Батлан хамгаалах яамнаас “Оюутан цэрэг” хөтөлбөрийг 11 дэх жилдээ хэрэгжүүлж, одоогоор 10 мянга гаруй залуусыг цэргийн алба хааснаар тооцон, нэгдүгээр зэргийн бэлтгэл үүрэгтнээр дүйцүүлээд байна. Энэ оны “Оюутан цэрэг” хөтөлбөрийн бүртгэлийг саяхан зохион байгуулсан бөгөөд залуусыг 13 мэргэжлээс сонгон суралцах боломж олгосноороо онцлогтой. Тэгвэл өнгөрсөн жил уг хөтөлбөрт хамрагдаж алба хаасан, ШУТИС-ийн Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн Холбооны инженерчлэлийн тэнхимийн III дамжааны оюутан Э.Батжаргалтай цэргийн амьдралынх нь талаар ярилцсанаа хүргэе.
-“Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдах шийдвэрийг хэзээ, яагаад гаргасан бэ?
-Цэргийн зарлан дуудах хуудас анх ирэх үед би ерөнхий боловсролын сургуулийн сурагч байсан. Дараа жил нь “Оюутан цэрэг”-т хамрагдах боломж гарч, эхний шатанд тэнцсэн ч эрүүл мэндийн шалтгаанаар хасагдсан юм. Харин өнгөрсөн жил уг хөтөлбөрт хамрагдахаар дахин бүртгүүлж, тэнцсэнээр II дамжаандаа албаа хааж чадсан. Сурахын хажуугаар албаа дүйцүүлнэ гэдэг оюутнууд бидний хувьд том боломж учраас хөтөлбөрт хамрагдахаар шийдсэн л дээ.
-Цэргийн бэлтгэл төсөөлж байснаас тань өөр байсан уу?
-Би хөдөө өссөн учраас багаасаа л хэрсүү, биеийн хүчний ачаалал даах чадвар сайтай байсан гэж өөрийгөө тоодог. Тиймээс надад “Оюутан цэрэг”-т байх хугацаанд хүнд хэцүү, шантармаар зүйл бараг гараагүй. Харин алба хаасан газар маань зундаа маш халуун. Миний өссөн газраас тэс өөр байсан учраас халуунаас жаахан халширсан шүү.
-Хэдий хугацааны дараа “Оюутан цэрэг” болдог юм бол. Хаана бэлтгэл, сургуулилалтад гарав?
-Хугацаат цэргийн албанд бүтэн жилийн хугацаанд үзэж, сурах зүйлийг ердөө дөрөвхөн сарын дотор маш шахуу хуваарь, дэглэмтэйгээр гүйцэтгэдэг. Дулааны улиралд хөтөлбөртөө хамрагдчихдаг учраас оюутнуудад хичээл цалгардаж, завсардах асуудал гардаггүй. Хөтөлбөрт хамрагдахын тулд эхлээд цахимаар бүртгүүлж, шаардлагатай бичиг баримтуудаа бүрдүүлж өгдөг. Дараа нь эрүүл мэндийн үзлэгт ороод тэнцчихвэл сургуульд сурч байхдаа л лекцийн танхимдаа хоёр сарын онлайн сургалтад хамрагдаж, ерөнхий эрдмийн мэдлэгтэй болчихдог. Ингээд зун хичээл амрах үеэр буюу зургаадугаар сарын 15-наас эхлээд практик дадлага, сургуулилалтдаа гарна. Миний хувьд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Зэвсэгт хүчний 167 дугаар ангид алба хаасан. Тэндээ л цэргийн бүх бэлтгэл, сургуулилалтаа хийсэн дээ.

-Хамт алба хаасан найз нөхөд, хамт олных нь уур амьсгал ямар байв?
