Олон улсын хэмжээний мастер (OУХМ) Гомбосүрэнгийн Ганзориг багшийг буудлага спортынхон андахгүй. Тамирчин байхаасаа энэ спортын хөгжилд өөрийн хувь нэмрийг харамгүй оруулж ирсэн тэрбээр дасгалжуулагчаар ажилласан он жилүүдэд мэргэжлийн буудагчдыг улсдаа бэлтгэсэн ачтан. Түүнийг Сүхбаатар дүүргийн 11 дүгээр сургуулийг 1973 онд төгсөхөд аав нь үүгээр хичээллэхийг зөвлөснөөр тамирчны замналд хөл тавьжээ. Хэдэн жил бэлтгэл хийж, дотоодын томоохон тэмцээнүүдэд тэргүүлснээр “Алдар” спорт хорооны тамирчин болж, II шигшээ багийн бүрэлдэхүүнд багтсан гэдэг. Түүний спортын амьдралд томоохон өөрчлөлт авчирсан жил бол 1977 он байв. Тэр үеэс амжилт гарган, ур чадвараараа олонд танигдах болсон тэрбээр олон улс, тив, дэлхийн тэмцээнд онч сорьж эхэлснээр шилдгүүдийн эгнээнд жагссан юм. 1977-1990 он хүртэл Зэвсэгт хүчний аварга, 1976-1980 онд улсын аварга, 1987-1992 онд Бүх ард түмний спартакиад тэмцээний тэргүүн байр, 1977-1985 онд олон улсын тэмцээнд мөнгө, хүрэл медаль хүртжээ. 1983 онд урт бууны хэвтээ байрлалт төрөлд 600 онохоос 599 онож, улсын дээд амжилтыг эвдсэнээс хойш 18 удаа шинэчлэн тогтоосноор 15 алт, 21 мөнгө, 28 хүрэл нийт 80 гаруй медаль гардсан байна.
Түүнчлэн Энэтхэгт 1982 онд зохион байгуулсан Азийн IX наадмын тоглолтод нөхдийнхөө хамт оролцон багийн төрөлд алт, ганцаарчилсан төрөлд мөнгөн медаль хүртсэн нь Монгол Улс буудлага спортыг өндөр хөгжүүлсэн орнуудтай эн зэрэгцэх хэмжээнд хүрснийг харуулсан юм. Тэр үеэс олон орон манай тамирчдын ур чадварыг үнэлж, хүчтэй өрсөлдөгч болсныг хүлээн зөвшөөрсөн гэдэг. 2003 онд болсон нумт бууны Азийн АШТ-д дэд байрт шалгарч, 2008 онд Азийн мастеруудын VII тоглолтод өрсөлдөж, алт, мөнгөн медальтай эх орондоо ирсэн түүний ур чадвар, хичээл зүтгэлийг үнэлж, 1992 онд Хөдөлмөрийн хүндэт медаль, 2009 онд Биеийн тамир, спортын хүндэт тэмдэг, 2014 онд Алтан гадас, 2021 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнажээ.
-Аавын тань зөвлөгөө таныг буудлага спорттой нөхөрлөхөд ихэд нөлөөлсөн гэдэг. Тухайн үед хэлсэн ямар үг нь хоногшиж үлдсэн бэ?
