- Ёс зүйн хувьсгал эхлүүлнэ гэв-
УИХ-ын хаврын чуулганыг өчигдөр 96 хувийн ирцтэйгээр нээв. Н.Алтанхуяг, О.Саранчулуун нар өвчтэй, Б.Тулга чөлөөтэй, Ч.Ундрам, Д.Цогтбаатар нар гадаадад томилолттой гэнэ. Тэднээс бусад 121 хүн чуулганы нээлтэд оролцож, ойрд хараагүй өндөр ирц бүрджээ. Албан тушаалаас чөлөөлөгдсөн, огцорсноосоо хойш бараа нь ховорхон харагдсан болон хурал тасалснаараа манлайлдаг эрхмүүд бүрэн цугласан байгаа нь энэ хаврын улс төр эрчимжихийг зөгнөж буй юм. Ерөнхий сайд аснууд ээлжлэн хэвлэлд ярилцлага өгч, тус бүрдээ нэг улс төрчийг буруутган нэрлэсэн нь үүний урьтал болов. Үргэлжлээд олон “гэнэтийн бэлэг”-ийг өчигдөр бас задаллаа. Тэр зуурт Төрийн ордны гадна ахмадууд тэтгэвэр нэмэхийг шаардан жагсаж байлаа.
Юуны өмнө Ерөнхийлөгч ёс зүйн хувьсгал хийхээ мэдэгдэв. УИХ-ын дарга түүнтэй санал нэг байгааг хэлсэн үгээс нь харж болно. Гэтэл нөгөө талд сөрөг хүчний бүлэг хуралдаж, 100 хувийн саналаар “Нэг намын дарга парламентын спикер байх нь буруу. Н.Учралыг огцрох хүртэл АН-ынхан чуулганы үйл ажиллагаанд оролцохгүй” гэсэн улс төрийн шийдвэр гаргаснаа мэдэгдлээ. Үүнтэй зэрэгцээд Г.Занданшатарын танхимын хоёр ч сайд огцрох өргөдлөө өгөх нь тэр.
УИХ-ЫН ДАРГА, ЕРӨНХИЙЛӨГЧ НАРЫН НЭГДЭЛ
УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санаачилж, өргөн барьсан нь энэ хавар “бөмбөг тэслэх” асуудал болоод буй. Ёс зүйн ноцтой зөрчил гаргасан, өргөсөн тангаргаа зөрчиж, хууль дээдлээгүй, авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүдийг ард түмний саналаар эгүүлэн татах зохицуулалтыг уг төсөлд тусгасан юм. Мөн жагсаалтаар сонгогдсон гишүүнийг нам нь эгүүлэн татах эрхтэй байхаар оруулжээ. Уг төслийг Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ “Парламентын бүрэн эрхэд халдсан” хэмээн тодорхойлж буй. Үүгээр далимдуулан “өстэй” улс төрчдөө намнах нь хэмээн тэр айжээ. Мөн Ерөнхийлөгчийн засаглалыг сэргээх зорилготой гэж хардсан. Тэгвэл Төрийн тэргүүн өчигдөр чуулганд хэлсэн үгэндээ “Миний байр суурь маш тодорхой. Монголд ардчилсан парламентын засаглал хүчтэй байх ёстой. Хэн нэгний эрх мэдлийг нэмэх, хэн нэгнийг хэлмэгдүүлэх тухай би огт яриагүй” хэмээн хариултыг нь өгөв. Тэрбээр парламентын оршин тогтнох эх үндэс нь түүний гишүүдийн нэр төр, ёс зүйн манлайлал, сахилга хариуцлага, үлгэр дуурайлаас шууд хамаардгийг сануулж, энэ бүхэн алдагдсан нь бидний зовлон болж буйг онцолсон юм. “Парламентын гишүүн авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож, ёс зүйн ноцтой зөрчил гаргадаг ч дархан эрхээр халхавчилж, хууль, шүүхийн өмнө иргэн бүр тэгш эрхтэй байx Үндсэн хуулийн зарчмыг хөсөрдүүлж буйд ард түмэн бухимдсаар байна. УИХ бол хэн нэгнийг хуулийн хариуцлагаас хамгаалах бамбай, эсвэл гэмт хэрэгтнийг нуун далдлах орон байр биш юм” гэв. Ийм байдлаас болж парламентын нэр хүнд унаж, иргэдийн итгэл суларч буйг засахын тулд дээрх хуулийн төслийг Ерөнхийлөгч боловсруулсан аж. “Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй. Хууль парламентад халдашгүй байдлыг олгодог бол ард түмний итгэл оршихуйн дархлааг нь олгодог гэдгийг байнга санаж байх хэрэгтэй. Хэрэв ард түмнийхээ итгэл, сэтгэлийг дааж буй бол энэ хууль таныг хамгаална. Үүнээс айх хэрэг огт байхгүй. Харин төрийн нэр хүндийг шавартай хутгаж, түмэн олныхоо итгэл найдварыг хөсөрдүүлж байгаа бол ард түмний шүүлтээс та бас ангид байж чадахгүй” хэмээн сануулсан. Улмаар гал морин жилийг ёс зүйн хувьсгал эхлүүлэх жил хэмээн зарлав. Ёс зүйгээ мөрддөг, хуулиа дагадаг, тангаргаа сахидаг гишүүд хуулийг нь батална хэмээн найдаж буйгаа хэлэхээ мартсангүй.
