Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар иргэд ирээдүйгээ зөвхөн улсын биш, хувийн нэмэлт тэтгэврийн санд даатгах, орлогын олон эх үүсвэртэй болох тогтолцоог бүрдүүлэх зорилгоор Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэв. Уг хуулийг баталснаар тэтгэврийн олон давхаргат тогтолцоонд шилжих боломж бүрдэх аж. Мөн хөрөнгийн зах зээлд урт хугацааны сан бий болно, бодит мөнгөн хуримтлал үүснэ, иргэд төлсөн шимтгэлтэйгээ уялдаатай тэтгэвэр авч, олон эх үүсвэр бү хий тэтгэврийн орлоготой болсноор мөнгөний хэмжээ нэмэгдэж, ахмад настны нийгмийн хамгаалал сайжирна, тэтгэврийн хуримтлал өвлөгдөнө гэж үзжээ. Нөгөө талд аж ахуйн нэгж байгууллагууд ажилтнаа тогтвор суурьшилтай ажиллуулах, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх нөхцөл бүрдэнэ, татварын хөнгөлөлтөөр дамжуулан ажил олгогчийг урамшуулна, хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, бүтээмжийг сайжруулах юм байна.
Өнөөгийн байдлаар 135 мянган хүн тэтгэврийн хуримтлал санал болгож буй даатгалын болон тэтгэврийн санд хамрагдаж, 80 орчим тэрбум төгрөгийн хуримтлал бий болгожээ. Түүнчлэн уг хуралдаанаар Нийтийн зориулалттай орон сууцын байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежментийн тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжлээ. Манай улсын хэмжээнд сууц өмчлөгчдийн холбооны тоо тогтмол өсөж, 2023 оны байдлаар 1676-д хүрчээ. Мөн СӨХ-дын нэр дээр 2.2 сая ам.метр газар ашиглах эрх бүртгэгдээд буй юм.