Улсын мөнгө уйлдаггүй гэдэг. Гэхдээ улсын мөнгө гэж байхгүй, татвар төлөгч жирийн иргэд бидний л хөрөнгө төсвийн тодорхой хэсгийг бүрдүүлдэг. Харамсалтай нь, улс, нийслэлийн төсвийг сүүлийн жилүүдэд хэт үрэлгэн зарцуулж, татвар төлөгчдийн мөнгийг үр ашиггүй, үхмэл хөрөнгө болгосоор ирэв. Үүний бодит жишээ бол автомашины салхины шилэн дээр наасан чип (тааг) болон түүнийг унших зориулалттай хотын гудамжуудад байршуулсан хавтгай төхөөрөмж, шонгууд. Энэ ажилд улсын төсвөөс 10 тэрбум төгрөг зарцуулсан ч “Бодь” ХХК-ийнхны хийсэн гэх уг ажил өдгөө үхмэл хөрөнгө болчхоод байхад өнөөдөр хэн ч ярихгүй, тоохгүй нь хачирхалтай.
НЭГ БҮРИЙГ НЬ 700 ТӨГРӨГӨӨР ТООЦСОН НААЛТЫН ШАГНАЛ НЬ 70 000
Одоогоос 2-3 жилийн өмнө автомашинаа үзлэг, оношилгоонд оруулах үед тээврийн хэрэгслийн салхины шилэнд QR бүхий наалт (тааг) нааж, оношилгооны ажилтан түүнийхээ зургийг гар утсаараа дарж байв. Ямар учиртайг нь тухайн үед лавлахад “Автомашины цахим гэрчилгээ заавал наах ёстой” хэмээн тайлбарлаж байсан юм даг. Гэвч өнөөг хүртэл тухайн наалтыг ашигласангүй. Уг нь эл цахим гэрчилгээг улсын хэмжээнд нэг сая гаруй тээврийн хэрэгсэлд наахаар тооцож байв. Түүнийгээ сурталчлахдаа “Жолоочийн татвар, хураамж, торгууль төлөлт, даатгал, оношилгоонд хамрагдсан байдалд алсаас хяналт тавих, алдагдсан тээврийн хэрэгслийг илрүүлэх, хариуцлагын тогтолцоог сайжруулах, цаашлаад тээврийн хэрэгслийн зорчилтын бүртгэлд тулгуурлан татвар, зам ашигласны төлбөрийг харилцан адилгүй тогтоох боломж бүрдэнэ” хэмээсэн. Түүгээр ч зогсохгүй тэр үеийн “Түгжрэлийн” сайд Ж.Сүхбаатар “RFID системээр дамжуулан замын хөдөлгөөний танхайрлыг зогсоож, зохиомол түгжрэлийг 20 хувь бууруулах боломжтой” гэж онцолж байсан нь хэвлэлүүдэд бичигдэн үлдсэн юм.
Тэгвэл зөвхөн QR бүхий наалт (тааг)-ыг нэг автомашинд 700 төгрөгөөр тооцон наалгаж байж. 100 тийм наалт наасны төлөө Автотээврийн үндэсний төв (АТҮТ)-ийн харьяа оношилгооны төвийн инженер, техникийн зарим ажилтан 70 000 төгрөгийн шагнал урамшуулал хүртэж байсан аж. Ингэж хөрөнгө зарж хийсэн ажил нь ямар ч үр ашиггүй, үхмэл хөрөнгө болчхоод байхад хариуцсан Зам, тээврийн яамныхан ч, Улаанбаатар хотын холбогдох байгууллагынхан, Замын хөдөлгөөний удирдлагын төв (ЗХУТ)-ийнхөн ус балгасан мэт дуугүй суугаа нь харамсалтай. Мэдээллийн технологийн үсрэнгүй хөгжлийн эрин үед амьдарч буй өнөө цагт автомашинд суурилуулсан QR бүхий наалт (тааг) хоцрогдсон бараа, бүтээгдэхүүн юм билээ. Тодруулбал, Сингапур, Өмнөд Солонгос зэрэг оронд ашиглаж байгаад хэрэглээнээс гарчихсан, дараа үеийнх нь технологийн дэвшилтэт бүтээгдэхүүнийг нэвтрүүлчихсэн байхад манайхан “хөгшин”, үеэ өнгөрөөсөн гэхэд хилсдэхгүй зүйл оруулж ирсэн гэдэг. Олон улсын зах зээлд уг наалтын нэг бүрийн үнэ нь 3-5 цент байхад манайд 700 төгрөгөөр борлуулж, машинд наасан нь үүнийг нэвтрүүлэгч “Бодь” ХХК-ийнхан багагүй ашиг олсон байх магадлалтай.
