Эрх баригч намынхны эвлэрэл богино настай байжээ. Дүрэлзэж байсан галыг угаас бүрэн унтраагаагүй, уугиулаад орхисон учраас өнөөх нь дахин сэргэв. Ерөнхий сайдаас огцорсноос хойш УИХ-ын гишүүний ажлаа ч умартсан, хэдэн сар чуулгандаа суугаагүй Л.ОюунЭрдэнэ “Лхагвын тойм” нэвтрүүлэгт оролцож, ил гарлаа. Засгийн газар нь огцорсны буруутнаар тэрбээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг нэрлэсэн юм. Хаврын чуулганы нээлтэд түүнээс гадна албан тушаалаасаа чөлөөлөгдөж, огцорсноосоо хойш УИХын гишүүний ажлаа огт хийгээгүй Д.Амарбаясгалан, Х.Булгантуяа нар ч “хамтлаг”-аараа цуглав.
Тэднийг “сэтгэл гутрал”-аасаа гарахаар оролдож байх зуурт МАН-ын дарга Н.Учрал гишүүнч лэлээс нь түдгэлзүүлж, ёс зүйн ноцтой алдаа гаргасан, тангаргаасаа няцсан, хууль зөрчсөн гишүүдийг эгүүлэн татах хуулийн төслийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өргөн бариад буй. Одоо хоёр тал “тулахад” бэлэн болсон аж.
ӨРХ ТУСГААРЛАХ УУ, ӨРЖ ТУЛАЛДАХ УУ
Авлига, албан тушаалын гэмт хэрэгт нэр холбогдсон, Үндсэн хууль зөрчсөн үндэслэлээр Д.Амарбаясгалан, Х.Булгантуяа, Д.Тавинбэх, А.Амундра нарыг МАН-ын гишүүнчлэлээс түдгэлзүүлэхээр болсон. Хяналтын ерөнхий хороо нь Н.Учрал даргынхаа эл шийдвэрийг одоо хүртэл баталгаажуулж завдаагүй яваа юм.
Бүлэглэлийнхнийг нь МАН-ын дарга ийнхүү хөөсөн нь “сэтгэл гутрал”-д ороод ажлаа ч хийхгүй, бүгж байсан 1980-аад оныхныг сэрээжээ. Тэд хариу арга хэмжээгээ даацтайхан авахаар ажиллаж байна. Л.Оюун-Эрдэнэ хоёр хувилбар бодсон сурагтай. Эхнийх нь “баг”-аараа МАНаас гарч, өрх тусгаарлах. Ингэхдээ шинээр нам байгуулахын оронд парламентад суудалтай, мөн Дээд шүүхэд дээгүүр бүртгэлтэй улс төрийн хүчин олж “найзлах” аж. Уг шалгуурт нь Үндэсний эвсэл тэнцэж буй юм. Тус эвсэл нь Дээд шүүхэд МАН, АН-ын дараа бичигддэг Монголын ногоон намыг багтаадаг. Яг л энэ дугаарт нь болж Н.Номтойбаяр тус намыг сонгосон юм. Тэд ийм яриа хөөрөө хийгээд эхэлсэн тухай зарим сайтад мэдээлжээ. Гэхдээ Л.ОюунЭрдэнийн “улаан хамгаалагчид”-ын олонх нь жагсаалтаар сонгогдсон гишүүн байдаг. Тэдэнд МАН-ын хаалгыг савах эрх байхгүй. Учир нь сонгогчдын шууд саналаар бус, намын нэрээр төрийн өндөр босгыг алхсан. Тэгэхээр тойргоос сонгогдсон “найзууд” нь л экс Ерөнхий сайдыг дагана гэсэн үг. 10 гаруй хүн байгаа бололтой юм. Хэрэв энэ хувилбар бодит болбол МАН ийм тооны суудлаа алдана. Намынх нь хувьд том цохилт гэсэн үг. Тэгэхээр Н.Учрал, түүний “аав” тэргүүтэн байдлыг ингэтэл хүндрүүлэхгүй байхыг эрмэлзэх биз ээ.