Хаврын чуулганыг нээж хэлсэн УИХ-ын дарга Н.Учралын үгийн утга санаа ч Төрийн тэргүүнийхтэй үндсэндээ ижил байлаа. Тэрбээр “Ардчилсан парламентын дархлаа танхим дотроосоо эхлэн батжих учиртай. УИХ-аас хулгайч биш, хууль төрж байх ёстой. Өргөсөн тангарагтаа үнэнч байхыг иргэд биднээс шаардаж байна” гээд гишүүн иргэнээс илүү эрх эдлэх ёсгүйг хэлсэн юм. УИХ-ын дарга, Ерөнхийлөгч хоёр ийнхүү ёс зүйн хувьсгалд нэгдэхтэй зэрэгцээд Төрийн тэргүүний “хуурай хүү”-гийн суудал ганхаад эхэлсэн нь сонирхолтой.
Б.ЧОЙЖИЛСҮРЭН, П.НАРАНБАЯР НАР ОГЦРОХ ӨРГӨДЛӨӨ ӨГӨВ
Намрын чуулганаас хойш олон нийтээс болон сөрөг хүчний гишүүн Ө.Шижирээс тавьсан шаардлага биеллээ олж эхэлжээ. Учир нь Боловсролын сайд П.Наранбаяр, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нар огцрох өргөдлөө өгсөн байна. 2022 оноос хойш Эрчим хүчний сайд хийж буй ч дулаан, цахилгааны хэдэн станцдаа тоймтой шинэчлэл хийхийг хүсээгүй, үүнээс болж 2025 оны зургаадугаар сард “ДЦС-III”-т осол гарч, нэг хүний амь эрсэдсэн. Өнгөрсөн нэгдүгээр сард “ДЦС-IV”-т мөн зуух эвдэрч, нийслэлчүүд идэр есийн хүйтнээр хэдэн өдрийн турш цахилгаан, дулаанаа хязгаарлуулсан. Ерөнхий сайд нь түүнийг шууд огцруулж чадахгүй, 30 хоногийн хугацаа өгсөн билээ. Гэвч мань сайдтан “30 өдөрт би энэ асуудлыг шийдэж чадахгүй, шаардлагатай бол албан тушаалаа өг чихнө” хэмээн мэдэгдэж байсан юм. Уг албан тушаалаас хүртэх хувийн ашгаа тэр авч дууссан учраас л зууралдах шаардлагагүй гэж үзсэн биз. Ямартай ч өргөдлөө өгсөн байна. Сайнбагш сайн менежер байж чаддаггүй гэдгийг харуулсан П.Наранбаяр сайд ч мөн шаардлагад тэнцэхгүй учраас огцорч буй нь үнэн. Гэхдээ тэрбээр “Хувийн шалтгаанаар огцрох өргөдлөө өгсөн” хэмээн тайлбарлажээ. Угаас намынхаа нэг гишүүнд зодуулчхаад “Санамсаргүй гарт нь оногдсон” гэдэг “нэрэлхүү” хүн шүү дээ.
Хариуцлагаас өөрийн хүсэлтээр бултаж буй энэ хоёр сайдын ард Шадар сайд Т.Доржханд харин “гээгдэж” үлдэх нь. Түүнийг огцруулах шаардлагыг ч мөн Ө.Шижир гишүүн тавьсан. Гэвч Ерөнхий сайд энэ тухайд огт тайлбар өгөөгүй. Үүнээс гадна ХҮН намын хоёр квотын нэгийг МАН авах уу гэсэн асуулт бий. Учир нь УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан Боловсролын сайд болох тухай мэдээлэл хэдэн сарын өмнөөс тарсан. Тэгвэл ХҮН намынхны зүгээс Эрчим хүчний сайдын албан тушаалыг Боловсролын сайдынхаар “солих” хүсэлт тавьсан гэнэ. Т.Доржханд энэ салбарыг нэгмөсөн гартаа авч, дампууруулахаар шийдсэн бололтой юм. Уг албан тушаалд УИХ-ын гишүүн Б.Найдалааг санал болгож буй сурагтай.
