Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Монгол, Оросын хамтарсан загасчлалын наадам Хөвсгөл аймгийн Ханх сумд өнөөдөр болно. Монгол, ОХУ-аас наадамд оролцох, сонирхохоор олон хүн Дорнын хөх сувдыг зорих нь тодорхой. Ханх сумд болох эл наадмын үеэр монгол, орос хүмүүс загасчлахаас гадна урлаг, соёл, спортын олон арга хэмжээнд оролцож, наадаж цэнгэдэг аж. Наадаж цэнгэх нь нэг хэрэг. Гэсэн ч наадамд оролцогчид хийгээд үзэж сонирхохоор очиж буй хүмүүсийн аюулгүй байдал, дэг журам сахиулах нь юу юунаас чухал билээ. Хатуу архины хэрэглээ өндөртэй хоёр улсын иргэд наадах юм байна. Халамцсан хүмүүс нуурын мөсөн дээгүүр машин тэрэгтэйгээ дураараа давхин осолдох вий. Зохион байгуулагчид энэ мэтийг бодолцсон гэж найдъя.
Хөвсгөл нуур тухайн жилийн цаг агаараас шалтгаалан олон жилийн дунджаар 80-100 см зузаан хөлдөж иржээ. Ийм тул хойд хөршөөс шатахуун, гурил, үрийн будаанаас эхлээд төрөл бүрийн ачаа тээвэрлэдэг байсныг өнөө хэр арай ч мартчихаагүй байна. Тэгвэл дэлхийн дулаарлаас үүдэн сүүлийн жилүүдэд нуурын мөс 40-50 см л хүрэх болжээ. Ачааны машин явалтгүй болсон. Хэдий тийм ч далай ээжийн өвлийн үзэсгэлэнг үзэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх олон арга хэмжээ зохион байгуулдаг болсон тул гадаад, дотоодын иргэдийн хөл хөдөлгөөн улам нэмэгдэж буй.
Иргэдийн хөл хөдөлгөөнийг дагаад осол, хүний амь нас үрэгдсэн тохиолдол ч өсөх болсон. Тухайлбал, өнгөрсөн шинийн 1-нд айлчин золголт хийж явсан гэр бүлийн долоон хүн хар хилд цөмөрч, аав, хүү хоёр амиа алджээ. Олон хоног эрэн хайж, сүүлдээ ар гэрийнхнийх нь хүсэлтээр эрлийг зогсоохдоо тулаад байж . Аврагч, шумбагчид уржигдар живсэн машиныг нуурын 120 м-ийн гүнээс олж, одоо татаж гаргах ажиллагааг эхлүүлээд байгаа аж. Хуучин нийгмийн үед нуурын мөсөн дээгүүр эргүүл шалгалт тогтмол хийж , хар, цагаан хил гарсан тохиолдолд байнгын пост ажиллуулан, тээвэрчид, зорчигч иргэдийн аюулгүй байдлыг хангадаг байсан юм билээ. Харин сүүлийн 20 гаруй жилд энэ ажил мартагдсан гэхэд болно. Их сайндаа зарим жил анхааруулах тэмдэг тавихаас өөр дорвитой арга хэмжээ авахаа больсон гэх. Хүн живж, машин осолдвол тус аймгийн Онцгой байдлын албаныхан дуудлагаар очдог ч оройтсон байх нь олонтоо. Аюултайг нь мэдсээр байж, дөргүй бух шиг зүтгэх иргэдийг бас яалтай билээ. Тэгээд буруугаа төрийн байгууллага, албан хаагчдаас болсон мэтээр аашилдаг.
Хөвсгөл аймаг, Дархадын хотгор, Далай ээж, цаатны ахуй амьдрал, мөсний баяр нь манай аялал жуулчлалын нэг гол бүтээгдэхүүн. Тиймээс гадаад, дотоодын аялагч, жуулчид ийшээ олноор очдог. Тэдний аюулгүй байдлыг хэрхэн хангаж байгаа вэ. Наад зах нь мөсөн дээгүүр зорчигчдод зориулсан замын чиглэл, тэмдэг, тэмдэглээ гэх юм бараг байдаггүйтэй адил гэж аяллын хөтөч нар ярьдаг. Энэ үед жолооч нарын туршлагад л найддаг аж.
Ийм нэг аюултай тохиолдлын талаар сонссон юм. БНСУ-ын дөрвөн жуулчин (хоёр эрэгтэй, хоёр эмэгтэй) 2025 оны шинэ жилийн өмнө цаатны ахуй, амьдралыг үзэхээр Хөвсгөлийг зорьжээ. Тэд мэдээж манай аялал жуулчлалын нэгэн компанид захиалга өгч ирсэн байна. Тэгээд зорьсноо дуусгаад буцаж явах замд нь мөс цөмөрч, машинтайгаа живсэн аж. Хөтөч залуугийн овсгоо самбаа, жуулчдын нэг нь тэнгисийн цэрэгт алба хаасан туршлагатай байж таарч, бусдыгаа аварчээ. Үүрэн холбооны ямар ч сүлжээгүй газар байсан тул цас, мөсөөр салхины хаалт хийж, ойр зуурын эд зүйлээ шатаан шөнийг өнгөрөөсөн байна. Нэг жуулчин бүсгүй шокт орж, халуурч бүлээрсээр өглөөтэй золгож. Хөтөч залуу сүлжээ хайн явсаар арай гэж Хөвсгөл аймгийн Онцгой байдлын албаныхантай холбогдон тусламж дуудсан аж. Нутгийн иргэд ч ирсэн байна. “Ус уух хувьтай хүмүүс явж дээ. Та нарын машин нуурын дотор байдаг жижигхээн довны орой дээр тогтож. Хэрэв аль нэг тийшээ ганц алхам хазайсан бол 60 метр гүнд живэх байжээ” хэмээн нутгийн иргэн ярьж зогссон гэдэг.
Манайхан яах вэ, ийм юм болоод өнгөрсөн талаар өөр хоорондоо бараг амны зугаа болгон яриад өнгөрсөн биз. Харин тэр дөрвөн солонгос жуулчин нутагтаа очоод юу ярьсан бол. “Монголын аялал жуулчлалын компаниуд жуулчдынхаа аюулгүй байдлыг хангадаггүй, аяллын дэд бүтэц гэж авах юм байхгүй” гэж нэгэндээ анхааруулсан нь лавтай. Иймд эрхэлсэн яам, агентаг, компаниуд аяллын бүс нутгийнхаа замын аюулгүй байдал, машин тэрэгний бүрэн бүтэн байдал, жолооч нарын мэргэшсэн байдал зэргээ стандарт нийцүүлэхгүй бол олон сая жуулчин хүлээн авах нь талаар болох вий. Алийн болгон “Фургон”-той болгоныг хөлслөх вэ.
Нөгөө талаар “Нуурт осол эндэгдэл гарах бүрд Далай ээж хилэгнэж байдаг” гэж нутгийнхан ярьдаг юм байна. Урагшгүй төрийн алба, ухамсаргүй иргэдээс болж Далай ээжийгээ хилэгнүүлсээр байх уу.
Д.Заяабат