Хаврын тэргүүн сарын шинийн нэгэн буюу Цагаан сар дөхлөө. Эл баяраар монголчууд бид бэлгэтэй үгийг хэлэлцэн золгож, амар мэндээ мэдэлцэхдээ ч уран цэцнээр шүлэглэх нь бий. Тиймээс ч Цагаан сард зориулсан мэндчилгээний үг, шүлэг, ерөөл цөөнгүй байдаг. Тэдгээрээс болон их зохиолч Д.Нацагдоржийн “Хавар” шүлгийг багтаасан уран зохиолын буланг уншигчдадаа бэлтгэлээ.
Ардын аман бэлгэ, мэндчилгээ
Буурал жил морилж
Буянтай жил ирж
Өвгөн жил морилж
Өлзийтэй жил ирж
Ахас буурал настнуудынхаа
Амар мэндийг эрье
Сар шинэдээ
Сайхан шинэлж байна уу
***
Даага далантай
Бяруу булчинтай
Төлөг сүүлтэй
Тором бөхтэй
Ишиг хэрсэнтэй
Онд мэнд
Тарган тавтай оров уу
***
Дэлгэр сайхан сэтгэлтэй
Дээл, бүсэн гоёлтой
Дэлхий тэнийм баясгалантай
Дээдэс, нялхаст бэлэгтэй
Хоймортоо нарны бурхадтай
Хажуудаа насны бурхантай
Эрүүл энх, саруул сайхан
Эрч дүүрэн, сэтгэл төвшин
Сар шинэдээ сайхан шинэлээрэй
***
Аманд нь амар мэнд бялхаж
Атганд нь азын дөрвөн бэрх багтаж
Айл гэрт тань инээд хөөр цалгиж
Эрүүл энх төвшин сайхан шинэлээрэй
Хадган цэнхэр тэнгэрийг эвхэн золгох учрал дээр
Хатан өвлийн жаврыг хураан золгох ерөөл дээр
Хөх Монгол даяараа дээдлэн өргөх цацал дээр
Хаврын тэргүүн сар жаргал цацруулан айсуй
Сар шинэдээ сайхан шинэлээрэй
***
Хатуу өвөл харьж, урин хавар айсуй
Хамаг бэрхшээл үлдэж, угтах баяр айсуй
Дорнын зурхайгаар мөрөө гаргаж
Долоон бурхандаа дээжээ өргөж
Дээдэс өвгөдөө хүндэтгэн золгож
Дүүрэн жаргалтай түвшин амгалан
Сар шинэдээ сайхан шинэлээрэй
***
Ургах улаан нарнаас
Цог хийморийн илчийг авч
Уудам хөх тэнгэрээсээ
Оюун ухаанаа сэлбэж
Учран золгох хүн бүрдээ
Сэтгэлийн сайхан үгийг бэлэглэж
Угтаж буй шинэ жилдээ сайхан шинэлээрэй
***
Д.НАЦАГДОРЖ (Их зохиолч, нэрт соён гэгээрүүлэгч)
Хавар
Мөнх тэнгэрийн дор мянга мянган хавар
Монголын сайхан оронд жил жил дэлгэр
Энх улирал ханхлахад хүний сэтгэл тэнэгэр
Өвсний соёо ногоороход морь мал ханагар
Холхи наран ойртож хасын цас хайлахад
Хуучин дэлхий халагдаж хамаг юм шинэднэ
Хөрсөн мод цэцэглэж хүүхэд багачууд наадахад
Хөгшин хүн өөрийгөө залуу болсон шиг санана
Хээрийн галуу айлчлан ирж гангар гунгар донгодоход
Гэртээ суусан малчин түүнийг хараад уярна
Хажуу дахь ууланд горхи булаг хоржигнон урсахад
Хаяан дахь ишиг хурга майлалдан хөг нийлүүлнэ
Эелдэг урьхан амьсгал ариухнаар үнэртээд
Эрт эдүгээг бодогдуулан нуугдсан сэтгэлийг сэргээнэ
Өнөр сайхан төл баян хотыг чимэхэд Өлгийтэй бяцхан хүүхэд эцэг эхээ баясгана.
Р.ЧОЙНОМ (Төрийн шагналт)
Сар шинийн өглөө айлын бүсгүй
Шар дурдан бүсээ алдалж байгаад ороов
Шанх тавьсан үсээ илбэж байгаад тольдов
Шавхийсэн нуруугаа хотойж байгаад эргэв
Дөрвөн босоо нугалаастай хүрэн торгон дээлийн
Дөлөлзөхөөр нь үзэгдэх аржгар хурган дотор
Хажуу талдаа товчтой шөвгөрдүүхэн хром
Хазгайдуухан тавьсан хар минжин малгай
Өндөрдүүхэн нуруунд нь зохино гэдэг нь ванлий
Өчигдөрхөн энэ хүн ямаршуухан байлаа
Өрх гэрийн нэргүй нэгэн зарцаас
Өнөөх харцуултай чацуухан иргэн болоод гарав
Зочилж ирсэн айлдаа дуу шуутай угтуулж
Зоог өрсөн ширээнээ суу суу гэж уриуллаа
Ихэнх өдрийг дуусан эр хүнээс дутсангүй
Инээж наргив гэнэ, хундага өргөв гэнэ
Эр нөхрийн хаанчлал нэгэн хэмийн тэврэлт
Энгэр хормой нь салбарсан тостой дан тэрлэг
Эрх нь дэндсэн хүүхдүүдтэйгээ хашхичиж байдаг хэрүүл
Өргөөд даагдаж өгдөггүй усны том хувин
Өчнөөн шүүрдээд хэвээрээ хог шороотой шал
Өдөржин дуусдаггүй ажил өнөөх хөө тортог
Ард нь холоо хоцорч нуруу нь тэнийх шиг болов
Ахиад тийшээ очихгүй эрх олсон шиг санав
Наран тонгойх үед айлын бүсгүй харив
Нарийн ширийн гоёлоо авдарт эвхэж хийв
Хүрэн торгоны оронд халтар тэрлэг нөмөрч
Хүйтэн хар зуухны аман дээр нь бөртөгнөв
Даарч зутарсан багачуул нь уйлан шуугьж бүслэв
Далан задгай ажил гэрт гадаагүй угтав
Даян дээрхийн өндрөөс далайн ёроолд унав
Дараагийн Цагаан сар хүртэл 364 хоног.
