн 38.2-т Засгийн газрын эрх, үүргийг заажээ. Үндсэн хууль, бусад хуулийн хэрэгжилтийг улс даяар зохион байгуулж хангах, шинжлэх ухаан, технологийн нэгдсэн бодлого, улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэл, улсын төсөв, зээл, санхүүгийн төлөвлөгөөг боловсруулж УИХ-д өргөн барих, гарсан шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй. Мөн салбарын ба салбар хоорондын, бүс нутгийн хөгжлийн асуудлаар арга хэмжээ боловсруулж хэрэгжүү лэх нь гүйцэтгэх засаглалын ажил. Хүрээлэн байгаа орчныг хамгаалах, байгалийн баялгийг зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх арга хэмжээ авах, төрийн захиргааны төв байгууллагыг шуурхай удирдаж, нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагааг чиглүүлэх, үндэсний аюулгүй байдлаа хангах нь гүйцэтгэх засаглалын үүрэг байдаг. Улс орны “ахуйн” ажлыг тэр чигт нь хариуцна гээд хэлчихэд болно.
Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлд Ерөнхий сайдын бүрэн эрхийг зохицуулсан юм. Тэрбээр Засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх ажлыг УИХ-ын өмнө хариуцдаг. Улмаар Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Засгийн газрынхаа бүтэц, бүрэлдэхүүнийг томилж, чөлөөлнө. Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарын үйл ажиллагааг чиглүүлж удирдах эрхтэй. Тэгвэл Ерөнхий сайд Г.Занданшатар нэгдүгээр сарын 19-23-нд Давосын эдийн засгийн чуулганд оролцох үеэрээ АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын санаачилсан Энхийн зөвлөлийн гэрээг дэмжиж, гарын үсэг зурсан. Сөрөг хүчний гишүүн Б.Жаргалан “Монгол Улс ямарваа нэгэн үүрэг хүлээх олон улсын гэрээ хэлэлцээрт бие дааж гарын үсэг зурах эрх Ерөнхий сайдад байхгүй. Энэ асуудлыг УИХ-аар лавшруулж ярих ёстой. Нөгөө талаас дэлхий өөрчлөгдөж буй учраас гадаад харилцааны асуудалд бид улам л хэрсүү байх шаардлагатай” хэмээн ярьжээ. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүний хувиар тэрбээр энэ талаар лавлаж асуусан ч хариулт аваагүй байгаа гэнэ. Түүнтэй санал нэгдэж буй хүн ч олон байна. Мөн Монгол Улс энхийг эрхэмлэсэн, бие даасан, олон тулгуурт гадаад бодлого баримталдаг учраас АНУын Ерөнхийлөгчийн ч, өөр улсын ч санаачилсан энхийг эрхэмлэх аливаа санаачилгад нэгдэхгүй байх нь утгагүй гэсэн байр суурьтай хүмүүс ч бий. Энэ тохиолдолд Ерөнхий сайд “том толгой” гаргаж, Ерөнхийлөгчийн түвшний алхам хийч хэв үү гэсэн эргэлзээ ч байгаа юм.
ЕРӨНХИЙЛӨГЧ “ИЧЭЭНДЭЭ” ОРЖЭЭ
Тэгвэл энэ зуурт Ерөнхийлөгч У.Хүрэлсүх юу хийж байна вэ. “Ерөнхийлөгч бол Төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч мөн” хэмээн Үндсэн хуульд заасан байдаг. Тэрбээр УИХ-аас баталсан хууль, бусад шийдвэрт бүхэлд нь болон хэсэгчлэн хориг тавих, өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар Засгийн газарт чиглэл өгөх, гадаад харилцаанд улсаа бүрэн төлөөлөх эрхтэй. Мөн УИХ-тай зөвшилцөн Монгол Улсын нэрийн өмнөөс олон улсын гэрээ байгуулах, гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг томилох буюу эгүүлэн татах, улсын цол, цэргийн дээд цол хүртээх, одон, медалиар шагнах, уучлал үзүү лэх бүрэн эрхтэй юм. Монгол Улсын харьяат болох, харьяатаас гарах, тус улсад орогнох эрх олгох асуудлыг ч Төрийн тэргүүн шийдвэрлэнэ. Түүнчлэн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлж, нийтийн буюу хэсэгчилсэн цэргийн дайчилгаа зарлах, онцгой нөхцөл бий болбол УИХ-ын чуулганы чөлөө цагт, хойшлуулшгүй тохиолдолд улсын нийт нутаг дэвсгэрт буюу зарим хэсэгт нь онц болон дайны байдал зарлах, цэрэг хөдөлгөх захирамж өгөх эрхтэй.
