Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Азийн хөгжлийн банкныхан хамтраад хүнсний баталгаат байдлыг сайжруулах төслийнхөө хүрээнд IFSIRS систем хөгжүүлсэн байна. Үүнийгээ Улаанбаатар хотын хэмжээнд нэвтрүүлэх сургалтыг нийслэлийн ЗДТГ, Хүнс, хөдөө аж ахуйн газар, дүүргүүдийн хүнс, худалдаа, үйлчилгээний тасаг, нэгжүүдийн удирдлага, төлөөллийг хамруулан зохион байгуулж буй аж. Тус сургалтаар салбарын мэргэжилтнүүдийн мэдээллийн систем ашиглах мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхээс гадна хүнсний баталгаат болон аюулгүй байдлын менежментийг сайжруулах зорилготой. Мөн байгууллага хоорондын мэдээллийн уялдаа холбоог сайжруулах, эрсдэлийг эрт илрүүлэх, хариу арга хэмжээг оновчтой төлөвлөхөд чиглэж буй гэнэ.
Улаанбаатар хот нь хүн амын төвлөрөл, хүнсний хэрэглээ, нийлүүлэлтээрээ улсын тулгуур төв тул бүтээгдэхүүний тасралтгүй байдал, үнэ, чанар, аюулгүй байдлыг хангах асуудал анхаарал татсан хэвээр байгаа юм. Нийслэлийн хүнсний хэрэгцээний дийлэнх хувийг орон нутгаас болон импортоор хангадаг учраас мэдээлэлд суурилсан эрсдэлийн удирдлага, хяналтын тогтолцоог нэн тэргүүнд бэхжүүлэх шаардлагатай гэж төсөл хэрэгжүүлэгчид үзжээ. Үүний дагуу IFSIRS буюу Хүнсний баталгаат байдлын мэдээлэл, хариу арга хэмжээний нэгдсэн систем бий болгож, хүнсний бүтээгдэхүүний үнийн өөрчлөлтийг тогтмол хянах, салбарын хөрөнгө оруулалтын болон хангамжийн мэдээллийг нэгтгэн төвлөрүүлэх, дүн шинжилгээ хийх, лабораторийн шинжилгээний үр дүнд үндэслэн баталгаат байдлыг хангахаар болжээ.
О.Оргилох