Цэцэрлэгийн хүүхдийн гэмээр ширээтэй шүүх хурлын танхим
Аливаа эрх зүйт төрийн нэг чухал хэсэг болсон шүүх нь хүний эрхийг хангах, хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүрэг, зорилготой. Гэтэл өнөөдөр манай шүүх, тэдний үйл ажиллагаа явуулдаг байранд хүний эрх алхам тутамд зөрчигдсөөр байгаа юм. Үүний нэг тод жишээ бол Төрийн ордны хойно орших Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх. Уг нь Монгол Улсын Үндсэн хуулийн 48.3-т “Шүүх үйл ажиллагаагаа явуулах эдийн засгийн баталгааг төр хангана” гээд заачихсан. Гэтэл Үндсэн хуулийн энэ заалт зөрчигдөж, түүний уршгаар иргэдийн эрх ч дагаад хөсөр хаягдаж байгаа юм. Төрийн ордонд суугаа эрх мэдэлтнүүд, хууль тогтоогчид хойшоогоо хэдхэн алхаад энэ шүүхийн байраар ороод үзээрэй. Хүний эрхийн комиссынхон ч энэ шүүхийн үйл ажиллагаатай танилцах хэрэгтэй. Тэнд хүний эрх хэрхэн зөрчигдөж байгааг бодитоор хараарай. Ивээл доороо Хүний эрхийн үндэсний чуулган зохион байгуулсан, шүүгчийг томилж, чөлөөлөх шийдвэр гаргадаг Төрийн тэргүүн ч энэ шүүхээр зочилж яагаад болохгүй гэж.
Шүүх байгуулах тухай хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны арванхоёрдугаар сарын 30-ны 189 дү гээр зарлигийн дагуу Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх байгуулагдан үйл ажиллагаа явуулж байна. Хамгийн их хүн амтай Баянзүрх болон аж ахуйн нэгж, албан газар олонтой Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэд, байгууллагынхан аливаа маргаанаа энэ шүүхээр шийдвэрлүүлдэг. Өөрөөр хэлбэл, асар их ачаалалтай энэ шүүхийн байрлаж буй байр, Монгол Улсын нэрийн өмнөөс хэрэг хянан шийдвэрлэж байгаа хурлын танхим нь арай ч дээ гэмээр умгар. Ийм өрөөнд хэрэг маргаанаа шийдвэрлүүлж буй хүмүүсийн тохь тух, сэтгэл санаа таатай байхгүй нь лавтай.
Агааржуулагч, цонхгүй танхимуудын нэг
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх дөрвөн байртай. Хэдийгээр нэг шүүх олон байртай мэт санагдавч бүгд хүний ажиллах наад захын шаардлага хангахгүй нь харамсалтай. Манай улсад хүчин төгөлдөр үйлчилж буй MNS 5027:2001 стандартад нэг хүнд ногдох талбайн хэмжээ зургаан ам метр, эзлэхүүн нь 20 шоо метрээс багагүй байхаар тусгасан. Мөн Барилга, хот байгуулалтын яамнаас баталсан Олон нийт, захиргааны барилгын төлөвлөлт БНбД 31-03-03 баримт бичигт тусгаснаар захиргааны байгууллагын ажилтанд ногдох ажлын байрны талбай 6-10 ам метр байх ёстой. Шүүхийн байрны нийтлэг шаардлагад “Шүүг чийн ажлын өрөө 15-20, шүүх хуралдааны танхим 40-60, иргэдэд үйлчлэх төв 150 ам метр байх” гэж тусгасан. Гэтэл шүүхийн байранд энэ бүхэн мөрдөгддөггүй. Шүүхэд гомдол, нэхэмжлэл гаргаж буй, шүүгчийн туслахаас түүнийг гардаж авч байгаа хариуцагч иргэн энэ шүүхийн хаалгаар ороод л эрх нь зөрчигдөнө. Шүүгчийн туслахуудтай уулзахаар ороход нэг дор 6-10 хүн шавааралдан сууж байгаа. Хэргийн оролцогчид нэхэмжлэл, хариу тайлбар, нотлох баримт зэргээ гаргаж өгөхийн тулд тэдэнтэй уулзана. Иргэд, байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хавтаст хэрэгтэй танилцахын тулд туслахын давчуу өрөөнд олон дээр олон болж сууна. Уг нь хүртээмжтэй, хүрэлцээтэй танхим байртай бол хэргийн оролцогчид тусдаа ширээ, сандалд суугаад тухтай нь аргагүй хавтаст хэрэгтэй танилцаж болмоор. Тийм биш учраас шүүгчийн туслахын умгар өрөөнд нэг сандал дээр хавтаст хэрэг дэлгээд, цугларсан баримттай танилцаж байна. Ингэж суусан хэргийн оролцогч агааргүйдэж, давчдан эмнэлгийн тусламж авах тохиолдол ч гардаг аж. Түүгээр ч зогсохгүй өөр хэргийн оролцогч, бусдын хэрэгт хошуу дүрэн мэдээллийг нь харж, уншиж байгаа тохиолдол ч энэ шүүхийн байрнаас сурвалжилга бэлтгэх явцад харагдаж байлаа.
