“Хотын төсөвт асуудал байвал түүнийг баталсан нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал буюу Улаанбаатар хотыг удирдах дээд шатны байгууллагатай ярих хэрэгтэй. Хотын даргатай биш. Нийслэлийн ИТХ ээлжит бус IX хурлаар үнэмлэхүй олонхын саналаар баталсан төсөв шүү. Баянзүрх дүүргийнхэн бүтээн байгуулалтаа хийж, нийслэлд орлого нэмж төвлөрүүлэхдээ анхаарахын оронд албан тушаалд шунасан хувь хүний төлөө жагсах нь буруу. Би хотын даргын үйл хэрэг, үзэл баримтлалыг хатуу дэмжинэ” хэмээн нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай уржигдар мэдэгдэл гаргав. Яарвал даарна гэдэг дээ. Тэгш бус хуваарилалт, шударга бусаар төлөвлөсөн татвар, татаас, торгуулиас эхлээд нэлээд маргаан дагуулсан нийслэлийн төсвийн тодотголыг хотын дарга өөрөө боловсруулж, оруулж ирсэн байлтай. Хаврын улс төр хавирга нэвт жиндүүлэхийн дохио нийслэл даяар “хангинаж”, нутгийн өөрөө удирдах байгууллага нь гүйцэтгэх засаглалтайгаа түнжин хагарч, хоёр тийш харсан нь улс төрийн хариуцлагатай алба хашиж буй түшмэлүүдийн ээлж дараалсан мэдэгдлээс илэрхий байна.
Албан тушаалд шунасан хувь хүн гэдэг нь УИХ-ын гишүүн, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан бөгөөд түү нийг нийслэлийн МАН-ын хорооны даргын албан тушаалд санаархан,Баянзүрхийн намын хорооны даргын хувьд дүүргийн удирдлагууд болон төрийн албан хаагчдыг нь турхиран, Яармаг дахь нийслэлийн төр захиргааны байрны гадна жагсаал зохион байгуулсан гэж Х.Нямбаатарын ойр орчмынхон хардаж буй аж. Мөн төсвөөс нийт 720 сая төгрөгийг тус дүүргийн төрийн алба хаагчдад нийгмийн баталгаа, буцалтгүй тусламж нэрээр урамшуулал болгон олгосон баримтыг ч дэлгэн, “Баянзүрх дүүргийн төрийн алба хаагчид хэм хэмжээгээ мэдэхгүй бол би өөрийн эрх мэдлийн хүрээнд ажлаас чинь чөлөөлөх хүртэл арга хэмжээ авна шүү” хэмээн хотын мээр цахим хуудсаараа ил цагаан сүрдүүлнэ лээ. Хотын парламентад сүүлийн гурван сонгууль дараалан үнэмлэхүй олонх суудал авсан МАН-ынхан толгойгоороо хөл, хөлөөрөө толгой хийж тоглосоор уйдсан гэлтэй, дотроо Л.Оюун-Эрдэнийн фракц, У.Хүрэлсүхийн талынхан гэхчлэн хуваагдаад байсан бол одоо баянзүрхийнхэн, сонгинохайрханыхан гэсэн томоохон бүлэглэлийн хооронд цусгүй тулаан эхэлжээ. Ил тод, нээлттэй зарласан энэхүү дайны цаад шалтгаан нь Нийслэлийн намын хороогоо хэний тал авах вэ гэдэг өрсөлдөөн юм.
