Ойн газраас ойн хөнөөлт шавж, өвчний тархалт, голомтыг тогтоох судалгааг 16 аймгийн 137 сум, Улаанбаатар хотын ногоон бүс, Богдхан уулын болон Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газрыг хамруулан нийт 2.8 сая га талбайд хийсэн тайлангаа өчигдөр танилцууллаа. Уг судалгааны дүнгээр 2025 онд эдгээр газар нутгийн 435.4 мянган га талбайд нь ойн хөнөөлт шавжийн голомт илэрсэн байна. Үүнээс 292.9 мянган га талбайд устгал зайлшгүй хийх шаардлагатайг тогтоож. Энэ дагуу улсын төсвийн хөрөнгөөр 247.3 мянган га талбайд тэмцлийн ажил хийсэн гэнэ.
Ойн хөнөөлт шавжтай тэмцэх үйл ажиллагаа эрхлэгч дийн холбооны 19 гишүүн байгууллага, микробиологийн бэлдмэл үйлдвэрлэгч, нийлүүлэгчид, агаарын хөлгийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд судалгааны тайланг хэлэлцэж, ойн хөнөөлт шавж, өвчний судалгаа, тэмцлийн ажлын өнөөгийн нөхцөл байдал болон цаашдын чиг хандлагын талаар санал солилцож, хэлэлцүүлэг өрнүүлэв. Эдгээр байгууллага ойн хөнөөлт шавжтай жил бүр агаарын хөлгөөр, үүргийн шүршигчээр, нисгэгчгүй нисэх төхөөрөмжөөр, гэрлэн урхи тавих болон өндөг хусаж цуглуулах механик аргаар тэмцэж ирсэн ч тархалтыг төдийлөн бууруулж чадахгүй байгааг дээрх судалгааны дүн харуулжээ.
О.Ундрах