-Аав минь биеийн тамирын багш мэргэжилтэй. Миний аливааг харваж, онохдоо алддаггүйг ажиглаж хардаг байсан юм билээ. Намайг наймдугаар анги төгсөх жил “Чи буудлагаар хичээллэхэд тохирохоор төвшин зантай. Нэг зүйлд хичээж зорьсон бол эцсийг нь хүртэл явахаар харагддаг” гэж хэлсэн нь сонирхлыг минь татаж, энэ спортод хөл тавихад багагүй нөлөөлсөн юм. Буудлагын дасгалжуулагчдыг аав танина. Тэд ч аавтай мэнд устай, ойр дотно нөхөрлөнө. Буудлагаар хичээллэдэг шигшээ багийн тамирчдыг М.Жанцанхорлоо багш дасгалжуулдаг байлаа. Би нэг жил бэлтгэл хийж, 1974 онд УАШТ-д анх удаа оролцон мөнгөн медаль хүртэв. Тухайн үед буудлагын секцэнд явдаг наймдугаар ангийн хүүхдүүдийг шигшээ багт сонгон авч, бэлтгэл хийлгүүлэхээр хичээлээс нь чөлөөлүүлж, оройн ангид сурган 10 дугаар ангийн боловсрол эзэмшүүлсэн. Буудлагын тамирчид эхэн үедээ 1950-иад оны үеийн буугаар бэлтгэл хийдэг сэн. Бидний үед өнөөгийнх шиг техник технологи өндөр хөгжөөгүй тул сайн буу олдох нь ховор. Тиймээс олон улсын тэмцээнд оролцдог шигшээ багийнхныг гайгүй буугаар хангаж, II шигшээгийнхэн олдож байгаагаар нь бэлтгэл хийнэ. 1978 онд Баруун Германд үйлдвэрлэсэн урт бууны бараа харснаар бэлтгэл сургуулилалт, ур чадварт ахиц гарсан.
-Тантай бэлтгэл хийдэг тамирчдаас олон жил тууштай хичээллэсэн нь хэн байв?
-Тухайн үед дөрвөн тамирчин нэг баг болдог байв. Шигшээгээс С.Адилбиш, С.Энхжаргал бид гурав олон жил хичээллэсэн. Бид тамирчны карьераа өндөрлүүлж, дасгалжуулагч болж, гавьяаныхаа амралтад гарах хүртлээ ажилласан шүү. Бид урт бууны 60 сумны хэвтээ байрлалт төрөлд өрсөлддөг байв. Буудлагын спортод галт сумаар буудах нь ховордсон тул урт бууны төрөлд тамирчид бэлтгэж эхэлсэн юм. Нэг хайрцаг сумны өртөг өндөр. Эдийн засаг, санхүүгийн хувьд ч хүнд байсан тул хийн бууг түлхүү хэрэглэж, буудлагын тэмцээний нэг төрөлд оруулах болсон. Сүүлийн үед урт буугаар хичээллэдэг залуус олон болсон. Тэдний дунд сайн бууддаг тамирчин цөөнгүй бий.
-Буудлага спортод хөл тавьж, бэлтгэл хийсэн анхны өдөр ямар бодол төрүүлэв?
-Тун сонирхолтой санагдаж билээ. Багш шалгаж, гурван сумаар буудуулахад өөр газар онов. Тэрбээр “За яах вэ, болох юм байна” гээд авсан. Гэхдээ би хурдан сайжирч, тэр жилээ дотоодын томоохон тэмцээнд оролцон 97 онож түрүүлэв. 1974 онд болсон УАШТ-д С.Адилбиш түрүүлж, би дэд байрт шалгарлаа. Нэг үеийн шахуу тамирчид тул ана мана өрсөлдөнө. М.Жанцанхорлоо багш дасгалжуулагчаар ажиллахын зэрэгцээ тэмцээнд бид гуравтай нэг баг болж, онч сорьдог байлаа. Монголын шигшээ багийнхан Германд 1978 онд болсон тэмцээнд оролцож, багийн төрөлд анх удаа медальтай ирсэн юм. Миний хувьд тус тэмцээнд урт бууны 60 сумны хэвтээ дасгалд багийн төрөлд түрүүлж, ганцаарчилсан төрөлд мөнгөн медаль хүртсэн. Би тухайн үед таван жил хичээллэчихсэн байлаа. Тамирчид ийм томоохон тэмцээнд амжилт гаргахын тулд 10 жил тууштай хичээллэж, медаль хүртэх туршлагатай болдог. Бид сайн дасгалжуулагчийн удирдлагад шаргуу бэлтгэл хийсний үр дүнд богино хугацаанд амжилт гаргасан.
-Энэхэгийн Дели хотод 1982 онд болсон Азийн IX наадамд Монголын буудагчид багаараа түрүүлсэн нь олон орны анхаарлыг татсан гэдэг. Та тус тэмцээнд оролцсон тамирчдын нэг юм билээ.
