Нийтийн тээвэрт өмнө нь зөвхөн “Улаанбаатар смарт” картаар зорчдог байсан бол өнгөрсөн онд цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр иргэд нэмээд банкны карт, гар утасны аппликэйшнээр QR код уншуулах, бэлэн мөнгө зэрэг сонголтоор төлбөр төлж үйлчлүүлдэг болсон. Ингэснээр салбарын орлого нэмэгдэж, 2024 онд 33 тэрбум төгрөгийн орлоготой ажилласан бол 2025 онд 56.7 тэрбум буюу 69 хувиар нэмэгдсэн байна. Харин энэ оны эхний хоёр сарын орлого өмнөх жилийн мөн үеийнхтэй харьцуулахад 1.4 тэрбум төгрөгөөр өсөж, зорчигчдын тоо 8.5 хувиар нэмэгдсэн аж. Иймд нийтийн тээврийн салбарыг ирэх оноос өөрийн орлогоор санхүүжих буюу корпорацын зарчимд шилжүүлэх талаар судалж буй талаар Нийтийн тээврийн бодлогын гзарын дарга Г.Билгүүн мэдээлэв. Мөн тэрбээр дээрх төхөөрөмжүүд нь зөвхөн орлого төвлөрүүлэхээс илүү зорчигчдын аюулгүй байдалд чухал нөлөөтэйг онцолсон. Өөрөөр хэлбэл, ухаалаг системээр дамжуулан зорчигчдын тоон мэдээлэл, үйлчилгээ явуулж буй аж ахуйн нэгж болон жолоочийн гүйцэтгэлийн тайланг нэгтгэж гаргадгаараа давуу талтай аж.
Орлого нь нэмэгдсэн ч тус салбарт олгож буй татаас буурахгүй байгаа нь нөхөн олговор бодит алдагдлыг санхүүжүүлж байна уу гэдэг эргэлзээ төрүүлдэг хэмээн иргэд шүүмжилдэг. Өөрөөр хэлбэл, 2024 онд нийтийн тээврийн нийт зардал 322 тэрбумд хүрсэн бөгөөд үүний 90 хувийг төсвөөс олгосон татаасаар санхүүжүүлжээ. Ташрамд дурдахад, Зорчигч тээврийн таван нэгтгэл нийслэлийн өмчийнх бол хувийн хэвшлийн 13 компани нийтийн тээврийн салбарт үйлчилгээ үзүүлж байна.
Ч.Цэлмэг