Хотын дарга Х.Нямбаатар 2024 оны хоёрдугаар сарын 3-нд Урт цагааны нэг га орчим талбайд Улаанбаатар хотын хамгийн том цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөснөө мэдэгдсэн. Тэрбээр “Доороо 196 машины зогсоолтой, дээрээ ногоон байгууламжтай байхаар тооцоолсон. Нийслэлд ирсэн орон нутгийнхан, гадаадын жуулчид ч энэ гудамжийг үзэх учраас Монгол Улсын түүхийн судалбар зургуудыг байрлуулахаар төлөвлөсөн” гэж байв. Харин энэ удаа Гандантэг чэнлин хийдийн орчимд 1.8 га газар чөлөөлж, цэцэрлэгт хүрээлэн байгуулахаа мэдэгдээд байна. Бүр газар чөлөөлөх ажлаа эхлүүлчихсэн. Цаашлаад Гандангийн 55 га газрыг бүхэлд нь чөлөөлж, хамгийн том цэцэрлэгт хүрээлэн болгох тогтоол батлах гэнэ. Энэ нь хадны цуурай мэт чихэнд нэг л тааламжгүй сонсогдоно.
Өмнө нь “Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийг нурааж, цэцэрлэгт хүрээлэн нэртэй цэцэрлэгийн багачууд ч саатахгүй, хэдэн төмөр сараалж л “овоолж” орхисон. Хүүхэд, хөгшидгүй нарлах сайхан бүтээн байгуулалт сүндэрлэнэ гэж хүлээсэн иргэдийн урам хугарч, итгэл алдрав. Усан толио, будант оргилууртай хэмээн онцолж байсан эл бүтээн байгуулалтад нүд баясгаж, сэтгэл сэргээх зүйл нэгээхэн ч алга.
Урт цагааны цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг татвар төлөгчдийн 44 тэрбум төгрөгөөр “Бодь Пропертийз” ХХК гүйцэтгэсэн. Ганц жишээ хэлэхэд, “Рио Тинто” компани Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 28 тэрбум төгрөгөөр 10.2 га талбайг ногоон байгууламж болгож чадсан. Амрах ногоон зүлэг, хүүхдийн тоглоомын талбай, иргэдийн тухлах сандал, сүүдрэвч, усалгааны иж бүрэн систем, цөөрөм гээд ая тухтай орчин бүрдүүлсэн билээ. Гэтэл үүнээс арав дахин бага талбайд хоёр дахин их хэмжээний хөрөнгө зарцуулсан хэрнээ Урт цагааны цэцэрлэгт хүрээлэн гэж ичмээр л юм болсон доо. Урт цагааныг буулгаснаар энэ хавь “амьгүй” болсныг иргэд хэлж байв. Нийслэлчүүд оёдол чин, үсчин, цаг засварчин гээд үйлчилгээний газруудаа үгүйлж буйгаа ч нуугаагүй.
ХҮРЭЭНИЙ ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ ЦОР ГАНЦ ТҮҮХЭН БҮС
Нийслэлийн Засаг дарга ийн XX зууны Улаанбаатарын бүтээн байгуулалтын үеийн түүхийг өгүүлэх ууган барилгуудын нэг Урт цагааныг “нүд ирмэхийн” зуур буулгасан шигээ хотын түүх соёлын үнэт өв Гандангийн дэнжийг сүйдлэхээр ханцуй шамлан улайрч буйг эсэргүүцэх судлаач, иргэн цөөнгүй байна. Түүхэн талаасаа ямар ач холбогдогдолтойг хотын түүх судлаач Г.Оч баяраас тодруулахад “Гандангийн дэнжийн гэр суурьшлыг орчин үеийн болгон өөрчлөх нь зайлшгүй шинэчлэл мөн боловч түүнд шингэсэн түүхэн оройн зайн бүтэц, соёлын дурсгалыг авч үлдэхгүйгээр тэр чигт нь буулгаж, устгах нь буруу. Гандан бол Улаанбаатар хотын түүх, соёл, аялал жуулчлалын том брэнд төдийгүй Монгол Улсын цор ганц, бодитоор хадгалагдан үлдсэн хүрээ хийд, гэр суурьшлын цогц бүс. Нүүдэлчдийн сэтгэлгээ, хүрээ хотын соёлын “амин сүнс”-ийг тээж буй сүүлчийн түүхэн бү тэц бүхий газар юм. Тиймээс л Гандангийн дэнжийн 57 га газрыг 2001 онд Засгийн газраас хамгаалалтын бүс тогтоож авч үлдсэн. Өөрөөр хэлбэл, V Богдын байгуулсан “Гандантэгчэнлин хүрээ” хэмээх түүхэн бүтэц, оройн зайг X Богдод уламжлуулж чадахгүй устгаж, “шалдан” хийдийг үлдээх гэж байна. Архивын баримт, Богдуудын намтарт 1838 онд “Гандантэгчэнлин хүрээ”-г байгуулсан гэж бичсэн нь хийдээс гадна суурьшлын бүс байгуулсан гэдгийг илтгэдэг. Одоо ч тэр үеэс үлдсэн хүрээ байшин, хүрээ гэр бий бөгөөд Гандангийн нарийн гудамжнууд бол анхны байршлаараа байгаа юм. Нийслэлийн захиргаа соёлын түүхэн орон зайгаа хамгаалах байтал бүтцийг нь эвдэж, устгах ажлыг эхлүүлж байгаа нь харамсалтай. Гандангийн дэнж орчмыг шинэчлэхдээ хот төлөвлөгч, архитектор, судлаачдаар хэлэлцүүлэхгүйгээр дур мэдэн хүчээр шийдэх гэж оролдож байна” гэлээ.
