Дорнод аймгийн Баян-Уул сумаас төрсөн шилдэг цөөн тамирчны нэг нь жүдо, самбо, кураш бөхийн тамирчин, ОУХМ Г.Ганцэцэг. Түүнийг жүдод хөл тавьсан цагаас спорт сонирхогчид барилдааныг нь сонирхон үзэж, шигшээ багийн босгоор алхахад нь ирээдүйтэй тамирчин хэмээн онцлон ярих болсон юм. Гадаадын олон тэмцээнд эх орноо төлөөлж оролцдог шавилхан бүсгүйн амжилтуудыг жагсааж бичвэл сонины нэгээхэн зай даанч хүрэлцэхгүй. “Хилчин” спорт хороогоор овоглож, бөхийн төрлүүдийн дэвжээнд зодоглодог түүнд 2024 он аз, амжилт дагуулсан өөдрөг жил байв. Тэрбээр олон улсын болон тив, дэлхийн тэмцээнээс есөн медальтай ирж, хөдөлмөрлөсөн хүнд аз ирдгийг хичээл зүтгэл, зорилго тэмүүллээрээ батлан харуулав.
ИХ СПОРТОД АМЖИЛТ ГАРГАХ ЧАДВАР БАЙГААГ БАГШ НЬ ШАВИАСАА ОЛЖ ХАРАВ
Хөнгөн атлетикаар спортын гараагаа эхлүүлсэн түүнийг багш нь их спортод амжилт гаргах ур чадвар байгааг олж харжээ. Аймгийнхаа хөгжмийн мэргэжлийн сургалттай 12 дугаар сургуулийн багш Б.Мөнхбатын удирдлагад хичээллэж, 2017 оноос үндэсний шигшээ багийн босгоор алхан, “Хилчин” спорт хорооны харьяаллын тамирчин болсон юм. Түүний амжилтын ард олон хүний тус дэм их бий. Тэмцээнд оролцож байхдаа бэртэл авч, хичээллэхээ болиход багш нь “Чи жүдогоор барилдаад үз” гэж зөвлөж, 10, 11 дүгээр ангийн сурагч байхад нь бүс, улсын тэмцээнд оролцуулсан аж. Улаанбаатарт ирээд ямар клубт очихоо мэдэхгүй явахад “Хилчин” спорт хорооны ерөнхий дасгалжуулагч Х.Эрдэнэт-Од, үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч асан О.Балжинням аварга уриалгахан хүлээж авч, бэлтгэл хийлгэснээр өнөөгийн Ганцэцэгийг бий болгосон гэдэг. Түүнд багш нь их спортын эрдмээс заагаагүй бол ДАШТ-ий медалийн тавцанд зогсохгүй байх байлаа. Тэрбээр 2018 онд жүдо бөхийн УАШТ-д түрүүлж, Азийн АШТ, Азийн наадам оролцоход нь О.Балжинням аварга сэтгэлийн дэм өгч, зоригжуулснаар ДАШТ-д хүч сорив. Жүдогоор гурван жил хичээллээд дэлхийн дэвжээнд зодоглоно гэдэг түүний хувьд том боломж байлаа. Тэр үед дэлхийн дэвжээ ямар байдгийг анх мэдэрчээ.
Казахстанд эмэгтэйчүүдийн байлдааны самбогийн ДАШТ-ийг анх удаа зохион байгуулсан нь олон орны үзэгчдийн сонирхлыг ихэд татсан. Нүд алдам уудам талын охин Астанад анх удаа хөл тавив. Тэрбээр “Астана хотын дэвжээ надад ээлтэй санагддаг. Тэнд 2019 онд кураш бөхийн ДАШТ-ийг “Казах кураш” ордонд зохион байгуулахад нь түрүүлсэн. Эл ордонд зохион байгуулсан ДАШТ-д байлдааны самбогийн төрөлд мөнгөн медаль гардаж байлаа. Засгийн газрынх нь ордны онцлох сэтгүүл, телевизийн сэтгүүлчид нь намайг финалд шалгарахын өмнө спортын хоёр төрөлд оролцсон гэдэг утгаар онцолж, ярилцлага авсан юм. Сүүлийн жилүүдэд би кураш, самбо бөх, туухайн тэмцээнд хүч сорьж байна. Үзэгчид нь намайг кураш бөхийн дэлхийн аварга болох үеэс бөх, тулааны төрлүүдээр хичээллэдгийг мэдсэн. Астанагийн дэвжээнээс хүртсэн медаль бол миний сэтгэлийнхээ дуудлагаар очиж авсан шагнал гэж боддог” хэмээснээр бидний яриа цааш өрнөв.
