Аливаа сонгуулийн дараа өөрсдийн “цүнх баригчид”, төлөөний хүмүүсээ албан тушаалд томилох, олон санал авсан ч эсрэг намын хүн гэх шалтгаанаар томилохгүй байх, ажлаас нь чөлөөлөх тохиолдол сүүлийн жилүүдэд элбэгшээд буй. Уг нь Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулж, жинхэнэ албан хаагчдыг намын харьяаллаар хоморголон халдаг явдлыг болиулсан гэж улс төрчид, Төрийн албаны зөвлөл (ТАЗ)-ийнхөн “попордог” ч амьдрал дээр арай өөрөөр хэрэгжсээр байгаа юм. Үүний бодит жишээ болсон хэрэг хоймор нутаг Хөвсгөлд гарч, аймаг, сум, багийн Засаг дарга нар нь холбогдсон билээ. Тодруулбал, Хөвсгөл аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Ш.Идэрбаясгалан, Мөрөн сумын Засаг дарга асан, өдгөө Тэнгис, Шишгэдийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны дарга гэх албан тушаалд очсон Д.Идэрмөнх, нэгэн компанийн захирал Х.Батсайхан, иргэн Д.Баасанцэрэн нарт холбогдох хэргийг гурван шатны шүүхээр хэлэлцэн эцэслэн шийдвэрлэсэн юм. Тэд чухам ямар хэрэгт холбогдож, тэнд юу болсон талаар уншигчдадаа хүргэе.
БАГИЙН ЗАСАГ ДАРГААР ТОМИЛОХ ТУШААЛ ГАРГААД ГУРВАН САЯЫГ ХАЛААСАЛСАН ГЭВ ҮҮ
Хөвсгөл аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгалантай холбоотой олон гомдлыг орон нутгийн иргэд нь АТГ, ТАЗ зэрэг байгууллагад гаргаж байж. Тэрбээр уг албан тушаалд томилогдсоныхоо дараа төрийн эгэл жирийн олон албан хааг чийг үндэслэлгүй халсан гэх. Уг нь Авлигын эсрэг болон Төрийн албаны тухай хуульд албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлахыг хориглохоор заасан. Гэвч Ш.Идэрбаясгалан нь эдгээр хуулийн хэд хэдэн заалтыг зөрчиж, аймгийн ЗДТГ-ын даргаар ажиллаж байсан Х.Гыг “Албаны эрх ашгийн эсрэг удаа дараа хууль бус шийдвэр гаргасан” гэх шалтгаанаар халах шийдвэр гаргаж, уг ажилд П.А гэх хүнийг түр орлон гүйцэтгэгчээр П.А-ыг томилсон аж. Мөн тус аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга асан Г.Э-ыг чөлөөлж, Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн мэргэжилтэн П.М-ыг томилох, байхгүй орон тоо бий болгож, түүнийг ажиллуулах үүрэг чиглэл өгсөн гэнэ. Энэ мэтээр Санхүүгийн хяналт, аудитын албаны, Орон нутгийн өмчийн газрын, Хөгжимт драмын театрын дарга, Орон нутгийг судлах музейн захирлыг чөлөөлөн, оронд нь нэр бүхий хүмүүсийг томилон тэдэнд давуу байдал олгосон гэж буруутгагдсан юм.
Түүгээр ч зогсохгүй Хөвсгөл аймгийн Мөрөн сумын VIII багийн Засаг даргаар иргэн Д.В-ыг томилуулахын тулд нэгэн компанийн захирал Х.Батсайханаас 2022 оны арваннэгдүгээр сарын 2-нд Ш.Идэрбаясгалан хувийнхаа ХААН банкны дансаар дамжуулан гурван сая төгрөгийн хахууль авсан гэх үйлдэлд холбогджээ. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар багийн Засаг даргыг томилох асуудал аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгаланд огт хамаарахгүй байтал ийнхүү эрх мэдлээ хэтрүүлж, нэгэн компанийн захирал Х.Батсайханаас хандив нэрээр гурван саяыг авч, хоёрыг нь өөртөө зарцуулсан нь хачирхалтай.