Энэ талаар архитектор, хот төлөвлөлтийн мэргэжилтэн О.Саранцацрал “1994 онд хотын захиргаа Гандангийн дэнжийг бүсчлэн хөгжүү лэх ерөнхий төлөвлөгөө баталсан. Олон нийтийн оролцоотой төлөвлөлт хийж, газар чөлөөлж, эдийн засгийн эргэлтэд оруулах үндсэн шийдэлтэй. Урд хэсэгт нь цамын талбай, хийд тойроод бурхан багшийн найман суварга, горооны болон Майдарын зам, дөрвөн үд, баруун, зүүн үйлчилгээний өргөн чөлөө гээд хот байгуулалтын түүхийг хадгалсан, аялал жуулчлалд зориулж төлөвлөж байжээ. Уг нь их судалгаатай сайн төсөл. Даанч МАХН-ын сонгуулиар санал авах зорилгоор газрыг өмчлөлд шилжүүлчихсэн. 49 га улсын хамгаалалттай газар шүү дээ. Гэтэл одоо шинээр, өөр хэлбэрээр тохижуулах гэж байна” гэв.
Мөн ШУТИС-ийн Хот төлөвлөлтийн тэнхимийн багш Э.Сэлэнгээс асуухад “Хотын удирдлагууд Ганданг агуулгаар нь харж, ойлгохгүй байх шиг. Гандан бол зүгээр нэг шашны түүхэн төв гэхээсээ илүү Улаанбаатар хот хэрхэн үүссэн, нүүдэлчин монголчууд шашин номын төвөө даган хэрхэн суурьшиж амьдардаг байсныг харуулах маш чухал агуулга бүхий газар. Яагаад монголчууд суурин газраа “Хүрээ” гэж нэрлэдэг байсан гэхээр хийдүүдээ даган хүрээлэн суурьшдаг. Монголчууд түүхэндээ хүрээний үед хэрхэн аж төрж амьдардаг байсныг гэрчлэх өв соёлоо “арчиж” хаяад, цэцэрлэгт хүрээлэн болгох нь хэнд ашигтай вэ. 1921 оны хувьсгалаас өмнөх өөрсдийн гэсэн соёлгүй, харанхуй бүдүүлэг байсан мэтээр муйхарлах боломжгүй. Бүхий л салбарын түүхийг XX зуунаас эхэлсэн мэт болгож, өмнөх түүхээ баллуурдсаар байна. Хот бол олон хүн нийлж аж төрдөг зүгээр л нэг орон зай биш шүү дээ” гэж ярив.

СОЁЛЫН ӨВИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ ЗӨРЧСӨН ҮЙЛДЭЛ БОЛОХ НЬ
үхэлдээ гэр хорооолол, “нүхэн жорлон” мэтээр ярьж, үтэр түргэн буулгах хэрэгтэй, оронд нь цэцэрлэгт хүрээлэн сүндэрлүүлнэ хэмээн, тэндхийн оршин суугчдыг ятган, багагүй хэмжээний мөнгөөр “худалдан” авч буй. Айлуудын газрыг үнэлэхдээ нэг ам метр талбайг 1.2 сая төгрөгөөр тооцож авсан байна. Жишээ нь, 600 ам метр газар гэхэд 720 сая төгрөгт хүрч буй. Газраас гадна үл хөдлөх, худалдаа үйлчилгээ эрхэлдэг бол тусад нь үнэлж авах юм байна. 1.8 га талбайг ийм жишгээр тооцон худалдаж авах бөгөөд газар дээрх байшин барилгыг нь тооцвол хэчнээн их наядаар яригдана. Үүний дараа цэцэрлэгт хү рээлэн байгуулахад бас хэдийг “цацах” бол. Татвар төлөгчдийн мөнгөөр ийн тансаглах болсон хотын даргад тэрбум төгрөг “цаас” төдий л бололтой. Гандангийн бүтээн байгуулалтын талаар нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийтттэй харилцах хэлтсээс тодруулахад Захирагчийн ажлын албаныхан мэдэж буй гэх хариу өгсөн. Харин тус алба нь “Хариуцсан мэргэжилтнээ холбож өгье” гэсэн ч эргэж холбогдсонгүй.
