Үндэсний статистикийн хороо (ҮСХ)-ноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдал энэ оны эхний хоёр сард ямархуу дүр зурагтай байсныг өчигдөр тайлагналаа. Манай экспортын бүтээгдэхүүний голлох үйлдвэрлэл болох аж үйлдвэрийн салбарын нийт орлого дээрх хугацаанд 10.4 их наяд болж, өмнөх жилийн мөн үеийнхээс 3.6 их наяд төгрөгөөр буюу 54 хувиар өссөн байна. Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын орлого 235.5 тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлснийг ҮСХныхон хэлсэн.
Тэгвэл уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл энэ оны эхний хоёр сарын гүйтэтгэлээр 8.5 их наяд болж нэмэгдэхэд металлын хүдэр олборлолт 2.3 дахин өссөн нь нөлөөлжээ. Мөн чулуун нүүрсний олборлолтын 449.3 тэрбум төгрөгийн нэмэгдэл чухал “дэмжлэг” үзүүлсэн байна. Салбарын нийт үйлдвэрлэлийн орлогыг сүүлийн гурван жилээр авч үзвэл, 2023 онд 39.6, 2024 онд 50.4, өнгөрсөн онд 52.9 их наяд төгрөгт хүрч, жил бүр өссөөр ирснийг тус хорооны тайланд онцолжээ.
О.Оргилох