ШҮҮХ ХУРЛЫН ТАНХИМЫН ЗУРГАА НЬ ЦОНХГҮЙ, ХАРАНХУЙ
2021 онд батлан мөрдөж буй Шүүх байгуулах тухай хуулийн 5.9-д “Шүүх өөрийн байртай байх бөгөөд шүүх, шүүхийн захиргааны байгууллагын байр төрийн хамгаалалтад байна” гэж заасан. Гэтэл энэ заалт нь зөрчигдөж, хувийн орон сууцын нэгдүгээр давхрыг түрээслэн үйл ажиллагаа явуулж буй юм. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх дөрвөн байртай талаар дээр дурдсан. Нэгдүгээр байр нь 1995 онд ашиглалтад орсон бөгөөд 2-5 дугаар давхрын 29 өрөөнд 32 шүүгч суудаг юм билээ. Өөрөөр хэлбэл, зарим өрөөнд нь хоёр шүүгч зэрэгцэн сууж байгаа гэсэн үг. Өрөөнүүд нь 8-15 ам метр талбайтай. Тэгэхээр мөнөөх шүүгчийн ажлын өрөөний стандартад нийцэхгүй нь харагдана. Энэ байрных нь нэг болон суурийн (подвал) давхарт шүүх хурлын зургаан танхимд иргэний хэрэг хянан шийдвэрлэх хурал болдог. Подвалын шүүх хурлын танхим агааржуулалтгүй, цонх ч үгүй, өвөлдөө маш хүйтэн гээд бод доо. Ийм орчин, нөхцөлд олон цаг үргэлжилсэн Шүүхийн байранд иргэдийн эрх зөрчигдсөөр байна хэрэг маргаан шийдвэрлэх тохиолдол ч байна. Түүгээр ч зогсохгүй энэ байрны сантехникийн шугам суурийн давхартаа байдаг учраас өмхий үнэртэх нь байдаг л хэвийн үзэгдэл болсон юм билээ. Тус шүүх хурлын 16 танхимтай бөгөөд зургаа нь цонхгүй, долоо нь агааржуулалтгүй байгаа нь хүний эрүүл, аюулгүй орчинд ажиллаж амьдрах Үндсэн хуулиар олгогдсон эрх хөсөр хаягдсаны нэг баталгаа.
Хэргийн оролцогчид шүүгчийн туслахуудйн умгар өрөөнд
Хоёрдугаар байр нь 1986 онд ашиглалтад орсон гурван давхар барилга. 1-2 дугаар давхарт нь шүүгчийн 33 туслах дээр дурдсанаар 6-10-аараа суужбуйюм.Эндшүүххурлынтавантанхимтай. Өөрөөр хэлбэл, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн хурлын таван танхим нь энд бий. Харамсалтай нь, иргэний хэргийн шүүхийн нууцлал гэж юм энд алдагдсан. Нэг танхимд шүүх хурал болж байхад дараа нь орох хурлын оролцогчид дотор болж байгаа бүх яриа, маргааныг сонсоод суучихна. Учир нь шүүх хурлын танхимыг тусгаарласан хана нь гипсэн хавтан. Шүүгч нарын зөвлөлдөж буйг сонсох боломж ч бий гэсэн үг. Тэгэхээр хуульд заасан зөвлөлдөх тасалгааны нууцлалыг задруулахыг хориглох заалт энд бас зөрчигдөж байгаа юм.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүү хийн шүүх хурлын хамгийн том танхим нь 53, жижиг нь 12 ам метр талбайтай. Хамгийн жижиг танхимд цэцэрлэгийн хүүхдийнх шиг ширээнд хэргийн оролцогчид суугаад хэрэг маргаанаа шийдвэрлүүлж байна. Бүр шүүгч, хэргийн оролцогч нар хэт ойрхон, зэрэгцэн суух нь шүүгчийн аюулгүй байдалд ч сөрөг нөлөөтэй.