-Азийн IX наадмын тоглолтод багаараа амжилттай оролцож алт, харин би ганцаарчилсан төрөлд мөнгөн медаль гардсан. Буудлагын спорт өндөр хөгжсөн тивийн орнуудаас хамгийн сайн буудагчидтай нь БНХАУ байв. Тэдний дараа Япон, БНСУ, БНАСАУ-ын тамирчид II, III байрыг эзэлдэг. Би түрүүлсэн тамирчнаас хоёр оноогоор л дутсан. Бид багийн төрөлд Японы тамирчидтай урт бууны 60 сумны хэвтээ дасгалд аваргын төлөө өрсөлдөж билээ. Багийн тэмцээнээс тухайн улс буудлага спортод тамирчид хэрхэн бэлтгэж буй чанар харагддаг. Манай гурав 592, би 594 оносноор Монголын баг хоёр онооны илүүгээр түрүүлсэн юм. Монголын буудагчдыг Азийн наадмын шигшээд шалгарахад Хятадын баг ихэд гайхаж, эхэндээ итгэхгүй эргэлзэж байлаа. Тухайн үед бид медалийн төлөө өрсөлдөх тооцоололд байгаагүй л дээ. Түүнээс хойш олон орон Монголын тамирчдын ур чадварыг үнэлж эхэлсэн. Бид Азийн наадамд анх удаа түрүүлж, Монголын буудлага спортын түүхэнд шинэ хуудас нээсэн нь томоохон үйл явдал болсон юм. Энэ амжилтаараа манай улс тивдээ хүчтэй өрсөлдөх хэмжээнд хүрснийг харуулсан даа.
-Шигшээ багийнхан тухайн үед олон улсын тэмцээнд хэрхэн оролцсоныг өнөөгийн залуус төдийлөн мэдэхгүй. Хүнд зам туулж, амжилт гаргадаг байсныг нь ахмад тамирчдын дурсамжаас сонсож байв.
-Бид гадаадын тэмцээнд олон улсын стандартад нийцсэн зориулалтын хувцасгүй оролцдог байлаа. Хот, хөдөөгийн тамирчдаас ялгаа харагддаг шүү дээ. Түүн шиг л нөхөд очно. Тэмцээний үед хөвөнтэй куртик, хилэн өмд, цанын гутал өмсөнө. Зун болдог тэмцээнд зузаан хувцастай буудахаар халууцаад хамаг хөлс урсчихна. Тэр үед гадаадын тамирчдыг хараад “Бид хэзээ тэдэн шиг ийм хувцас, буутай болох бол” гэж атаархдаг сан. Юм ховор байсан тул буу байхад сум нь олдохгүй. Олон улсын тэмцээнд оролцохдоо сумтай ирэхийг хичээдэг байв. Нэг сумыг нь хоёр сумаар бодож, тэмцээний 75 ширхэг сумыг 150 болгож өгөөд авна. Гэхдээ тэр сумаараа буудахгүй, зөвхөн тэмцээнд л оролцохдоо буудна. Сум ховор, буу нь сүүлийн үеийнх бус, зориулалтын хувцасгүй ч бид сайн өрсөлддөг байсан. Өнөөгийн тамирчдын амжилт гаргахад нөлөөлдөг гол зүйл бол шаардлага хангасан хувцас, чанартай фирмийн буу, хангалт сайн байгаатай холбоотой.
-Монгол Улс тухайн үед зарим оронтой нээлттэй бус байсан тул тамирчдыг гадаадын тэмцээнд оролцоход НАХЯ-наас заавал нэг хүн хянахаар дагаж явдаг байсан гэдэг. Үнэн үү?
-Тийм ээ. Азийн орнуудаас манайх Хятадтай улс төрийн хувьд тааламжгүй харилцаатай байсан.Тиймээс шигшээ багийнхан гадаадын сэтгүүлчдэд ярилцлага өгөх, тамирчидтай нь зураг авхуулах боломжгүй. Харин Азийн IX наадамд Монголын багийг түрүүлэхэд тэмцээн сурвалжилсан сэтгүүлчид ярилцлага авахад би “Монголын баг нэг л зорилготой ирсэн. Тэр нь түрүүлэх. Багаараа нэг нь нийтийнхээ төлөө онч сорьсон. Сум алдахгүй сайн буудаж, багаараа аварга боллоо” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан минь дурсамж болж үлджээ. Үүнээс хойш манай улс “Ханжоу-2022” Азийн XIX наадамд 3х3 сагсан бөмбөгийн төрөлд эрэгтэйчүүдийн шигшээ баг БНСУ-ын багийг 21:20 харьцаатай ялж, хүрэл медаль хүртсэн. Энэ нь Монгол Улс багийн спортын төрөлд Азийн наадмаас авсан хоёр дахь медаль болсон юм. Бид өмнө нь Тайландад 1978 онд болсон Азийн VIII наадмын тоглолтод багаараа V байр эзэлж байв. Тэр жил Япон, БНХАУ, БНСУ, БНАСАУ-ын тамирчид эхний гурван байрт шалгарсан юм.

