Нэрт сэтгүүлч, нийтлэлч Гомбожавын Отгонбаярын үйл хэрэг, дурсгалыг хүндэтгэн “Нийтлэлч Отгонбаяр” сангаас зохион байгуулсан “Сэтгүүл зүйн шилдэг бүтээл-2026” уралдааны шилдэг 15 бүтээлийн нэгээр шалгарсан, “Өнөөдөр” сонины тоймч О.БатУндрахын нийтлэлийг уншигчдадаа хүргэж байна.
Монгол Улсын хүн амын өсөлт саарч, сүүлийн 20 жилийнхээ хамгийн доод түвшинд хүрээд буй талаар хэн хүнгүй л мэдэж байгаа. Төрөлт яагаад буурах болсныг эмч, судлаачид ч өөр өөрсдийн өнцгөөр тайлбарлаж, олонх нь уг шалтгааныг агаарын бохирдол, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээ хангалтгүйтэй холбоотой гэж үздэг. Гэвч эдгээр нь ердөө өнгөц дүгнэлт юм. Хүүхэд хүнстэйгээ ирдэг гэх хуучны үг ч хэдийн ул болсон. Нэг хүүхэд төрүүлж, нийгэмд буюу хөдөлмөрийн зах зээлд “нийлүүлэх” дундаж зардал үлэмж өссөнийг эцэг, эхчүүд мэдэхийн дээдээр мэдэж буй. Харин төрөөс олгож буй дэмжлэг энэ бүх зардлынх нь нэг хувьд ч хүрэхгүй байна. Тиймээс л тэд хүн амын өсөлтөд “хуруу” нэмэхийг ч хүсэхгүй байгаа юм шүү дээ.
Цаашлаад төрөлт буурч байгаа нь зөвхөн өрх гэрийн асуудал биш. Энэ бол макро эдийн засгийн суурь тэнцвэрийг алдагдуулж болзошгүй, улс орны урт хугацааны бодлого, стратеги, эдийн засгийн өсөлт, хөдөлмөрийн зах зээл, төсвийн тогтвортой байдалд ч ноцтой заналхийлэл учруулах хэмжээний эрсдэлтэй үзэгдэл юм. Харамсалтай нь, үүнийг анзаарч, авч хэлэлцэх, эрүүлээр сэтгэх сөхөөтэй эрхтэн дархтан манай улсад даанч алга даа. Аливаа улсад хүн амын өсөлт саарсан цонх үеэс эхлэн 10-20 жилийн дараа хөдөлмөрийн зах зээл, 30 жилийн дараа төсвийн тогтвортой байдал, 40 жилийн дараа тэтгэврийн тогтолцоонд нь дарамт үүсгэдэг жамтай. Товчхон хэлбэл, төрөлт өнөөдөр буурвал эдийн засаг маргааш агшина л гэсэн үг. Төрөлтийн статистикаас харвал манайд ойрын 10-20 жилд эдийн засгийн суурь үзүүлэлтүүд “савлах” эрсдэлтэй харагдаж байна.
20 ЖИЛ ТОГТВОРТОЙ ХАДГАЛАГДСАН ТҮВШИН НЭГ РҮҮ “УНАХ” НЬ
2025 онд улсын хэмжээнд 56 695 хүүхэд мэндэлсэн нь өмнөх оныхоос 3500-гаар буюу 5.8 хувиар буурсан үзүүлэлт болов. Ингэснээр хүн амын ердийн цэвэр өсөлт өмнөх жилийнхээсээ 8.1 хувиар саарсныг Үндэсний статистикийн хороо (ҮСХ)-ноос тайлагнасан. Сүү лийн 10 жилийн үзүүлэлтийг харвал 2015 онд төрөлт түүхэн өндөр түвшинд хүрч, 82 мянга давж байжээ. Гэвч 2019 оноос хойш тогтмол буурсаар эдүгээ 1000 хүнд ногдох хүн амын цэвэр өсөлт сүүлийн 20 жилийнхээ доод түвшинд хүрээд буй нь энэ.
