Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль ирэх онд болно. Гэвч бэлтгэл марафон хэдийн эхэлжээ. Парламентад суудалтай улс төрийн намуудаас Ерөнхийлөгчид нэр дэвших магадлалтай хүмүүсээ эчнээ тодруулж, бүлэглэлүүд нь хоорондоо “алалцах” болсон байна. Манай улсын түүхэнд 2005 онд Төрийн тэргүүний төлөө дөрвөн хүн өрсөлдсөн нь хамгийн олон байв. Үүнээс хойш эл рекордыг эвдээгүй байсан юм. Харин одоогийн парламентад АН, МАН, ХҮН, ИЗНН, Үндэсний эвсэл гэсэн дөрвөн нам, нэг эвсэл суудалтай болсон тул таван нэр дэвшигч тодрохоор байна. Монголын ногоон нам, МҮАН хоёр цагаа тулахад салж, тус тусдаа нэр дэвшүүлэхийг бас үгүйсгэхгүй. Ийм түүх бидэнд бий. Бас хуулиар үүнийг хориглоогүй.
Г ол өрсөлдөөн МАН, АН-ынхны хооронд өрнөнө. Тиймээс эдгээр нам хооронд, мөн дотоодод нь өрсөлдөгчөө харлуулах ажиллагаа өрнөөд эхэлчихлээ. Гэхдээ гуравдагч хүч нийхэн шууд бууж өгөх хэрэггүй. Хэнийг нэр дэвшүүлэхээс хамаарч тэд өрсөлдөөнийг илүү сонирхолтой болгож, бүр салхи эргүүлсэн үр дүн гарахыг ч үгүйсгэхгүй. Тиймээс л намууд одооноос улс оронд танигдсан, хүлээн зөвшөөрөгдсөн, ёс зүйтэй, шударга, хийсэн ажилтай хүмүүсийн эрэлд гараад байна.
Н.АЛТАНХУЯГИЙГ “ЗАЙЛУУЛАХ” ТӨЛӨВЛӨГӨӨ
Тус намд дээр дурдсан шалгуурыг хангах нэр дэвшигч, горилогч цөөнгүй бий. УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Х.Тэмүүжин, Д.Ганбат, Б.Пү рэвдорж тэргүүтний нэр тодроод байна. Дур эзнээ голохгүйн жишгээр С.Ганбаатар ч дотроо их санаа агуулчихсан л яваа. Монгол Улсын Ерөнхийлөгч болохын төлөө өөрийгөө 20 гаруй жил бэлтгэсэн хүн юм гэнэ лээ. Мөн парламентын гаднаас АНын гишүүн С.Баярцогт магадлал өндөр горилогч болж буй. Тэрбээр 23 настайгаасаа улс төрд “чанагдсан”, потенциал сайтай улс төрч. Гэхдээ яагаад ч юм энэ олон он жилд сайдаас илүүрхсэн албан тушаал хашиж байгаагүй билээ.
АН-ынхан хэзээ ч нэг л хүнээ тодруулж, түүн дээрээ 100 хувь санал нэгддэггүй. Ардчилсан зарчмын дагуу олон хүн өрсөлдөж, тэдний дундаас нэр дэвшигчээ тодруулдаг. Тиймээс цагаа тулахад илүү олон горилогч гарч ирвэл гайхах зүйлгүй. АН-ын энгийн гишүүд, дэмжиг чид, олон нийтийн зүгээс хийсэн ажилтай, ёс зүйтэй, туршлагатай, Ерөнхийлөгч байж чадах хэмжээний хүмүүсээ нэрлэж байна. Нөгөө талд зарим улс төрч өөрийнхөө нэрийг дэвшүүлж, нийгмийн хандлагыг тандаж буй аж.
