Бид төдийлөн анзаардаггүй л болохоос орчин үеийн нийгэмд хүний хувийн мэдээлэл бүртгэгдэхгүй орон зай гэж бараг үгүй. Ухаалаг тодотголтой гар утас, таблет, цаг, компьютер, видео тоглоом, олон нийтийн сүлжээ, тэдгээрт суулгасан программ хангамж, орон байрны аюулгүйн систем, тасалгааны гэрэлтүүлэг, телевиз, чанга яригч, угаалгын машин гэх мэт ахуйн эд зүйлс, хяналтын камер хүний амьдралын талаарх их хэмжээний мэдээллийг тасралтгүй бүртгэн цуглуулж байдгийг та мэдэх үү. Цаашлаад нийтийн интернэт WiFi, автомашиныг дугаараар хянах систем, зогсоолын төлбөр төлөх цэг тэргүүтэй орон зайд суурилуулсан бүх л цахим төхөөрөмж биднийг тасралтгүй “бичиж” байна.
Сүүлийн үед замын хөдөлгөөн, нийтийн тээвэр, дэд бүтэц, барилга, байгууламж, эрчим хүч ний зарцуулалт, хог хаягдал, орчны бохирдол зэрэг суурь асуудлыг мэдээлэлд үндэслэн шийдвэрлэх зорилгоор хөдөлгөөний мэдээлэл хүртэл цуглуулах технологиуд өргөн нэвтэрсээр буй.
Энэ нь нэг талаар сайн хэрэг боловч нөгөө өнцгөөс хүний эрхийн ноцтой зөрч лүүд үүсгэсээр байгаа учраас анхаарахгүй өнгөрч болохгүй билээ. Эдгээр цахим төхөөрөмжийн аль нэг дурын эх сурвалжаас олж авсан хувь хүний мэдээллийг бусад эх үүсвэрийнхтэй задлан шинжилж, хэн болохыг нь тогтоон, хувийн нууцад халдах бүрэн боломжтой “шийдэл”-ийг хот угсарсаар байгаа юм. Үүнийг Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-ынхон ч сүүлийн гурван жилийн хугацаанд хийсэн “Хүний эрх ба технологи” хяналт шалгалтаараа ил болгоод байна. Хүний хувийн мэдээлэл алдагдах, гэмт хэрэгт ашиглагдах, тагнах, мөрдөх, хувийн цахим хэрэгсэл дэх мэдээллийг зайнаас татан цуглуулах өндөр хү чин чадалтай төхөөрөмжүүд хэрэглээнд нэвтрээд буйг тэд анхааруулсан. Үүний нэг нь хяналтын камерууд аж.
Манай улсад цахим технологиор мэдээлэл цуглуулж, дамжуулах тогтолцоо бодлогын хувьд шинэ, хөгжлийн эхэн шатандаа буюу хууль, тогтоомжийнх нь хэрэгжилт тун хангалтгүй, ялангуяа хүний эрхийн эрсдэлийг бүрэн тооцохгүй, нэн шаардлагатай хамгаалалтын арга хэмжээ авахгүй байгааг ХЭҮК-ынхон хэлсэн юм. Комиссын дарга Д.Сүнжид “Манайх “Хүний эрх ба технологи” хяналт шалгалтыг 12 салбарыг хамруулан 48 дэд зүйлийн хүрээнд олон улсын болон үндэсний экспертүүдийн оролцоотой явуулж дуусгасан. Эхний үр дүн, зөвлөмжөө Монгол Улсын Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлд нэмж тусгаад байгаа. Хяналт шалгалтын хүрээнд 12 асуудлаар судалгаа, үнэлгээ хийсний нэг нь хяналтын камерууд. “Нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай, олон нийтийн газарт болон замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор суурилуулсан хяналтын болон хөдөлгөөнт камерыг ашиглаж буй байдалд хүний эрхийн эрсдэлийн үнэлгээ хийх” гэсэн сэдвийн хүрээнд явуулсан судалгаагаар цөөнгүй зөрчил дутагдал илрүүлсэн. Хурдацтай хөгжиж буй цахим технологийн эрин цаг үед хү ний эрх, эрх чөлөөг хамгаалахад засаглал, зохион байгуулалтын чанар, чадавх тулгуур үүрэгтэй. Гэвч цахим хөгжил, харилцаа холбооны салбарын байгууллагын чиг үүргүүд давхацсан, тэгсэн мөртлөө уялдаа холбоо сул, зохицуулалтын механизм тодорхой бус байна. Ялангуяа олон нийтийн аюулгүй байдлыг хамгаалах шаардлагын улмаас хүний хувийн мэдээллийг их хэмжээгээр цуглуулах, хадгалах, боловсруулах, хүн, тээврийн хэрэгсэл зэргийг хайж олох, таних техникийн боломжтой, өндөр хүчин чадалтай хяналтын камерыг суурилуулах явдал сүүлийн жилүүдэд эрчимжсэн” гэв.