ТУУХАЙТАЙ ДАСГАЛ ХИЙЖ, БЭРТЛЭЭ ЭДГЭЭЖЭЭ
Түүнээс “Та сүүлийн үед туухайтай нөхөрлөж, “Өргөө гийр” академи байгуулж тамирчид бэлтгэж байгаа бололтой” гэхэд “Өмнө нь жүдогоос өөр тэмцээнд оролцохгүй гэж боддог байв. Хүн хайрцагласан зүйлд хэт удахаар хөгцөрснөөс ялгаагүй болдог юм билээ. Жүдогийн шигшээ багаас гарсны дараа кураш бөхөөр хичээллэхдээ боломж байгааг олж харсан юм. Би хилийн 0208 дугаар тусгай салбар “Хилчин” спорт хорооны тамирчин, дэд ахлагч цолтой. Дөрвөн жилийн өмнөөс самбо бөхийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Г.Үүрцолмон багштай хамтран ажилласан. Тамирчин хүн бэртэл, гэмтэлтэй байнга тулгардаг. 2020 онд бэртлээ үзүүлэхэд өвдөгний чагтан холбоос сэмэрч, 75 хувийн урагдалтай гэсэн онош гарав. Тухайн үед эмч нар “Чагтан холбоосоо таслаад хагалгаанд ор, эсвэл спортоор хичээллэхээ бүрмөсөн зогсоо” гэхэд Г.Үүрцолмон багш дээр очоод учраа хэлтэл туухай өргөхийг зөвлөсөн юм. Хэдэн сар хичээллээд чагтан холбоосоо үзүүлтэл 45 хувийн урагдалтай гарахад эмч ихэд гайхаж “Хөдөлгөөн хорих ёстой байтал чи юу хэрэглэв. Ямар дасгал хийсэн бэ” гэж асуухад нь ууланд алхаж, туухай өргөж буй бичлэгээ үзүүлсэн. Тэгтэл “Чи дахиад гурван сар дасгал хийгээд, ирж үзүүлээрэй” гэв. Хэлсэн хугацаанд нь очиход “Чамд 10 хувийн урагдал үлдсэн байна. Барилдааныхаа бэлтгэлийг одооноос хөнгөн хийж эхэл” гэснээр дэвжээндээ эргэж ирсэн. Миний цаг хугацаа, зардал мөнгийг хэмнэж, хагалгаанд оруулалгүйгээр туухайгаар эдгээсэн багшдаа чин сэтгэлээсээ талархдаг. Өөрийн алдаа, дутагдлыг дүү нартаа давтуулахгүйн тулд бэртэл, гэмтлийг өөр зүйлээр, дасгал хөдөлгөөнөөр эмчилж болдгийг ойлгуулах зорилгоор гийрийн академи нээсэн учир нь энэ. Туухай (гийр)-г хүчний спорттой хослуулбал амжилт гаргаж болдгийг олон тэмцээнд харууллаа. Тиймээс ур чадвараа ахиулах зорилгоор гийртэй дасгал хийснээр хоёр гарын атгалт сайн болдгийг анзаарсан” гэв. Түүний нутгаас жүдо, чөлөөт бөхөөр хичээллэдэг залуус бусад аймгийг бодвол цөөн аж. Тухайн үед жүдо бөхийн шигшээ багийн бүрэлдэхүүнд багтсан ганц тамирчин нь тэр байв. Улсын заан Д.Анараас хойш тамирчин хичээллэлгүй нэг хэсэг уджээ. Самбо бөхөөр түүнээс гадна А.Хатансайхан, Г.Баяндүүрэн нар хичээллэдэг. Тэд улс, нутгаа төлөөлж, тив, дэлхийн тэмцээнд нэг бус удаа оролцохдоо хүнд хичээл зүтгэл, сэтгэл байхад хаана ч зорьсон зүйлээ хэрэгжүүлдгийг харуулсан юм. Нутгийнхаа тамирчдын удирдлагууд нь дэмждэггүй ч тэд өөрсдийн бор зүрхээрээ спортын өрсөлдөөн ихтэй талбарт амжилт гаргасаар байна.