Энэ сарын 2-нд Улаанбаатар хотын төсвийн тодотголыг батлах сүүлчийн хэлэлцүүлгийн үеэр нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, Баянзүрх дүүргийн Засаг дарга Г.Жаргалсайхан “Нийслэлийн есөн дүүргээс ганцхан Баянзүрхэд татаасыг энэ жил 27.2 тэрбум төгрөгөөр нэмж, хамгийн өндөр орлого төвлөрүүлэхээр төсвийн тодотголд оруулж ирж байна. 2024 онд Сонгинохайрхан дүүрэг 28.3 тэрбумын татаас нийслэл хотод төвлөрүүлж байсан бол одоо энэ нь хоёр дахин буурсан. Гэтэл Баянзүрх дүүргийн татаасыг хоёр дахин нэмчхээд иргэдийнх нь төвлөрүүлсэн татвараар яагаад Адууны наадам хийхэд 4.5 тэрбумыг зарцуулах гэж байгаа юм бэ. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд найман тэрбум, Агро сити хэмээх одоо байхгүй хотын бүтээн байгуулалтад хоёр, хүлэмжид нь зориулж хоёр тэрбум төгрөг гэхчлэн иргэдэд нэн түрүүнд шаардлагагүй хөрөнгө оруулалтууд тусгасан хэрнээ Баянзүрх дүүргийн ганцхан хороонд Өрхийн эрүүл мэндийн төвийн барилга төлөвлөсөн. Харин Сонгинохайрхан дүүргийн долоон хороонд Өрхийн эрүүл мэндийн төвийн барилга шинээр барих гэж буй нь шударга бус санагдахгүй байна уу” хэмээн төлөөлөгчдөөс ам асууснаар зөрчил хурцадсан гэлтэй. Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид өнгөрсөн долоо хоногт мэдээлэл хийхдээ хоёр хүний асуудлаас болж 500 мянган иргэний ажил, амьдрал, эрх ашгийг ноцтой хөндөж буйг онцлоод, төлөвлөсөн татварынхаа орлогыг бууруулахыг шаардсан билээ. Тэдний хэлснээр сонгинохайрханыхан өнгөрсөн таван жилийн хугацаанд нийслэлд 63 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлсэн бол баянзүрхчүүд үүнээс 11 дахин их буюу 741 тэрбумыг Улаанбаатар хотод өгсөн хэрнээ хөрөнгө оруулалт нь тэнгэр, газар шиг зөрүүтэй тавигдаж иржээ.
Баянзүрх, Сонгинохайрхан хоёул нийслэлийн хамгийн том, хүн ам хамгийн олонтой дүүрэг. Нийслэл, дүүргийн ИТХ-д ч дээрх хоёр дүүргээс хамгийн олон төлөөлөгч МАН-аас сонгогдон ажиллаж буй. Гэтэл нэгийнх нь нийслэлд төвлөрүүлэх татварыг өмнөх оноос 44 хувиар нэмэгдүүлэн 214 тэрбум төгрөгт хүргэсэн атлаа нөгөөг нь бууруулсан гэхээр яах аргагүй анхаарах зүйл байх шиг. Гагцхүү таван жил загас мэт дуугүй явсан төлөөлөгч нар энэ сард гэнэт “хэлд орсон” нь мэдээж учиртай. Гээндээ ч, гоондоо ч бий гэдэг шиг хотын бүх шатанд бугшсан идээ бээрийг дотроос нь өөрсдөө шахан гаргаж буйгаараа энэ хаврын улс төржилт, эрх мэдэл, албан тушаалын төлөөх “зодоон” нэг талаасаа сонгогчдод хэн нь хэн бэ гэдгийг танихад ашигтай. Гэвч нөгөө талдаа нийслэлийн ИТХ, Засаг даргын зөрчилдөөн нь зөвхөн нэг намынхны эрх ашгийн асуудал биш. Үүний цаана нийслэл Улаанбаатар хотын урт, дунд хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөгөө хэрхэх вэ, утаа, түгжрэлийг шийдэх томоохон төслүүдийг гацаах вий гэсэн эрсдэл, болгоомжлол бодитоор урган гарна. Хамгийн гол нь жил ирэх тусам нэмсээр байсан нийслэлийн төсөв буюу татвар төлөгчдийн мөнгийг салхинд хийсгээд, хотын удирдлагууд өөрсдөө тал тал тийш талийж одох болбол төлөөс, золиос нь ард иргэдийн нуруун дээр ирнэ. Тэр цагт нийслэлийн МАНын хорооны даргын суудлыг Готов нь авна уу, Шадав нь авна уу, маньд огт хүртээлгүй байсныг фракцууд дагаж намирсан, хийрхсэн улстөржигсөд ойлголоо ч хожимдсон байх вий.