Одоо “тодроод” буй хүмүүс дундаас Н.Алтанхуяг хамгийн бодит нэр дэвшигч юм. Учир нь тэр АН-ын түүхэнд хамгийн удаан буюу хоёр жил гаруйн турш Засгийн газрыг тэргүүлсэн, тэр хугацаандаа олон аймгийг авто замаар холбохоос эхлээд хийсэн ажилтай Ерөнхий сайд байв. МАН-ынхан олон жил төр барихдаа хийж бараагүй ажлыг хоёр жилд амжуулсантай нь маргах хүн үгүй биз. Тэрбээр 2022 оноос эхлэн Хөгжлийн банкны гэх хэрэгт холбогдон шалгуулсан. Гэвч буруутгаж буй шалтгаан нь Ерөнхий сайд байхдаа Засгийн газраас баталсан Нүүрсний экспортыг дэмжих тухай 299 дүгээр тогтоол. Уг тогтоолын дагуу холбогдох яамнаас экспортоо нэмэгдүүлэхээр хувийн компани л ашиглаж, нүүрс тээвэрлэдэг говийн замыг төрийн мэдэлд авсан юм байна. Тэгвэл анхан болон давж заалдах шатны шүүхээс Н.Алтанхуягт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон юм. Гэвч Дээд шүүх хэргийг татан авч, анхан шат руу буцаажээ. Өнгөрсөн онд анхан шатны шүүх хуралдаад хэрэгсэхгүй болгосон. Гэтэл хэсэг прокурор эсэргүүцэл бичсэн тул асуудлыг давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцэхээр болсон ч ирэх сарын 2 хүртэл хойшлуулаад буй юм.
Гурвантаа хэрэгсэхгүй болгоод байхад л сөхөж тавиад буйн шалтгаан юу вэ. 2022 оноос уг асуудал эхэлсэн тул 2024 оны сонгуулиар нэр дэвшүүлэхгүй байх, одоо дахин сэргээж буй нь Ерөнхийлөгчийн сунгаатай холбоотой л гэж харагдаж байгаа юм. Тэгвэл хэн түүнээс айгаад байна вэ. Хэдийгээр хууль, шүүх бие даасан, хараат бус байгууллага гэдэг ч эрх барьж буй нам өөртөө “үйлчлүүлдэг” болоод удсан. Тэгэхээр эрх мэдэл хэний гарт байна, тэр л ард нь бий гэсэн үг. МАН-ынхан хэдийн Ерөнхийлөгчийн сонгуулийн тандалт судалгаа хийгээд эхэлсэн сурагтай. Намаасаа сойж болох нэр дэвшигчдийг АН-аас өрсөлдвөл сонгогдох магадлал хамгийн өндөр Н.Алтанхуяг гишүүнтэй харьцуулан рейтингийг тогтооход Ерөнхий сайд асан илүүрхээд байгаа гэнэ. Тиймээс л анхан, дунд шатны шүүхээс хэрэгсэхгүй болгосон асуудлыг дахин сөхөж, Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх боломжийг нь хумихаар хичээж буй байх нь. Гэхдээ АН-ынхан ч бас ариухан хүмүүс биш. Тус намын олон бүлэглэл, фракц үргэлж л эрх мэдлийн төлөө толхилцож байдаг. Тиймээс Н.Алтанхуягийг зайлуулах ажиллагаанд намынх нь ялах магадлал өндөр өөр нэг нэр дэвшигч, түүний “багийнхны” хувь нэмэр бий тухай АН-ынхан дотооддоо ярилцах болсон байна. Прокуроруудтай хэн ойр байна, тэр хүн өрсөлдөгчөө замаасаа зайлуулахаар ажиллаж буй гэсэн үг. Бусад горилогчийн тухайд МАН-ын нэр дэвшигчдийг ялах магадлал ч, нөлөөлөл нь ч тийм сайн биш.
МАН-ЫН НАЙДВАР ХЭН БЭ
Эрх баригч намаас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хамгийн өндөр амбицтай хүн бол Ерөнхий сайд Г.Занданшатар. Зөвхөн үү ний төлөө л тэр Засгийн газрын тэргүүний ажлыг “түр зуур” хийж байгаа гэхэд болно. Үүнээс наана танхим нь огцорчихвол “гудамжинд” гарчихна. Тиймээс Засгийн газраа авч үлдэхийн тулд чадах бүхнээ хийж буй юм. 2024 оны сонгуулиар хангайн бүсэд нэр дэвшсэн ч сонгогдож чадаагүй тул Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Тамгын газрын даргаар ажиллаж байв. Л.Оюун-Эрдэнэ огцорсны дараа Төрийн тэргүүн өөрийн хүнээ Ерөнхий сайдад зүтгүүлсэн. Дараа нь намын даргын албан тушаалыг нь “авч өгөх” гээд бараагүй. Гэхдээ Ерөнхийлөгчийн сонгуульд Г.Занданшатарыг сойно гэсэн мэдээлэл Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхтэй нь зэрэгцээд л гарсан билээ. Баялгийн хулгайтай тэмцсэн шиг тэмцэж, тоймтой үр дүн гаргаж чадвал иргэдийн дэмжлэгийг авах боломжтой. Харин үг, үйлдэл нь зөрвөл сонгогдох магадлал буурна.
