Монгол Улсад хэрэгжүүлж буй ДОХ болон сүрьеэгийн үндэсний хөтөлбөрүүдийн хэрэгжилтэд олон улсын хамтарсан баг хөндлөнгийн үнэлгээ хийж эхэлжээ. Эдгээр хөтөлбөрийг тухайн халдварт өвчний илрүүлэлт, оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх тусламж, үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулах замаар өвчний тархалтыг бууруулах, нас баралтыг хязгаарлах зорилготой хэрэгжүүлдэг юм. Үүний үр дүн, нөлөөллийг бодитой, хараат бус байдлаар үнэлэх зорилгоор хөндлөнгийн үнэлгээг тодорхой давтамжтайгаар зохион байгуулдаг. Тодруулбал, сүрьеэгийн үндэсний хөтөлбөрт ДЭМБ болон олон улсын хамтарсан үнэлгээг 2008, 2013, 2022 онд тус бүр хийсэн бол ДОХ-ын үндэсний хөтөлбөрийг 2016 үнэлж байжээ. Харих энэ удаагийн хамтарсан үнэлгээг ДЭМБ-ын техникийн дэмжлэгтэйгээр ДОХ, сүрьеэгийн чиглэлээр мэргэшсэн олон улсын 10 гаруй, үндэсний зөвлөхүүдээс бүрдсэн өргөн бүрэлдэхүүнтэй баг хамтран хэрэгжүүлэх аж. Хууль, эрх зүй, бодлого, стратеги, удирдлага, санхүүжилт, үйлчилгээний хүртээмж, чанар, үр нөлөө, тогтвортой байдлыг үндэсний хэмжээнд иж бүрнээр үнэлж, давуу болон сул тал, тулгамдсан асуудлыг тодорхойлох юм. Цаашид үндэсний хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг сайжруулах, бодлого төлөвлөлтийг боловсронгуй болгох, халдварт өвчний эсрэг авч хэрэгжүүлэх арга хэмжээг илүү үр дүнтэй болгоход чухал ач холбогдолтой гэнэ.
Ч.Болор