ТӨХӨӨРӨМЖ, СУУРЬ БҮТЦИЙГ АШИГЛАХ ТЕНДЕР ДАХИАД ЗАРЛАСАН ГЭВ ҮҮ
RFID технологийн хүрээнд нийслэлийн авто замын гэрлэн дохиотой 138 уулзварт 343, нэмэлтээр 11 байршилд шон суурилуулсан байдаг. Мөн нийслэлийн харьяа шалган бүртгэх найман товчоо, оношилгооны таван төвд радио давтамж тодорхойлох RFID уншигч төхөөрөмж 455-ыг тавьсан аж. Зарим гудамжинд шонг нь босгоод л орхисон, түүнд нь замын хөдөлгөөний таних тэмдэг буюу чиглэлийн тээврийн хэрэгсэл зорчино гэсэн самбар наасан нь ч бий. Өөрөөр хэлбэл, нөгөөх төхөөрөмжөө суурилуулаагүй, зориулалтын бусаар ашиглаж байгаа гэсэн үг. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн нутаг, Дөлгөөн нуурын уулзвараас “Хоймор” оффис явах замд ийм байдлаар ашиглаж буй шон дарааллаад гурав бий. Энэ нь RFID гэх технологи үр ашиггүй, татвар төлөгчдийн хөрөнгийг үрэн таран хийсэн ажил болсны илрэл.
Уг технологийг суурилуулахад чухам хэдэн төгрөг зарцуулсан бэ гэдэг нь ч толгой эргүүлэм. Тухайн үеийн Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төслийнхөн “Систем хөгжүүлэлтийг Албан журмын даатгагчдын холбооноос 10 тэрбум төгрөг гаргаж, энэ ажлын хүрээнд хийж байгаа” хэмээж байсан юм. Зөвхөн систем хөгжүүлэлт нь 10 тэрбумаас эхэлнэ. Тэгвэл үр ашиггүй, энд тэнд босгосон шонд ес, түүнд суурилуулсан хүлээн авагч төхөөрөмжид 20-иод тэрбумыг зарцуулсан гэх мэдээлэл бий.