Зургаан жилийн турш Төрийн тэргүүн байх замаа У.Хүрэлсүх 2019 оны Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөөр зассан юм. Уг хуулийн 36.2-т “Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэсэн. Тэгэхээр эл заалтаа өөрчлөхгүйгээр У.Хүрэлсүх Ерөнхийлөгчид дахин нэр дэвших боломжгүй. Түүний талаар эхлээд өөрийн хү нээ Төрийн тэргүүн болгоод, дараа нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, боломжоо нээсний дараа эргэн ирнэ гэх хардлага бий. МАН эрх барьсан 10 жилдээ Үндсэн хуульд хоёронтоо өөрчлөлт оруулчхаад буй. Гэхдээ арай ч 2027 оны сонгуулиас өмнө түүнд зориулж Үндсэн хуулийг гурав дахиа өөрчлөхгүй гэж найдна.
МАН-ын горилогчдын жагсаалт Тэргүүн шадар сайд Ж.Энхбаяр, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт гээд үргэлжилнэ. Засгийн газар солигдох, сул орон тоо гарах бүрд л энэ хоёр хүн байнга “горьддог”, бас хүссэнээ авдаг. Гэвч Монгол Улсын Ерөнхийлөгч байхад тэд арай жулдана. Эдгээрээс гадна Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн нэр дуулдаж байна. МАН-ынхан 100 гаруй жилийн түүхэндээ хэзээ ч намын дарга, төрийн өндөр албан тушаалыг эмэгтэй хүнд “өгч” байсангүй. Тэд агуу их “эго”-гоо дарж, эмэгтэй хүн нэр дэвшүүлбэл маш шинэлэг алхам болно. Гэвч тийм зориг энэ намынханд үгүй л болов уу.
ӨРСӨЛДӨГЧДИЙН ТООГООР РЕКОРД ЭВДЭХ ҮҮ
Бид ардчилсан тогтолцоо бий болсноос хойш найман удаа Ерөнхийлөгч сонгожээ. Эдгээрээс таван сонгуульд нь гурав, хоёр удаа хоёр, ганцхан удаа л дөрвөн нэр дэвшигч өрсөлдсөн юм. Зөвхөн парламентад суудалтай намаас л Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх эрхтэй. Гэвч УИХ-д төлөөлөлтэй нам бүр энэ эрхээ эдэлдэггүй, эсвэл эвсэл болж орчхоод задармагцаа тус бүрдээ горилогч сойсон тохиолдол ч бий. Тухайлбал, 1992-1996 оны парламентад МАХН 70, МоАН, МҮДН, Ногоон намаас бүрдсэн Ард чилсан холбоо эвсэл дөрөв, МСДН нэг, бие даагч нэг гишүүнтэй байжээ. Гэвч 1993 оны сонгуульд МАХН-аас Л.Түдэв, Ардчилсан холбоо эвслээс П.Очирбат нэр дэвшин өрсөлдсөн юм. МСДН ганцхан суудалтай учраас уг сонгуульд Ард чилсан холбоо эвслийг дэмжсэн байх нь.
