Манай улс төрчдөд өчигдөр ярьснаа өнөөдөр үгүйсгэх нь энгийн л зүйл болжээ. Санаатай худлаа хэлэх нь улс төрд нэг төрлийн тактик, хар пиар мөн. Гэхдээ төрийн өндөр албан тушаал хашиж буй хүний хувьд үүнийг зүгээр л нэг “арга барил” хэмээн үзэж болохгүй. Улс төрчид өндөр ёс зүйтэй байж, үг, үйлдэл бүрээрээ зөв үлгэр үзүүлэх үүрэгтэй. Харамсалтай нь, үүний эсрэг байж, бараг альцхеймер өвчинтэй мэт авирлагсад улам л олширч байна. Гэхдээ тэд олон нийтийг өөрсдийнх нь сэдсэн сенсацыг сенсацаар дарах аргад автдаг, загасны ой санамжтай хэмээн итгэх болсон байх юм. Үнэндээ энэ бол эндүүрэл.
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярыг авлигын асуудлаар шалгуулахаар уржигдар АТГ-т хандлаа.
Ингэхдээ ХЗДХ-ийн сайдыг “Бодь интернэшнл” компаниас 1.3 сая ам.доллар авсан, энэ бүхэн нь тус компанийн оффтэйк гэрээтэй холбоотой байсныг мэдсэнээ ярьжээ. Мөнгө авсан, өгсөн үгүйг бид мэдэхгүй. Холбогдох байгууллага нь шалгаж тогтооно биз. Харин үүнд хамаатуулсан оффтэйк гэрээнүүдээ Л.Оюун-Эрдэнэ өөрөө Ерөнхий сайд байхдаа дээрх компанитай байгуулсан гэнэ. “Эрдэнэс Тавантолгой” ХХК-иас нүүрс ачих дөрвөн ч оффтэйк гэрээг дээрх компанитай байгуулж, “мөнгө идэх” гэтэл түүний мэдээгүй давхар тоглолт өрнөчихлөө гэж “гомдоод” ч байгаа юм уу. Эсвэл өчигдөр хийсэн үйлдлээ өнөөдөр мартчихаад, өөрийгөө шалгуулахыг хүсэв үү. Ойлгомжгүй. Ямартай ч ардаа зорилготой л алхам биз ээ.
ҮГ, ҮЙЛДЭЛ БҮХЭН МӨРТЭЙ
2018 оны арванхоёрдугаар сарын 27. Парламентын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар, Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Л.Болд нар УИХ-ын дарга М.Энхболдыг огцрохыг шаардаж, “МАНАН дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдэл” хэмээх сүржин нэртэй, хөрөнгөлөг жагсаалыг эхлүүлэв.
2019 оны нэгдүгээр сарын 17. Л.ОюунЭрдэнэ “Ер нь бол аль ч албан тушаалтан огцордог байх ёстой. Энэ бол дэлхийн жишиг. Ерөнхийлөгчийг импичмент хийж, Ерөнхий сайд танхимаараа огцорч болдог. УИХ-ын дарга бол өөрөө хүсэлтээ өгөх гарц байгаа юм. Дэлхийн парламентын жишгээр бол УИХ-ын дарга аль нэг сонирхлыг төлөөлөхгүй ажиллах ёстой. Намаасаа түдгэлздэг. Энэ бол сонгодог парламентын жишиг, үүн рүү бид явах учиртай. Заавал 2-3 удаа жагсаал хийж, 40 гишүүн 40 хоног парламентыг бойкотлох түвшинд хүргэх шаардлага байгаагүй” хэмээн нэгдсэн чуулганы үеэр хэлж байжээ. Мөн тэрбээр “Улс төрд ирэх цаг байхад явах цаг байдаг юм. Албан тушаал, сандлаас амь өрсөн, үхэн хатан ингэж зууралдахын цаана ямар том эрх ашиг байгааг огт ойлгохгүй байна” хэмээж байв. (УИХ-ын дарга М.Энхболд 2019 оны нэгдүгээр сарын 29-нд албан тушаалаасаа чөлөөлөгдсөн)
2019 оны нэгдүгээр сар. Л.Оюун-Эрдэнэ “Бид ямар нэгэн байдлаар иргэдийнхээ итгэлийг албан тушаалаар наймаалцахгүй. Миний хувьд ямар ч албан тушаалд очихгүй. Тэр байтугай би байнгын хорооны ч дарга болохгүй” хэмээн хэлжээ.