Мөн төрийн албанаас халагдсан Х.Г гэх хүнд давуу байдал олгож, ажилгүй байсан хугацааны цалин 27 сая гаруй төгрөгийг түүнд өгч, улсын төсөвт үлэмж хэмжээний хохирол учруулсан гэх үйлдэлд буруутгагдсан.
Энэ бүхний талаар Ш.Идэрбаясгалан мэдүүлэхдээ “Томилгоотой холбоотой асуудлуудыг Төрийн албаны тухай хуулийн 32 дугаар зүйлд заасны дагуу хийсэн. Энэ томилгооны зөрчилтэй асуудлууд нь Төрийн албаны тухай хуулиар ажлаас чөлөөлөгдөх үндэслэл болж байгаа болохоос биш, эрүүгийн хариуцлага хү лээх үндэслэл гэж би үзэхгүй. Би хэн нэгэнд давуу байдал үүсгэх гэж биш, харин энэ томилгоонуудыг хийхдээ хуульд нийцүүлэхийн тулд хавтаст хэрэгт дурдагдсан үйлдлүүдийг хийсэн. Томилсон хүмүүстэй ашиг сонирхлын зөрчил байхгүй гэдгийг АТГ-аас ирүүлсэн урьд чилан хянуулах тоотуудад тодорхой байгаа. Энэ томилгоотой холбоотой шийдвэр гаргах үед улс орон даяар “Ковид-19”-ийн цаг хугацаа үргэлжилж байсан. Төрийн албаны тухай хуульд үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон хү мүүс жинхлэхийн тулд тусгай шалгалт өгөх ёстой. Энэ шалгалтыг зохион байгуулах боломжгүй байсан учраас эдгээр томилогдсон зарим хүн жинхлэгдээгүй. Дээр хэлсэнчлэн шалгалтаа өгч жинхлэгдсэн. Багийн Засаг даргыг хэн нэгэн томилдог биш, Иргэдийн нийтийн хурлаас сонгодог. Би Д.В-ыг багийн Засаг дарга болоосой гэж дэмжиж, багийн иргэнийхээ хувьд дэмжиж оролцсон. Би Д.В-ыг дэмжсэн учраас Х.Батсайханаас хандив хүссэн. Аймгийн Засаг дарга байлаа гээд би хүнээс хандив, зээл авч болохгүй гэж хориглосон зүйл хуульд байхгүй...” гэжээ.
ГАЗАР ЭЗЭМШҮҮЛЭХ ЗӨВШӨӨРӨЛ Ч ҮНЭД ХҮРЧЭЭ
Хөвсгөл аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгаланд холбогдох хэрэгт Мөрөн сумынх нь Засаг даргаар ажиллаж байсан Д.Идэрмөнхийг холбогдуулан АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж, Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн юм. Тодруулбал, Д.Идэрмөнх нь нэгэн иргэнд VI багийн нутаг дахь “Жаст ойл” шатахуун түгээх станцын дэргэд орших 367 ам метр газрыг олгох шийдвэр гаргуулсныхаа хариуд 20 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт холбогдсон байдаг. Уг нь Газрын тухай хуулийн 21.3.2т “Аймгийн ИТХ-аас баталсан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд тухайн сумын Засаг даргын саналыг авсан байна” хэмээн тусгасан. Харин Д.Идэрмөнх нь 2023 оны гуравдугаар сарын 9-нд 01/191 дугаартай газар эзэмшүүлэх гэсэн утгатай албан бичгийг аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгаланд хүргүүлсэн аж. Улмаар Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын кадастрын асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Э-д “Аймгийн Засаг даргатай ярьсан байгаа. Тухайн газрыг эзэмшүүлэх Засаг даргын захирамжийн төслийг боловсруулж гарга” гэжээ. Ингээд маргааш нь уг газрыг худалдаа, нийтийн үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэх захирамж аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгалан гаргасан байна. Үүний дараа гуравдугаар сарын 15-нд нь Д.