Хятадын Шанхайн хотод байрладаг “Eyou robot technology” компани жилд 100 000 хүртэлх роботын эд анги үйлдвэрлэх хүчин чадалтай дэлхийн анхны үйлдвэрээ нээжээ. Хүн дүрст роботуудад зориулсан үе мөч үйлдвэрлэнэ гэсэн үг гэдгийг “South China morning post” сонинд мэдээлэв. Энэ төрлийн нэг роботын өртгийн бараг 50 хувийг үе мөчний угсралтын нарийн төвөгтэй ажил эзэлдэг аж. Хүн дүрст роботын эрэлт дэлхийд улам өсөж буй нь энэ чиглэлийн үйлдвэрлэлийг өргөжүүлэх гол хөшүүрэг бөгөөд өмнө нь Хятадын инженерүүд хүний хөлний ясны бүтцийг дуурайх зарчмаар ажилладаг шинэ төрлийн робот-мөчний хөгжүүлэлт хийж байгааг “Science advances” сэтгүүлд мэдээлж байсан. Тэгвэл Хятадын Ухань хотод роботуудад зориулсан “сургууль” нээсэн талаар өчигдөр мэдээллээ. Хүн дүрст “нөхдөд” өдөр тутмын ажлуудыг бодит амьдралд хэрхэн гүйцэтгэхийг зааж байгаа гэнэ. Бараг манай МСҮТ гэсэн үг бололтой. Роботуудыг танхимд суулгаад сурагчдад хичээл заадаг зарчмаар сургалт явагддаг бөгөөд кофе чанахаас эхлээд гэрийн ажил хийх хүртэл бүх зүйлийг заана. Энэ нь нэг талаас роботуудад ур чадвар суулгах сургалт ч гэсэн нөгөөтэйгүүр инженер, зохион бүтээгдийн хувьд төмөр хүмүүсийн хөдөлгөөний байдал, даалгавар гүйцэтгэхэд “бие махбод” нь хэрхэн ачаалладаг гэхчлэн олон талын мэдээлэл цуглуулах боломж гэдгийг онцолжээ. Сургалтын үйл явцад багш нар роботуудын хөдөлгөөнийг бодит цаг хугацаанд удирддаг аж. “Бид виртуал бодит байдлын (VR) шил зүүж, хянагчийг барьдаг. Бидний зүүн, баруун гар нь роботын хувьд ч адил. Ингэснээр бидний биеийн байдлыг дуурайж, хөдөлгөөнийг сурдаг. Дараа нь өгөгдлийг баталгаажуулж, багц үүсгээд робот руу дамжуулдаг” гэж эдгээр системд зориулсан өгөгдөл цуглуулдаг хиймэл оюун ухааны роботын сургагч Цюй Цёнбин ярьжээ. Сонирхуулахад, Ухань хотод “Хятадын оптик хөндий” хэмээдэг өндөр технологийн хөгжлийн бүс байрладаг.