2019 оны хоёрдугаар сарын 3. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг гишүүдийн 88.1 хувийн саналаар томилов. Сар хүрэхгүй хугацааны дараа тэрбээр шударга ёс тогтооно хэмээн итгэсэн иргэдийн сэтгэлийг албан тушаалаар сольсон нь энэ.
2021 оны нэгдүгээр сарын 27. У.Хүрэлсүхийн Засгийн газар “таавчигтай ээжийн” асуудлаас үүдэн хүсэлтээрээ огцорсон тул УИХын нэгдсэн чуулганаар энэ өдөр Л.Оюун-Эрдэнийг дараачийн Ерөнхий сайдаар томилсон юм. Шүүмжлээд байсан өнөөх МАНАН бүлэглэлийнхээ “хаан” нь өөрөө болох замыг тэр ийнхүү засжээ.
2023 оны аравдугаар сарын 4. Л.ОюунЭрдэнэ “5Ш” ажиллагаагаа нийслэлд эрчимжүүлэхээр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарыгаа чөлөөлж, хот руу “явуулсан” тул түүний оронд УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг томилох шийдвэрийг МАН-ын Удирдах зөвлөлөөс гаргав. Тэр үед эл гишүүн “Ерөнхий сайд өнөөдөр намайг дуудаж уулзаад гурван зүйл асуусан. Хүний эрхийн мэдрэмжтэй байж, Хөгжлийн банкны болон “нүүрсний хэрэг”-ийн сонсголыг хийж чадах уу, Боловсролын зээлийн санд нэр холбогдсоноо тайлбарла гэсэн. Нүүрсний сонсголыг энэ онд багтаан зохион байгуулахаа хэлсэн. Нам, дарга цэрэг гэхгүйгээр бүх асуудлыг ил болгож тавина. Ерөнхий сайдын хулгайч нартай тэмцэх тэмцлийн хуулийнх нь илд байх болно” хэлсэн юм.
2025 оны тавдугаар сарын 14. Хоёр дахь Засгийн газартаа Ерөнхий сайдаар томилогдон тав дахь жилдээ ажиллаж байсан Л.Оюун-Эрдэнийг огцрохыг шаардсан “Огцрох амархан” жагсаал эхлэв. Учир нь Засгийн газрын тэргүүний 23 настай хүүгийн найз бүсгүй нь хадам аавынхаа авлигад холбогдсон байж болзошгүй хэргийг өөрөө ч мэдэлгүйгээр нийгэмд дэлгэж орхисон билээ. Тэрбээр инстаграм хуудсандаа найз залуугийнхаа өгсөн алмаазан шигтгээтэй сүйн бөгж, тэрбум төгрөгийн ханштай машин, дараалан хоёр удаа төрсөн өдрийн бэлэг болгон шилжүүлсэн 10 сая төгрөгийн гүйлгээний баримт сэлтээ гайхуулсан нь нийгмийн дургүйцлийг хүргэж, Ерөнхий сайдын ажил, орлогогүй оюутан хүү ямар мөнгөний эх үүсвэрээр ийнхүү тансаглах болсныг асуухад хүргэсэн. Мөн өнгөрсөн он жилүүдэд хэрхэн ажилласан үр дүнг нь тооцоод, хариуцлага хүлээхийг шаардсан юм. Төрийн өндөр албан тушаалтан аавынх нь жилийн орлого 240 гаруй сая төгрөг атал хүү нь үүнээс давсан мөнгийг нэг өдөрт л цацсан байдаг.
Дөрвөн жил гаруйн турш хоёр ч танхим тэргүүлэн, хана хэрмээ босгосон Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ жагсаалыг эхэндээ үл тоосон юм. Засгийн газрын тэргүүн болсноосоо хойш тэрбээр хэвлэлд шууд ярилцлага өгөхөө больж, өөрийгөө “хаан” хэмээн бодож эхэлсэн. Хар пиарт төгсөрч, өөрийг нь шүүмжилсэн, санал нийлээгүй бүхнийг хууль, хяналтын байгууллагаар айлгаж, хэвлэн нийтлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд халдах болсон. Тиймээс ч дээрх жагсаалыг саармагжуулах ажиллагаа өрнүүлж байлаа. Худаараа үнэмшилгүй, тэнэг тайлбар хэлүүлээд бүр буруудлаа. Залуус мохсонгүй, худалдагдсангүй, үймүүлэх ажиллагаанд нь автсангүй. Тэгмэгц албан тушаалаа хадгалж үлдэх өөр арга саам хайсан юм. Хэдхэн жилийн өмнө хэлж байсан шигээ албан тушаалаа өгч чадсангүй.
