“Хүнс, хөдөө аж ахуйн салбарын эмэгтэйчүүдийн олон улсын жил”- ийн нээлтийг өчигдөр Улаанбаатарт зохион байгууллаа. Энэ нь Монгол Улсын хүнс, хөдөө аж ахуйн салбарт үнэтэй хувь нэмэр оруулж, хөдөөгийн амьжиргааг дэмжих, уламжлалт хөдөө аж ахуйн мэдлэг, туршлагыг өвлүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж буй эмэгтэйчүүдийн хөдөлмөр, манлайллыг тодотгох зорилготой арга хэмжээ юм. Уг арга хэмжээг нээж Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг “Бид энэ жилийн хүрээнд хэд хэдэн чиглэлд бодитой ахиц гаргахыг зорьж байна. Тухайлбал, юуны түрүүнд эмэгтэйчүүдийн мэргэжлийн ур чадвар, мэдлэг, боловсролыг нэмэгдүүлэх. Түүнчлэн зээл, даатгал, хадгаламж зэрэг санхүү, эдийн засгийн боломжийг нь сайжруулах. Инновац, технологийн шийдлийг нэвтрүүлж, эмэгтэйчүүдийн ажлын ачааллыг багасаж, бүтээмжийг өсгөнө” гэлээ.
Харин НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийн газраас Монгол орны хүнс, хөдөө аж ахуйн салбарын гол хөдөлгөгч хүч болсон малчин эмэгтэйчүүд нь хүнс үйлдвэрлэл, мал сүргийн маллагаа, байгалийн нөөцийг хамгаалах, уламжлалт мэдлэгийг хадгалах, ахуй амьдралаа авч явах зэрэг олон үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, эмэгтэй фермерүүдийг дэмжих нь зөвхөн тэгш эрхийн асуудал биш, хүнсний аюулгүй байдал, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэсвэрлэх чадварыг сайжруулах зэрэг ач холбогдолтойг тодотгов. Ташрамд дурдахад, 2021 оны байдлаар дэлхийн хүнс, хөдөө аж ахуйн салбарын хөдөлмөрийн зах зээлийн 41 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлж байсан бол манай улсын хувьд тус салбарт ажиллаж буй 689 000 хүний 48 хувь нь бүсгүйчүүд байв.
С.Цэрэн