Энэ технологийг суурилуулснаар Улаанбаатар хотын түгжрэл тодорхой хэмжээнд буурна гэж анх олон нийтэд албаныхан мэдээлж байсныг уншигчид санаж буй биз ээ. Тухайн үеийн “Түгжрэл”-ийн сайд Ж.Сүхбаатарын хэлж байсныг ч бид дээр дурдсан. Өнөөдөр энэ технологи Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад нэмэр болсон, эсэхэд уншигчид дүгнэлтээ хийх нь эргэлзээгүй. Албаны хүмүүс сүүлд нь ikon.mn сайтын сурвалжлагчийн “RFID цахим гэрчилгээг жолооч нар машиндаа нааснаар түгжрэлийг бууруулна, даатгал, татварын мэдээллийг нэг дороос хянах боломжтой гэдгийг албаныхан мэдээлж байсан. Туршилтын шатандаа хэрэгжилт ямар түвшинд явна вэ” гэсэн асуултад “RFID цахим гэрчилгээг нааснаар түгжрэлд нөлөөлнө гэдэг бол өрөөсгөл ойлголт. Энэ нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчмийн Big data буюу мэдээлэл цуглуулах арга хэрэгслийн нэг хэлбэр юм. Үүний зэрэгцээ камерын хяналтын систем, RFID tag болон бусад мэдээллийн технологийг ашиглаж буй. Ингэж хамтарснаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчим хаана хамгийн идэвхтэй, зорчилт хөдөлгөөн ямар цэгүүдэд төвлөрч байгаа зэрэг томоохон дата мэдээллийг цуглуулах боломжтой. Түүнээс биш, RFID tag суурилуулсны дараа шууд хөдөлгөөний эрчим, түгжрэлийг бууруулна гэсэн ойлголт байхгүй. Татвар, даатгал, торгуулиа төлөөгүй замын хөдөлгөөнд оролцож байгаа машины мэдээллийг ЗХУТ-д цахимаар хүргэх тоног төхөөрөмж. Дата мэдээлэл цуглуулах хэрэгсэл болохоос биш, түгжрэл бууруулж, түүнд нөлөөлөхгүй” гэсэн хариулт өгсөн юм.
Тэгэхээр албаныхан, эрх мэдэлтнүүд нь мэдээллээ дутуу дулимаг сонссон болоод олон нийтэд ташаа ойлголт төрүүлэхүйц байдлаар түгээдгийн бодит жишээ энэ. Анх энэ ажлыг нийслэлийн удирдлагаас санаачлан хэрэгжүүлж эхэлсэн түүхтэй. Гэвч хотын дарга нар солигдсоноор юу ч биш болсон гэхэд хилсдэхгүй. Энэ талаар нийслэлийн Засаг даргын Тамгын газрынхнаас тодруулахад “Манайх хариуцахаа больсон. Зам, тээврийн яаманд тендер шалгаруулах ажлын хэсэг гарч ажиллаж байгаа” гэсэн юм. Энэ нь төрийн ажлын залгамж чанар гэдэг зүйл байхаа больсныг харуулж буй хэрэг. Нэгэнт тендерт шалгараад төсвөөс татвар төлөгчдийн олон тэрбум төгрөг авсан “Бодь” ХХК-ийнхнаар ажлыг нь гүйцэд хийлгэж, үр дүнгүй бол хариуцлага тооцож, хар тамгаа даран дараа дараачийн тендерт оролцуулалгүйгээр хохирлоо нөхөн төлүүлэх арга хэмжээ авах нь шударга ёсонд нийцэх билээ.
ЗХУТ-ИЙНХӨН ЖОЛООЧ НАРЫН ХАЛААСЫГ СЭГСЭРЧ БАЙНА УУ