Баасанцэрэнгээс дээрх хэмжээний хахууль авсан үйлдэлд буруутгагдсан аж. Уг хэрэгт гэрчээр оролцсон тус аймгийн Газар зохион байгуулалтын албаны мэргэжилтэн мөрдөн байцаалтын шатанд “Б.Х гэдэг хүн 2023 оны хоёрдугаар сарын 28-нд аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгаланд газар эзэмших хүсэлт гаргасан. Уг хүсэлтийг аймгийн Засаг дарга тухайн өдөртөө манай руу цохсон. Гэтэл 2023 оны гуравдугаар сарын 9-нд Мөрөн сумын Засаг даргаас аймгийн Засаг даргад хүргүүлсэн албан бичиг болон Б.Х-ийн хүсэлтийг дахин ирүүлсэн. Ингээд Мөрөн сумын Засаг дарга Д.Идэрмөнх нь утсаар “Б.Х-ийн хүсэлтийн дагуу захирамжийн төслийг боловсруулаад аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгалан дээр яваад оч, би ярьчихсан байгаа” гэж яаравчлуулсан. Тэгээд би Мөрөн сумын Засаг дарга Д.И-ийн хэлсний дагуу Б.Х-д газар эзэмшүүлэх аймгийн Засаг даргын захирамжийн төслийг боловсруулаад Тамгын газарт очсон. Хуулийн хэлтсийн мэргэжилтнээрээ уг захирамжийн төслийн хянуулахад “Дуудлага худалдаагүйгээр нэг иргэнд давуу эрх олгож шууд газар олгож байгаа нь хууль бус” гэсэн саналыг бичсэн. Бид “Ер нь хууль зөрчиж байна, гэхдээ өгсөн үүргийн дагуу төслийг нь боловсруулаад оруулъя, Засаг дарга саналыг үзэж, хянаад өөрөө шийдвэр гаргана шүү дээ” гэж ярилцаад оруулсан” хэмээн мэдүүлжээ. Өөр нэг гэрч “Энэ 20 сая төгрөгийн гүйлгээ минийх биш. Д.Идэрмөнх уг гүйлгээг хийлгүүлсэн. Улмаар 20 сая төгрөг орсон уу, миний данс руу шилжүүлчихээрэй” гэж хэлснийх нь дагуу Д.Идэрмөнхийн Төрийн банкны дансанд нь шилжүүлсэн” гэсэн байна.
“КОВИД-19”-ИЙН ХУУЛИАР ХҮМҮҮСИЙГ АЖЛААС ЧӨЛӨӨЛСӨН НЬ ГЭМТ ХЭРЭГ БИШ ГЭЖ ҮЗЭВ
Ш.Идэрбаясгалан, Д.Идэрмөнх, Х.Батсайхан, Д.Баасанцэрэн нарт холбогдох хэргийг Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх 2025 оны дөрөвдүгээр сарын сарын 10нд хянан хэлэлцээд 2025/ШЦТ/114 дугаартай тогтоол гаргажээ. Ингэхдээ Ш.Идэрбаясгалан нь орон нутгийн зарим байгууллагын албан тушаалтнуудыг чөлөөлж, нэр бүхий хүмүүсийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон нь Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн боловч энэ нь тодорхой нөхцөл байдлаас шалтгаалсан гэж үзэхээр байна. Нэр бүхий иргэдийг томилсон цаг хугацаа нь УИХ-аас 2020 оны дөрөвдүгээр сарын 29-нд Коронавируст халдвар (Ковид-19)-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг батлан, мөрдүүлж байсан үед хамаарна. Энэ хуулийн үйлчлэлээр албан тушаалтныг сонгон шалгаруулахаар хуульчилсан зохицуулалтыг хуулийн үйлчлэл зогссон өдрөөс эхлэн тухайн хуульд заасан хугацааг баримтлан хэрэгжүүлнэ гэж заасан.
