Улаанбаатар хотын төвд, өндөр шилэн барилгуудын дунд нэгэн өвөрмөц хийцтэй модон байшин бий. Энэ бол 108 жилийн настай, нийслэлийн хамгийн ахмад “оршин суугч”-дын нэг болох Улаанбаатар хотын музей юм. Гэвч нийслэлийн түүхэн гэрч болсон эл музей үргэлж холбогдох албаныхны анхаарлын гадна үлдэж, ердөө 215-хан ам метр талбайд “амь тариа” залгуулан арай ядан “амьсгалж” байна. Өөрөөр хэлбэл, хотын түүхийн охь шимийн өлгий болсон энэ газар өдгөө үзмэрүүдээ зохих стандартын дагуу хадгалж, хамгаалах бус, дөнгөж “түр хоргодуулах байр” төдийхнөөр аргацаадаг гэсэн үг.
НИЙСЛЭЛИЙН ХАМГИЙН “ӨНДӨР” НАСТАЙ БАРИЛГА
Музейн барилга өдгөө 108 жилийн нүүр үзэж буй бөгөөд нийслэлийн хамгийн өндөр настай байгууламжуудын нэг юм. Энэхүү барилгыг буриад худалдаачин Цогт Гармаевич Бадамжав 1918-1919 онд орон сууцын зориулалтаар бариулж, 1932 он хүртэл амьдарч байв. Түүнээс хойш төрийн үйл хэрэгт ашиглаж байгаад 1956 онд музей болгожээ. Европ загварын тус байшин тухайн үедээ Нийслэл хүрээний хамгийн тансаг орд харшуудын нэг байв. Хийц загварын хувьд олны хэлж заншсанаар “Гоожингийн өндөр”- тэй ижил Сибирийн баракко төрлийн модон барилга аж. Барилгын хамгийн өвөрмөц шийдэл нь түүний дөрвөлжин цамхаг бүхий оройтой дээвэр юм. Хаант Оросын засаглалыг эсэргүүцэгч эзэн нь хаант засаг нуран унахыг бэлгэдэж, дээврээ зориуд хөмөрч тавьсан ширээ мэт хэлбэртэй хийлгэсэн түүхтэй. Харамсалтай нь, түүхэн бэлгэдэл бүхий эл дээвэр өдгөө музейн ажилчдын хувьд “дайсан” болоод байна. Учир нь 1956 онд музейн зориулалтаар ашиглаж эхэлснээс хойш нэг ч удаа их засвар хийгээгүйн улмаас өдгөө дээврээс нь дусаал гоожиж, их хотын үнэлж баршгүй өв чийгт идэгдэх болжээ.
ШҮҮРЭН ШАНАГА ШИГ ДЭЭВЭРТЭЙ
Музейн сан хөмрөгт 3500 гаруй биет үзмэр хадгалж буй ч зай талбай хүрэлцээгүйгээс ердөө 150 орчмыг нь л олон нийтэд дэлгэн үзүүлдэг аж. Өөрөөр хэлбэл, нийт үзмэрийнхээ 95 хувийг 26-хан ам метр талбайд, стандартын бус орчинд “нуудаг” байх нь. Үүнд нэрт зураач М.Манибадарын 1946 онд туурвисан “Нийслэл хүрээ” зураг, Төрийн соёрхолт Д.Сэнгээгийн “Түүхт Улаанбаатар” зааны соёон сийлбэр, хотыг хөгжүүлэх III ерөнхий төлөвлөгөө, тэр байтугай Туул голын сав газраас олдсон таван сая жилийн настай арслан зааны яс ч бий. Мөн XIXХХ зууны үеийн Их хүрээний урчуудын урласан өвөрмөц хийц, загвар бүхий гэр ахуйн хэрэглэл, гоёл чимэглэлийн зүйлсийг тус музейн сан хөмрөгт хадгалдаг. Гэвч эдгээр нандин өв өдгөө дусаалд дарагдаж, музейн ажилтнууд аргаа барахдаа шүүрэн шанага шиг дээвэр дээрээ гарч хар лак асган, наалт наахад хүрчээ.
Улаанбаатар хотын музейн захирал П.Даваасүрэн “Манай музей 1956 онд байгуулагдсан бөгөөд 386 жилийн түүхтэй нийслэл хотын соёлын биет өвийг хадгалан хамгаалж, түгээн дэлгэрүүлэх эрхэм зорилготой ажилладаг. Энэ жил музейн 70 жилийн ой тохиож буй. Цаашид гадна фасад, дээврийг шинэчлэх, орчны тохижилтыг сайжруулах, улмаар музейгээ үндэсний хэмжээний бүрэлдэхүүн болгохоор төлөвлөж байна. Гэвч бодит байдалд бид ердөө 215 ам метр талбайд үйл ажиллагаа явуулж байгаа нь соёлын хүртээмжийг хязгаарлах болсон. Үнэндээ өнөөдрийг хүртэл эл барилгад дорвитой хүчитгэл, их засвар огт хийгээгүй. Зүгээр л энгэсэг түрхэж буй мэт өнгөн талаас нь аргацааж ирсэн” гэсэн юм.
Эл музейг сэргээн засварлах шаардлагатайг нийслэлийн үе үеийн дарга нарт уламжилсаар ирж. Музейн нөхцөл байдал хүндэрч, түүхэн дурсгалууд устах аюулд орсныг ажилтнууд нь удаа дараа учирлан гуйсны эцэст уржнан жил л албаныхан ирж нөхцөл байдалтай танилцсан гэнэ. Гэвч шийдвэр нь ердөө камертай болгож, компьютер өгөхөөс хэтэрсэнгүй. Уг нь музейн шинэ барилгын зураг төслийг 2019 онд гаргаж, хуучин барилгыг хэвээр үлдээж өргөтгөхөөр төлөвлөсөн ч одоо болтол төсөвт суулгаагүй аж.