2025 оны тавдугаар сарын 21. МАН-ын Бага хурлыг хийж, орлогоо нотолж чадаагүйнхээ буруутнаар АН-ыг тодруулан, танхимаасаа хөөв.
2025 оны зургаадугаар сарын 3. Л.ОюунЭрдэнэ орлогоо нотолж чадахгүй атлаа албан тушаалдаа үлдэх арга саам хайсаар эцэст нь Засгийн газарт нь итгэл үзүүлэх, эсэх асуудлыг нэгдсэн чуулганаар оруулав. Шалтгаанаа авлига, албан тушаалын хэргээс яаж ийгээд дүйвүүлэх гэсэн оролдлого нь энэ байлаа. УИХ-д суудалтай намуудыг “атгасан”, эсрэг дуугарсан УИХын гишүүнийг ч харлуулдаг болсон тул түүнийг огцруулах санал өгөх улс төрч олон гарч ирэхгүй байв. Харин энэ өдрийн чуулганд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож, уур амьсгалыг эргүүлснийг уншигчид санаж буй биз. Санал хураахад түүний танхимд итгэл үзүүлэхгүй гэсэн шийдвэрийг парламент гаргаснаар Л.Оюун-Эрдэнэ огцорсон. М.Энхболдыг УИХ-ын даргаас огцруулахдаа хэлж байсан “Албан тушаалдаа үхэн хатан зууралдаад байдгийн ард ямар ашиг сонирхол байдаг”-ийг тэр эдгээр өдрүүдэд өөрийн биеэр мэдэрсэн байх нь.
2025 оны есдүгээр сарын 25. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан МАН-ын даргын сонгуульд өрсөлдөхөө албан ёсоор зарлав. Тэр бол Л.Оюун-Эрдэнийн анд. Ерөнхий сайдаас нь огцруулах болоход “экс” сайд найз Д.Амарбаясгалангаа өөрийнхөө оронд томилуулна, эсвэл үеэл Х.Нямбаатарыгаа томилуулна хэмээн зөрүүдэлж байлаа. Тэр М.Энхболдыг огцруулахаар шаардаж байхдаа хэлсэн өнөөх “ухаантай” үгээ ч мартжээ. УИХ-ын дарга намаасаа түдгэлздэг байх сонгодог парламентын жишгийг дагах ёстой тухай тэрбээр “лекц” уншиж байсан билээ. Үзэл бодол биш, эрх ашиг л түүнд чухлыг энэ бүхэн батална.
2026 оны гуравдугаар сарын 23. Танхимын зарчмаар ажиллахаар хамтарч байсан үе нь Б.Энхбаяр, Л.Оюун-Эрдэнэ нарын хувьд түүх болон үлджээ. Оронд нь Л.Оюун-Эрдэнэ “илд”- ээ авлигын хэргээр шалгуулахаар АТГ-т хандав. Б.Энхбаяр сайд ч “Тэр өөрийнхөө авлигын хэргийг яриад байгаа юм биш үү” хэмээн тавлаж, баримт байвал дэлгэхийг шаардсан билээ. Гэхдээ амласнаараа 2023 оны арванхоёрдугаар сард нүүрсний сонсголыг хийсэн. Хөгжлийн банкны асуудлаар ч сонсгол зохион байгуулсан. Үүнд нь алдаа, оноо байсан уу, үгүй юү гэдэг асуудал л бий. Харин Ерөнхий сайд асны “илд” болж ажиллаж шальсангүй.
Б.ЭНХБАЯРЫН ДУТУУГ Н.НОМТОЙБАЯР ГҮЙЦЭЭХ ҮҮ
2023 оны арванхоёрдугаар сарын сүүлчээр зохион байгуулсан “Нүүрсний хэрэг”-ийг хянан шалгах түр хорооны сонсголын үеэр ХЗДХ-ийн сайд болсон Б.Энхбаяр “Бодь”, түүнтэй холбоотой оффтэйк гэрээг ярьсан билээ. Харин Ерөнхий сайд асан уржигдар мэдээлэл хийхдээ дээрх компанийнхан асуудлыг нь дараад, нуугаад өнгөрүүлээрэй гэж Б.Энхбаярт мөнгө төлсөн гэв. Асуудлын гол болсон зургаан гэрээний дөрвийг нь Л.Оюун-Эрдэнэ өөрөө хийснийг ХЗДХийн сайд нь хариу хэлсэн байдаг. Бас л нэг эргэж буцсан, ой муутай хүний үйлдэл гэсэн үг.