Нийслэлийн бодлого, төлөвлөлт нэгдсэн байдлаар урагшлах уу, эсвэл фракцын тэнцвэрийн дунд гацах уу гэдэг асуулт өнөөдөр хотын захиргааны коридороос эхлээд Төрийн ордон хүртэл цуурайтаж, нийслэлчүүдийн дунд ч чухлаар тавигдахад хүрлээ. Хэдийгээр Э.Бат-Амгалан хотын намын хорооны даргад санаархаагүй гэдгээ илэрхийлсээр байгаа ч МАН-ынхны хувьд том эх ашиг нь хатгавал УИХ-ын болон Засгийн газрын гишүүний “давхар дээл”-ээ тайлж шидчихээд нийслэл рүү зулардаг жишиг хэдийн тогтсон тул үгэнд нь итгэхэд бэрх. Энэхүү сонин урвуу логик нь нийслэлийн удирдлага бодлогын институц байхаасаа өнгөрч, нам доторх хүчний тэнцвэрийг зохицуулах улс төрийн талбар болж хувирсныг илтгэнэ. Нийслэлийн намын хороонд хэн нөлөөтэй байх вэ гэдэг нь “төв”ийнхөө улс төртэй огт салангид зүйл биш болсон учраас Ерөнхийлөгчийн нөлөө, Засгийн газрын тэнцвэр, нам доторх хүчний хуваарилалт гээд олон хүчин зүйл хотын улс төр дээр огтлолцдог. Тиймээс хотын захиргаа хавиар өрнөж буй зөр чил, маргаан үнэндээ нийслэлээс нэгэнт хальж, эрх мэдлийн илүү том тоглолтын нэг хэсэг болж хувирч байгаа бололтой.
Нөгөөтээгүүр, сүүлийн өдрүүдэд улс төрийн хүрээнд өөр нэг таамаг ч дуулдах болов. Хаврын чуулган эхлэхтэй зэрэгцэн Д.Амарбаясгалан, Х.Булгантуяа зэрэг гишүүнийг эгүүлэн татаж, нөхөн сонгууль явуулах тул хэн хэн нэр дэвших боломж шандастайгаа нотлох ажиллагаа явагдаж буй гэх. Тухайлбал, Х.Булгантуяагийн оронд нийслэлийн ИТХ-ын дарга А.Баярыг Баянзүрх дүүргээс УИХ-ын нөхөн сонгуульд нэр дэвшиж магадгүйтухайяриагарчээ.Хэрэвиймулстөрийн тооцоо үнэхээр бодит бол нийслэлийн өнөөдрийн зөрчил, фракцын хөдөлгөөнүүд хотын бодлогоос илүү дараа дараагийн сонгуулийн зураглалтай холбоотой байхыг ч үгүйсгэх аргагүй. Өөрөөр хэлбэл, хотын улс төр нийслэлийн асуудлыг шийдэхээсээ илүү том шатаар өгсөх тавцан болж хувирч байгаа хэрэг. Нийслэлийн ИТХ-ын даргаар сонгогдоод “Надад итгэл үзүүлэн улс эх орныхоо төлөө чин сэтгэлээсээ ажиллах боломж олгож, нэр дэвшүүлсэн хотын намын хорооны дарга Х.Нямбаатар, Баянзүрх дүүргийн МАН-ын дарга, Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн түр хорооны дарга, УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан болон Ерөнхий сайд, хотын удирдах зөвлөлийн гишүүд, хотын намын хорооны тэргүүлэгчид, гишүүд, журмын олон нөхөд, эрхэм төлөөлөгч та бүхэндээ баярлалаа” хэмээж байсан А.Баяр үнэхээр дээш өгсөж зодоглохоор шийдсэн бол түүнд нийслэлийн асуудал ердөө ч хамаагүй болно. Харин Сон гинохайрханаас тусгай сойлготой юм шиг илүүрхэж сонгогддог Х.Нямбаатараасаа “урвасан” үйлдлийг ах нар нь ишиг эврээ ургахаар эхийг мөргөжээ гээд өнгөрөөх болов уу.
Хамгийн гол нь МАН-ынхан ийнхүү дээр, дооргүй хоорондоо сүжрэх нь сүжирч, тэрсэлдэх нь тэрсэлдэн, эрх мэдлийн төлөөх удаа дараагийн нүүдлээр наймаалцаж эхэлбэл нийслэлчүүдийн төлсөн татвар, нийтийн эрх ашиг улс төрийн тооцооны дундах чимээгүй зардал төдий болж хоцорно. Нийслэлчүүд бидний хувьд энэ бүхэн огт өөр хэмжүүртэй. Туулын хурдны замыг барих уу, түгжрэл буурах уу, утаа арилах уу, дэд бүтцийн томоохон төслүүд урагшлах уу, хотын төсөв үр ашигтай зарцуулагдах уу гэдэг нь бидэнд л хамаатай, хариултгүй асуулт хэвээр үлдэх вий.
Л.Аргамжин