АН-ын дотоод сонгууль бямба гаргаас эхлэн өрнөж байна. Тус нам бүх шатны гишүүдээ шинэчлэн бүртгэж, улмаар даргыг нь тодруулах гэж буй. Баг, хороо, сумын сонгууль нь уржигдар болсон бол аймаг, дүүргийнхийг өнөөдөр зохион байгуулна. Нийслэлийн намын хорооны хурлаа ирэх сарын 5-нд, төлөөллийн төв байгууллага болох Үндэсний бодлогын хороо (ҮБХ)-ны гишүүдийг шинээр бүрдүүлэх сонгуулиа 8-нд хийнэ.
Аль шатанд ямар фракцынхан түлхүү төлөөлөлтэй болохоос их зүйл хамаарах учраас тус намын сонгуульд дотоодын бүлэглэлүүдээс нь гадна эрх баригчид ч ихээхэн анхаарал хандуулж, бүр хошуу биш, хуруу дүрж эхэлсэн бололтой. Анхан шатны сонгууль будилаан ихтэй болж байгааг гишүүд нь түрүүчээсээ мэдээлээд, дуугарч эхлэв. Дунджаар 75 хүнтэй нэг намын үүр сар хүрэхгүй хугацааны дотор 500 гишүүнтэй болтол “өргөжсөн”, нийт 6000 гаруй ийм “царцаа” нүүлгэсэн гэх мэтээр гишүүд нь ярьж байна. ҮБХ-ны гишүүн нь санал өгөх гээд очтол бүртгэлээс хасчихсан, “Дээрээс чиний нэрийг ирүүлээгүй” гэсэн тайлбар хэлээд зогсож байна гэх. Ардчилсан нам дотоод сонгуулиа ч ардчилалтай хийж чадахаа больжээ.
АН-ЫН ДОТООД СОНГУУЛЬД МАН-ЫНХАН ЯЛСАН НЬ
УИХ-ын хаврын чуулган эхлэхтэй зэрэгцээд АН-ын бүлгийнхэн “Нэг намын дарга улс төрийн олон хүчний төлөөллөөс бүрдсэн парламентыг даргалах нь буруу. Н.Учралыг огцортол чуулганд суухгүй” хэмээн мэдэгдсэн. Ингээд пүрэв гаргийн чуулганд сөрөг хүчнийхэн оролцоогүй. Тэгвэл тэднээс гадна Үндэсний эвслийн дөрөв, ХҮН намын долоон гишүүн, МАН дахь Л.ОюунЭрдэнийн бүлэглэлийн 10 гаруй “хамгаалагч” хуралдаа очоогүй юм. Уг нь АН-ын 19 гишүүн Н.Учралыг УИХ-ын даргаар сонгохыг дэмжиж санал өгсөн юм шүү дээ. Тэгснээ одоо өөр зүйл ярьж буй нь хөшигний ард өрнөсөн улс төрийн тохиролцоотой холбоотой нь мэдээж. Сөрөг хүчний эл үйлдэл нь МАН дахь 1980-аад оны бүлэглэлийнхэнтэй нэгдэж, Н.Учралыг унаган, Засгийн газрыг нь түүнд “өгч”, Л.Оюун-Эрдэнийн талынханд УИХ-ын даргын албан тушаалаа авахад нь тусалж байна гэж хардлахад хүргэсэн. Пүрэв гаргийн ирцийн бойкотод хамтарсан хүмүүсийг харахад энэ яриа үнэн байж. Сөрөг хүчин улс төр хийж болно. Зүй ёсны хэрэг. Гэвч намынхаа дотоод асуудалд хүртэл энэ улс төрөө хутгаж, эсрэг талынхныг оролцуулбал сүйрэхийн цондон юм. Гэхдээ тэр нь хэдийн тохиолдчихжээ.