Ямартай ч Гандангийн дэнж орчмын 40 гаруй айлын газрыг чөлөөлж, нөхөн олговор олгосон байна. Харин үнэ өртөг дээрээ тохиролцоонд хүрч чадаагүй хүмүүстэй хотын дарга өөрөө биечлэн уулзаж, дахин үнэлгээ хийлгүүлэхээр болжээ. Энэ тухайд Х.Нямбаатар “Гандан орчим нийт 55 га газартай. 5-10 жилийн хугацаанд Ганданг чөлөөлж, хотын төвдөө ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэнтэй болно. Тухайн хэсэгт зөвхөн Гандан хийд л үлдэнэ. Гэр хороолол хэлбэрээр байх нь зохимжгүй, хөрсний бохирдол ч ихтэй болсон. Удахгүй нийслэлийн ИТХ-аар чөлөөлөх тогтоол батлуулна” хэмээсэн. Өөрөөр хэлбэл, ирэх дөрөвдүгээр сард хотын захирагч тэргүүтэй, нийслэлийн ИТХ-ын долоон төлөөлөгч “Гандан” нэртэй тогтоолын төсөл өргөн барьж, хэлэлцүүлэх аж. Тогтоолын төслөөр Гандангийн дэнж орчимд барилга байгууламж бариулахгүй, газрыг нь дахин эзэмшүүлэх, ашиглуулах эрх олгохгүй, одоогийн барилгуудыг зах зээлийн үнээр худалдан авч, ариун цэврийн байгууламжийг хүртэл үнэлнэ” гэж мэдэгдээд буй.
Түүхээс үзвэл Гандантэгчэнлин хийдийг Улсын Бага Хурлын тэргүүлэгчдийн 1941 оны 79 дүгээр тогтоолоор хэсэгчлэн, 2008 оны 175 дугаар тогтоолоор цогцолбор хэлбэрээр соёлын өвд бүртгэн авчээ. Улмаар Засгийн газрын 2001 оны 19 дүгээр тогтоолоор Гандангийн дэнжийг Тасганы овоо, Гэсэр сүмийн хамт 58 га талбайг хамруулан “хамгаалалтын бүс” тогтоож, соёлын өвийн дурсгалт газар гэж үзэх болсон юм. Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 45.5-д соёлын дурсгалт газрын бүрэн бүтэн байдал, эх төрх, байдалд хохирол учруулахгүй байдлаар ашиглана гэж заажээ. Гэтэл хотын захиргаанаас ийнхүү зарим гудамжийг буулган, цэцэрлэгт хүрээлэн барихаар бүхэлд нь өөрчлөх гэж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл болох нь. Мөн 2001 онд гаргасан Засгийн газрын тогтоолыг зөрчих юм.
Улаанбаатар хот өөрийн онцлог, үнэт зүйлтэй байх ёстой. Гэтэл сүүлийн арван жилд нийслэлд соёлын дурсгалт барилга эрс цөөрснийг судлаа чид хэлж байна.
ХИЙД СУУРЬШЛЫН БҮСТЭЙГЭЭ ХАМТ БАЙСНААР “АМИН СҮНС” НЬ ОРШИНО
Биеийн хүчээр нэгийг, ухааны хүчээр мянгыг ялна гэдэг ч хотын дарга Х.Нямбаатар аливаад хүч хэрэглэх дуртай. Сав л хийвэл буулгана, нураана гэдэг тэрбээр энэ удаа ч мөн Гандантэг чэнлин хийдийн “амин сүнс”-ийг үгүй болгож, суурьшлын бүсийг устгах нь. Ингэж хүч түрж, ганцаараа мэдэмхийрэн дайрахын оронд түүхч судлаач, мэргэжлийн хүмүүстэй зөвлөлдөж, өмнөх зураг төслийг анхааран харж, санал авч, хэлэлцүүлэг өрнүүлж, нийтээрээ шийдвэл яасан юм.
Улаанбаатарт иргэдийн амарч, салхилах, хүүхдүүд айх аюулгүй тоглож наадах цэцэрлэгт хүрээлэн ус, агаар шиг хэрэгтэй нь үнэн. Гэвч олон газар цэцэрлэгт хүрээлэн барих нэрээр сэглэж, оронд нь өндөр барилга сүндэрлүүлсэн тохиолдол цөөнгүй. Тухайлбал, Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутагт байрлах, “East” худалдааны төвийн оронд цэцэрлэгт хүрээлэн байгуулна гэж байсан ч өдгөө 16 давхар барилга сүндэрлээд буй. Ногоон нуур орчимд мөн цэцэрлэгт хүрээлэн барих гэнэ. Түүнчлэн “Дамбадаржаалин” хийд орчмыг соёлын төв бүхий цэцэрлэгт хүрээлэн болгохоор ярьж буй. Цаасан дээр л “сүндэрлэсэн” энэ мэт цэцэрлэгт хүрээлэнгээс иргэд үнэндээ залхаж байна. Монголчуудын түүх, соёлын гэрч болсон Гандантэгчэнлин хийд суурьшлын бүстэйгээ хамт байснаар “амин сүнс” нь оршихыг судлаачид хэлсэн. Нийслэлчүүдийн ой санамжийг устгаж болохгүйг ч сануулсан юм.