УИХ-ын өчигдрийн нэгдсэн чуулганы ирц бүрдсэнгүй. Нэг намын дарга олон улс төрийн хүчний төлөөлөл бүхий хууль тогтоох байгууллагыг удирдах нь зарчмын хувьд буруу, тиймээс Н.Учрал спикерийн ажлаа өгөх хүртэл чуулганд суухгүй гэж сөрөг хүчнийхэн мэдэгдсэн. Тэд энэ үгэндээ хүрэв. Гэхдээ УИХ-ын дэд дарга нарын нэг нь хурал удирдвал оролцоод явна гэсэн юм. Тэгвэл өчигдрийн чуулганыг УИХ-ын дарга Н.Учрал удирдахаар орж иржээ. Тэрбээр “Нэг намын дарга УИХ-ын дарга хийж болохгүй гэсэн ямар ч хуулийн заалт байхгүй. Тиймээс хуулиа л мөрдөнө” гэсэн тайлбар хийж, АН-ынхан дээрх шаардлагаа бичгээр огт өгөөгүйг сануулсан. Мөн нэгдсэн чуулганыг удирдахдаа аль болох л олон намын төлөөллийг хангах, мэтгэлцэх боломжийг бүрдүүлэх зарчим баримталдгаа хэлэв. УИХ-ын даргын захирамжаар байгуулсан ажлын хэсгүүдэд бүх нам, эвслийн төлөөллийг багтаадаг, олон ургалч үзлийг хүндэтгэдэг гэдгээ онцолсон юм. Мөн өвчтэй, гадаадад томилолттой гэх мэт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил таслахыг хориглосон хуулийн заалтуудыг уншив. Гэвч нэмэр болсонгүй. Үндэсний эвслийн гишүүд АН-ын бүлэгтэй санал нэг байгааг Н.Номтойбаяр гишүүн хэлнэ лээ. Тиймээс тус эвслийн дөрвөн гишүүн мөн нэгдсэн чуулганд оролцсонгүй.
Уг чуулганаар Засгийн газрын гишүүнийг чөлөөлж, томилох тухай Ерөнхий сайдын шийдвэртэй танилцахаас эхлээд хэлэлцэх асуудал олон байлаа. Гэвч ирц 40.5 хувиас дээш өссөнгүй. МАН парламентад олонх буюу 68 төлөөлөлтэй. Тэд сөрөг хүчингүйгээр ч ирцээ бүрдүүлэх хангалттай гишүүнтэй ч намынхан нь орж ирсэнгүй. УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ энэ талаар “Манай олон гишүүн өвч тэй, бас гадаадад томилолттой байна” гэсэн тайлбар өгчээ. Уг нь хаврын чуулган эхлэхэд 121 хүн “гозойж” байсан. Гэвч МАН дангаар ирцээ бүрдүүлэх болмогц л “алга болцгоочихсон” бололтой.
Үдээс хойших чуулганы ирц ч нэгэнт бүрдэхгүй нь тодорхой болсон тул АН, МАН-ын бүлгийн дарга нарт ирцээ бүрдүүлэх үүргийг УИХ-ын дарга өгснөөр хуралдааныг хойшлууллаа.