Дотоод сонгуульдаа МАН-ынхныг оролцуулж буй тухай АН-ын гишүүд, дэмжигчид ярьж, шүүмжилж буй. МАН-ынхан оролцоод байна, “царцаа” олноор нүүлгэж авчирлаа хэмээн тус намын хэд хэдэн дүүргийн дарга, гишүүд энэ сарын 15-нд төв байрныхаа үүдэнд эсэргүүцлийн лоозон барин жагссан юм билээ. Мөн Ц.Уянга, Д.Монголхүү тэргүүтэй хэсэг гишүүн нь энэ сарын 20-нд мэдээлэл хийж, “МАНаас 6000 гаруй “царцаа” нүүлгэж авчирсан байна. Манай намын нэг үүр 50-100 идэвхтэй гишүүнтэй байсаар ирсэн. Гэтэл сонгуулийн өмнө нэг үүр 500 гаруй гишүүнтэй болчихсон байна. Одоо үндсэн гишүүдийн санал үнэ цэнгүй болох нь. Улс төрийн зөвлөлийн гишүүд үнэхээр хариуцлагагүй байна. Нүүрсний болон төсвийн мөнгө хулгайлсан гэгдэж буй хүмүүс улс төрөөс хасагдахгүйн тул дараагийн нүүдлээ хийж эхэлжээ. Тэд АН-ыг нүүрснийхээ мөнгөөр худалдаж авч байна гэж дүгнэхэд хүргэлээ. Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэнтэй холбоотой нүүрс, төмөр замын хэргүүд өнгөрсөн жилүүдэд хэрхэн өрнөснийг мэдэх хүн олон. АН-аас Х.Баттулга тэргүүтэй хүмүүс тэдэнтэй нэг фракц гэж явдаг” хэмээн ярьжээ.
УИХ-ын гишүүн Ж.Баярмаа мөн цахим хуудсандаа “МАН-ыг алдсан улс дамнасан бүлэглэл АН-ыг авахаар хулгайн мөнгө, хүн хүч, ер нь л бүхнээ тавьж байна” хэмээн бичжээ. Түүний постны дор Д.Ганбаатар гэдэг хүн “Баянзүрх дүүргийн 40 дүгээр хороонд М.Тулгатын талаас ажиглагчаар суулаа. Өмнөх сонгуулиудад АНыг үзэн ядаж, манийг хялайж байсан МАН-ын ухуулагчид манай намын гишүүн болж төрөл арилжаад, санал өгөөд явж байна. Зохион байгуулж буй болон санал өгөгчдийг Женкочид худалдаад авчихжээ” гэсэн байх юм. Ийм агуулгатай сэтгэгдэл олныг харж болно.
АН-ын ҮБХ-ны гишүүн Ч.Батзул бямба гаргийн өглөө харьяаллын дагуу Баянгол дүүргийн 26 дугаар үүрийн санал авах байрандаа очжээ. Хэдхэн хоногийн өмнө намынхаа даргаас “Ардчиллын гэрэгэ”-гээ ёслол төгөлдөр гардаж авсан тэрбээр саналаа өгөх гэтэл зохион байгуулагч залуу “Таны нэр бүртгэлд алга” гэсэн тайлбар өгөөд хамгаалагчид нь хөөж гаргасан байна. Тэрбээр энэ тухай лайв бичлэг хийж, болсон явдлыг хуваалцжээ. “Би 2011 оноос хойш АН-ын гишүүнээр ажиллаж, олон ч сонгуульд гар бие оролцсон. Үүрийнхээ гишүүдийн олонхыг танина. Гэвч өнөөдөр хурал зохион байгуулж буй энэ хүмүүсийг би огт харж байгаагүй. Зохион байгуулагч Ганбаяр гэдэг хүн нь Монгол ардын нам гээд ярих юм. АН-ыг бутаргах, намын гишүүдийн итгэл, зүтгэлийг унагах оролдлого хийж байна. Ийм сонгуулиар гарч ирсэн хүмүүсийг хүлээн зөвшөөрөхгүй” хэмээн ярив. Тэрбээр өөрийг нь яагаад гишүүнчлэлээс хассанд тайлбар авахыг хүсэхэд дээрх хүн гарцаагүй л “Монгол ардын төв намаас нэр чинь хасагдаж ирсэн” хэмээн хариулж байна лээ. Ардчилсан намын дотоод сонгуулийг зохион байгуулж буй хүн шүү дээ, уг нь. Энэ эмэгтэй “Ардчиллын гэрэгэ”-гээ үзүүлээд ч саналаа өгч чадахгүй буцжээ.