-Азийн IX наадмын буудлагын тэмцээний ганцаарчилсан төрөлд та түрүүлэх боломжтой байсан гэдэг. Оноогоор илүүрхэж явсан таны сэтгэл зүйд тэр үед юу тэгтэл их нөлөөлөв?
-Алтан медаль хүртэх боломж байсан ч сүүлийн 10 сумаа буудахдаа хэд алдчихав. Оноогоор тэргүүлж яваа эсэхээ мэдэхээр эргэж хартал миний ард 30 гаруй зурагчин зураг авч харагдлаа.Тэр үед надад “Би түрүүлж яваа юм байна шүү дээ” гэх бодол төрсөн. Сэтгэл догдолж, 10, 9, 10, 9 гээд алдаж эхэлсэн. Сүүлийн дөрвөн сум үлдэхэд “Одоо алдвал медальгүй үлдэнэ. Тиймээс алдаа гаргах эрхгүй” гэж хичээсний үр дүнд дэд байрт шалгарсан. Хэрвээ эргэж харалгүй, түрүүлчихлээ гэж эрт баярлаагүй бол хошой алтан медальтай ирэх байв.
-Тухайн үед тивийн наадамд оролцох спортын төрлүүдээс буудлагыг хассан гэх яриа байдаг. Энэ талаар та сонирхуулж болох уу?
-Тухайн үед дэслэгч генерал Ж.Жамъян сахиж суугаад Ардын Их Хурлын тэргүүлэгч нарт учирлан хэлж, үүрэг амлалт авч “Манай буудлагын шигшээ багийнхан аварга болно. Би мэдэж байна. Хэрвээ түрүүлэхгүй ирвэл та нар зохих ёсны арга хэмжээ аваарай” гэж хэлээд үүрийн дөрвөн цаг хүртэл хүлээж, Азийн наадамд оролцуулах зөвшөөрөл авч батлуулсан юм. Тэрбээр 1975-1983 онд Батлан хамгаалахад яамд Туслах нийгэмлэгийн төв зөвлөлийн дарга байхдаа “Буудлага спортын төв клуб"-ийг байгуулсан гавьяатай.Тэр үед Ардын Их Хурлын тэргүүлэгч нар “Энэ удаа итгэл хүлээлгэж, буудлагын шигшээг оролцуулъя. Хэрвээ медальгүй ирвэл тус наадамд дахиж оролцуулахгүй шүү” гэж хэлсэн гэдэг. Бид заавал медальтай ирэх өндөр үүрэг хариуцлага хүлээж, Энэтхэгийг зорьсон. Тухайн үед олны итгэл найдварыг хүлээж явсан болохоор медальгүй ирэх эрх байгаагүй. Хэрвээ Азийн наадмаас ганзага хоосон ирсэн бол буудлагын спортын хувь заяа өөрөөр эргэх байлаа. Цааш хөгжих эсэх нь бидний амжилтаас хамаарах байв. Бид ч үүргээ биелүүлж, нүүр бардам ирсэн. Үүгээрээ ч олон улсад эх орныхоо нэрийг гаргаж, өндөрт өргөсөн анхны түүхэн үйл явдал болсон. Урт буугаар хичээллэдэг Монголын тамирчдад хойшид амжилт гаргах замыг нь зассандаа бид одоо ч талархдаг. Аав минь баярлаж, бахархаж байгаагаа “Миний хүү сайн байна. Улам их хичээгээрэй. Спортод амжилт гаргах нас богино байдаг юм шүү. Зорьж буй он жилүүддээ амжиж, амжилт гаргаарай” гэж цөөн үгээр ойлгуулж билээ.