Тиймээс удаах хувилбар дээр нь тохирох магадлал өндөр. 1980-аад оны бүлэглэлийнхэн намдаа эрх мэдлээ нэмэхийг хүсэж, тодорхой албан тушаалуудыг өөрсдөө авах шаардлага тавьсан гэж буй. Улс төр бужигнаж эхлэхтэй зэрэгцээд АН-ынхан УИХ-ын дарга Н.Учралыг огцруулах акц өрнүүлж байгаагаа мэдэгдсэн нь нэгийг хэлнэ. Үгүй бол нэгдсэн чуулганы үйл ажиллагаанд оролцохгүй гэсэн. Д.Амарбаясгаланг МАН-ын даргад нэр дэвших үед сөрөг хүчнээс “Нэг намын дарга парламентыг удирдах нь зүйд нийцэхгүй” хэмээн эсэргүүцэж байсан нь үнэн. Гэвч Н.Учралыг спикерээр сонгох чуулганд сөрөг хүчний 19 АН хэрхэн “тоглохоос” МАН-ын улс төр хамаарна гишүүн дэмжиж санал өгсөн байгаа юм. Харин одоо бүлгээрээ 100 хувь түүнийг огцруулах хэрэгтэй гэсэн нь улс төрийн том шалтгаан байгааг илтгэнэ. Тэднийг Н.Учралыг Засгийн газраа авахад нь Л.Оюун-Эрдэнэд тусалж байна гэж нэг хэсэг нь үзэж буй. Тэгвэл өөр ч бас нэг өнцөг гарна. Өөрөөр хэлбэл, тэд УИХ-ын даргын албан тушаалыг өөрийн бүлэглэлд авахад нь дэмжлэг үзүүлж байж ч болох нь. Учир нь тэд УИХ-ын даргын албан тушаалд өөрийн хүнээ тавих шаардлагыг нөгөө талдаа тавьж буй тухай мэдээлэл ч гарч байна. Үүнд УИХ-ын гишүүн С.Амарсайханыг санал болгож байгаа гэх. Тэр Г.Занданшатарын Засгийн газарт Шадар сайдаар ажиллаж байсан атлаа 1980-аад оныхны төрийн эрхийг хууль бусаар авах ажиллагаанд оролцож, танхимынхаа эсрэг санал өгсөн. Улмаар түүнийг Ерөнхий сайд огцруулсан билээ. Тэгвэл ийм аргаар “буцаж ирэх”- ийг хүссэн бололтой.
Энд нэг л зүйл маш тодорхой болов. АНынхан МАН-ын “зодоон”-д гол үүрэгтэй оролцож байна. Аль талд, хэнд нь ашигтай байхаас үл хамаараад тэдэнд дараагийн Засгийн газарт орох амбиц ч байж болно. Улс төрд тууштай үзэл бодол биш, эрх ашиг л нэгдүгээрт үйлчилдэг хойно. Экс Ерөнхий сайдын талынхан, АНын гишүүд дээр Үндэсний эвсэл, ХҮН намын зарим нэг хүн нэмэгдээд нэгдсэн чуулганыг ирцээр бойкотолж, Н.Учралыг УИХ-ын даргын албан тушаалаас чөлөөлөхөөр төлөвлөжээ. Тэд нийлээд олонхыг элбэг бүрдүүлэх нь.