2008 оны сонгуулийн дараах “Долоодугаар сарын 1”-ний үймээний дараа тухайн үеийн Ерөнхийлөгч нэг удаа онц байдал зарласан түүх бий. Сүүлийн жилүүдэд манайд нөхцөл байдал тайван байна. Хэдийгээр Ерөнхийлөгч нам бус байна гэдэг ч эрх баригч хүчний дотоодод зөрчил үүсэх үед У.Хүрэлсүх оролцож, “чиглэл” өгдөг. Л.Оюун-Эрдэнийг огцруулахад түү ний “сүр хүч”-ийг бид харсан. Таван жил Ерөнхий сайд хийчхээд иргэдийн амьдралыг улам дордуулсан, цаасан дээр л эдийн засгаа цэцэглүүлсэн, харин өөрийнхөө хэтэвчийг зузаатгасан учраас түүнд хариуцлага тооцохыг залуус шаардаж, сар орчим жагсаад байсан үе. Гэвч тэр суудалдаа үлдэхийн тулд байж болох бүх аргыг сүвэгчилж, улс төрчдийг өөртөө урвуулаад байх эгзэгтэй мөчид Ерөнхийлөгч орж ирж “загнаад” л шийдвэрийг эргүүлж байв. Тухайн үедээ энэ нь ард түмнээ сонссон, шийдэмгий алхам мэт санагдсан ч институтийн дотоод асуудалд Ерөнхийлөгч оролцох нь хууль, эрх зүйн хувьд бол буруу юм. Ерөнхийлөгч УИХ-ын нэгдсэн чуулганд тааллаараа оролцдог ч шийдвэр гаргахад нөлөөлөх эрх хуулиар бол үгүй. Гэвч МАН-д үүссэн хагарлын ард ч тэрбээр сууж байдаг. Түүнээс бусад үед “ичээндээ” орчихно, эсвэл “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Тэрбум мод” зэрэг санаачилгаа ярьж, сурталчлаад л салбарын сайд мэт ажиллаж байдаг болсон.
Энэ бүхэн нь МАН-ынхан Ерөнхий сайдаа намын дарга болгоогүйгээс үүдэлтэй хязгаар давсан эрх мэдэл бий болсны баталгаа юм. Г.Занданшатар намын даргын тамгаа авах “их тулаан”-д ялагдсан. Бас тэр УИХ-ын гишүүн биш. Аль алинд нь харьяалалгүй, “сул” Ерөнхий сайдын хувьд танхим нь 2027 оны Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл тогтвортой байх нь л чухал. Тэр үед Г.Занданшатар МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ. Харин Н.Учрал Засгийн газраа авна. Тэгэхээр тэд жилийн дараа хүлээн авах тус тусын албан тушаалынхаа бэлтгэлийг хийж, “дадлагажаад” яваа юм биш үү. У.Хүрэлсүх ч бас өөрийн хүнээ Засгийн газрын, жил гаруйн дараа Төрийн тэргүүнд нэр дэвшүүлэх тохиролцоогоо хийчихсэн. Өөрөө дараагийн Засгийн газарт ХХААХҮийн сайдаар эргээд ирэхгүй л байлтай.
Сөрөг хүчний гишүүд ч эрх баригчдын энэ засаглалын будилаан, эрх үүргийн бантанг нь шүүмжлэх болов. УИХ-ын гишүүн Л.Гантөмөр өрөг.мн-д өгсөн ярилцлагадаа “УИХ-ын дарга Н.Учрал гадуур “тэнээд”, энэ ч эмнэлэг, тэр ч Монголбанкны ажлыг сайжруул гээд явж байна. Бие даасан байгууллагын ажлыг зааснаараа хууль зөрчиж байна, энэ хүн огцрох болзлоо бараг хангачихлаа. УИХ-ын дарга, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар тус тусын хуулийнхаа дагуу л эрх, үүргээ хэрэгжүүлэх ёстой” хэмээн ярьсан байна лээ. Эрх, үүргийг нь тодорхой заачихсан хууль байхад түүнийхээ дагуу ажиллах нь эдгээр албан тушаалтны үүрэг. Гэвч нэг нам хэтэрхий олон жил дараалан эрх барихаар, бас “хөшигний ард” тохиролцоогоо хийсэн нөхцөлд засаглалын хил хязгаар сонин биш болдог байх нь. Хэн нь ч миний ажилд хөндлөнгөөс оролцлоо гэж уурссангүй. Улс төр дэх дараагийн алхмаа тооцоолж, хувь улс төрчийнхөө пиарыг л түлхүү хийж байгаа харагдана. Эрх баригчид ийнхүү бүх засаглалыг “нэг цул” болгодог юм байж. Гэвч үүндээ хууль, эрх зүйн тогтолцоог хөлдөө чирч, иргэдээ төөрөгдүүлэх учиргүй юм.