-Наймдугаар анги төгсөөд буудлагаар хичээллэсэн танд үргэлжлүүлж сурах боломж үнэхээр гараагүй хэрэг үү?
-Тийм ээ. Надад үргэлжлүүлж сурах боломж гараагүй. Харин техник мэргэжлийн сургуулийн алт, мөнгөний дархны ангид сурсан. Тухайн үед намайг “Чамайг сургуулиа төгссөний дараа шигшээ багт авна” гэж хойшлуулдаг байлаа. Би эзэмшсэн мэргэжлээрээ бус, спортоор хоолоо олж идсэн хүн. Тамирчин байхдаа улсаа төлөөлж, олон улсын тэмцээнд цөөнгүй оролцсон. Бидний үед шигшээ багт багтана гэдэг ховор боломж байв. Би “Алдар” нийгэмлэгийн тамирчин тул II шигшээд, С.Адилбиш,С.Энхжаргал нар I шигшээ багт харьяалагддаг байлаа. Миний хувьд 1977-1990 он хүртэл тус спорт хороонд харьяалагдаж, дотоод, гадаадын тэмцээнд олон медаль хүртсэн дээ.
-Та буудлагаас өмнө хөнгөн атлетикаар хичээллэж байсан гэв үү?
-Хөнгөн атлетикийн дөрвөн төрөлтөөр анх хичээллэж, хүрэл медаль хүртэн спортын гараагаа эхлүүлсэн ч буудлагын спорттой нөхөрлөсөн. Миний хувьд 50 метрийн урт бууны 60 сумны хэвтээ байрлалт төрөлд амжилт түлхүү гаргасан. Үүгээрээ ч улсын дээд амжилтыг эзэмшдэг. 1984 онд болсон дотоодын тэмцээнд 600 онохоос 599 онож, түрүүлж байлаа. Буудлагаар хичээллэдэг залуус олон улсын тэмцээнд нэг оноогоор бус, долийн хол зөрүүгүй ялж, ялагдаж байна. Биднийг шигшээд байхад “Та нар бэлтгэл хийж, тэмцээнд оролцохын хажуугаар дасгалжуулагчаар ажиллаж, тамирчид бэлтгэ” гэдэг байлаа. Тэр үед одоогийн Гавьяат тамирчин, олимпын хошой хүрэл медальт Д.Мөнхбаяр сурагч байхдаа буудлагын спортоор хичээллэх сууриа тавин, хэдэн сар бэлтгэл хийж спортын мастер цол хүртсэн юм. Монголоос гар бууны төрөлд Т.Мягмаржав багш Ираны Тегеран хотод 1974 онд болсон Азийн VII наадамд бага калибрын сонгомол гар бууны 50 метрийн дасгалд хүрэл медаль анх хүртсэн түүхтэй. Энэ нь Монголын буудлага спортын тамирчдын Азийн наадмаас хүртсэн анхны медаль юм.1972 онд Мюнхен, 1980 онд Москвагийн олимпод оролцсон түүний буудлага спортын хөгжилд оруулсан хувь нэмрийг үнэлж, 2008 онд Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч цолыг олгосон юм.
-Буудлагаар хичээллэх хэцүү санагдаж, болих талаар бодсон тохиолдол байдаг уу?
-Эхэндээ хэцүү санагдаж, волейбол нэг хэсэг тоглосон үе бий. Би хүүхэд байхын спорт тоглоомд дуртай, үсэрч харайх сонирхолтой. 1975 онд болсон буудлагын тэмцээнд оролцоод амжилт гаргаагүй тул сонирхол буурсан. Тэгсэн 1976 онд тамирчдыг Канад улсад зохион байгуулах Монреалийн олимпод оролцуулах бэлтгэл хийлгэхээр болоход би зугтаад байлаа. Нэг өдөр “Хөдөлмөр” нийгэмлэгийн зааланд волейболын тэмцээнд оролцож байхыг буудлагын Т.Мягмаржав багш харчихав. Тэрбээр аавтай хэд хоногийн дараа уулзахдаа “Хүүг чинь олимпын бэлтгэлд гаргах гэсэн юм. Гэтэл ирэхгүй зугтаад байх юм. Та түүнтэй нэг ярилцаад үзээч” гэсэн гэдэг. Би ч аавын зөвлөснөөр буудлагын спортод эргэн ирж, олимпын бэлтгэлд шигшээ багийнхантай гарснаас хойш эргэж буцахааргүй хичээллэсэн.
