Энэтхэгийн Дели хотод хөнгөн атлетикийн хэт холын 50 км-ийн ДАШТ өнгөрсөн амралтын өдрөөр болж өндөрлөлөө. Тус тэмцээнд оролцсон Монголын багаас 60-аас дээш насныхны мастеруудын ангилалд Хөвсгөл аймгийн Рашаант сумын уугуул, “Амор тэнгис” ХХК-ийн ажилтан, 100 км, 12 цагийн гүйлтийн (мастер ангиллын) дээд амжилтын эзэн, олон улсын хэмжээний мастер (ОУХМ) М.Оюун-Эрдэнэ 50 км зайд дөрвөн цаг найман минут 43 секундийн амжилтаар тэргүүн байр эзэлж, дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоов.
Түүнчлэн Дархан-Уул аймгийн уугуул, хөнгөн атлетикийн шигшээ баг, ”Хурд” клубийн тамирчин, Б.Номин-Эрдэнэ (гурван цаг 20 минут 32 секунд) цагийн амжилтаар V байранд шалгарлаа. Тэрбээр улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоож, ОУХМ цолны болзол биелүүлжээ. Тэгвэл Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын уугуул, “Mongolian elite runners” клуб, Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн тамирчин, ОУХМ Б.Сарангуа (03.27.33) IX, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уугуул, “Хурд” клубийн тамирчин, улсын 100 км-ийн дээд амжилтын эзэн, ОУХМ Д.Бадамхатан (036.53.40) цагийн амжилтаар XX байр эзэлснээр багийн дүнгээр Монгол Улс IV-т шалгарсан байна.