2026 оны гуравдугаар сарын 9. Даваа гараг. Ерөнхий сайд Г.Занданшатар “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксон нартай уулзав. Кейти Жаксон “Оюутолгой” төслийн менежментийн төлбөр, хувь нийлүүлэгчдийн зээлийн хэт өндөр хүү зэрэг асуудлаар тодорхой саналтай иржээ. Түүнийгээ танилцуулсан байна. Харин Ерөнхий сайд Г.Занданшатар “Тавьсан саналууд учир дутагдалтай байгаа тул хүлээн авах боломжгүй” гээд “Оюутолгой” төслөөс Монгол Улсад ногдох өгөөжийг 60-аас дээш хувьд хүргэх, хувь нийлүүлэгчийн зээлийн хүүг эрс бууруулах, менежментийн төлбөрийг бууруулах, улмаар 2030 оноос “Оюутолгой” ХХК менежментийн хувьд бие даан ажиллах, Монгол Улсад 2026 онд багтаан ногдол ашиг хуваарилах, “Онтрэ” компанийн лицензтэй холбоотой асуудлыг Үндсэн хуулийн 6.2-т заасны дагуу байгалийн баялгийн өгөөжийн дийлэнх ард түмэнд ногдох зарчимд нийцүүлэх зэрэг шаардлагыг тавьж байна” гэжээ. Засгийн газрын албан ёсны сайтад ийн мэдээлсэн байна.
2026 оны гуравдугаар сарын 11. Лхагва гараг. Засгийн газрын ээлжит хуралдааны дараа ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт “Ерөнхий сайд Г.Занданшатарын хатуу шаардлагад “Рио Тинто” буулт хийж, “Оюу толгой” ХХК-иас татварын акт болох 1.5 их наяд төгрөгийг төрийн дансанд өчигдөр шилжүүлсэн” хэмээн мэдэгдэв. Улмаар, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ч мэдээллийг тэр өдөр болон маргааш нь нэгэн жигд цацлаа.
2026 оны гуравдугаар сарын 12. Пүрэв гараг. “Оюутолгой” ХХК-иас дээрх үйл явдалтай холбоотойгоор Татварын нөхөн ногдуулалтын актын талаарх мэдэгдэл гаргажээ. Түүндээ “Татварын ерөнхий газраас сүүлийн хоёр жилийн хугацаанд “Оюутолгой” компанийн 2021-2022 оны татвар ногдуулалт, төлөлтөд хяналт шалгалт хийж, 2026 оны хоёрдугаар сарын 11-ний өдөр 220 сая ам.долларын татварын акт, 220 сая ам.долларын торгууль алданги буюу нийт 440 сая ам.доллар буюу 1.6 их наяд төгрөгийн татварын нөхөн ногдуулалтын акт ирүүлсэн. Хэдийгээр “Оюутолгой” компани энэхүү татварын акттай саналнийлэхгүйбайгаач үүгээр ногдуулсан1.6их наяд төгрөгийг хуульд заасны дагуу гуравдугаар сарын 10-нд бүрэн төлсөн. Татварын ерөнхий газраас “Оюутолгой” компанид гурван удаагийн акт ногдуулсныг ХөОГ-ний маргаан шийдвэрлэх заалтын дагуу нэг мөр шийдвэрлүүлэхээр МонголУлсынЗасгийн газар болон “Оюутолгой” компани хоёр талын зөвшилцлөөр 2020 онд Лондон хотын Олон улсын арбитрын шүүхэд хандсан бөгөөд арбитрын процесс үргэлжилж байна. Тус татварын акт нь Монгол Улсын Засгийн газартай байгуулсан Оюутолгойн ХөОГ болон холбогдох татварын хуульд нийцэхгүй гэж үзэж байгаа тул “Оюутолгой” компани энэ сарын 11-нд Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргаад байна. Цаашид татварын маргааны асуудлаар шийдэлд хүрэхийн тулд Монгол Улсын Засгийн газартай нээлттэй хэлэлцэж, хамтран ажиллахад бэлэн. “Оюутолгой” компани нийт 18 төрлийн татвар, төлбөр, хураамж төлдөг. Үүнээс дөрвөн төрлийн татвартай холбоотой маргаан үүссэн Г.Занданшатар загнаад төлүүлсэн гэх 1.5 их наядыг “Оюутолгой” руу алдангитай нь буцааж шилжүүлнэ бөгөөд энэ нь нийт төлж буй татварын 10 гаруй хувьтай тэнцэж байгаа юм. “Оюутолгой” компани нь Монгол Улсын шилдэг татвар төлөгчөөр жил дараалан шалгарч ирсэн бөгөөд Хөрөнгө оруулалтын гэрээ болон холбогдох хууль тогтоомжийн дагуу татвар, хураамж, төлбөрөө хугацаанд нь бүрэн, хариуцлагатай төлдөг. Тодруулбал, 2010 оноос хойш нийт 14.4 их наяд төг рөг буюу 5.5 тэрбум ам.долларыг татвар, ашигт малтмалын нөөц ашигласны болон бусад төрлийн төлбөр, хураамж хэлбэрээр төлөөд байна” гэжээ.