-Таны удирдлагад хичээллэсэн тамирчдаас Ц.Мөнхзул тив, дэлхийн аварга болж, Гавьяат тамирчин цол хүртсэн. Түүнд буудлагаар хичээллэх ур чадвар байгааг хэрхэн олж харав?
-Би хамгийн сүүлд 1987 онд болсон Монголын бүх ард түмний спартакиад наадамд оролцож, 1991-1999 он хүртэл дасгалжуулагчаар ажилласан.Өнгөрсөн жилүүдэд урт бууны төрөлд гарын шавь нараа бэлдэж, дотоод, гадаадын тэмцээнд оролцууллаа. Тэдний нэг бол Гавьяат тамирчин Ц.Мөнхзул. Түүний аав Т.Цогбадрах буудлагаар хичээллэдэг байсан юм. Бид олон жил ойр дотно нөхөрлөсөн найзууд. Тэрбээр хоёр охин, нэг хүүтэй. Найз минь авто машины ослоор хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн юм. Миний хувьд аавынх нь хичээллэдэг спортыг хүүхдүүдэд нь өвлүүлье гэж бодож, охидынх нь нэгийг буудлагын тамирчин болгохоор зорьсон юм. Ц.Мөнхзул 1992 оноос миний удирдлагад анх хичээллэж, ОУХМ цол хүрттэлээ бэлтгэл хийж, тэмцээнд оролцсон. Би ээжтэй нь нэлээд зөвлөлдөн ярилцсаны үр дүнд түүнийг буудлагаар хичээллүүлж байлаа. Тэрбээр эхэндээ тийм ч дуртай байгаагүй. Хүүхэд байсан болохоор бэлтгэлээ таслаад хэд хоног ирэхгүй. Гэрийнхэнтэй нь хичээл зүтгэл гарган, тууштай бэлтгэл хийлгэж тамирчин болгосон. Сүүлдээ олон улсын тэмцээнд медаль хүртэж, тив, дэлхийн аварга болж, Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртлээ. Одоо “Хүч” спорт хороонд дасгалжуулагчаар ажилладаг. Түүнээс гадна миний удирдлагад хичээллэсэн олон залуус бий. Тэдний зарим нь дасгалжуулагч болж, тамирчид бэлтгэж байна.
-Хүүхдүүдээс тань таны спортыг өвлөж, буудлагаар хичээллэв үү?
-Манайх гурван хүү, нэг охинтой. Гурван ач, хоёр зээтэй өнөр гэр бүл. Хүүхдүүд эзэмшсэн мэргэжлээрээ ажилладаг. Би амьдралынхаа ихэнх хугацааг спортын талбарт өнгөрүүлсэн. Тамирчин байхын амаргүйг мэддэг болохоор тэднийгээ спортоор хичээллүүлэх гэж хүчлээгүй. Харин “Аав нь та нарын хүсэл сонирхлыг хүндэлнэ. Хэрэв спортоор хичээллэх зорилго, тэмүүлэлтэй бол дэмжинэ” гэж хэлдэг юм. Эхнэр бид хоёр наймдугаар анги төгстлөө нэг ангид хамт сурсан. Багаасаа нэгийнхээ зан чанарыг мэднэ. Эхнэр замын техникч мэргэжилтэй. Тамирчин болж, дасгалжуулагчаар ажилласан он жилүүдэд гэр бүл минь ойлгож, сайн дэмжсэн. Намайг тэмцээнд оролцсон, ажил ихтэй завгүй үед ар гэрийнхээ бүх зүйлийг зохицуулж, үр хүүхдүүдээ хүмүүжүүлэн өдий зэрэгт хүргэсэн ханиараа их бахархдаг. Хэцүү санагдсан бүхнийг даван туулж, ард нь гарснаа гэр бүл, үр хүүхдүүдийн минь хайр халамж, спортоор хичээллэсний ач тус гэж боддог.