Хууль зүй, дотоод хэргийн сайд ч бас тийм ариухан хүн биш. Ерөнхий сайд асан хаа нэг ярилцлага өгөхдөө “Авлигатай тэмцэнэ, хүмүүсийг илчилнэ, цаг нь болохоор зарлана” гэдэг үгтэй байсан. Б.Энхбаяр сайд ч тиймэрхүү арга барилтай яваа. Тэгэхээр хэрээ хэрээнийхээ харыг гайхаж байхаар хоёулаа адилхан шалгуулах ёстой. МАН-ын гишүүд ч түрүүчээсээ ХЗДХ-ийн сайдыг “Ажлаа өгөөд шалгуулчих, нэрээ цэвэрлэ” хэмээн ятгах болсон байна. “Намайг гүтгэж байна, авлигын хэрэг нь шийдэгдэх болоод ирмэгц амь тавихдаа хань татлаа” хэмээн сайдтан тайлбарлаж буй. Гэвч үнэхээр авлига авсан баримт байвал яах вэ. Хэчнээн худалч, ой санамжгүй мэт ч Л.ОюунЭрдэнэ шууд ингэж худал хэлэмгүй. Тэгэхээр нэр холбогдсон хүн бүр дор бүрдээ шалгуул. Шаардлагатай бол Г.Занданшатар Б.Энхбаярыгаа чөлөөл. Д.Амарбаясгаланд ажлаа өгөөд шалгуулах шаардлага тавьж, шахалт үзүүлж байсан шүү дээ.
Үйл явдал ийнхүү өрнөхтэй зэрэгцээд Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяр үүнд хошуу дүрэв. Тэрбээр сөрөг хүчин болон МАН дахь 1980-аад оны бүлэглэлтэй сүүлийн үед “хэлхэлдэх” болсон. Нэгдсэн чуулганы ирцийг бойкотлохоос эхлээд Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын тухай хуулийн төсөлд тэдэнтэй ижил байр суурьтай байгаа юм. Тэгвэл эл гишүүн “нүүрсний хэрэг”-ийг өмнөх түр хороо дутуу хянаж шалгасан учраас одоо хавтас доторхыг нь нээж, мухарлах нь зөв гэж үзжээ. Тиймээс дахин нэг хянан шалгах түр хороо байгуулах тогтоолын төсөл санаачилснаа мэдэгдсэн юм. АТГ-т тэр итгэхгүй байгаа учраас өөрөө түр хороо байгуулан дутуу материалыг шалгаж, нүүрсний асуудлыг “цэглэх”-ийг хүссэн гэнэ. Гэтэл тэр өөрөө ч бас ашиг сонирхлын зөрчилтэй нэгэн. Ямартай ч “Өнгөрсөн хугацаанд болсон асуудлыг нэгтгээд үзэхэд Гашуунсухайтын төмөр замтай холбоотой, уг ажлыг гүйцэтгэж буй хоёр компанийн хооронд асар их хулгай, хөөсрүүлэлт байна. Хуулийн дагуу ажиллах ёстой. Хэн нэгнийг хууль бусаар яллах, эсвэл хариуцлагаас бултуулах ёсгүй” гэлээ. Түр хороо байгуулахын тулд УИХ-ын 32 гишүүний дэмжлэг хэрэгтэй. Л.Оюун-Эрдэнийн багийнхан, нэмээд сөрөг хүчнээс гарын үсэг дорхноо бүрдэх байх. Өөрөөр хэлбэл, тэдний ээлжит “акц” нь энэ бололтой. Б.Энхбаярын дутууг Н.Номтойбаяр нөхөх нь.
Ямартай ч төрийн өндөр албан тушаал хашиж буй хүмүүс ой санамж сайтай, архивтай байх учиртай. Хууль тогтоох, гүйцэтгэх засаглал мартах өвчтэй хүмүүсээр дүүрэх ёсгүй юм. Учир нь үг, үйлдэл бүхэн чинь цаасан дээр, видео бичлэгт баримт болон үлдсээр байгаа. Төрийн ой санамж, үзэл бодолдоо тууштай, хэлсэн ярьсандаа хүрдэг бодь чанар өнөөдрийн улс төрчдөд үнэхээр үгүйлэгдэж байна. Ийм “хуурмаг” хүмүүсийн нэг жишээ нь л Ерөнхий сайд асан болоод буй юм.