Гуравдугаар байр нь есөн давхар хувийн орон сууцын нэгдүгээр давхрын 320 ам метр талбайг түрээслэн үйл ажиллагаа явуулж буй юм билээ. Түрээсийн төлбөрт жилд 170 гаруй сая төгрөг орон сууцын эзэнд тушаадаг. Магадгүй орон сууцын эзэнтэй холбоотой иргэний шүүхийн маргаан дэгдэж, эсрэг талд нь шийдвэр гаргачихвал шүүх хөөгдөж ч болзошгүй. Энэ байранд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар байрлаж ажиллан шүүхийн тэмдэглэлийг буулган, шүүгчээр баталгаажуулж, оролцогчдод хувийг гардуулан өгдөг. Түүнчлэн иргэд энэ байранд очин шүүхэд гаргаж буй нэхэмжлэлээ өгдөг, хуучнаар Мэдээлэл, лавлагааны буюу Иргэдэд үйлчлэх хэсэг бас бий. Тэр хэсэг нь 75 ам метр талбайтай. Ачаалал ихтэй буюу долоо хоногийн эхний өдрүүдэд тэр хэсэгт батганы хошуу багтахгүй шахам болдог юм байна. Өөрөөр хэлбэл, өдөрт багадаа 200, түүнээс дээш 500 хүртэлх хүн энэ хэсэгт сууж буй шүүхийн ажилтнуудаас үйлчилгээ авдаг гэнэ. Шүүгч нар нэгдүгээр байрнаасаа хуралд оролцохын тулд гуравдугаар байр руу ирж очдог. Тийшээ алхах замд нь шүүгчийн аюулгүй байдал алдагдаж, уурсаж, бухимдсан хэргийг оролцогч шүүгчид халдах эрсдэл ч бий.
Тус шүүхийн дөрөвдүгээр байр мөн л тү рээсийнх. “Түшээ” дээд сургуулийн хоёрдугаар давхрын 528 ам метр талбайд шүүхийн архив, эвлэрүүлэн зуучлах үйлчилгээг явуулж буй юм. Түрээсийн төлбөрт тус сургуулийн эздэд 280 гаруй сая төгрөг жилд төлдөг гэнэ.
Хавтаст хэргийг хадгалах, тасалгаа хүрэлцээгүй учраас ийнхүү хураажээ
АЖЛЫН БАЙРЫГ ХУУЛЬ, СТАНДАРТАД НИЙЦҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ ГЭЖ ДҮГНЭЖЭЭ
Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд эрүүл, аюулгүй орчинд ажиллаж амьдрах эрхтэй байхаар тусгасан. Гэвч агааржуулалт хангалтгүй, зундаа маш бүгчим, өвөлдөө их хүйтэн орчинд ажиллаж байгаа шүүх хуралдааны нарийн бич гийн дарга, шүүгчийн туслах залуус, бүсгүйчүү дийн эрүүл мэндэд сөрөг нөлөө учруулж буй нь мэдээж.
Тус шүүхийн байранд Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсээс ажлын байрны хөдөлмөрийн нөхцөл нь эрүүл ахуйн шаардлага хангаж буй, эсэхэд өнгөрсөн онд хяналт шалгалт, хэмжилт хийжээ. Улмаар ажлын байранд бичгийн шүүгээ, ширээ, сандал, принтер, компьютер зэрэг техник, тоног төхөөрөмжийг технологийн дагуу эрүүл ахуйн шаардлагад нийцүүлэн байрлуулаагүй, өрөө тасалгааны тоног төхөөрөмж хоорондын зай талбай хүрэлцээгүй, нэг хүнд оногдох талбайн хэмжээ хангалтгүй буюу 2.2-7 ам метр байна гэж дүгнэжээ. Түүнчлэн агаарын харьцангуй чийглэгийн үзүүлэлт 12.7-16.9 хувьтай гарсан бөгөөд үзүүлэлт стандартаар зөвшөөрөгдөх хэмжээ 30-60 байх ёстой атал ийм бага гарсан аж. Мөн ажлын байрны агаар солилцоо хангалтгүй, нэгдсэн агааржуулалтын системгүй байгаа нь “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй. Дэлгэц бүхий тоног төхөөрөмжгэй ажиллах эрүүл ахуй, эргономикийн ерөнхий шаардлага” 5027:2001 стандартын шаардлагыг хангахгүй байж.

Тиймээс Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27.1 дэх хэсгийн “Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна”, 18.1.1 дэх хэсгийг “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангасан ажлын байранд ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, дотоод удирдлага зохион байгуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэх”, холбогдох стандартад нийцүүлэх шаардлагатай хэмээн хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч дүгнэлт гаргаж, шүүхэд хү лээлгэн өгчээ.
Ийнхүү хөдөлмөрийн нөхцөл нь хууль болон стандартад нийцэхгүй байгааг тогтоосон ч шүүх үйл ажиллагаагаа явуулах эдийн засгийн баталгааг хангах үүрэгтэй төр ер тоохгүй байна гэхэд хилсдэхгүй. Уг нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх долоо хоногт 590-600 орчим шүүх хуралдаан явуулж байгаа бөгөөд өнгөрсөн онд улсын тэмдэгтийн хураамжид 10.5 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлсэн байх юм. 2025 онд нийт 25 544 нэхэмжлэл хүлээн авч, 14 646-г хянан шийдвэрлэсэн нь асар их ачаалалтай ажилладгийг харуулах тоо. Ийм өндөр ачаалалтай хэрнээ ажиллах орчныхоо, ажлын байрныхаа талаар ганц үг ганхийх боломж шүүгч нар, тангараг өргөсөн төрийн албан хаагч болсон шүүхийн ажилтнуудад хязгаарлагдмал нь харамсалтай.