Эргэн сануулахад, энэхүү байшинг Сайд нарын зөвлөлийн 1971 оны 420 дугаар тогтоолоор түүх, соёлын үл хөдлөх дурсгалт барилга хэмээн үзэж, Улсын II зэргийн хамгаалалтад авсан байдаг. Мөн Засгийн газрын 1994 оны 233, 2008 оны 175 дугаар тогтоолоор тус тус Улсын хамгаалалтад байх түүх, соёлын дурсгалд албан ёсоор бүртгэн авчээ.
МЭРГЭЖЛИЙН СЭРГЭЭН ЗАСВАРЛАЛТ ШААРДЛАГАТАЙ
Дэлхийн томоохон хотууд түүхэн барилгаа сэргээн засварлахдаа Restoration буюу анхны хэв шинж, материалын бүтцийг алдагдуулахгүйгээр насыг нь уртасгах нарийн аргачлал баримталдаг. Гэтэл Улаанбаатар хотын музейн хувьд өнөөдрийг хүртэл хийсэн засварууд нь ердөө гадна өнгө төрхийг шохойдох, дусаал гоожихыг түр зуур зогсоох төдий аргацаасан шинжтэй байсаар ирэв. Модон барилгын насжилт хэдийн хэтэрч, суурь болон гол нуруунууд нь чийгт идэгдсэн энэ үед мэргэжлийн сэргээн засварлалт хийхгүй бол бид 108 жилийн түүхтэй хосгүй өвөө үүрд алдахад ойрхон байна. Сэргээн засварлалт гэдэг нь зөвхөн дээвэр нөхөх бус, барилгын хийцлэлийг бэхжүүлж, үзмэр хадгалах чийгшил, дулааныг стандартын түвшинд барих цогц шийдэл байх ёстойг салбарын мэргэжилтнүүд анхааруулж буй.
Мөн музейн хүртээмжийг зөвхөн үүдээр нь орсон хүний тоогоор хэмжихгүй. Энэ нь иргэдийн түүхэн ой санамжаа сэргээх, хотын соёлд суралцах боломж байх учиртай. Гэтэл нийт сан хөмрөгийнхөө дөнгөж таван хувийг олон нийтэд үзүүлж байгаа нь хотын түүхийн 95 хувийг иргэдээсээ “нууж” байна гэсэн үг. Түүнчлэн дижитал музей, виртуал аялал зэрэг орчин үеийн шийдлүүдийг нэвтрүүлэх нь битгий хэл, жижигхэн талбайд нэг дор 20-иос олон хүн хү лээн авах боломжгүй байгаа нь сургуулийн сурагч, аялагч, жуулчдад соёлын үйлчилгээг бүрэн дүүрэн хүргэх боломжийг хязгаарлаж буйн илрэл гэлтэй.
ХОТЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГОЛ ЗАНГИЛАА БОЛГОЁ
Өдгөө дэлхий нийтээр “Соёлын бүтээлч үйлдвэрлэл”-ийг эдийн засгийн шинэ хөдөлгүүр хэмээн тодорхойлж байна. Үндсэндээ Улаанбаатар хотын музейг орчин үеийн менежментээр хөгжүүлж чадвал энэ нь зөвхөн төсвөөс мөнгө авдаг байгууллага бус, харин хотын аялал жуулчлалын гол зангилаа, эдийн засгийн эргэлт бий болгох боломжтой юм. Хотод ирж буй жуулчид хамгийн түрүүнд тухайн газрын түүхийг сонирхдог бөгөөд тохилог музей, дурсгалын дэлгүүр, кофе шоп бүхий соёлын цогцолбор болгож чадвал валютын урсгалыг татах бэлэн “хөрс” энд бий. Түүхэн барилга нь үл хөдлөх хөрөнгийн хувьд үнэлж баршгүй өв бөгөөд түүнийг сэргээн засварлаж, өргөтгөснөөр ойр орчмынх нь газрын үнэ цэн, соёлын нөлөөлөл нь дагаад өсдөг жамтай.
Угаас улс орнуудын хувьд түүхэнд мөртэй, туулсан замнал ихтэй гэдэг байр сууриа дэлхий дахинд тунхаглан зарлах хамгийн ухаалаг бөгөөд соёлтой аргуудын нэг нь музей, үзвэрийн цогцолбор газрууд болдог. Олон улсад нүүдэлчин гэдгээрээ илүүтэй танигдсан Монгол Улсын нийслэл Улаанбаатарыг орчин үеийн метрополис хот гэдгийг мэдэх гаднынхан ховор. Тэгвэл монголчууд бидний дэлхийн даяаршил, хөгжлийн хурдтай зэрэгцэн алхаж яваа түүхт улс гэдгийг батлах музей, соёлын газрууд өнөөдөр ийнхүү дээврээсээ эхлэн нурж буй нь харамсалтай. Тиймээс түүхээ хайрцаглаж хадгалаад, нийслэлийн удирдлагууд камер, компьютероор хуурахын оронд, үндэсний хэмжээний, орчин үеийн стандарт бүхий хотын түүхийн төв болгон шинэчлэх цаг болжээ.
Э.Сүйлэн