Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2024 онд долоон хувьтай байсан бол өнгөрсөн жил 6.6 ор чимд хадгалагдсан бөгөөд үүнд малын тоо толгой нэмэгдэж, Оюутолгойн гүний уурхайн үйлдвэрлэл эрчимжсэн зэрэг хүчин зүйл нөлөөлжээ. Түүнчлэн манай улсын экспортын орлогын хэмжээ 2025 онд 15.7 тэрбум ам.долларт хүрч, тэр дундаа аялал жуулчлалын салбарын орлого 700 сая ам.долларын босго давсныг Үндэсний статистикийн хороо мэдээлсэн. Тэгвэл энэ онд Монголын эдийн засгийн өсөлт шинжээчдийн төсөөлснөөс буурч, 5.5 хувь хүртэл саарах төлөвтэй байгааг Дэлхийн банк болон Европын сэргээн босголт, хөгжлийн банк мэдээлэв. Азийн хөгжлийн банк мөн өнгөрсөн оны дөрөв болон есдүгээр сард гаргасан тайландаа эдийн засгийн өсөлтийг 6.6, 5.9 хувьтай байна гэж таамаглалаа бууруулсаар байсан юм. 2026 онд эдийн засгийн өсөлтийг уул уурхай, түүнийг дагасан тээвэр, худалдаа, үйлчилгээний салбарууд болон хөдөө аж ахуйн сэргэлт голлон тэтгэх хүлээлттэй байна. Уул уурхай, эрдэс баялгийн зах зээлийн таатай мөчлөг үргэлжилж, түүхий эдийн ханшийн өсөлт тогтворжих, эрэлт хэвээр хадгалагдах нааштай дүр зураг давамгайлж буй ч инфляцын нөлөө, хөдөө аж ахуйн салбарын эрсдэл зэрэг нь манай эдийн засгийг хойш “чангаах” шалтгаан болжээ. Өнгөрсөн арваннэгдүгээр сард инфляц 8.2 хувьтай гарсан бол одоо 7.5 хувьтай буй. Хэдийгээр цахилгааны тарифын нэмэгдэлтэй холбоотой нөлөө арилж эхэлсэн ч хүнсний үнийн өсөлт инфляцад хүчтэй “дэмжлэг” үзүүлсэн хэвээр байх тул энэ нь бодлогын хүүг бууруулах шийдвэрийг хойшлуулж болзошгүй гэнэ. Иймд Засгийн газраас хөрөнгө оруулагчдыг татах, хувийн хэвшлийг дэмжсэн татварын тодорхой бодлого хэрэгжүүлэх шаардлагатайг анхааруулжээ.
Г.Сансар