АМАРГҮЙ ЗАМ ТУУЛЖ, МЕДАЛИАС АТГАСАН НЬ
Тажикистан улсад 2023 онд болсон кураш бөхийн Азийн АШТ-д оролцохын тулд тэрбээр Казахстаны Астана хот хүртэл самбо бөхийн тамирчидтай автомашинаар явав. Тэднийг нутаг буцахад тэрбээр хармаандаа 15 доллартой үлджээ. Түүнээс “Чи бидэнтэй хамт буцах уу, эсвэл наанаа үлдэх үү” гэж асуухад нь “Үлдэнэ ээ” гэж хариулсан аж. Зориг гаргасан шийдвэр нь түүний амьдралыг тэр чигт нь өөрчилнө гэж тэрбээр тэр үед төсөөлөөгүй бизээ. Буудалд байрлах мөнгөгүй, хаана очихоо мэдэхгүй явахад МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн даргаар ажилладаг байсан Ж.Отгонцагаан тус болсон байна. Самбо бөхийн Азийн АШТ-д оролцох ӨМӨЗО-ны тамирчдыг дагуулж явахдаа түүнтэй таарч, сайхан сэтгэлээр туслан, буудалд тав хоног байрлах мөнгө өгчээ. Астанад 10 хоноход тухайн үед тус улсад байсан Гавьяат тамирчин Г.Отгонцэцэг тусалснаар Казахстаны шигшээ багийнхантай дөрөв хоног байрлаж, бэлтгэл хийсэн аж. Үүнээс 10 хоногийн дараа түүний оролцох тэмцээн эхлэх байсан тул цааш хөдөлж, 4800 км замыг мөн л авто машинаар дөрөв хоног туулж, Тажикистанд очжээ. Тэнд зохион байгуулах кураш бөхийн Азийн АШТ-д Монголоос ганцаараа зорьж очсон нь тэр байсан юм. Монголоос ганц эмэгтэй тамирчин ирж, Тажикистаны дэвжээнд хүч үзэхээр болсон нь хүлээж авсан буудлын болон тэмцээн зохион байгуулж буй албаны хүмүүсийн анхаарлыг татжээ. Тэмцээн эхлэхээс өмнө 52 кг-ын жинд оролцохын тулд дөрвөн кг хасах болсон тул саунд орж, гүйхэд нь хүртэл тус улсын кураш бөхийн холбооных нь нарийн бичгийн дарга Шамсия Саидова нүд салгахгүй ажиглаж, сэтгэл нь зовнин “Чи ус уух уу, хоол идэх үү” гээд байн байн асуусан гэдэг. Тэрбээр түүнтэй танилцсаныхаа дараа “Чи тэмцээнд оролцож чадахааргүй их ядарсан, ухаан алдаж унахаар царайтай харагдсан” гэж хэлжээ. Г.Ганцэцэг тэмцээн эхлэхээс өмнө хаана яваагаа стори бичлэг хийн, цахим хуудсандаа байршуулснаар түүнтэй анх холбогджээ. Түүнийг түрүүлэхэд Шамсия Саидова баяр хүргээд “Чи хойшид газраар хэзээ ч явахгүй. Бид чамд онгоцоор үнэгүй зорчих тийз өгнө. Манай улсад болсон тэмцээнд 37 орны 500 гаруй оролцогч өрсөлдсөн. Тэдний дунд чам шиг зориг, тэвчээр гаргаж ирсэн тамирчинбайгаагүй. Манайд “Дэлхийн цом”-ын тэмцээн болно. Бид чиний зардлыг даана. Над руу паспортоо явуулаарай” гээд Алматы хүртэл нисэх онгоцны тийз өгсөн аж. Тэрбээр өөрийнхөө төлөө