ҮСХ-ныхны тооцоолсноор, Монгол Улсын хүн ам 2033 онд дөрөв, 2047-2048 онд таван саяд хүрэх төлөвтэй байсан ч төрөлт үргэлжлэн буурсаар эл босго 5-6 жилээр хойшлох магадлалтай болчхоод байгаа юм. Улмаар нөхөн үржихүйн насны нэг эмэгтэйд ногдох төрөлтийн тоо эдүгээ 2.63 байгаа бол 2054 он гэхэд 1.96 болж буурах төсөөлөлтэйг НҮБын тайланд дурдаж. Тодруулбал, уг үзүүлэлт 1994 оноос хойш 20 жилийн турш хоёроос дээш түвшинд тогтвортой хадгалагдсан бол дараагийн 30 жилд нэг рүү “унах” нь ийн тодорхой боллоо.
ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ХООСОН ОРОН ЗАЙГ ХЭН НӨХӨХ ВЭ
Төрөлт нь улс орны эдийн засагтай салшгүй холбоотойг илтгэх өөр нэг баримт одоо өгүүлье. Манай улсад өмнө нь төрөлт эрс буурсан мөчлөг 1995-2005 оны хооронд тохиож байлаа. Эл үед эдийн засаг маш хүнд, жилд дунджаар 45-54 мянган хүүхэд мэндэлж байсан статистик бий. Эдгээр жилүүдэд төрсөн хүүхдүүд өдгөө ажлын голыг “нугалж” буй ч хөдөлмөрийн зах зээл хүн хүчний хомсдолд орчхоод байгаа нь дээрх цонх үетэй холбоотой юм. Төрөлт цаашид ч энэ эрчээрээ буурсаар байвал хүн амын насны бүтэц богино хугацаанд огцом өөрчлөгдөж, залуус цөөрч, өндөр настнуудын эзлэх хувь өснө. Эдийн засгийн хэлээр бол төрөлт буурсан хувь хэмжээгээр ажиллах хүчгүй болно л гэсэн үг.
Хүн амын өсөлт нь яг одоо аминд тулсан асуудал биш байж болно. Гэвч эдийн засагт нөлөөлөх механизм нь урт хугацаандаа дээр хэлсэнчлэн маш тодорхой бөгөөд аюул, эрсдэл дагуулах болно. Ажиллах хүч цөөрөх үед гурван үндсэн үр дагавар бий болдог гэдэг. Үүний нэгдүгээрт, үйлдвэрлэл, үйлчилгээний зэрэг олон салбарт хүний нөөцийн хомсдол нүүрлэнэ. Хоёрдугаарт, цалин хөлсний дарамт бий болж, эцэст нь, жижиг, дунд бизнесийн салбарынхан өрсөлдөх чадвараа алдана. Ингэснээр эдийн засгийн бодит өсөлт саарч, орон нутаг, орон сууцууд эзгүйрч, сургууль, цэцэрлэгүүд үүдээ барина. Ийм нөхцөл байдал улс орнуудад ч хэдийн үүсээд эхэлсэн.
Япон яг энэ үйл явцыг “биеэр” туулж буй улс. Тус улсад 1990-ээд оноос хойш төрөлт эр чимтэй буурч, хүн амын дундаж нас нэмэгдсэн нь өнөөдөр хөдөлмөрийн зах зээлд ноцтой дарамт үүсгээд байна. Одоо ч энэ бүхэн үргэлжилж буй. 65-аас дээш насныхан нийт хүн амынх нь 30 орчим хувийг эзэлж, ажиллах хүчний тоо тогтвортой буурсаар. Үр дагаварт нь улс орны эдийн засаг олон арван жилээр нэг түвшиндээ гацав. Манай хөдөлмөрийн зах зээл ч “хоосроод” эхэлсэн. Харин эл орон зайг хэн нөхөх нь тодорхойгүй.
АЖИЛЛАХ ХҮЧ 15-20 ХУВИАР БУУРВАЛ ТӨСВИЙН ОРЛОГО ТЭР ХЭРЭЭР ТАСАРНА
Эрүүл мэндгүй эдийн засаг, эдийн засаггүй эрүүл мэнд гэж үгүй билээ. Энэ зүй тогтлын адил хөдөлмөрийн зах зээл хумигдсанаар төсвийн орлого буурах нь тодорхой. Учир нь улсын төсвийн багагүй хувийг НӨАТ, хувь хүний орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэлээс бүрдүүлдэг. Эдгээр нь хөдөлмөр эрхэлж буй иргэдийн тооноос шууд хамааралтай.
