Боловсролын систем нь гажуудсан манай улсад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг тэгш хамруулан сургана гэдэг шилний цаанаас чихэр долоолгохтой л ижил байна. Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй, 0-18 насны 14 609 хүүхэд байгаагийн 2395 нь аутизмын хүрээний эмгэгтэй гэх статистик бий. Тэдний 900 гаруй нь л сургуульд хамрагддаг гэсэн албан бус тоо гарчээ. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны тушаалаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг ерөнхий боловсролын сургуульд тэгш хамран сургах журам баталж, 2019-2020 оны хичээлийн жилд мөрдүүлж эхэлсэн. Гэвч эхлээд багш, боловсон хүчнээ сургаж, орчин нөхцөлийг нь бүрдүүлж, “хөрс”-өө бэлдээгүйн улмаас эл журам тунхаг төдий болжээ.
“Сүүлийн жилүүдэд аутизмтай хүүхдийн тоо эрс нэмэгдсэн, айл бүрд нэг бий гэхэд хэтийдсэн болохгүй” хэмээн мэргэжилтнүүдээс эхлээд сайд, даргагүй ярьдаг ч байдлыг бодитоор үнэлж, шалтгаан нөхцөлийг шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбарлан, хүүхдийг хөгжүүлэх, цаашид бие даан амьдрахад нь хэрхэн дэмжлэг үзүүлэх талаар дуугардаггүй. Аутизмын хүрээний эмгэгтэй хүүхэд болон гэр бүлийнхэн нь л өдөр тутамд тулгарах саад, бэрхшээлийг амсаж яваа. Хэдийгээр энгийн цэцэрлэг, сургуульд сургах боломжтой гэдэг ч хэн нэгний тусламж заавал шаардлагатай тул аав, ээжийнх нь аль нэг ажил хийх боломжгүй болдог байна. Хичээлд нь хамт суух, эсвэл туслах багш ажиллуулдаг гэнэ.
“ХҮҮХЭДТЭЙГЭЭ ХАМТ ЗУРГААН ЖИЛ СУРЧ БАЙНА”
“Хүүхэд чинь уйлаад тогтож суухгүй, анхаарал нь төвлөрөхгүй байна” гэх мэт аргалж болох шалтгаанаар аутизмтай хүүхдийг сургахаас татгалздаг, дургүйцдэг багш цөөнгүй. Тэр дундаа хувийн сургуулийн үүд тэдэнд хаалттай. Төлбөрийг нь төлчхөөд байхад “Танай хүүхэд ийм эмгэгтэй тул сургаж чадахгүй” гээд эрс татгалздаг гэнэ. Тэдэнд салбарын сайдынх нь тушаал, шийдвэр огт үйлчилдэггүй. “Чих зөөлөнтэй”-гөөрөө улсын сургуулийн хэдэн багш л “үгүй” гэж хэлж чадахгүй, сургах гэж “ноцолддог”. Гэвч онцлог хэрэгцээг нь ойлгоогүй хэдэн багш муйхраар зүтгээд барахгүй. Эцэстээ бууж өгч, хүүхдийг зөнгөөр нь орхих явдал түгээмэл аж.
“Хүүхдийг минь гадуурхахгүй ойлгоод сурга чих сургууль байна уу. Бүгд тэгш эрхтэй гэдэг ч амьдралд тийм байдаггүй. Хүүхдүүд дээрэлхэнэ, эцэг, эхчүүд нь хамт сургахгүй гэж гомдол мэдүүлнэ, сургуулийн захиргаанаас нь аль болох гаргачих гээд шалтаг хайгаад байх юм. Хүүхэд минь аутизмтай л болохоос гэмт хэрэгтэн биш шүү дээ. Өмнөөс нь буруутай мэт бөхөлзөөд байхаар дорд үзэх хандлагатай” хэмээн Г гэх эмэгтэй ярьсан юм. Мөн өөр нэг ээж “Хүү маань одоо долоон настай. Нэгдүгээр ангид ороход нь хичээлд хамт суусан. Хоёр жил хамт сурч байна. Ингэж хичээсний эцэст хүү маань уншиж, бичиж сурсан. Нэг ангийн 50-60 хүүхдэд ганц багш хүч хүрэхгүй юм билээ. Уг нь ганцаарчилсан төлөвлөгөө боловсруулж, үүнийхээ дагуу хүүтэй минь тулж ажиллах үүрэгтэй. Улсаас нэмэгдэл цалин ч олгодог. Гэвч тийм цаг гардаггүй. Хөгжлийн бэрхшээлтэй олон хүүхэд тэгш хамрагдах нэрээр сургуульдаа суудал бөглөөд л байж байдаг нь үнэн” хэмээн ярьсан.