энэ бүхнийг зориглож хийгээгүй бол өнөөгийн амжилтад хүрэхгүй байх байлаа. Энэ нь түүний урагшлах замд тулгарсан томоохон сорилго байсан гэхэд болно. Тажик кураш бөхийн ДАШТ тэр жилийн наймдугаар сард болоход түүний нэрийг оролцох боломжгүй гээд хасчихжээ. Тэгтэл Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо, Тажикистаны бөхийн холбооноос түүнийг оролцуулахаар шийдвэрлэж, урилга илгээснээр мөнгөн медальтай эх орондоо ирсэн юм. Түүний бөхийн дархан мэх сууж үүрэх. Сүүлийн жилүүдэд тулааны спортоор хичээллэж, тив, дэлхийн тэмцээнд өрсөлдөгчдөө гарт өчих мэхээр ялдаг болжээ.

“ЧАМАЙГ ХЭН Ч АВРАХГҮЙ. ЧИ ӨӨРИЙГӨӨ Л АВАРНА”
Тамирчин хүн ямар ч саадтай таарсан боломж өмнө нь байдгийг цахим хуудсандаа оруулсан постыг чинь уншаад ойлгосон гэхэд “Спортод цаг зав, хөдөлмөр, итгэл найдвар, сэтгэл, хүсэл мөрөөдлөө харамгүй зориулсан болохоор миний амжилт гаргах цаг ирсэн гэж боддог. Тиймээс дүү нартаа өөрт тулгарсан жаахан сорилыг хэцүү гэж битгий шантраарай. Хичээхэд, хөдөлмөрлөхөд зүтгэлийг тань үнэлэх зүйл байдаг юм шүү. Би Казахстаныг зорихдоо ДАШТээс медаль хүртэнэ гэдгээ мэдэрсэн. Бэлтгэл хийхдээ хүртэл “Бүгдээрээ медаль авчхаад” гээд ярихад манайхан “Чи ингэж хэлэхээ болиоч ээ. Тэнд очоод медаль авахгүй байвал яах юм бэ” гэж билээ. ДАШТ-ий дараа тэд “Амны бэлгээс ашдын бэлгэ гэдэг. Бүгдээрээ медаль хүртэнэ гэж ярьсан тань биеллээ” гээд инээж байв. Машинаар олон хоног явахаар тамирчин хүний хөл сэнсэрчихдэг юм билээ. Самбо бөх хөлд орж барилддаг. Өрсөлдөгчөө хөл хамж орохоор юу ч мэдрэхгүй унаад байлаа. Жин хасахын хэцүүг өөрийн биеэр мэдэрч, эгч нарынхаа амаргүй бүхнийг сэтгэлийн хатаар туулсныг маш сайн ойлгосон. Кураш бөхийн ДАШТ-д өрсөлдөхдөө ямар ч дасгалжуулагчгүй оролцохдоо “Ганцэцэг ээ, чамайг хэн ч аврахгүй. Чи өөрийгөө л аварна” гэж хэлж байлаа. Дэвжээнд гараад ялагдах эрх надад байхгүй. Аваргын төлөө шалгарахад тухайн улсын шүүгч, тамирчин, үзэгчидтэй нь хамт барилдах болдог. Миний хувьд өмнө нь өрсөлдөгчөөсөө бус, дэвжээг нь хараад сүрддэг байлаа. Аль дэвжээнд гарахаа мэдэхгүй сандарна. Ганцаараа тэмцээнд оролцдог болсноор тэр айдсыг давж чадсан. Өмнө нь би өөрийнхөө бодолд хүлэгдэж, боломжгүй зүйл ярьдаг байв. Одоо аливааг өөдрөгөөр хардаг боллоо. Өнгөрсөн он жилүүдэд өөрийгөө нээж хөгжүүлсэн, бас таньж мэдсэн, спортын талбарт тэсрэлт хийсэн” хэмээн өгүүлэв.
