Хүүхэд хамгааллын тухай хуулийг 2024 онд шинэчлэн баталсны дагуу төрийн бүх байгууллага хүүхэд хамгааллыг хэрэгжүүлэх, дэмжих чиг үүрэгтэй болсон. Гэсэн ч шат шатандаа буюу эрүүл мэнд, боловсролын салбараас өгсүүлээд гэр бүлийн орчинд ч уг хуулийн наад захын зүйл, заалтууд хэрэгжихгүй, хүүхдүүд олон мянгаараа хүчирхийлэл, гэмт хэргийн золиос болсоор байгааг Цагдаагийн ерөнхий газраас нэгтгэсэн судалгаагаар ил болгов. Тиймээс Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын болон Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, ХЗДХЯ-ныхан хүүхэд хамгаалахтай холбоотой хууль, тогтоомжийг олон нийтэд сурталчлах, хуулийн хэрэгжилтийг хангуулахад тулгарч буй асуудлаар санал солилцох уулзалт зохион байгуулжээ.
Энэ үеэр Цагдаагийн ерөнхий газраас танилцуулсан мэдээллээр сүүлийн таван жилд хүүхдийн эсрэг гэмт хэрэг 11 446 бүртгэгдсэн байна. Үүний улмаас 12 026 хүүхэд хохирсныг албаныхан хэлсэн. Нийт гэмт хэргийн 18.2 хувь нь нийслэлд бүртгэгдсэн бөгөөд өнгөрсөн жилд бүртгэгддэг гэмт хэргийн тоо өмнөх онуудаас 2300 орчим тохиолдлоор буурсныг онцоллоо. Хэдийгээр гэмт хэргийн тоо ийн буурах хандлагатай байгаа ч хуралд оролцогч талууд цаашид хуулийг ягштал мөрдүүлэх, хамтын ажиллагааг сайжруулах, хүүхэд хохирсон тухай дуудлага, мэдээллийг шуурхай солилцох, олон нийтийг соён гэгээрүүлэх ажлыг үе шаттай зохион байгуулж, үр дүнг тайлагнах, эцэг, эхийн мэдлэг, боловсролыг дээшлүүлж, хариуцлагыг нэмэгдүүлэх шаардлагатай гэв.
О.Оргилох