Ч.ДАГМИДМАА
Цагаан сарын мэндийн шүлэг
Есөн товчтой дээлээ эвхээс амраан өмсөөд
Нарны өнгөтэй дурданг зөв эргүүлж бүслээд
Саран хэлбэртэй малгайгаар тэргүүнээ гоёод
Сайхан жилийн өглөөг амар мэнд угтана уу
Аагтай шаргал цай нарны туяатай самарч
Алтан төрийн сүлдтэй хойморын бурхандаа дээжлээд
Ирэх жилийн төөргийг итгэлийн өнгөөр сүлж
Идээ шүүснийхээ дэргэд эрхэмсэг залрах аав ээждээ
Тэнгэрийн өнгөтэй хадгаар ерөөл золгож үнсүүлье
Тэргүүн сарын шинийн нэгний энх мэндийг эрье
Жаран жарны түүх жаргал хурайлж уухайлна
Жаахан шаргын аялгууг гэгэлзүүлсхийгээд уяруулна
Жавар салхины үзүүрийг анхны төл амирлуулна
Жалгын цасыг сөхөж яргуйн зүүд өндөлзөнө
Гартаам манан хөөргийг голомт тойруулан зөрүүлээд
Гарч байгаа жилийн өнгө төрхийг хэлэлцэнэ үү
Гадаа гэртгүй гоё дээлтэй хүүхдүүд тоглоод
Ганцхан Монгол орны тэнгэр хангай уярна уу
Тэнгэрийн өнгөтэй хадгаар ерөөл золгож үнсүүлье
Тэргүүн сарын шинийн нэгний энх мэндийг эрье
***
Д.САНЖЖАВ (хүүхдийн зохиолч)
Цагаан сарын шинийн нэгний өглөө
Цайгаа чанаж гоёлоо өмсөөд
Тооноор нар тусахын үед
Томчууд хүүхдүүд өвөөгийн цуглаад
Гэр дүүрэн хүмүүс хоорондоо
Гар зөрүүлэн бүгдээрээ золгов
Ажаад байсан чинь
Аав ээжтэй золгосонгүй
Ах бэргэн эгчтэй золгосонгүй
Авгай нөхөр хоёр хоорондоо золгодоггүй
Ардын ёс байдгийг мэдлээ.
Айл гэр болж тоглохдоо
Алимаатай би золгохгүй
***
А.НАЙГАЛМАА (хүүхдийн зохиолч)
Цагаан сар гэж ямар баяр юм бол
Хүн болгонд үнсүүлдэг
Хацрын баяр юм уу
Айл болгон бууз хийдэг
Буузны баяр юм уу
Хүн бүр дээл өмсдөг
Дээлний баяр юм уу
Аа мэдлээ мэдлээ
Амар байна уу гэж золгодог
Ахан дүүсийн баяр юм байна
Хүйтэн өвлийг өнтэй давсан
Хүн бүрийн баяр юм байна
***
ДА.ЖАРГАЛСАЙХАН
Нутгийн минь Цагаан сар
Аав хүүгээ дагуулан овоонд гарахад
Арга билгийн Цагаан сар эхэлдэг
Ассан галынхаа дөл агаартай золгоход
Ардын маань Цагаан сар бадамладаг
Өндөр тэнгэрт залбирсан ерөөлөөр
Өвгөдийн минь Цагаан сар хөгждөг
Дээжилж өргөсөн сүүн цацлынхаа ормоор
Дэлгэр энэ баярын цайллага зам зурайдаг
Хазаар барин моринд явах хүүгийн баяслаас
Хадагтай золгох баярын амар сайхан эхэлдэг
Хаш чулуун хөөрөгний толгой суллах үйлээс
Хавар өвлийн солиог мэндийн үгээр зөрүүлдэг
Ааг нь шаргалтсан цайг алдасхийн самрахад
Айл хотлын идээ зочдоо тосоод тэгширдэг
Гэр дүүрсэн айлчдын гэрэл мэт мишээл
Гэгээн баярын очийг зүрх бүхэнд уусгадаг
Ууж идэх нь хүртэл уламжлалт дэг ёстой
Ууц хөндөхөөс эхлээд улбаасан гүн утгатай
Урь нэрсэн тамхи нь хүндлэлийн чин сэтгэлтэй
Учир тавьсан мэргэдийн хайрлахуйн мөн чанартай
Дундуур аягалдаггүй цай нь ажил бүтээдэг домтой
Дутуу орхидоггүй ерөөл нь амьдрал тэгшлэх эрчимтэй
Дугараа дагуулсан сөн нь аялгуу нь эгшиглэсэн аагтай
Дуу хууртай дурсамж нь түүх хуучилсан цадигтай
Нутгийн минь Цагаан сар хүн оршихуйн учир юм
Нутгийн минь Цагаан сар хөх тэнгэрийн учиг юм
Нутгийн минь Цагаан сар хэн болохын бадрал юм
Нутгийн минь Цагаан сар Монгол удмын бахдал юм
Нутгийн минь Цагаан сар