АН-ын анхан, дунд шатны дотоод сонгууль болж өндөрлөв. 21 аймаг, есөн дүүргийн намын хорооны даргын болон тэднээс Үндэсний бодлогын хороо (ҮБХ)-нд орж ажиллах 378 төлөөллөө сонгосон юм. Эдүгээ тус намаас парламентад сонгогдон ажиллаж буй 42 гишүүнээс нь есөн хүн төлөөллийн төв байгууллагадаа сонгогдож чадсангүй. Баянхонгор аймгаас сонгогдсон гурван гишүүн нь ч бүгд мултарчээ. АН-ын дүрэм ёсоор ҮБХ-ны гишүүн л УИХ-ын сонгуульд өрсөлдөх эрхтэй байдаг. Тэгэхээр тэд 2028 оны сонгуульд “виз” авч чадахгүй нөхцөл үүсэв. Гэхдээ сонгуулийн дүн маргаантай, хүлээн зөвшөөрөхгүй гэсэн гомдол, санал их байна. Анхан шатны сонгуульд нь МАН-ын бүлэглэл гар бие оролцсон, тэндээс 6000 гаруй “царцаа” нүүлгэж авчирсан, 50-100 хүнтэй байдаг нэг үүрийн гишүүний тоо сарын дотор 500-д хүрсэн зэргээр үр дүнг будилаантуулсан асуудал их гарчээ. Дунд шатны сонгуулийг ч энэ бүхэн тойрсонгүй. Төмөр замын, нүүрсний хэргийн гэх эх үүсвэртэй их хэмжээний мөнгө тарааж, аймаг, дүүргийн хорооны гишүүдийн саналыг худалдаж авсан тухай Д.Ганбат гишүүн ярьж байна. Тиймээс АН дотроо Маргаан таслах зөвлөл байгуулж, гомдлыг авч хэлэлцэхээр болсон аж.
УИХ-ЫН СОНГУУЛЬД ЯЛСАН Ч НАМДАА БҮДРЭВ
ҮБХ-ндоо сонгогдож бараагүй есөн гишүүний зургаа нь тойрогт өрсөлдөж, УИХ-д сонгогдсон юм. Өөрөөр хэлбэл, ур чадвар, туршлагаа сонгогчдоор шүүлгэсэн гэсэн үг. Ч.Лодойсамбуу Хан-Уул дүүрэг, Ш.Бямбасүрэн зүүн, Р.Эрдэнэбүрэн говийн бүс, Д.Ганбат, Д.Жаргалсайхан, Дав.Цогтбаатар хангайн тойргоос УИХ-д сонгогдсон ч энэ удаа нам дотроосоо төлөөллийн төв байгууллагадаа сонгогдохуйц санал авч чадсангүй. Дорнод, Дундговь, Баянхонгор, Дархан-Уул аймаг, Хан-Уул, Баянгол дүүргийн АН-ын хорооныхон нь УИХ-ын гишүүдээ ийнхүү “жийжээ”. Жагсаалтаар сонгогдсон С.Одонтуяа Баянгол, Ц.Мөнхтуяа, Ж.Баясгалан нар Дархан-Уул аймгаас өрсөлдсөн юм. Ц.Мөнхтуяагийн араас харамсах хүн өөрөөс нь өөр байхгүй биз. Парламентын нэр хүндийг унагахад хувь нэмрээ оруулж яваа, ёс зүйн шалгуур хангахгүй энэ хүнийг дараагийн сонгуульд дахин нэр дэвшүүлэхгүй байсан нь АН-д өлзийтэй. Тиймээс ч намын хорооны гишүүд нь дүнгээ тавьсан болов уу. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн квотоор, жагсаалтаар орж ирсэн Ж.Баясгалангийн хувьд намын гишүүдтэйгээ ойр дотно ажилладаггүй байж мэдэх. Харин С.Одонтуяа Засаг даргаар нь ажиллаж явсан дүүргээсээ “хөөгдсөн” нь сонирхол татна.
УИХ-ын гишүүн Д.Ганбат “Баянхонгор аймгийн АН-ын хороо шийдвэрээ баталгаажуулаагүй байгаа. Нүүрс, төмөр замын төслийн мөнгөнөөс тарааж, гишүүдийн саналыг худалдаж авсан, заримыг нь санал өгүүлэхийг албадаж зодсон гэх мэт асуудал манайд гарсан. Ямар эх үүсвэртэй мөнгийг хэн тараав гэдгийг холбогдох байгууллага нь шалгах байх. Нэг намыг өөрийнхөө талд авах гэсэн ийм үйл ажиллагаа байж болохгүй” гэсэн юм. Ийм гомдол, шүүмжлэл их, тэдгээрийг шалгаж эцэслэх ёстой учраас дотоод сонгуулийн нэгдсэн дүнг албан ёсоор зарлахгүй байгаа аж.