-Танихгүй олон хүнтэй нэг дор байхад эхэндээ жаахан үл ойлголцох, бас биеэ барих тохиолдол гаралгүй л яах вэ. Гэхдээ энэ бүхэн түр зуурын л асуудал. Яваандаа бид байнга хамт бэлтгэл сургуулилалт хийж, чөлөөт цагаа ч мөн цугтаа өнгөрүүлдэг болсон. Ангийн уур амьсгал ч эерэг болж, амар тайван, сайхан байсан шүү. Хүмүүс цэргийн алба хаана гэхээр л хүнд хэцүү, зодуур нүдүүр дунд байдаг гэж эндүүрдэг. Манай хөтөлбөр лав тийм байгаагүй. -Алба хаах хугацаанд олж авсан ур чадваруудаас нь ирээдүйн амьдралд тань хэрэг болох зүйлс юу байсан бэ? -Цэрэг нь зэрэг хэмээх үгнээс гаралтай гэж манай салааны дарга үргэлж хэлдэг байсан. Тиймээс алба хаахдаа багаар ажиллах ур чадвараас гадна хүний үгийг хүлээцтэй сонсох, бусдыг ойлгох тал дээр илүү суралцсан гэж боддог. -“Оюутан цэрэг” байх нь хугацаат цэргийн албанаас юугаараа онцлог ялгаатай вэ? -Цэрэгт “явах” нь эр хүн бүрийн эх орныхоо өмнө хүлээсэн үүрэг нь билээ. Оюутнуудын хувьд сурч байхдаа хугацаат цэргийн албанд “мордчихвол” мэдээж хамгийн түрүүнд сургууль завсардах нөхцөл үүсдэг. Сургуулиа төгсөөд албаа хаах гэхээр бас л ажил, мэргэжлээ орхигдуулах асуудал гардаг. Тиймээс л өмнө нь дурдсанчлан “Оюутан цэрэг” хөтөлбөр бидэнд хамгийн тохиромжтой.
-“Оюутан цэрэг”-ийн хангамж хэр байв. Дутагдаж гачигдсан зүйл байсан уу?
-Цэргийн хангамж надад бол үнэхээр сайн санагдсан. Анхандаа мэдэхгүй, шинэ албанд татагдаж очихдоо зарим хэрэгцээт зүйлээ бэлдэж очсон л доо. Гэтэл бидэнд тийм зүйл хэрэг болоогүй, бүгдийг хангалтаар өгсөн.
-Цэргийн алба хаахын бахархал нь таны бодлоор юу вэ?
-Эх орон, элгэн саднаа хамгаалах нэгдүгээр зэргийн бэлтгэл үүрэгтэн болсондоо туйлын баяртай байдаг. Хүнд хэцүү цагт нь эх орноо хамгаалах мэдлэг, чадвартай болсон гэж бодохоор өөрөөрөө бахархдаг юм билээ. Цэргийн алба хаахын утга учир нь энэ болов уу.

-Өмнө нь “Оюутан цэрэг”-т хамрагдахад 11 мэргэжлээс сонгон суралцуулдаг байсан бол энэ жилээс 13 болгон нэмжээ. Эдгээрээс сонгосон мэргэжлээрээ үргэлжлүүлэн сурах боломжтой байдаг гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөөч.
-Цэргийн алба хаасан хэн боловч тухайн анги, байгууллагадаа үргэлжлүүлэн суралцах боломжтой байдаг юм билээ. Миний хувьд алба хаах хугацаандаа одоо суралцаж буй холбооны инженертэйгээ төстэй холбоочин мэргэжил сонгох боломж байсан. Гэвч би тэгээгүй. Сонирхолтой санагдаад артиллерын тагнуулч мэргэжил сонгон судалсан. Өөр зүйл туршиж үзэх хүсэлдээ хөтлөгдсөн гэх үү дээ. Сургалтын чанар ч сайн байсан. Бидэнд мэдлэг, чадвараа харамгүй хуваалцсан, зааж сургасан бэлтгэл офицер, ахлагч нар маань бүгд л өөрийн хариуцсан ажил мэргэжилдээ үнэнч, чадварлаг хүмүүс. Тиймээс энэ завшааныг ашиглаад сургалт, бэлтгэл хариуцсан офицер, ахлагч нартаа баярласан талархсанаа илэрхийлье.
-Хөтөлбөрт хамрагдах залууст юу захиж, зөвлөх вэ?
-Ирээдүйд “Оюутан цэрэг”-т хамрагдах дүү нартаа хандаж хэлэхэд бүх зүйл өөрөөс чинь л шалтгаална. Тиймээс зарим зүйлийг дараа гэж хойшлуулалгүй, ялангуяа цэргийн албаа одоо л зориглоод хаагаарай. Мэдээж хөтөлбөрт хамрагдахын тулд бие бялдрын хөгжил сайтай, эрүүл байх хэрэгтэй. Иймд эрүүл мэнддээ анхаараарай л гэж зөвлөе дөө.
П.Дайриймаа