Мөн тархины саа, саажилттай хүүдээ боловсрол олгохын тулд цэцэрлэгээс нь эхлээд зургаадугаар анги хүртэл хамт сурч, сүүлдээ тусгай хэрэгцээт хүүхдийн туслах багшаар суралцаж төгссөн У.Уранбилэг өнөөгийн боловсролын систем хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд бүү хэл, эрүүл саруул багачуудад ч хүртээмжгүй байгааг шүүмжилсэн. Тэрбээр “Авьяастай, хи чээлдээ идэвхтэй, эсвэл онц сурдаг хүүхдүүдэд багш нар илүү анхаардаг. Аутизмын хүрээний эмгэгтэй хүүхдүүд ихэвчлэн нэг буланд ганцаараа л сууж байдаг. Миний хүүгийн тухайд ч ийм л байсан. Цэцэрлэгээс нь эхлээд сургуульд ороход ч багш нар сургах арга барил, учраа олохгүй байсаар бага ангиа төгссөн. Хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд бол бүр илүү хоцрогддог. Урлаг, соёл, спортын арга хэмжээнд оролцуулдаггүй, шалгалт, шүүлэг болохоор “нуучихдаг”. Эцэг, эхийнх нь аль нэг хөдөлмөр эрхлэхгүйгээр бүх цагаа зориулж хичээдэг ч тусгай хэрэгцээт хүүхдүүдэд боловсролын байгууллага нь системтэйгээр мэдлэг олгож чадахгүй байна. Хүүхдээ сайн ойлгоод, ангийнхан нь дэмжээд, нийгэмшүүлж буй багш нарыг үгүйсгэхгүй. Гэхдээ олон биш. Сургуулийн удирдлагын зүгээс бас дэмжлэг шаардлагатай” хэмээн ярьсан.
ХООСОН ТУНХАГ НЭГЭЭР НЭМЭГДЭВ ҮҮ
Хөгжлийн бэрхшээлтэй болон аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох олон улсын шилдэг туршлагад суурилсан нийгмийн оролцооны хөтөлбөрийг 2026-2030 онд хэрэгжүүлнэ хэмээн нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүү лэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр энэ сарын 5-нд сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн. Тодруулбал, эл өдөр Монголын аутизмын холбооны зөвлөх Л.Алтангэрэл нар хамтын ажиллагааны санамж бичиг байгуулан, хөтөлбөрийн эхний үе шатыг энэ ондоо хэрэгжүүлнэ хэмээн мэдээлсэн юм. Ингэхдээ эхлээд аутизмтай хүүхдүүдийн нэгдсэн тоон мэдээллийг гаргаж, хэрэгцээг тодорхойлон туршилтын сургууль сонгох гэнэ. 2027-2028 онд бодитоор турших, сургалтын орч ны шинэчлэл хийж, багш нарыг чадавхжуулах аж. Гэвч эл хөтөлбөрийг ямар туршлагатай, хэн гэдэг мэргэжилтнүүд боловсруулсан, чухам ямар үр дүнд хүрэх нь тодорхойгүй байна. Энэ талаар Л.Хосбаяраас тодруулахад “НҮБ болон олон улсын байгууллагуудын судалгаагаар 32 хүний нэг нь аутизмтай байх магадлалтай гэсэн тоо баримт гаргасан. Манай улсад ийм төрлийн эмгэгтэй хэчнээн хүн байгаа гэсэн албан ёсны тоо алга. Тиймээс Монголын аутизмын холбоотой хамтран судалгаа хийсэн. Судалгааны дүнг удахгүй олон нийтэд танилцуулна. Манай нөхцөлд тусгай хэрэгцээт хүүхдүүд боловсрол эзэмшиж чадаж байна гэж хэлэхэд дутагдалтай учраас эл хөтөлбөрийг санаачилсан. Хөтөлбөрийг нийслэл болон олон улсын байгууллагын санхүүжилтээр хэрэгжүүлнэ” гэв.