Таныг холимог, гардан тулааны тэмцээнд оролцохыг хараад энэ зүйл тоглоом биш юм байна гэдгийг мэдэрч билээ гэхэд “Ялагдаж, ялсан минь надад давуу тал болсон. Торон хашаанд ороод түүнийг ялахгүй бол өөрөө нүдүүлэх юм байна гэсэн бодол төрсөн. Намайг цэргийн байгууллагад ажилладаг болохоор удирдлага маань “Монгол туургатан” гардан тулааны анхдугаар тэмцээнд оролцуулсан юм. Үнэнийг өгүүлэхэд, би даргынхаа тушаалаар санаандгүй оролцож, улсын аварга болсон доо. Тэр тэмцээнээр бөхийн төрлөөс гадна тулааны спортод ч хөрвөх чадвартайг харуулсан. Миний хувьд 2021 оноос хувь хүний хөгжил, оюуны дасгалжуулалтаар суралцаж, нэг жил өөртэйгөө ажилласан юм. Тамирчин хүний би ихэдвэл карьер нь амархан унадаг. Бэлтгэл хийж байхад дүү нар яг миний алдааг давтаж буй харагддаг. Тиймээс зөвөөр хэлж ойлгуулахыг хичээдэг юм” гэлээ.
Тэрбээр жүдогийн тамирчдаас Б.Ганхайчтай ойр дотно нөхөрлөдөг. Тамирчин байхдаа таван жил цалингүй гүрийж, найзындаа амьдрахад эцэг, эх нь түүнд аав, ээжээс нь өөрцгүй сайн ханддаг байсан аж. Тэрбээр эгэл жирийн малчин айлын охин. Аав нь морин спортын анхны мастер цолтнуудын нэг. Уран уургач шалгаруулах анхдугаар тэмцээн 1996 онд болоход түрүүлжээ. Аавыгаа аваргаар шалгарах тэр жил тэрбээр төрсөн гэдэг. “Аав минь “намайг ид залуу байхад охин минь төрсөн болохоор авхаалжтай, сэргэлэн, цовоо байгаа юм” гэж ярьдаг сан” хэмээв. Гэрийнхэн нь түүнийг спортоор хичээллэснээс хойш тууштай дэмжиж, ялахад баярлаж, ялагдахад урам өгөн хурцалдаг болжээ. Тэрбээр ээж болсон ч спортоос холдолгүй хичээллэсээр байна. Ярилцлагынхаа сүүлд “Тамирчин хүн хэдэн тэмцээнд медаль хүртчихээд өөрийнхөө хүчинд авсан мэт бодож болохгүй. Ганцаараа зүтгээд амжилтад хүрдэг тамирчин байдаггүй юм. Амжилтад хүргэхийн тулд дэмжсэн хүмүүсийнхээ сайхан сэтгэл, тусыг хэзээ ч мартаж болохгүй. Спортын талбар тамирчин хүнийг зан чанар, хичээл зүтгэл, ур чадвар, авьяас, хүмүүжил, төлөвшил, хатуужил, тэсвэр гээд олон зүйлээр сорьдог. Тэр хэрээрээ хэн бэ гэдгийг үнэн бодитоор нь таниулдаг юм. Спортын амьдрал надад олон зүйлийг ойлгуулж ухааруулсан. Өнөөдөр ялагдчихаад уйлахад маргааш хожоод инээх боломж байдгийг мэдрүүлсэнд талархдаг” хэмээснээр бидний хөөрөлдөөн өндөрлөсөн юм.