Өргөдлийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Хүүхэд хамгааллын тухай хуульд заасан үе тэнгийн дээрэлхэлтэд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээтэй холбоотой зохицуулалтын хэрэгжилтийн талаар Боловсролын яам, ХЗДХЯ, ЦЕГ, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар (ХГБХХЕГ) зэргийн мэдээлэл, саналыг сонслоо. Өсвөр насны охид нэгнээ зодож буй бичлэг саяхан нийгмийн сүлжээгээр тарсан. Үе тэнгийн дээрэлхэлттэй холбоотой олон ноцтой, гэмт хэргийн шинжтэй үйлдлийн талаар ч хүүхдүүд мэдээлж, хэвлэлээр бичиж байна. Энэ бүхэнд шийдтэй ямар арга хэмжээ авах, хууль, эрх зүйн хувьд хэрхэн зохицуулах шаардлагатай талаар үүгээр хэлэлцсэн юм.
Дээрх байгууллагуудаас танилцуулж буй мэдээлэл, тоонууд хоорондоо зөрүүтэй байв. Хүүхэд хамгааллын 108 дугаарын утсанд жилд 110 мянга орчим дуудлага ирдэг нь ЦЕГ-т өгдөгтэй тоогоор дүйж буй аж. 2024 оноос хойш үе тэнгийн дээрэлхэлттэй холбоотой 2300 дуудлага ирүүлсэн байна. Үүнээс боловсролын орчинд 69.5, олон нийтийн арга хэмжээн дээр 21.1, гудамж талбайд 8.9, гэр бүлийн хүрээнд 0.4 хувь нь үйлдэгдсэн гэжээ. Мөн үе тэнгийн дээрэлхэлтэд өртсөн хүүхдүүдийн 77.8 хувьд нь бие махбодид халдсан гэсэн мэдээллийг ХГБХХЕГ-ын дарга Б.Баярсайхан дуулгав. Боловсролын яамнаас сургуулийн орчинд хүүхэд хамгааллын байдал ямар байгааг судлахад сурагчдын 7.8 хувь нь өндөр, дунд эрсдэлд байна гэжээ. Мөн 16 мянган хүүхэд дээрэлхэлтэд өртсөн гэсэн байх юм.
Тус яамнаас Цахим орчинд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөл боловсруулж эхэлсэн байна. Дээрэлхэлт цахим орчинд илүү хөгжиж, хүүхдүүд нэгнээ сэтгэл зүйгээр хүчирхийлж, амиа хорлох хүртэл хэмжээнд хүрч гүнзгийрч буй учраас хувийн олон групп зэргийг хянах боломжийг үүгээр нээх гэнэ. Яг одоогийн нөхцөлд хувийн нууц гэж үздэг тул хянах боломж цагдаагийн байгууллагад хомс юм байна. Мөн “Аюулгүй сүлжээ” хэмээх үндэсний загвар батлахаар ажиллаж буй аж. Төрийн байгууллагуудын уялдаа сул, мэдээлэл солилцдоггүй байдлыг ийм нэгдсэн сүлжээтэй болсноор цэгцэлж, бүх бүртгэлийг нэгдсэн санд оруулах боломж бүрдэнэ гэж үзжээ.
Л.Мөнхбаясгалан (УИХ-ын гишүүн): -Тодорхой арга хэмжээ авч буй ч үе тэнгийн хүчирхийлэл, дээрэлхэлт буурахгүй байна. Улам харгис, зохион байгуулалттай, гэмт хэргийн шинжтэй боллоо. Тиймээс ийм гэмт хэрэг үйлдсэн хүүхдүүдийг насанд хүрэхээр нь Эрүүгийн хуулиар ял эдлүүлдэг зохицуулалт оруулж болохгүй юү. Голдуу мөнгөтэй, өндөр албан тушаалтай, эрх мэдэлтэй хүмүүсийн хүүхдүүд ийм гэмт хэрэг үйлдэж байна. Тэдний их, дээд сургуульд сурах эрхийг хасаад ямар ч нэмэргүй. Тэд Монголд сурахгүй шүү дээ. Мөн бүх ЕБС-д сэтгэл зүйч ажиллаж чадаж байна уу?