У.ХҮРЭЛСҮХИЙН НҮҮДЭЛ ЮУ ВЭ
Ерөнхийлөгчийн зүгээс УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулж, гишүүдийг эгүүлэн татах зохицуулалттай төсөл өргөн бариад байна. УИХын гишүүний бүрэн эрхийн ард гэмт хэрэг, ёс зүйн ноцтой зөрчлөө нуудаг байдлыг халж, ард түмэн сонгосон шигээ хариуцлага тооцох хуулийн зохицуулалттай болох нь түүний зорилго гэж буй. Ингэж парламентын нэр хүндийг цэвэрлэх юм байх. Түүнийг ийм хуулийн төсөл өргөн барихаа мэдэгдэхтэй зэрэгцээд “дүү нар” нь “УИХ-ын бүрэн эрхэд халдлаа, нэг хүний засаглал тогтоох нь” гэсэн мессеж тараасан. Л.Оюун-Эрдэнэ ч “Лхагвын тойм”-д оролцохдоо энэ тухай шулуухан хэлж, “Өөрөө дахин Ерөнхийлөгчөөр сонгогдох, эсвэл буугаад МАН-ын дарга болох хүсэлт тавьснаас болж бидний хооронд 3-4 жилийн өмнөөс маргаан эхэлсэн” гэсэн байна лээ. Харин Төрийн тэргүүн хаврын чуулганы нээлтийн үеэр уг мэдээллийг нь үгүйсгэсэн. Хэдий тийм боловч түүний санаачилсан хуулийг баталбал Д.Амарбаясгалан, Х.Булгантуяа нар хамгийн түрүүнд эгүүлэн татагдана. Тэдний ажиллагаанд оролцсон бусад гишүүн ч, авлига, албан тушаалын хэрэгт шалгуулж буй цөөнгүй хүн “ачигдана”. Тэгэхээр хэдийн алдаа гаргачихсан, гэмт хэрэгт нэр холбогдсон хүмүүс энэ төслийг дэмжихгүй. Тэд Л.Оюун-Эрдэнийн багт нэгдэнэ гэсэн үг. Ийм хүмүүсийн олонх нь түүний “баг”-ийнхан учир аргагүй.
Мөн АН-ынхны улс төрийн гэнэтийн акцаас өмнө Төрийн тэргүүний санаачилсан төслийг УИХын олонх гишүүн дэмжинэ гэж тооцож байлаа. Өмнө нь Д.Амарбаясгаланг УИХ-ын даргаас огцруулах саналд 72 хүн гарын үсэг зурсан ирцээр тооцоход шүү дээ. Түүнчлэн ИЗНН-ын дарга, гишүүн Б.Батбаатар дээрхтэй ижил агуулгатай хуулийн төсөл өргөн барих тухай мэдээлэл гарах үед АН-ын дарга О.Цогтгэрэл “Хэрэв уг хуулийн төслийг өргөн баривал манай бүлэг дэмжинэ” гэж мэдэгдсэн юм. Харин өнгөрсөн долоо хоногт тэр байр сууриа өөрчилж, яг ижил агуулгатай Ерөнхийлөгчийн төслийг дэмжихгүй гэдгээ мэдэгдэв. Бас Н.Учралыг УИХ-ын даргаас огцрохыг шаардаж, Засгийн газар луу чиглэж байсан овоо хараагаа өөрчилсөн. Тэгэхээр Ерөнхийлөгч АН-ын 42 гишүүнийг “алдсан” байна. МАН-ын бүлгээс 1980-аад оныхон түүнийг дэмжихгүй. Үндэсний эвслийн дөрвөн хүн тэдний талд бий. Т.Доржханд эрх мэдлээ хэвээр хадгалахын тулд Төрийн тэргүүнийг дэмжих байх. Гэвч ингээд ч У.Хүрэлсүхийн төсөл олонхын дэмжлэг авахад хэцүү болоод ирлээ. АН-ынхны тоглолтоос хамаарч МАН-ынхны улс төр огцом эргэх нь тэр.
Одоо Г.Занданшатарын Засгийн газар хоёр сайдаа явуулах биш, бүхэлдээ огцрох эрсдэл үүсээд буй юм. Ерөнхийлөгч тэгвэл ямар нүүдэл хийх бол. Намаа албан ёсоор хоёр хуваах уу, эсвэл хөшигний ард тохиролцох уу. Түүний төслийг дэмжих хүн УИХ-д олонхыг бүрдүүлж чадахгүй ч У.Хүрэлсүх нам дотроо нөлөөтэй хэвээр байгааг мартаж болохгүй. Үйл явдал хэрхэн үргэлжлэхийг харж байя.