“Орхон ХаСү” сургуулийн IV ангийн сурагч, тив, дэлхийн аварга Ц.Гэрэлт-Оюу шатрын спортоор хичээллэдэг хамгийн залуу тоглогчдын нэг. Туршлагатай дасгалжуулагчдын удирдлагад бэлтгэл базааж, ур чадвараа богино хугацаанд хөгжүүлснээр тив, дэлхийн тэмцээнд хүчтэй өрсөлддөг болсон юм. Гаргасан амжилтаараа шатрын мэргэжилтнүүдэд ирээдүйтэй тамирчин хэмээн үнэлэгддэг тэрбээр өнгөрсөн жилээс “Босоо ноён” клубийн тамирчин болжээ. Энэ оны анхны тэмцээн болох өсвөр үеийнхний дунд уламжлал болгон зохион байгуулдаг “Цодгор хүү-2026” уралдаанд түрүүлж, дараа нь нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнд оролцон 10 насныхны ангилалд аваргаар шалгарсан. Тэрбээр Улаанбаатар хотод энэ сарын 21 хүртэл үргэлжлэх өсвөр үеийнхний УАШТ-д 21 аймаг, нийслэлийн есөн дүүргээс оролцож буй шатарчидтай оюунаа сорьж байна.
-Монголд тив, дэлхийн аварга тамирчин цөөнгүй байдаг ч 10 насандаа ийм өндөр амжилт гаргасан нь ховор. Шатраар хэдэн жил хичээллэж байна вэ?
-Би дөрвөн настайдаа шатраар анх хичээллэсэн. Орой бүр шатар тоглох ахыгаа хараад “Түүн шиг ингэж тоглох сон” гэж боддог байлаа. Тэр үеэс аав, ээж намайг шатарт сонирхолтой болсныг минь мэдэж, ахтай хамт дасгалжуулагч Ж.Гантөмөр багшийн хичээллүүлдэг “Төгс нүүдэл” шатрын клубт оруулсан юм. Бэлтгэл хийх тусам ур чадвар ахиж, өөртэйгөө ижил түвшний хүүхдүүдийг хождог болов. Дараа нь түвшингээ ахиулах зорилгоор Их мастер Б.Хатанбаатар багшийн “Их мастер” клубт гурван жил хичээллэж, өнгөрсөн жилээс “Босоо ноён” клубийн тамирчин болсон.
-Тамирчид олон тэмцээнд оролцдог ч амжилт гаргаж авсан анхны медальдаа их хайртай байдаг юм билээ.
-Тийм шүү. “Төгс нүүдэл” клубт хичээллэдэг байхдаа өсвөр үеийнхний УАШТ-д оролцож, хүрэл медаль анх хүртсэнээр спортын гараагаа эхлүүлсэн. Харин “Их мастер” академийн тамирчин байхдаа Грек улсад 2023 онд зохион байгуулсан сурагчдын ДАШТ-д амжилттай тоглосон. Тус тэмцээнд Турк, Казахстан, Энэтхэг, ОХУ-ын шилдэг тоглогчтой таарсан ч ангилалдаа нэг ч хожигдолгүй ялалт байгуулсан юм. Хамгийн сүүлийн ес дэх өрөгт Ирланд улсын тамирчныг хожиж дэлхийн аварга болсон. Гадаадын тэмцээнд аав, ээжтэйгээ хамт явах түшигтэй байдаг. Миний ард гэрийнхэн минь байгаа гэж бодохоор өрсөлдөгчдөөсөө эмээхгүй тоглодог. Харин ганцаараа явсан үед гэрээ их санадаг. Миний очсон орнуудаас АНУ сайхан сэтгэгдэл төрүүлсэн. Тэнд болсон тэмцээнд би ээжтэйгээ хамт явсан. Биднийг хөл тавихад ээжийн хамаатан садны ах дүүс, найз нөхөд нь угтан авч, тэмцээн болох хотын хөгжилтэй танилцуулсан нь маш их таалагдсан. Манайхан намайг бүх талаар дэмжиж, 10 гаруй оронд зохион байгуулсан тэмцээнд оролцуулжээ.
-“Босоо ноён” клубийнхэн олон улсын тэмцээнд сайн оролцдог. Тус клубт хичээллэхийг танд хэн санал болгов?
-Аав, ээж, бид гурав хамтдаа ярилцаж байгаад тус клубт үргэлжлүүлэн хичээллэх шийдвэр гаргасан. Шатрын дасгалжуулагчдын бэлтгэл хийлгэх арга барил өөр байдаг. Тухайлбал, Ж.Гантөмөр багш бодлого сайн бодуулна. Зун шавь нараа хотоос зайдуу зусланд гаргаж, нэг сар бэлтгэл хийлгэдэг. Тэгвэл Б.Хатанбаатар багш гараа, комбинаци, стратеги түлхүү заадаг. Түүний удирдлагад хичээллэдэг байхдаа би ДАШТ-д алтан медаль хүртсэн. Грект болсон тэмцээний үеэр багштай утсаар холбогдож, өрсөлдөгчтэйгөө хэрхэн тоглох талаар зөвлөгөө авсан. “Босоо ноён” клубийн Э.Энхнар, Б.Очирсүх багш нар шатрын гараа, нүүдэл, бодлого, стратеги гээд бүх зүйлийг заадаг.
-Шатар тоглодог болсноор ямар давуу талуудыг мэдэрдэг вэ?
-Аливаа зүйлийг төлөвлөж, сайтар тооцоолж сурсан. Тэр хэрээр анхаарал төвлөрч, хичээлдээ сайжран, багшийн заасан хичээлийг хурдан ойлгодог болсон шүү. Би ангийнхнаасаа ганцаараа шатар тоглодог тул багш минь ойлгож дэмждэг. Сургуулийн удирдлага тэмцээнтэй үед хичээлээс чөлөөлж оролцуулдаг юм. Грек улсаас дэлхийн аварга болоод ирэхэд сургуулийн сурагчид, ангийн хамт олон маань сэтгэл өндөр угтаж авсан.
-УАШТ-д эхний гурван байрт шалгарсан хүүхдүүд олон улсын тэмцээнд оролцох эрх авдаг. Амжилттай оролцвол тэдэн шиг хилийн дээс алхана шүү дээ.
Дотоодын томоохон тэмцээнээс УАШТ-д түрүүлэхийн тулд алдаа гаргахгүйг хичээдэг. Энэ удаа ч гэсэн түрүүлж, олон улсын тэмцээнд оролцох зорилго тавьсан. Миний хувьд А ангилалд өрсөлддөг тул хүчтэй өрсөлдөгчидтэй таарах нь их. Тэднээс Ш.Уранзаяатай нэг бус удаа тоглосон. Бид насаар чацуу. Түүнтэй энэ жил “Цодгор хүү” тэмцээнд таарч өрсөлдлөө.
-Та Малайзад 2024 онд болсон Зүүн Азийн АШТ-д оролцож, медальтай ирсэн байх аа.
-Тус улсад болсон тэмцээний рапид (түргэвчилсэн) төрөлд мөнгө, блиц (түргэн) төрөлд хүрэл медаль хүртэж, стандарт төрөлд IV байр эзэлсэн. Би медалиа тоолдоггүй. Шагналын туузанд 40 гаруй медаль залаастай бий. Энэ ташрамд, өсвөр үеийнхний УАШТ-д оролцож буй клубийнхээ тамирчдад амжилт хүсээд, аварга болоорой гэж ерөөе.