Түүнчлэн Төрийн албаны зөвлөлийн 2020 оны гуравдугаар сарын 12-ны Зохион байгуулалтын зарим арга хэмжээний тухай зөвлөмжид “Хорио цээрийн дэглэмийн хүрээнд төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалтын үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан тул албан ажлын зайлшгүй шаардлага, хүний нөөцийн хүрэлцээ, нөхцөл байдлын үнэлэлт, дүгнэлтэд үндэслэн тухайн төрийн байгууллагын сул орон тоонд төрийн албаны нөөцөд бүртгэлтэй иргэн, мэргэшил, ур чадвар, туршлагаараа тохирох нарийн мэргэжлийн хүнийг хөдөлмөрийн хугацаатай гэрээгээр томилон ажиллуулах асуудлыг тухайн үргэлжлэх хугацаанд шуурхай шийдвэрлэх” гэж зохицуулж байснаас харахад төрийн албан тушаалтныг сонгон шалгаруулах үйл ажиллагаа явуулахыг хориглосон байжээ. Ш.Идэрбаясгалан хууль, тогтоомжоор олгогдсон өөрийн эрх, үүргийн хүрээнд төрийн хэвийн үйл ажиллагааг, засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт нийцүүлэн, тухайн үеийн коронавирусийн онцгой дэглэмд нийцүүлж иргэдийг томилсон нь хувьдаа ямар нэг хонжоо олох, эсхүл эдийн бус аливаа ашгийг хичээж, албан тушаалаа урвуулан ашиглаж, албаны эрх ашгийн эсрэг бусдад давуу байдал бий болгох санаа, зорилготой байсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Тиймээс энэ үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэжээ.
Мөн Ш.Идэрбаясгалан, Д.Идэрмөнх нарын хууль бусаар газар олгосон үйлдлийг ч гэмт хэргийн шинжгүй гэж үзэв. Түүгээр ч зогсохгүй Ш.Идэрбаясгалангийн холбогдсон Мөрөн сумын багийн Засаг даргаар Д.В-ыг томилуулахын тулд компанийн захирал Х.Батсайханаас хандив нэрээр гурван сая төгрөгийн хахууль авч, хоёр саяыг нь өөртөө зарцуулсан гэх үйлдэл, төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулж, ажлаас халагдсан иргэнд 27 сая төгрөг олгосон нь гэмт хэрэг биш гэж анхан шатны шүүхийнхэн нь дүгнэсэн байв.
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг дарга Д.Идэрмөнхийг газар олгуулж, 20 сая төгрөгийн хахууль авсан гэх үйлдэл нь нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсонгүй гэж шүүгч А.Дөлгөөн, М.Эрдэнэ-Очир, Б.Ууганбаяр нар үзсэн юм. Харин тэд Д.Идэрмөнхийг Эрүүгийн хуулийн 17.3-2.1 дэх хэсгийн “Хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдүүлж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авах гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн” гэм буруутайд тооцжээ. Улмаар Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг дарга асан, өдгөө Тэнгис, Шишгэдийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны дарга гэх албан тушаалыг хаших болсон Д.Идэрмөнхийг 15 сая төгрөгөөр торгох ялаар шийтгэж, гурван жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр болсон байна. Харин түүнд хахууль өгсөн гэж буруутгагдсан Д.Баасанцэрэнгийн үйлдлийг гэмт хэргийн шинжгүй хэмээн хэрэгсэхгүй болгосон аж. Хөвсгөл аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх уг хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2025 оны долоодугаар сарын 2-нд хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх, цагаатгах тогтоолыг хэвээр үлдээсэн юм. Улсын дээд шүүхийн Эрүү гийн хэргийн танхимын шүүх бүрэлдэхүүн прокурорын эсэргүүцлийг хэлэлцэх, эсэхийг хянаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1-1 дэх хэсэгт заасан “Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, эл хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой зэрэг үндэслэлд хамаарахгүй” гэж дүгнэн хэлэлцэхээс татгалзсан аж. Ингэснээр өдгөө нийтийн албан тушаалтнаар томилогдоод буй Д.Идэрмөнхийг 15 сая төгрөгөөр торгосон ял хуулийн хүчин төгөлдөр болсон юм.
Уг нь Төрийн албаны зөвлөлөөс зарласан Байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны даргад тавигдах шаардлага, шалгуурт “Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаагүй” гэж заасан бөгөөд орон нутгийн шүүх нь Д.Идэрмөнхөд холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, авлигын бус, залилангийн хэрэгт гэм буруутайд тооцон ял шийтгэсэн нь нийтийн албанд ажиллах боломжийг бүрдүүлсэн гэхэд хилсдэхгүй нь.