Мөн дэд сайдын албан тушаалыг цуцлах тухай АН-ын шаардлагатай холбоотойгоор Засгийн газраас ХЭГ-ын дарга С.Бямбацогтоор ахлуулсан ажлын хэсэг байгуулжээ. Улмаар дэд сайдын орон тоо, цаашлаад яамдын бүтцийг бүхэлд нь дахин авч үзэж, өөрчлөлт хийхээр ажиллаж эхэлсэн аж. Гол чиг үүргийн яамдад дэд сайдын орон тоог үлдээж, бусдыг нь цомхотгох дундын хувилбар дээр тохирч буй гэх сураг ч байна. Эдгээр асуудлыг өчигдөр Засгийн газрын зарласан ээлжит бус хуралдаанаар хэлэлцэх байсан бололтой. Гэвч цуцалж орхисон юм. Учир нь хаврын улс төрийн байдал, “гэнэтийн бэлгүүд”-ийг хэсэг ажиглаж байж шийдвэрээ гаргах нь зөв хэмээн Ерөнхий сайд үзжээ. Мөн хоёр сайдынхаа өргөдлийг хүлээн авах бол Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх шаардлагагүй юм. Танхимын гишүүнээ томилж, чөлөөлөх нь Ерөнхий сайдын бүрэн эрх учраас захирамж гаргаад, Ерөнхийлөгч болон УИХ-д танилцуулахад л болох юм. Г.Занданшатар төлөвлөсөн “хөдөлгөөн”-өө Засгийн газарт хийж, сайд нараа солих, дэд сайдаа цомхотгох, эсэх нь удахгүй тодорхой болно.
Н.УЧРАЛЫГ ОГЦОРТОЛ АН-ЫНХАН ЧУУЛГАНЫ ХУРАЛДААНД СУУХГҮЙ
УИХ дахь АН-ын бүлгийнхэн өчигдөр хаврын чуулганы эхний хуралдаанаа хийж, улс төрийн шийдвэр гаргажээ. АН-ын дарга О.Цогтгэрэл “Д.Амарбаясгаланг намынхаа даргаар сонгогдсоны дараа ч бид нэг улс төрийн хүчний дарга парламентын спикер байх нь бодлого, зарчим, үйл ажиллагааны хувьд ч тохиромжгүй гэдэг байр сууриа илэрхийлж байсан. 2016 оноос хойш нэг л улс төрийн хүчин үнэмлэхүй олонхоор засаглалаа. Энэ арван жилд тэд авлигажсан систем л угсарсан байна. Ийм улс төрийн хүчнийг даргалж буй хүн олон намын төлөөллөөс бүрдсэн парламентыг удирдах нь зүйд нийцэхгүй” гэсэн юм. УИХ хоёр дэд даргатай, тиймээс сөрөг хүчнийхэн чуулганы үйл ажиллагааг тасалдуулна гэсэн үг биш, асуудал шийдэгдтэл Н.Учрал хурал удирдахгүй байх гарц бий хэмээлээ. Уг хуралдаанд АН-ын бүлгийн 42 гишүүнээс 41 нь оролцож, 100 хувийн саналаар дээрх шийдвэрт нэгджээ.
Уг нь дэд сайдын албан тушаалыг сэргээж, төрийн албыг данхайлгасан хэмээн тус намынхан Засгийн газрыг огцруулах сануулга өгч байсан билээ. Намрын чуулганы төгсгөлд л тэд огцруулах саналыг дэмжсэн гишүүдийн гарыг үсгийг бэлэн болгосон ч яагаад ч юм, юуг ч юм хүлээсээр л байсан. Бас эл байр суурь нь хэвээр, хаврын чуулган эхлэхээр огцруулах саналаа өргөн барина гэж байв. Харин өчигдөр Засгийн газрыг биш, УИХ-ын даргыг “бай”-гаар сонгох нь тэр. Энэ эргэлт нь АН-ынхан Н.Учралын эсрэг биш, харин түүнийг Ерөнхий сайд болгох улс төрийн “тоглолт”-д оролцож буй юм биш үү хэмээн хардахад хүргэж байна. Өргөдлөө өгсөн сайд нараа чөлөөлөх, эсэхийг азнахад хүрсэн Г.Занданшатарын шалтгаан ч үүнтэй холбоотой байж мэдэх нь. У.Хүрэлсүх, Г.Занданшатар, Н.Учрал гурав уг нь нэг тал. 2027 он хүртэл хийсэн тохиролцоондоо тэд өөрчлөлт оруулав уу.
Ямартай ч МАН-ын бүлэглэл хоорондын талцал дахин сэргэж байна. Л.Оюун-Эрдэнэ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн эсрэг ахин “өндөлзөж” байгаа бол Төрийн тэргүүн УИХ-ын гишүү нийг эгүүлэн татах хуулийн төслөө зүтгүүлсээр батална гэж итгэж буйгаа хэлэв. Ёс зүйн асуудалтай, авлига, албан тушаалын хэрэгт нэр холбогдсон олон гишүүн дотроо айдастайгаар чуулганыг нээлээ. Эргэлттэй, эргэлзээтэй, айдастай, бас тэмцэлтэй хаврын улс төр ийнхүү эхэллээ.