АН-ын жагсаалтын 16 дугаарт бичигдэн, УИХ-ын гишүүн болсон Ц.Мөнхтуяа хийж, хэрэгжүүлсэн ажлаасаа илүү хэл амаараа олонд танигдсан нэгэн. Парламент дахь хамгийн ёс зүйгүй гишүүдийн манлайд явдаг тэрбээр хараалын үгийг баруун солгойгүй цацаж, бүдүүлэг авираа нийгмийн сүлжээнд гайхуулж суудаг. Өөрийг нь шүүмжилсэн, үнэнийг ярьсан нэгнийг үг хэлээрээ сүрдүүлж, эрх мэдлээрээ далайлгадаг. Тэрбээр 2022 оны арванхоёрдугаар сард бүтэн өнчин дөрвөн хүүхдийг орон байртай болгоно хэмээн багш нараас хандив цуглуулсан ч үүнийгээ зориулалтын бусаар ашигласан нь нийгмийн сүлжээнд цацагдсанаар шуугиан тарьсан юм. Өнчин хүүхдүүдэд буян санаж, халуун сэтгэлээ дэлгэсэн олон түмний мөнгийг дур зоргоороо цацаж, холион бантан хутгасан гэдэг.
Тэрбээр тэдгээр хүүхдийн нэрийг барьж, нийт 80 сая төгрөгийн хандив цуглуулсан ч 25 сая төгрөгөөр нь багш нарын спортын тэмцээн зохион байгуулж, мөн энэ хэмжээний мөнгийг Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооны одоогийн дарга Д.Мөнхбаатарт шилжүүлсэн гэх мэдээлэл бий. Эцэст нь хүүхдүүдийг байртай болгосон ч гэрчилгээг нь эцэг өөр дүүгийнхээ нэр дээр шилжүүлсэн гэдэг бий. Харин уг асуудал олон нийтийн анхааралд өртмөгц 2024 онд орон сууцын гэрчилгээг хүүхдүүдийн нэр дээр шилжүүлжээ. Энэ асуудлаар түүнтэй нэгэн үе хамтарч ажиллаж байсан багш Б.Идэржавхлан үнэнийг илчилж, Ц.Мөнхтуяагийн “баг”-ийг хуулсан юм. Гэтэл тэрбээр хийсэн үйлдэлдээ гэмших нь бүү хэл, “Дөрвөн өнчин хүүхдийг хөөж гаргаад, оронд нь ядарсан ахмад багшийг оруулна” хэмээн аархсан. Өмнө нь мөн сошиал хуудсандаа “Өчүүхэн өт хорхой, мөнгөний боол, намайг чадах гээд өөрсдөө ниргүүлдэг шүү” гэж бусдыг сүрдүүлж байв. Түүний энэ мэт ёс зүйгүй үйлдэл, хэдэн багшийнхаа саналын буянаар гарч ирсэн хэмээн даналздаг байдлыг эсэргүүцэж, АН-ын нэр бүхий гишүүд эгүүлэн татах шаардлага тавьж байсан юм. Ц.Мөнхтуяа 1991 онд Дорнод аймгийн II сургуулийг дүүргээд 1991-1995 онд Дорнод их сургуульд бага ангийн багш мэргэжил эзэмшсэн хэмээн УИХ-ын албан ёсны хуудас дахь танилцуулгад дурдсан байна. Гэвч тус сургууль тухайн үед их сургууль биш, коллежийн статустай байсан төдийгүй түүнийг хуурамч дипломтой байж болзошгүй гэх. Тэрбээр 1994 онд сургуулиа төгсөх ёстой байсан ч шалгалтад тэнцээгүй, төгсөгчдийн нэр дотор түүнийх байхгүй хэмээн зарим хэвлэлд бичсэн байна. Мөн их сургууль төгссөн, эсэхээ өөрөө ч нотолж чаддаггүй.
Аймгийнхаа ерөнхий боловсролын сургуулиас эхлээд Улаанбаатар хотод багшилсан тэрбээр 2018-2024 оны хооронд “Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбоо” ТББын даргаар ажиллаж байгаад УИХ-ын гишүүн болсон азтай нэгэн. АН-ын үе үеийн эмэгтэй гишүүнтэй харьцуулахад боловсрол нимгэн гэгддэг тэрбээр Монголын олон мянган багшийн нэр төрийг уландаа гишгэж явна. Үүний нэг жишээ нь боловсролын салбарынхны эрх ашгийг хамгаалахын төлөө ажиллана гэж ярьдаг ч начир дээрээ хуруугаа ч хөдөлгөөгүй явдал. Өөрөөр хэлбэл, тэрбээр “Багш нарын цалинг нэмэхгүй бол нэвсийтэл ажил хаяна” хэмээн мэдэгдэж байсан ч боловсролын салбарынхан эрх, ашгийнхаа төлөө нэгдэхэд “Манай багш нар ажил хаяхгүй” гээд дэмжээгүй. Түүний үүсгэн байгуулсан “Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбоо” ТББ нь Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоонд бүртгэлгүй буюу статусын хувьд тус салбарыг төлөөлөх чадамжгүй юм. Гэтэл энэ байгууллага гишүүн багш нараасаа сар бүр нэг хувийн татвар авдаг гэх. Энэ мөнгөө чухам юунд зарцуулдаг талаарх мэдээлэл бүрхэг.
Олон мянган багшийн төлөөлөл хэмээн ярьдаг шигээ тэдний эрх ашгийг хамгаалахын төлөө ажиллах байтал төрийн бус байгууллагынхаа тэргүүн, өөрийн зөвлөх Д.Мөнхбаатартайгаа хүч хавсран Боловсролын сайдыг “унагах”-ын төлөө улайрах болсон. Тэрбээр ээлжит нэг лайвдаа “Та нар намайг төмөр хүн шиг явуулчихсан байна лээ шүү, багш нар аа, одоо биеэ бодъё” хэмээн агсарсан. Биеэ бодоод, үүрэгт ажлаасаа татгалзчихвал л багш нарын төлөө үйлдсэн буян болно шүү, эрхэм гишүүн ээ.
Ч.Болор