Хөдөлмөрийн насны хүн ам нэг хувиар буурвал татварын орлого дунджаар 0.8-1.2 хувиар буурдаг зүй тогтолтойг судлаачид хэлдэг. Холбогдох байгууллагуудын төсөөлснөөр хэрэв 2045 он гэхэд ажиллах хүч 15-20 хувиар буурвал төсвийн орлого тэр хэрээр багасна. Үүний зэрэгцээ ахмад настнуудын тоо нэмэгдэх тул тэтгэвэр, эрүүл мэндийн зардал ч дагаад өснө. Өмнөд Солонгос үүний тод жишээ билээ. Дэлхийн хамгийн бага төрөлтийн түвшинтэй орнуудын нэг болох тус улс 2006 оноос хойш хүн амын өсөлтийг дэмжихэд 200 гаруй тэрбум ам.доллар зарцуулсан гэх судалгаа бий. Гэсэн ч дорвитой өөрчлөлт гараагүй, нөхөн үржихүйн насны нэг эмэгтэйд ногдох төрөлтийн түвшин нь 0.7-д хүрч, шалдаа буусан. Тиймээс л тэд төсвийн ирээдүйн дарамтыг бууруулахын тулд одооноос тэтгэврийн реформ, цагаачлалын болон эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх бодлого баримтлах зэрэг олон чиглэлд арга хэмжээ авч байна. Цаг алдах тусам зардал өснө гэдгийг тэд мэднэ.
МОНГОЛД НЭГ ХҮҮХЭД ТӨРҮҮЛЖ, НИЙГЭМД “НИЙЛҮҮЛЭХ” ЗАРДАЛ 200 САЯ ТӨГРӨГ
Төрөлтийг дэмжих, хүн амаа өсгөх бодлого манайд орхигдоод удаж буй. Гэтэл бодит байдалд нэг хүүхэд төрүүлж, боловсрол эзэмшүүлэн, хөдөлмөрийн зах зээлд “нийлүүлэх” нийгмийн болон өрхийн зардал хэд байдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй, анзаарч, авч хэлэлцдэг ч үгүй. Тэгвэл улсын сургууль, цэцэрлэгт суралцдаг, амьжиргааны түвшин дундаж өрх айл нэг хүүхдийг төрсөн цагаас нь эхлэн 22 нас хүртэл нь өсгөх, сургах, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх, дээд боловсрол эзэмшүүлэх хүртэл (өрхийн шууд болон төрөөс олгодог хувьсах зардал, боловсрол, эрүүл мэнд, дэд бүтэц, нийгмийн үйлчилгээ зэргийг хамруулан) 150-190 сая төгрөгийн нийлмэл зардал шаардагдах магадлалтай гэж тооцлоо. Хувийн сургууль болон гадаадад боловсрол эзэмшсэнээс шалтгаалан энэ тоо улам өснө.
Үүнийг задалж харуулбал, 0-2 насанд эхийн жирэмслэлт, төрөлттэй холбоотой зардал (эм, шинжилгээ, хяналт, нэмэлт үйлчилгээ)-аас эхлээд хүүхдийн живх, сүү, хоол, хүнс, хувцас, хэрэгсэл, асаргаа, өвдсөн тохиолдолд эм тан гээд жилд багадаа 8-10, хоёр жилд 20 гаруй сая төгрөг зарцуулах нь ч бий. Ингээд цэцэрлэгийн 3-5 насанд хоол, хувцас, хичээлийн хэрэгсэл, цэцэрлэгийн нэмэлт зардал, баярын арга хэмжээнүүд, эрүүл мэндийн зардал жилд багаар бодоход 6-8, гурван жилд 18-24 сая төгрөг шаардлагатай. Ерөнхий боловсролын сургуульд хүүхэд сургаж, өсгөх зардал бүр ч талийна. Хичээлийн хэрэгсэл, дүрэмт хувцас, өдрийн хоол, унаа, дугуйлан, спорт, гадаад хэлний курс, хувцас, гар утас, интернэт, эрүүл мэндийн зардал гээд жилд 8-12, үүнийг 12 жилээр үржүүлбэл 96144 сая төгрөг болно. Залгуулаад их сургуулийн дөрвөн жилийн төлбөрийг нэмбэл нийтдээ нэг хүүхэд өсгөж, нийгэмд “нийлүүлэх” бодит зардал 200 сая төгрөг давж буй юм. Мэдээж хэрэг энэ бүхнийг тооцоолж, эцэг, эхчүүд хүүхэд төрүүлж, бүл нэмдэг. Ийм өртгөөр “хүн болсон” хүмүүс ч улс, эх орондоо үүнээс ч ихийг хийж бүтээх нь дамжиггүй. Дундаж орлоготой иргэн хөдөлмөрийн насныхаа туршид татвар, шимтгэлээр дамжуулан төсөвт багадаа л 300-500 сая төгрөгийн шууд болон шууд бус орлого төвлөрүүлэх боломжтой гэж үздэг юм билээ. Тиймээс л гэр бүлүүдийг дэмжих замаар төрөлтийн муруйг “өргөж”, хүн амын өсөлтийг хурдасгах нь хамгийн оновчтой шийдэл аж.
