Бөмбөрцгийн кино сонирхогчдын хүсэн хүлээдэг Оскарын наадам оны шилдгүүдээ өчигдөр шалгаруулав. 98 дахь удаагийн наадмын “Шилдэг кино” шагналаар Америкийн найруулагч Пол Томас Андерсоны “One Battle After Another” бүтээл шалгарсан бөгөөд нийт 13 номинацад нэр дэвшээд байсан уг кино зургаад нь ялалт байгуулжээ. Тус кино “Шилдэг найруулагч”, “Туслах дүрийн шилдэг эрэгтэй жүжигчин”, “Шилдэг эвлүүлэг”, “Шилдэг сэдэвлэсэн кино зохиол”, “Шилдэг дүр сонголт” төрөлд шалгарсан аж. Мөн энэхүү бүтээл “Шилдэг найруулагч” хэмээх нэр хүндтэй шагналыг ч авчирлаа. Энэ жилээс “Шилдэг дүр сонголт” номинацад шагнал гардуулж эхэлсэн бөгөөд “One Battle After Another” киноны дүр сонголтын найруулагч Кассандра Кулукундис эл төрөлд анхны шагналыг хүртэв. Тэгвэл “Шилдэг эрэгтэй гол дүр”шагналын эзнээр “Sinners” кинонд ихэр ах дүүсийн дүрийг бүтээсэн Майкл Б`Жордан анх удаа нэр дэвшээд “Алтан хүн” атгав. Харин “Шилдэг эмэгтэй гол дүр” шагналын эзнээр “Hamnet” кинонд бүтээсэн дүрээрээ нэр дэвшсэн Жесси Бакли тодорлоо. Ирланд гаралтай дуучин бүсгүй 2022 онд “The Lost Daughter” киноны туслах дүрээр мөн шилдэгт өрсөлдөж байсан удаатай. Түүнчлэн “Шилдэг баримтат кино” төрөлд Америкийн найруулагч Дэвид Боренштейн, ОХУ-д багшилдаг Павел Таланкины хамтын бүтээл “Mr Nobody Against Putin” бүтээл шалгарсан байна. Мөн К-поп салбарын “Кpop Demon Hunters” “Шилдэг энимэйшн кино” болон тус киноны дуу болох “Golden” нь шилдэг дуугаар шалгарав.
П.Дарь