АН-ын дарга О.Цогтгэрэл харьяаллаараа Хан-Уул дүүргийн 17 дугаар үүрт саналаа өгсөн байна. Тус намын албан ёсны цахим хуудсанд оруулсан энэ мэдээллийнх нь дор “Та энэ гэрэгэ гэдэг үнэмлэхийг хуучин гишүүдээ хасаж, шинэ хүмүүс элсүүлэх гэж хийсэн юм уу. АН-ыг устгаж, МАН-тай нэгтгэх ажил хийж байна” гэх мэтээр олон хүн сэтгэгдлээ бичиж, шүүмжилжээ. Гэхдээ ахмад гишүүд олноороо хасагдсан тухай бичиж буй нь цахим бүртгэлээ яаж хийхээ ойлгоогүйтэй холбоотой байх мэдэх нь. Нэгэнт шинэчилсэн бүртгэлээр мэдээлэл нь байхгүй учраас тэд санал өгч чадаагүй, үүнийгээ гүйцээж бөглөөд үнэмлэхээ сая авлаа гэсэн хүмүүс ч байв.
Бас нэгэн жишээ. АН-ын гишүүн Ж.Намсрай гэнэтийн шийдвэрээр Хан-Уул дүүргийн долоодугаар үүрээс нэр дэвшихээр болсон “түүх”- ээ хуваалцжээ. Тэрбээр МАН-ын Э.Түвшин, ШИНЭ намын А.Мөнх-Амгалан нартай өрсөлдөх болсноо нэг өглөө л мэдсэн гэнэ. Мөн “Долоо хоногийн өмнөхөн 50 байсан үүрийн гишүүдийн тоо одоо 500 гарчхаад байгаа сурагтай. МАН, ШИНЭ намын залуучууд өөрсдийнхөө намын гишүүдийг түр зуур “түрээслээд” аваад ирсэн гэнэ. Нөгөө яриад байдаг “царцаа” гэдэг нь тэр ажээ. Яармагийн 60 дугаар сургуульд санал хураалт болов. Битүү “царцаа”. Энэ хороонд амьдардаггүй би байтугай төрөхөөсөө эхлээд өнөөдрийг хүртэл насаараа оршин сууж буй Энхсүхэд маань хүртэл таних хүн харагдахгүй байна гэнэ. Амьд үлдсэн хуучин хэдэн гишүүдийг маань цаанаас нь зориуд хасчихсан бололтой. Дотоод сонгуульд өөр намын гишүүдтэй өрсөлдсөн гэж бодохоос л сэтгэл түгшүүртэй. Сонгуулийн дүн ч гарлаа. Нийт 505 хүн санал өгчээ. Хан-Уул дүүргийн АН-ын долоодугаар үүрийн гишүүний хоёр квотод гурван хүн өрсөлдсөнөөс МАН-ын гишүүн Э.Түвшин 504, ШИНЭ намын гишүүн А.Мөнх-Амгалан 504, АН-ын гишүүн Ж.Намсрай нэг хүний санал авлаа гэж зарлав” хэмээн бичжээ. Тэрбээр уг сонгуулийг “Манай дотоод сонгууль ёстой алалцаантай боллоо. Төрийн сонгууль шиг байлаа” хэмээжээ. Хошин маягаар бичсэн ч энэ бол инээх биш, уйлахаар үйл явдал.