НЭГ УДААГИЙН МӨНГӨН ТЭТГЭМЖ ТӨРӨЛТИЙГ ТОГТВОРТОЙ ДЭМЖДЭГГҮЙ
Хосууд өдгөө бүл нэмэхээс татгалзах болсонд орон сууцын үнийн өсөлт, зээлийн хатуу нөхцөл, инфляц, агаарын бохирдол, эрүүл мэнд, боловсролын тэгш бус орчин, сургууль, цэцэрлэгийн хүртээмжгүй, ажил, амьдралын тогтворгүй байдал, цалин хөлсний үнэмж тааруу, татварын дарамт их мөртлөө дэмжлэг байхгүй зэрэг нь голлон нөлөөлсөөр байгаа нь үнэн. Ер нь л “Ковид-19”-өөс хойш дэлхий нийтээр төрөлт жигд буурч, улс орнууд үгээ хэлж байна. Биднээс ялгаатай нь тэд бодит арга хэмжээ авч хэрэгжүүлдэгт л оршино.
Дэлхийн туршлагаас харахад нэг удаагийн мөнгөн тэтгэмж төрөлтийг тогтвортой өсгөдөггүй. Харин хүүхэд асрах үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, ажил, амралтын цагийг тэнцүүлэх, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хамгаалах, орон сууцын хөнгөлөлттэй зээлд хамруулах, үнийг бууруулах зэрэг урт хугацааны тогтвортой дэмжлэг л үр дүнтэй юм байна.
Франц улс нөхөн үржихүйн насны эмэгтэйд ногдох төрөлтийн түвшнийг 1.8 орчимд тогтвортой барьж чадсан цөөн орны нэг. Учир нь тэд 30 гаруй жилийн турш гэр бүлийн болон хүн амаа өсгөх бодлогыг тасралтгүй, системтэй хэрэгжүүлсэн билээ. Скандинавын орнууд хүүхэд асаргаа, цэцэрлэгийн үйлчилгээ, халамжийн сан, аюулгүй хөдөлмөрийн зах зээлтэй. Тиймээс эмэгтэйчүүд хөдөлмөрийн зах зээлд идэвхтэй оролцдог, хүүхдийн сайн сайхан байдлыг хангах бодлого нь ч хүрээмжтэй. Сингапур төрөлтийг дэмжихийн тулд гурван үндсэн чиглэлд урт хугацааны бодлого баримталсаар байна.
Харин Монголд бодлогын залгамж чанар муу, тасралтгүй үргэлжилдэггүй, ихэнхдээ улс төрийн мөчлөгтэй байдаг. Гэсэн ч хүн амын бодлого, стратегиа дөрөв биш, 40 жилээр тодорхойлоод, түүнийгээ тав, арваар нь шахаад явахад болохгүй гэх зүйлгүй. “Цалинтай ээж”ийн сар бүрийн 50, “Эхийн алдар” одонгийн жилд ганц олгодог 200, 400 мянган төгрөгийг хүн амаа өсгөх бодлого гэвэл том эндүүрэл. Хэдийгээр хүүхэд төрүүлэх нь иргэдийн сонголт мэт харагдавч улс орны хувьд бол үндэсний хэмжээний стратегийн асуудал юм шүү дээ. Монгол хүн бүр энэ улсын хамгийн үнэт баялаг, ирээдүйн татвар төлөгч, ажиллах хүч, инновац бүтээгчид учраас төр засаг төрөлтийг бодлогын төвдөө одоо л оруулахгүй бол хожим нь Япон, БНСУ шиг өчнөөн мөнгө “цацаад” ч оройтсон байх болно гэдгийг эцэст нь тэмдэглэх нь зүйтэй. Үндсэндээ Монгол Улсын хүн амын тоо ирээдүйн эдийн засгийг тодорхойлох учиртай юм.