Ганц суудалтай гуравдагч хүчний намууд уг сонгуульд оролцохгүй, оронд нь ижил үзэл баримтлалтай намын нэр дэвшигчийг дэмжсэн жишээ ганц энэ биш. Боломж, сонгогдох магадлал, санхүүгээ тооцоод ийм шийдвэр гаргадаг биз ээ. 2008-2012 оны парламентад МАХН, АН, Иргэний эвсэл, ИЗНН суудал авсан ч мөн л “ах” хоёр намаас өрсөлдөж, Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч болжээ. ИЗНН 2000-2016 онд парламентад суудалтай байсан ч ганцхан 2001 оны Ерөнхийлөгчийн сонгуульд л оролцож, Л.Дашнямыг нэр дэвшүүлсэн байдаг. Бусад үед нь үргэлж АН-ыг дэмжжээ. Тэгвэл 2004-2008 оны парламентад МАХН 37, Эх орон-Ардчилал эвсэл 35, БНН нэг суудал авсан. Гэвч 2024 оны төгсгөлөөр Ардчилсан нам, Эх орон намаас бүрдсэн эвсэл тарж, парламентад суудалтай намын тоо нэгээр нэмэгдэв. Ингээд 2005 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас Н.Энхбаяр, АН-аас М.Энхсайхан, Эх орон намаас Б.Эрдэнэбат, БНН-аас Б.Жаргалсайхан нарын дөрвөн хүн нэр дэвшсэн нь өнөөдрийн түү хэн дэх хамгийн олон нэр дэвшигч өрсөлдсөн тохиолдол болсон байна.
Тэгвэл одоогийн парламентад ИЗНН, Үндэсний эвсэл тус бүр дөрвөн гишүүнтэй. ИЗННын дарга Б.Батбаатар өмнөх дарга С.Оюунд 2027 оны сонгуульд намаа төлөөлөн өрсөлдөх санал тавьсан. Гэвч С.Оюун олон улсын байгууллагад ажиллаж буй учраас сонгуульд нэрээ дэвшүүлэхгүй гэсэн тайлбар өгсөн байна лээ. Тэгэхээр намын даргын хувиар Б.Батбаатар өөрөө хүч үзнэ, эсвэл хуучин түүхээ давтаж, АН-ыг дэмжинэ. Учир нь энэ гишүүн улсын хэмжээнд дэмжлэг авч чадахгүй, санхүү, цаг, хөдөлмөрийн гарз л болно.
ХҮН намын тухайд 2020 оноос хойш хоёр дахь парламентдаа төлөөлөлтэй. 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар тэд УИХ-ын гишүүн асан Д.Энхбатыг нэр дэвшүүлж, чамлахааргүй санал авч байсан. Тэр үед уг сонгуульд 45-аас дээш насныхан өрсөлддөг байсан тул намын дарга Т.Доржхандад нэг жил дутсан юм л даа. 2019 онд Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөөр насны босгыг таваар нэмж, 50 болгосон. Тэгвэл Т.Доржханд ирэх онд 50 нас хүрнэ. Тиймээс тэр өөрөө намаа төлөөлж Ерөнхийлөгчид өрсөлдөх биз ээ. Амбиц ихтэй хүн өөр улс төрчид боломж олгохгүй л болов уу. Тус намын гишүүн байсан, “Алтан Дорнод Монгол” компанийн ТУЗ-ийн дарга Т.Ганболдыг мөн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших тухай мэдээлэл гарсан. Тэгвэл тэрбээр саяхан нэгэн нэвтрүүлэгт ярилцлага өгөхдөө “Аль ч намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх санал ирсэн хүлээж авахгүй. Би бол солиорол, шуналгүй хүн” гэсэн тайлбар өгчээ.
Үндэсний эвслийн тухайд тэргүүн Н.Номтойбаярын нас хүрэхгүй. Түүнээс өөрөөр уг эвсэлд Ерөнхийлөгчийн хэмжээнд өрсөлдөх улс төрч тун ховор. МНН-ын дарга О.Бум-Ялагч нас нь хангалттай ч түүнд энэ сонгууль хэтэрхий ахадна. МҮАН-ын дарга Б.Цогтгэрэл нь харьцангуй дээр сонголт ч үндэсний хэмжээнд түүнд дэмжлэг дутна. Тэд УИХ-ын гишүүн А.Ундрааг нэр дэвшүүлбэл харин шинэ, оновч той сонголт болж мэдэх. Чамбай улс төрч эмэгтэйчүүдийн нэг тэрбээр хоёр дахь удаагаа УИХ-д сонгогдон ажиллаж буй юм.
Манай улс 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар МАХН, МҮАН-ын Шударга ёс эвслээс анх удаа Н.Удвал хэмээх эмэгтэйг нэр дэвшүүлж байсан удаатай. Түүнээс хойш эл сайн жишгийг үргэлжлүүлэх “эр зориг”-той улс төрийн өөр хүчин гарч ирээгүй л байна.