Б.Энхбаяр (ХЗДХ-ийн сайд): -Ял шийтгэлийн бодлогыг чангатгахын тулд судалгаа, тооцоотой хандах ёстой. Үе тэнгийн дээрэлхэлт дотроо олон янз. Голдуу заналхийлэх, бие махбодид санаатайгаар хөнгөн гэмт учруулсан гэсэн ангиллаар энэ төрлийн хэрэгт торгох, нийтийн алба хаших, зорчих эрх хязгаарлах ял оноодог. Хүүхдийн тухай ярьж буйгаа бид сайн анхаарах ёстой. Эрх зүйн бүрэн чадамжгүй, төлөвшөөгүй хүмүүс. Болгоомжтой хандах нь чухал. Шалтгаан нөхцөлийг нь ярихын тулд ийм үйлдэл гаргахад нөлөөлсөн нийгэм, эдийн засгийн бүх асуудлыг цогцоор авч үзэх хэрэгтэй. Гадаадын нэг ТББ манай цахим орчны хэрэглээг судлахад иргэдийн гуравны хоёр нь мэдээлэлд ямар ч шүүлтүүргүй итгэдэг учраас хамгийн өндөр эрсдэлтэй улс гэж гарсан байна.
Т.Ням-Очир (Боловсролын ерөнхий газрын дарга): -2021 оноос боловсролын салбар, ЕБС-иудад сэтгэл зүйч ажиллуулж эхэлсэн. Яг одоогийн байдлаар ЕБС-иудад 580 сэтгэл зүйч ажиллаж буй. Гурван сургууль тутмын хоёрт сэтгэл зүйчтэй. Нийслэлд бол бүрэн хангагдсан. 2025 оноос эхлээд МУБИС-д боловсролын сэтгэл зүйч бэлтгэж байна. Харин орон нутаг, алслагдсан байршилд бол сэтгэл зүйч дутагдалтай.
Б.Баярсайхан (ХГБХХЕГ-ын дарга): -Энэ бүхнээс гарах шийдэл бол хүүхдээ, хүнээ хөгжүү лэх явдал юм. НҮБ, ДЭМБ-ын хамтарсан судалгаагаар манай улсад хүүхдээ үл хайхрах байдал түгээмэл гэдгийг тогтоосон. Арваннэгдүгээр сард болсон хүүхдийн чуулганд оролцогчид ч “Бидэнд бүх орчноос хайр, анхаарал хэрэгтэй байна” гэсэн. Хүүхэд, багш нарт зан чанарын боловсрол олгох сургалт чухал. Эцэг, эхчүүдийн дунд хүүхдийнхээ хүмүүжилд анхаарах талаар бүр хувьсгал хийх цаг болсон.
Шангриллад ийм дээрэлхэгч хүүхдүүд их цугладаг, тэнд нэгнээ хүчирхийлж байгааг С.Эрдэнэбат гишүүн хэлж, хувийн байгууллагууд ч бас үүнийг зогсооход хувь нэмрээ оруулж, хариуцлагатай ажиллах ёстойг сануулав. 1992-1997 онд 47 мянган хүүхэд сургууль завсардсан, эцэг, эхчүүд ганзагын наймаа хийхээр явсан. Тэр үед халамж анхаарал дутмаг өссөн хүүхдүүд эдүгээ 35-40 настай болсон гэдгийг ч холбогдох байгууллагын хэлж байлаа. Хүүхэд нь гэмт хэрэг хийсэн бол эцэг, эхэд нь хариуцлага хүлээлгэдэг болохыг цөөнгүй гишүүн дэмжив. ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр “Гэр бүлийн тухай шинэчилсэн найруулгын тухай хууль, түүнийг дагалдах Эрүү гийн болон Зөрчлийн тухай төсөлд хариуцлагыг чангатгахаар тусгасан. Тэр үед энэ тухай тодорхой ярина” гэв. Тэр өөрөө бол хүүхдийг яллахын эсрэг байр суурьтай байгаа гэнэ.
С.Уул