СОНГОХ ЭРХЭД ХАЛДСАН ЗААВАР
Тус намын өөр нэг гишүүн Б.Батбаяр цахим хуудсандаа “Манай намын сонгууль бантан болж байна. Баянгол дүүргийн 26 дугаар хороондоо санал өгөх гэж очлоо. Хүүхдүүд бөөнөөрөө санал өгч байна. Нэг айлд 48, 32 санал өгөх хүнтэй ч байх шиг. Бас миний дугаар луу “Энэ хүнд санал өгөөрэй” гэсэн зурвасаас ирүүлж ч байх шиг” хэмээн бухимджээ. Тэр бол зарга хийж байгаад саналаа өгч чадсан гэнэ. Утсанд нь ирүүлсэн мессежээс харвал тэдний үүр найман гишүүний квоттой. Гэтэл эхний зургааг нь нэр заагаад, “Үлдсэн хоёрыг нь өөрийн хүслээр сонго” гэжээ. Их л эрх чөлөө өгсөн бололтой. Энэ мэтээр хэний нэрийг дугуйлахыг шууд заах юм бол ардчилсан сонгууль, Ардчилсан нам гэж байгаад яах билээ.
Мөн ахмад, эсвэл учраа бүрэн олоогүй залуусыг “бөөндөн” авчирч санал өгүүлсэн явдал ч гарсан бололтой. Зарим сайт энэ тухай сурвалжилжээ. “АН-д саяхан шинээр элссэн. Уг нь МАН-ын хүн л дээ, хорооноос л ийшээ ирж саналаа өг гэсэн шүү дээ” гэсэн ахмадууд байх юм.
Анхан шатны жижиг бүтцээ ч өөрсдөө шударгаар сонгочхож чадахгүй байгаа намаас одоо юу хүлээх вэ. АН доторх бүлэглэлүүд МАН-ынхантай хуйвалдаж, “дундын нам” байгуулж буй нь энэ юм уу. Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан тэргүүтэн АН-д элсэх гэнэ гэсэн цуурхал ийм хэлбэрээр хэрэгжиж байж ч мэдэх нь. Сөрөг хүчин өрсөлдөгч намдаа “идүүлж” буйг харах үнэхээр гунигтай. Өнөөдрөөс АНын аймаг, дүүргийн намын хорооны сонгууль болно. Бүр л ноцтой өрсөлдөөн өрнөх биз ээ. Нийслэлийн голдуу дүүргүүдэд өрсөлдөгч олон байгаа юм билээ. Баянзүрх дүүргийн намын хорооны гишүүний 172 суудлын төлөө 332 хүн нэр дэвшжээ. Хан-Уулд 164 суудлын төлөө 346, Сонинохайрханы 172 квотод 348 гэх мэтээр нийслэлд илүү их “хор найруулах” нь тодорхой байна. Тэдгээр нэр дэвшигчийн хэд нь МАНын “царцаа” байх бол. Нөхцөл байдал нь ингэж хардахад хүргэж байна. Цаашлаад АН-ын ҮБХны 378 гишүүн дотор Л.Оюун-Эрдэнийн хүмүүс олонх болоод гараад ирвэл гайхах хэрэггүй нь. Тэгж чадвал тэд Ерөнхийлөгчийн сонгуульд ялна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, АН-аас өөрийн хүнийг нэр дэвшүүлнэ, түүнийг нэг бол ялуулна, эсвэл МАН-ын өрсөлдөгчийн саналыг хуваана. Уг нь МАН доторх талцалд сөрөг хүчин улс төр хийж, шийдлийг гартаа атгаж байна гэж үзэж байв. Гэтэл үнэндээ МАН-ын бүлэглэлийнхэн АН-д уусаж, тэднийг “ууршуулах”, “самрах” замаа засаж байсан юм биш үү. Ерөнхийлөгчийн сонгууль угтсан улс төр Монгол Улс дахь ганц даацтай сөрөг хүчнийг “булшилсан”-аар дуусах вий. Энэ улсад ардчилал, шударга ёс орших, үгүйг АН дотор үлдсэн эрүүл ухаантай гишүүд нь тунгааж, арга хэмжээ авна гэж найдна. Хэрэв ийм хэсэг нь эрх мэдлээр ардчиллын үнэт зүйлээ арилжигчдаас давахгүй, бас Л.Оюун-Эрдэнийг дахин төрийн толгойд залахад хүчин зүтгэж буй бол энэ намынханд гүн эмгэнэл илэрхийлье.