Дэлхийн хэмжээнд өдгөө хоёр тэрбум ор чим хяналтын камер ажиллаж байгаагийн 54 хувь буюу 540 сая орчим нь БНХАУ-д хамаардаг юм байна. Харин манай улс нийтийн орон зайг камержуулах, хяналтын камерын нэгдсэн сүлжээ бий болгох арга хэмжээг 2010 оноос эхлүүлж, 2022 оноос ЦЕГ-аас хэрэгжүүлсэн “Ногоон бүс” арга хэмжээний хүрээнд эрчимжүүлжээ. Нийтийн орон зайг камержуулах ажил орон нутагт харилцан адилгүй байгаа аж. Тэгвэл Улаанбаатар хотын хувьд бүх дүүрэгт Камерын хяналтын дэд болон Мэдээлэл, шуурхай удирдлагын нэгдсэн төв бүхий өргөн хү рээтэй хяналтын систем бий болгоод буй юм.
2024 оны аравдугаар сарын байдлаар улсын хэмжээнд нийт 14 084 аж ахуйн нэгж, байгууллага 122 150 хяналтын камер суурилуулсны 11 241-ийг нь улсын болон орон нутгийн төсвөөр, бусдыг нь хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар суурилуулсныг комиссын судалгаанд дурджээ. Олон нийтийн аюулгүй байдлыг хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, хууль сахиулах зэрэг нийтийн эрх ашгийн тулгуур зорилтуудыг биелүүлэхэд камерын хяналт чухал үүрэгтэй.
Гэвч хүний хувийн болон эмзэг мэдээллийг их хэмжээгээр цуглуулан боловсруулж, хэн болохыг нь тогтоох хүчин чадал бүхий хяналтын камерын системийг эрх зүйн чанд зохицуулалтгүй хэрэглээнд нэвтрүүлснээр хүнийг хууль бусаар мөрдөн мөшгөх, хувийн мэдээлэл, нууцыг задруулах зэрэг “ял”-д унаж байгаагаа манай шүүх, цагдаагийнхан өөрсдөө даанч мэддэггүй нь харамсалтай. Нийтийн орон зайд хяналтын камер суурилуулах, ашиглах, хяналт тавих асуудлыг зохицуулсан бие даасан хууль ч манайд байдаггүй. Энэ нь тэдэнд ийн ашигтайгаар “үйлчлэх” үндэс болдог гэлтэй.
Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 27.7-д “Дуу, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн төхөөрөмж байршуулахад тавих шаардлага, анхааруулгад тусгах мэдээллийг Хүний эрхийн үндэсний комиссын саналыг үндэслэн цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно” гэж заасан боловч журмыг нь одоо болтол батлаагүй юм байна. Уг нь Засгийн газрын 2024 оны Гэмт хэрэг, зөрч лөөс урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээний тухай 86 дугаар тогтоолд “Теле камерын хяналтын төвүүдийн үйл ажиллагаанд Кибер аюулгүй байдлын тухай, дээрх болон бусад холбогдох хуулийн хэрэгжилтийг хангуулах, теле камераар цуглуулсан мэдээллийн аюулгүй байдлыг хангах, хуульд зааснаас бусад тохиолдолд ашиглахгүй байх, эрсдэлээс хамгаалах арга хэмжээ авахыг сайд, агентлагийн дарга, аймаг, нийслэл, дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгож, шүүх, прокурор, төрийн байгууллагын удирдлагуудад даалгасан ч хэрэгжилт эдүгээ “тэг” гэх.