ТАВАН АЙМГААС БУСДАД НЬ ШИНЭ ДАРГА СОНГОЖЭЭ
АН-ын 20 аймаг, есөн дүүргийн намын хорооны даргаар ямар хүмүүс сонгогдсон тухай тус намын албан ёсны цахим хуудсанд танилцуулсан юм. УИХ-ын 42 гишүүнээс ес нь ҮБХ-ндоо сонгогдож чадаагүйг дээр дурдсан. Тэгвэл мөн л есөн гишүүн аймаг, дүүргийн намын хорооны дарга болсон байх юм. Үүнд УИХ-ын гишүүн А.Ганбаатар Баянзүрх, О.Амгаланбаатар Баянгол, Х.Болормаа Сүхбаатар, Б.Түвшин Хан-Уул, Ц.Баатархүү Чингэлтэй дүүргийн, П.Мөнхтулга Архангай, С.Эрдэнэболд Дархан-Уул, Ж.Батсуурь Сүхбаатар, П.Батчимэг Өвөрхангай аймгийн намын хороог тэргүүлэхээр сонгогджээ. (Аймаг, дүүргийн намын хорооны дарга нарын нэрийг зургаас харна уу). 21 аймаг, есөн дүүргийн намын хорооны даргын таваас бусад нь шинэ хүн гэнэ.
Мөн уг сонгуулиар ҮБХ-ны 378 гишүүнийг тодруулсан. Тэдний 60-аас дээш хувь нь 40-өөс доош насны залуус гэдгийг гишүүн С.Цэнгүүн онцолж, “Бүрэлдэхүүндээ томоохон шинэчлэл хийсэн” хэмээв. Энэ удаа АН-ынхан ҮБХ-ны гишүүдийнхээ 40 хувьд эмэгтэйчүүд байх квот тогтоосон нь шинэлэг, бас дэвшилт явдал байлаа. ҮБХ-нд сонгогдсон хамгийн залуу гишүүн нь 21, ахмад нь 68 настай гэсэн статистикийг тэрбээр мөн танилцуулсан.
Уг сонгуульд 39-өөс доош насны эрэгтэй, эмэгтэй гэсэн квот тогтоож, тойрог бүрд тус бүр нэг мандат олгосон юм. Энэ ангилалд улс төрчдийн хүүхдүүд, дүү, хүргэн, бэрүүд цөөнгүй нэрээ дэвшүүлэн өрсөлдсөн байна. Гишүүн асан Л.Эрдэнэчимэгийн хүү Б.Онон 150 хүнээс 50 санал авч, бүдэрснээ хуваалцжээ. Тэгвэл УИХын гишүүн Лу.Болдын зээ дүү Б.Билэгт Хан-Уул дүүргээс ҮБХ-нд сонгогдсон байна. Олны танил хүмүүсээс комедиан Н.Амаржин Сонгинохайрханыг төлөөлөх нь. Түүнчлэн цөөнгүй сэтгүүлч ҮБХ-нд оржээ.
АН ХОЁР ХУВААГДЖЭЭ
Тус намын анхан шатны сонгуулийн үеэр МАН-аас “царцаа” нүүлгэсэн тухай гомдол, шүүмжлэл их гарсан. Тэгвэл дунд шатанд ч энэ ажиллагаа үргэлжилсэн байна. УИХ-ын гишүүн Ө.Шижир Сэлэнгэ аймгаас ҮБХ-нд сонгогдсон. Тэрбээр өөрөө сонгогдсон ч намын хороонд нь хэчнээн “царцаа” байсан тухай нарийн тоо хэлж, үүний учрыг олно хэмээн цахим хуудсандаа бичсэн. Гэвч яагаад ч юм уг постоо устгачхаж. АН-ын олны танил гишүүд ч цахим сүлжээнд гомдол, шүүмжлэл, байр сууриа илэрхийлсээр буй юм. Дуучин Б.Батцэнгэл буюу Quiza ҮБХ-ны гишүүний сонгуульд өрсөлдөөд ялагдсан аж. Тэрбээр “Бэртэгчин болохоор хайрцаглагдсан бүх гишүүндээ баяр хүргэе. Эзнийгээ тамхи татах үед та бүхэн асаж чадна. АН гишүүд, дэмжигчдийнхээ тархийг бохирдуулсны төлбөрийг төлөх хэрэгтэй. Сонгуулиас өмнө манай намд нэг том Сталин байсан бол одоо түүн дээр нэмээд 10 Гитлертэй боллоо” хэмээн ярьжээ. “Люмино” хамтлагийн Бажи буюу Б.Батхишиг “Ядаж АНаа арай өөр байна гэж харж, хүлээсэн. Нэг айлын хаяг дээр 70 хүнийг шилжүүлээд ирүүлчихсэн, тэдний олонх нь МАН-ын гишүүн байлаа. Дотоод сонгуульд өөр намынхан дунд нь ороод удирдаж байна гэхээр яана даа. АН маань үндэс хэсэгтээ өөр намын гар, хөл болчихсон юм байна” гэжээ.
Нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Баянгол дүүргийн АН-ын гишүүд ч өчигдөр мэдээлэл хийв. Үүнд олон энгийн гишүүн нь байр сууриа илэрхийлсэн юм. Тэд ч мөн “царцааны нүүдэл” сонгуулийн үр дүнг өөрчилснийг гэрчилж, тиймээс үүнийг хүлээн зөвшөөрөхгүй гэж байв. Баянгол дүүргийн зургаадугаар үүрт ажиглагчаар суусан АН-ын ахмад гишүүн “Намайг очиход зохион байгуулагч гээд огт танихгүй 4-5 хүн байсан. Миний нэр бүртгэлд байгаагүй. УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар, Д.Энхтуяа нар ч ирсэн. Миний нэрийг бүртгэлээс хассан тэр нэрийн жагсаалтыг Д.Энхтуяа гишүүн баталгаажуулсан гэсэн. Манай үүр 115 гишүүнтэй ч тэр өдөр 230 “царцаа” нэмсэн байсан” хэмээн ярив. Тус дүүргийн дөрөвдүгээр үүртгэхэд хоёр айлд нийт 72 хүн нэмж бичсэн байсныг өөр нэгэн хүн ярина лээ. УИХ-ын гишүүн Л.Гантөмөр ҮБХ-ндоо сонгогдож чадаагүй тухай мэдээлэл зарим сайтад гарсан. Тэгвэл тэрбээр Сүхбаатар дүүргээс ҮБХ-нд өрсөлдөөд унамагцаа Баянзүрхээс очиж сонгогдсон тухай нэг гишүүн нь яриад “Ингэж бусдынхаа боломжийг булааж болохгүй. Тухайн дүүрэгтээ сонгогдсон, эсвэл унаснаараа байх ёстой. Ийм хүн намын дарга байжээ” гэв. Мөнгө тарааж, санал худалдаж авсан тухай сэтгэгдлүүд ч нийгмийн сүлжээнд олон байна.
Энэ бүхнээс үзэхэд АН дотроо УИХ-ын гишүүн, дарга ба энгийн гишүүд хэмээн хоёр хуваагдсан байна. УИХ-ын гишүүд нь МАН-ын бүлэглэлтэй нэгдэн “тоглолт” хийх зууртаа намаа устгах эхлэлийг тавьж буй учраас л энгийн гишүүд нь ийнхүү эсэргүүцэж, О.Цогтгэрэлийг огцруулахыг шаардаж эхлэв бололтой. Учир нь тэд “О.Цогтгэрэл огцор”, “МАН зохион байгуулсан уг сонгуулийг хүлээн зөвшөөрөхгүй”, “АН амь тавьж байна” гэх мэт лоозон барьсан байсан юм. ҮБХ-ны гишүүдийн баталсан үндсэн дүрмийг зассан байна, АН-ын дотоод сонгууль өмнө нь ийм бантан болж байгаагүй гэсэн хүмүүс ч байв.
Дээгүүрээ будилаан хутгаж, оролцсон, энгийн, эрх мэдэлгүй хэсэг нь шүүмжилж, бухимдсан сонгууль болж өнгөрлөө. Харин ҮБХндоо сонгогдож чадаагүй УИХ-ын гишүүд “хор найруулга”-аас гэнэдээд үлдчихэв үү, яав. Мэдээж унасан бүх гишүүнийг ингэж “өрөвдөж” болохгүй. Заримд нь тухайн намын хорооныхон дүнгээ тавьж, хариуцлага тооцсон биз. Ямартай ч АН цэвэр биш, “эрлийз” нам болсныг эл дотоод сонгууль нь харуулав.