Тэгвэл өнгөрсөн долоо хоногт Засгийн газар, “Оюутолгой” ХХК (“Рио Тинто” компани)-ийн дунд өрнөсөн уулзалт хийгээд татварын нөхөн ногдуулалтын төлөлттэй холбоотой асуудал дээр манайхан баахан хөнгөдсөн байна. Учир нь “Оюутолгой” (“Рио Тинто”), ер нь хэн ч бай Монгол Улсын хууль, журмын дагуу нэгэнт тогтоосон татварын нөхөн ногдуулалтын актад дурдсан дүнг заасан хугацаанд төлөх ёстой. Татварын ерөнхий газрын даргын 2022 оны зургаадугаар сарын 24-ний А/70 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам”-ын 2.6-д “НӨАТ-ын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, үүнд хамрагдсан хугацааны албан татварын илүү төлөлтийг баталгаажуулан “НӨАТ-ын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан акт” үйлдэх, хамрагдах хугацаанд зөрчил илэрсэн тохиолдолд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэхээр бол Нөхөн ногдуулалтын акт үйлдэнэ” гэж заасан.
Татварын ерөнхий хуулийн 43.3-т “Татвар төлөгч нь энэ хуулийн 43.1-т заасны дагуу гомдол гаргасан нь ногдуулсан татвар, алданги, торгууль төлөхийг зогсоох үндэслэл болохгүй”, 50.1-т “Доор дурдсан хугацаанд төлөөгүй татвар, алданги, торгуулийг татварын өрд тооцно”, 50.1.3-т “Нөхөн ногдуулалтын акт, шийтгэлийн хуудсаар тогтоосон татвар, алданги, торгуулийн хувьд уг шийдвэрийг гардуулснаас хойш ажлын 15 өдөр” хэмээн заасан байна.
“Оюутолгой” ХХК-иас дээрх хууль, тушаалын дагуу 1.5 их наяд төгрөгийг Монгол Улсын Төрийн санд шилжүүлсэн байгаа юм. Өөрөөр хэлбэл, Г.Занданшатарт загнуулсандаа бус, Монголын хуулийг дагасандаа “Оюутолгой”-гоос 1.5 их наядыг шилжүүлжээ. Гэхдээ уг мөнгө ингээд Монголд “үүрд шингэхгүй” байж мэдэх нь. Тодруулбал, Татварын ерөнхий хуулийн 47.4-т “Маргаан таслах зөвлөл, шүүх татвар төлөгчийн нөхөн ногдуулалын актад гаргасан гомдол нэхэмжлэлийг ханган эцэслэн шийдвэрлэсний үр дүнд энэ хуулийн 47.3-т заасны дагуу урьдчил ан төлсөн татварын дүнгээс татвар төлөгчид буцаан олгох асуудлыг энэ хуулийн 49 дүгээр зүйлд заасны дагуу шийдвэрлэнэ”, 49.1-т “Татварын алба татвар төлөгчийн илүү төлсөн татварыг доор дурдсан дарааллын дагуу шийдвэрлэнэ”, 49.1.1-т “Буцаан олгох”, 49.1.2-т “Тухайн хугацаанд төлбөл зохих бусад татварт суутган тооцох”, 49.1.3-т “Татвар төлөгч зөвшөөрвөл дараагийн хугацаанд төлөх татварт суутган тооцох”, 49.2-т “Татвар төлөгч татварын өртэй бол энэ хуулийн 49.1-д заасан дарааллыг үл харгалзан татварын өрийг түрүүлж тооцно” гэж тус тус заажээ. Тиймээс, Г.Занданшатар загнаад төлүүлсэн гэх 1.5 их наяд төгрөг нь орлого уу, өр үү гэдэг асуулт гарна. “Оюутолгой” ХХК-иас мэдэгдсэнчлэн манай Татварын маргаан таслах зөвлөл болон Лондон хотын Олон улсын арбитрын шүүхийн шийдвэр тэдний талд гарвал уг мөнгийг тус компанид буцаана. Ингэвэл бид алданги төлөх юм байна. Учир нь Сангийн сайдын 2026 оны нэгдүгээр сарын 26-ны А/26 дугаар тушаалд “Татвар төлөгчийн хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй татварт тооцох алдангийн хэмжээг хоног тутамд 0.054 хувь, татварын албанаас үндэслэлгүй илүү хураасан татварт тооцох алдангийн хэмжээг хоног тутамд 0.045 хувь байхаар тогтоож, 2026 оны татварын жилд мөрдсүгэй” гэж зааж өгчээ. Товчхондоо, дээрх 1.5 их наядыг алдангитай нь эргүүлж төлөх магадлал өндөр гэсэн үг. Учир нь, Лондон хотын Олон улсын арбитрын шүүхэд өнгөрсөн оны намар бараг л “газардчихаад” байгаа юм. Гэтэл Засгийн газар, тэр дундаа ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт үр дагавар нь дэндүү тодорхой, цагаан дээр хараар бичсэн хуультай журамтай асуудлаар олныг төөрөгдүүлсэн мэдэгдэл хийсэн нь анхаарал татаж байна. Тэрбээр Ерөнхий сайддаа оноо авчрах гэв үү, аль эсвэл нэр хүндийг нь унагах санаатай байв уу. Ер нь бол “Оюутолгой” төсөл хөдөлснөөс хойших он жилүүдэд манай улс төрчдийн зүгээс ийм популизм төслийн ирээдүйд хангалттай хор уршиг тарьсан түүхтэй өнөөдрийг хүрч буй нь үнэн билээ.
Үргэлжлэл бий…
ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