Монголын үндэсний болон сонгодог урлагийн шилдэг уран бүтээлчид Австри улсад аялан тоглолтоо толилуулахад бэлэн болжээ. Эх орноо сурталчлах зорилготой тус баг энэ сарын 17-нд Граз хотын “Minoriten Hall”-д, маргааш нь Линц хотын “Bruck-nerhaus Linz” соёлын төвийн “Middle Hall”-д уран бүтээлээ үзэгчдэд хүргэх юм.
“Authentic Mongolia” буюу “Жинхэнэ Монгол” хэмээн нэрийдсэн уг тоглолтыг Монголын найрал хөгжмийг дэмжигчдийн холбооны тэргүүн, удирдаач, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Буянбаатар санаачилж, Вена хотод төвтэй “Rieder рromotions” компанийн захирал Герхард Риедэрийн хамт зохион байгуулж байна. Хоёр байгууллагын хамтын ажиллагаа олон жилийн түүхтэй бөгөөд Монголын уран бүтээлчдийн бүрэн хэмжээний тоглолтыг Австрийн үзэгчдэд хүргэх бэлтгэл ажлыг жил хагасын өмнөөс эхлүүлжээ.
Төслийг санаачлан зохион байгуулагч Н.Буянбаатар “Бид хөгжмийн урлагийн өлгий болсон Австри улсын зөвхөн А зэрэглэлийн танхимуудад Монголын шилдэг уран бүтээлчдийг тоглуулахаар санал нэгдсэн. Энэхүү тоглолт амжилттай болсноор цаашид монгол уран бүтээлчдэд олон улсын зах зээлд ажиллах томоохон гарц нээгдэх юм. Тоглолтын бүрэлдэхүүнд ҮУИТ, ДБЭТ, Улсын филармони, “Морин хуур” чуулга, Монгол Улсын Консерватори болон “Улаанбаатар” театрын тэргүүлэх уран бүтээлчдээс гадна чөлөөт уран бүтээлч, хуурч Д.Шинэцог-Гени, лимбэчин Д.Даваасүрэн нарыг урьсан” хэмээв.
Хоёр хэсгээс бүрдэх уг тоглолтын эхнийхэд ЮНЕСКО-гийн биет бус соёлын өвд бүртгэгдсэн бий биелгээ, морин хуур, хөөмий, лимбэний битүү амьсгаа, цуур, ятга зэрэг язгуур урлагийн үзүүлбэрийг уламжлалт арга барилаар толилуулах юм. Удаах хэсэгт Монголын орчин цагийн хөгжмийн зохиолч Б.Шарав, Н.Жанцанноров, Ш.Өлзийбаяр, Б.Мөнхболд нарын концерт, романсуудыг эгшиглүүлэх аж.
Э.СОНДОР