“ТОО ЯРИХААС ЧАНАР ЯРЬДАГГҮЙ”
Хөгжлийн бэрхшээлтэй хүний төлөө гэх сайхан нэртэй хөтөлбөрүүд ихэнхдээ амжилтгүй, үр дүнгүй болдог гэхэд хилсдэхгүй. Урт хугацааны эл хөтөлбөрийнхөө үр дүнгийн талаар тэрбээр сайн тодорхойлж чадахгүй байв. Төсөл, хөтөлбөр нэрээр татвар төлөгчдийн мөнгийг хий дэмий үрэн таран хийчих вий гэсэн болгоомжлол иргэдийн дунд байна. Тухайлбал, боловсрол судлаач Э.Сүндарь эл хөтөлбөрийг улс төрийн оноо авах гэсэн нэг арга хэмээ шулуухан хэлсэн. Тэрбээр цахим хуудсандаа “Аутизмтай хүүхдүүдийг Монголын өнөөгийн нөхцөлд сургууль, цэцэрлэгт хамруулах ямар ч боломжгүй. Би өөрөө аутизмтай хүүхдээ өсгөөд, гэрээр хичээл заагаад, багш нартай хамтран ажиллаж яваа хүний хувьд үүнийг баттай хэлж байна. Ингэж олон хүний сэтгэл зүйгээр тоглож, оноо авахаа одоогийн улс төрчид болих хэрэгтэй. Төсөл, хөтөлбөрийг ямар хүмүүс боловсруулсан юм бэ. Монголд аутизмтай хүмүүсийг дэмжих чиглэлээр хүлээн зөвшөөрөгдөхүйц боловсрол эзэмшсэн хэчнээн хүн байна вэ. Аутизмтай хэдэн хүүхэд сургуульд сураад боловсрол эзэмшив. Үүнд зүгээр л сандал бөглөж суусныг тооцохгүй. Хөгжлийн бэрхшээлтэй төдөн хүүхэд сурч байна гээд тоо яриад л байдаг, чанар ярьдаггүй. Багш нарын ур чадвар, мэдлэг аутизмтай хүүхэдтэй ажиллах хэмжээнд хүрээгүй байна. Энэ бол зү гээр л хүүхдэд хайртай, эсвэл тэвчээртэй хүний хийх ажил биш. Олон улсад энэ чиглэлээр цөөнгүй жил сурч, мэргэшсэн хүмүүс хичээл заадаг. Ийм хүүхэд сургуульд сурахаасаа өмнө хөдөлмөр, хөдөлгөөн засалд дор хаяж 1-2 жил хамрагдаж байж л бага зэрэг сайжирдаг юм. Энэ суурийг нь эхлээд тавих талаар ярих хэрэгтэй. Орчин бүрдүүлнэ гэхээр нэг харанхуй өрөө, зай талбай гээд ойлгочихсон. Аутизмтай хүүхдэд зориулсан ганцаарчилсан хөтөлбөр Боловсролын яаманд байна уу. Хэрэв байдаг бол, үүнийхээ дагуу сургалтаа явуул. Эцэг, эхчүүд ч багшид нь даатгаад ажил төрлөө хиймээр байна” хэмээжээ.
Хотжилтын өвчин гэгддэг аутизмын хүрээний эмгэгийг дагаад элдэв бизнес “цэцэглэх” болсон. Аутизмын учир шалтгааныг шинжлэх ухаанд бүрэн гүйцэд олж тайлаагүй байхад эдгээнэ, анагаана гэсэн элдэв төрлийн амин дэм, эм, тарианы сурталчилгаа цахим хуудаснуудад дүүрэн. Үүний зэрэгцээ хөдөлгөөн, хөдөлмөр, хэл заслын үйлчилгээний үнэ тэнгэрт хадсан. Нэг сарын сургалтын төлбөр нь дунджаар хоёр сая орчим төгрөг. Бусдын адил улсын сургуульд сургах гэхээр заах багш байхгүй, туслах хэрэглэгдэхүүн, орчин бүрдээгүйн дээр ялгаварлан гадуурхалт их байгаагаас аутизмтай хүүхдийн олонх нь цэцэрлэг, сургуульд бүртгэлтэй ч танхимд суралцаж, зохих мэдлэгээ авч чаддаггүй. Аутизмын хүрээний эмгэгтэй 3000 орчим хүүхэд байна гэдэг нь багагүй тоо. Үүн дээр нэмээд анхаарал дутмагшил, хэт хөдөлгөөнтөх эмгэгтэй, сурахуйн бэрхшээлтэй хүүхэд цөөнгүйг багш нар хэлдэг. Тиймээс уг асуудалд төр засгаас анхаарах цаг болжээ. Засгийн газраас 2020 онд “Тэгш хамран сургах боловсролын талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоол гаргасан ч үүнийг хэрэгжүүлэх үүрэгтэй салбарын сайд нь хэдэнтээ солигдож, тунхаг төдий л болчхоод байна. Мөн Үндсэн хууль болон Боловсролын тухай хуульд алагчлалаас ангид сурч боловсрох эрхийг тунхагласан. Энэ мэт хууль, эрх зүйн орчныг нь бүрдүүлсэн ч хөрсөн дээрээ буулгаж чадаагүйгээс хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд хохирсоор байх уу.