
Авлигатай тэмцэх газар нь авлигын шалтгаан, нөхцөлийг судлан тогтоох, арилгах, таслан зогсоох, эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр тогтмол үйл ажиллагаа зохион байгуулж ажилладаг. Энэ ажлын хүрээнд 2018 оноос “Авлигын эрсдэлийн үнэлгээний аргачлал”-ын дагуу яам, агентлаг болон төрийн байгууллагуудад авлигын эрсдэлийг үнэлэх ажлыг шат дараатайгаар хэрэгжүүлж ирсэн. Энэ удаад Зам, тээврийн яаманд авлигын эрсдэлийн үнэлгээг 2026 оны гуравдугаар сарын 16-ны өдрөөс тавдугаар сарын 19-ний өдрийг хүртэл хоёр сарын хугацаанд хийж ажиллах тухай уулзалт ярилцлагыг хийлээ.
АТГ-ын Эрсдэлийн үнэлгээгээр Засгийн газрын тусгай сан "Улсын авто замын сан"-гийн үйл ажиллагаа, төсөв, санхүү, худалдан авах ажиллагааны ил тод байдал, хүний нөөцийн чиглэлийн үйл ажиллагаа, байгууллагын удирдлагуудын авлигатай тэмцэх хүсэл эрмэлзэл, бүртгэл хөтлөлтөд хяналт тавих аж.
Энэхүү үнэлгээ нь төрийн үйлчилгээний нээлттэй, ил тод байдлыг хангах, улсын төсвийн хөрөнгө оруулалтын үр ашиг, чанар, хүртээмжийг сайжруулах, үйлчлүүлэгчийн эрх ашгийг дээдлэх, төрийн албан хаагчдын хариуцлагыг нэмэгдүүлэхэд чиглэж байна.