RFID системийг ашиглах гол байгууллага нь ЗХУТ. Гэвч тэдэнд уг төхөөрөмжийг албан ёсоор хүлээлгэж өгөөгүй, ашиглаж ч эхлээгүй хэдэн жилийн нүүр үзэж байна. Энэ системээр дата мэдээлэл цуглуулан хөдөлгөөний эрчим, гэрлэн дохионы шилжилт зэргийг тохируулж, зөрчилтэй тээврийн хэрэгслийг замын цагдаагийн алба хаагчдад мэдээлэхээр төлөвлөж байсан юм. Харамсалтай нь, систем ашиглалтад ороогүй учраас тэд ухаалаг систем (AI) гэгчээр торгууль бичиж иргэдийн халаасыг сэгсрэх боломжийг овжин ашиглаж байгаа гэхэд хилсдэхгүй. Хотод зогсоолоосоо хөдлөөгүй машин нийслэлийн аль нэг цэгийн Шалган бүртгэх товчоогоор гарлаа, огт яваагүй зам, орон нутагт зөрчил гаргасан мэтээр торгууль жолооч нарт очиж байгаа талаар иргэд фэйсбүүкийн группүүдэд зөндөө бичдэг. Харин ямар хариу арга хэмжээ авсан талаараа ЗХУТийнхөн ганц ч үг ганхийдэггүй. Тус төвийн камерын хяналтын систем хянагч болон гэрээт цагдаагийн офицеруудын дүрс харж бичсэн торгууль иргэдээ мөлжиж буй хэлбэр олон. Тухайлбал, камерын байршлыг санаатай юу, санамсаргүйгээр үү, буруу суурилуулсан тохиолдол бий. Тодруулбал, нэгдүгээр эгнээнд суурилуулсан зарим хяналтын камерыг хэлж болно. Аль нэг уулзвараар баруун гар тийшээ эргэх автомашин чиглэлийн тээврийн хэрэгслийн буюу замын нэгдүгээр эгнээгээр зайлшгүй дамжина. Гэтэл яг тухайн хэсгийн дээр нь суурилуулсан камерынхаа дүрсийг үндэслэн торгууль биччихдэг. Уг нь уулзварынх нь цаад талд суурилуулсан байвал баруун гар тийшээ эргэх тээврийн хэрэгслийн жолоочийг торголгүй өнгөрөх боломжтой. Тийм атал ЗХУТ-ийнхөн буруу байрлуулсан камераа овжноор ашиглан иргэдэд цахимаар торгууль ийн бичиж байна. Уг торгуультай нь эвлэрэхгүй нэгэнд давж заалдах боломж хомс. Уг нь аливаа шийдвэр, шийтгэвэртэй эвлэрэхгүй бол давж заалдах нь эрх зүйт төрийн дор амьдарч буй бидний үндсэн эрх. Гэтэл 15 хоногийн дотор торгуулиа төл, үгүй бол 50 хувиар нэмэгдээд явна гэж дарамталсан зурвас илгээж буй билээ.
Жишээ нь, баасан гарагт тээврийн хэрэгслээ худалдан борлуулж, нэрийг нь шилжүүлж буй тохиолдол олон. Энэ үедээ зарж байгаа нь ч юм уу, худалдан авагч тал зөрчил гаргах тохиолдол бий. АТҮТ-д очоод нэрээ шилжүүлэхэд ямар ч торгууль, төлбөр байхгүй хэмээн үйлчилгээ үзүүлдэг. Гэтэл даваа гарагт нь буюу зөрчил гарснаас хойш гурав хоногийн дараа цахим торгууль ЗХУТ-ийнхөн бичээд илгээчихдэг. Үүнээс үүдээд иргэдийн дунд маргаан үүсэж, АТҮТ-д хайнаа хагалуулахаар очиж байгаа юм.
ЗХУТ-ийнхөн өдгөө RFID систем бус, өөрийг ашиглаж буй юм билээ. Энэ талаараа “Системийг бидэнд хүлээлгэж өгөөгүй, бид ашигладаггүй. Зам, тээврийн яам болон “Бодь” ХХК-ийнханд мэдээлэл программ нь бий байх. Одоогоор бид RFID-аас өөрөөр, камерын ажиглалтаараа замын хөдөлгөөнийг хянаж байгаа. Нэгдүгээр эгнээний хувьд нэмж олон камер суурилуулсан учраас зөрчилд шуурхай хариуцлага тооцох болсон” хэмээж байв.
Ийнхүү RFID гэх систем, түүнийг дагаж суурилуулсан тоног төхөөрөмжийг улсад хүлээлгэж өгөөгүй, ашиглуулаагүй атлаа замын хөдөлгөөн, түгжрэлийг бууруулах чиглэлээр Дэлхийн банкнаас зарласан тендерт дахиад “Бодь” ХХК-ийнхан оролцож байгаа нь хэний ивээлд багтсаны үр дүн юм бол.