“Хүний эрх ба технологи” судалгааны тайланд “Олон нийтийн орон зайд хяналтын камер суурилуулах, ашиглах, уг үйл ажиллагаанд хяналт тавих эрх зүйн зохицуулалт нь хэт ерөнхий. Зарим тохиолдолд нэг харилцааг өөр хуулиар ялгаатай зохицуулсан нь хувийн мэдээллийг хамгаалах, хүний эрхийн зөрчлөөс сэргийлэх арга хэмжээ маш хангалтгүйг харуулна. Хяналтын камертай холбоотой одоо үйлчилж буй дүрэм журам, холбогдох баримт бичиг дэх заалтууд нь хэдийн хүчингүй болсон хуулиудад үндэслэсэн, өөрөөр хэлбэл, хүний эрх, эрх чөлөөг хязгаарлах арга хэмжээг ямар ч хуулиар тогтоогоогүй. Дуу, дүрс, дуу-дүрсний бичлэг системийн талаарх зохицуулалтыг хяналтын орчин үеийн систем, технологийн хүчин чадал, үйлдлийг харгалзан сайжруулах шаардлагатай. Тэр дундаа гарын хурууны хээ, хүний нүүр царай, нүдний солонгон бүрхэвч, биеийн хөдөлгөөний онцлог зэрэг биометрик мэдээллийн хамгаалалтыг сайжруулах нь хяналтын камерын хүний эрхийн эрсдэлээс сэргийлэх наад захын алхам юм” гэжээ.
Түүнчлэн нийтийн зориулалттай орон сууцад оршин сууж байгаа айл, өрх орох, гарах хэсэгтээ дүрс бичлэгийн төхөөрөмж суурилуулдаг нь хөршүүддээ болон бусад орж, гарч буй хүнийг хууль бусаар ажиглах, тандах нөхцөл үүсгэж буйг судалгаанд дурдсан байна. Энэ талаар комисст ч цөөнгүй гомдол ирдэг аж. Тухайлбал, нэг иргэнээс “Манай гудамжны ... тоотод оршин суудаг айл хашааны үүдэндээ камер байрлуулсан. Тэр нь байнга манай хашаа руу тусдаг, өөр тийшээ эргэдэггүй. Шөнө камераас нь бүр гэрэл тусаад байдаг. Гэрийн эзэнд нь энэ талаар хэлж, камераа эргүүлэх шаардлага тавьтал “үгүй” гээд миний хэлснийг үл тоосон. Үүнийг би миний хувийн орон зайд халдаж буй үйлдэл гэж үзэж байна” хэмээн гомдол мэдүүлжээ. Үүнийг Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулиар зохицуулах боломжгүй тул харьяалах цагдаагийн газарт нь албан бичгээр шилжүүлж, шийдвэрлүүлсэн байна. Энэ бол ноцтой зөрчил шүү. Гэртээ орж, гарахдаа хүртэл бид ямар гэм хийсэн гэж танихгүй айлын хаалганы камерт “бичүүлэх” ёстой билээ. Иргэн бүр эрхээ мэддэг, бас хамгаалдаг, түүнийхээ төлөө тэмцдэг байх ёстойг дээрх жишээ тод харуулж буй.
Нийгмийн аюулгүй байдлыг хангах бодлогын хүрээнд хяналтын камерын систем нэвтрүүлж, өргөнөөр ашиглаж буй гэх ч яг үнэндээ эрх зүйн зохицуулалтыг нэг мөр болгоогүйгээс өнөөдөр иргэдийн хувийн орон зай, аюулгүй байдал ийн алдагдаад байгаа юм. Камержуулалтын гол аюул ердөө энэ. Дэлхийн шударга ёсны индексийг хүний эрхийн үндсэн 10 үзүүлэлтээр гаргадаг бөгөөд Монгол Улс сүүлийн есөн жил эл тайланд хамрагдахад хамгийн муу үнэлэгдсэн нь халдашгүй дархан байх эрхийн оноо юм. 50 хувиас дээш гарч үзээгүй. Эл үзүүлэлтийг хамгийн их доош чангаадаг зүйл нь хүний хувийн нууц мэдээлэл, зураг, дүрс, тэдгээрийг хамаагүй түгээж орон зайд нь халддаг явдал аж. Үүнд хяналтгүй хяналтын камеруудын үүрэг үлэмж их гэдгийг албаныхан хэлж, анхаарууллаа.