Хүйтний улирал дуусаж, урин дулаан цаг ирлээ. Уур амьсгал дулаарсан хэдий ч хотын харагдах орчин үзэмжгүй, энд тэндгүй бохирдож сааралтсан, тоос манарсан зам, талбай, гудамж, барилга, байгууламжаар дүүрэн. Хүмүүсийн ил задгай хаясан шүлс, нус, хог хаягдал гэсэж орчныг бохироор ийн “буджээ”. Мөн ил задгай асгасан угаадас, бохир усны үнэр хамар цоргих аж.
Цас хайлан хөрс “өндийж”, салхи ширүүсэхтэй зэрэгцэн нийслэлийн зам, талбайн тоос, барилгын ажил, шороон зам зэрэг олон хүчин зүйл хаврын тоосжилтыг улам нэмэгдүүлдэг. Ингэснээр агаарт хүний биед хор хөнөөлтэй нарийн ширхэгт тоосонцор их хэмжээгээр тархан, амьсгалын замын өвчлөл нэмэгдэх нөхцөл бүрдүүлдэг аж. Байгаль орчны салбарын судлаачдын мэдээлснээр хаврын улиралд Улаанбаатар хотын агаарт агуулагдах PM10 болон PM2.5 буюу нарийн ширхэгт тоосонцор зарим өдөр агаарын чанарын стандарт хэмжээнээс хэд дахин их гарах тохиолдол элбэг гэв.
Эрүүл ахуйн стандартуудад тоосны зөвшөөрөгдөх дээд хязгаарыг ширхгийн хэмжээнээс нь хамааруулан тогтоодог. “Хөдөлмөрийн эрүүл ахуй, ажлын байрны агаар дахь хорт бодисыг хэмжихэд тавих ерөнхий шаардлага, зөвшөөрөх дээд хэмжээ” (MNS 4990:2023) стандартад нэг хувиас бага цахиур агуулсан тоосны зөвшөөрөгдөх дээд хэмжээ 10 мг/м3, нарийн ширхэгт тоосных 3 мг/ м3 гэж заасан байдаг ч эл үзүүлэлт өдгөө дээд цэгтээ хүрээд байна.
Хотын төвийн автомашины хөдөлгөөн ихтэй хэсгүүд, захын гэр хорооллын шороон зам давамгайлсан бүсүүд хаврын улиралд хамгийн их тоосжилт үүсгэдэг газруудын тоонд ордог. Нийслэлийн хэмжээнд хэдийгээр зам, талбайг угаах, чийгшүүлэх ажил хийгддэг боловч хуурайшилт ихтэй өдрүүдэд тоосжилт богино хугацаанд хэд дахин нэмэгддэг. Хүний биед агаараас орсон тоос, мананцар, уур, давирхайлаг бодисын том ширхэгтэй нь эхлээд амьсгалын дээд замын эрхтэн хамар, төвөнх, цагаан мөгөөрсөн хоолой, намираа хучуур эд дамжин нэвтэрдэг. Тэгвэл нарийн ширхэгт тоосонцор нь гуурсан хоолойн салбарласан бүдүүн хэсгээр нэвчин орж, уушгинд хүрч цулцангийн дотоод гадаргууг бүрхэн гэмтээж, уушги тоосжих өвчин үүсгэх замаар талбайг нь багасгадаг аж. Мөн нарийн ширхэгт тоосонцрууд нь гуурсан хоолойн нарийн сү вүүдийг бөглөн, цулцанд орж хүчилтөрөгчийг саатуулж, уушгины хатгалгаа, бронхит гэх мэт өвчин үүсгэх нь энүүхэнд.
НҮДНИЙ ҮРЭВСЭЛ, АРЬСНЫ ХАРШИЛ НЭМЭГДЭХ НЬ
Эрүүл мэндийн байгууллагуудын мэдээлснээр хаврын улиралд тоосжилтоос улбаатай арьсны харшил, нүдний салстын болон уушгины өвчин, харшлын гаралтай хамрын үрэвсэл, ханиад, томуу, гэдэсний халдвар нэмэгдэх хандлагатай байдаг гэв. Эдгээр өвчлөл нь ялангуяа хүүхэд, өндөр настан, архаг хууч өвчтэй иргэдэд илүү хүндээр тусдаг байна.
Харшил судлалын эмч нарын хэлж буйгаар хаврын улиралд эмнэлэгт хандах иргэдийн тоо эрс олширдог аж. Харшил гэдэг нь хүний дархлааны систем гаднын тодорхой бодисуудад (тоосонцор, хоол, хүнс, эм гэх мэт) хэт мэдрэгээр, зохисгүй хариу үйлдэл үзүүлэх үзэгдэл гэнэ. Энэ үед бие махбод тухайн бодисыг аюултай гэж “андууран” эсрэг бие үүсгэж, гистамин хэмээх бодис ялгаруулснаар арьс загатнах, туурах, нус, нулимс гоожих, амьсгал давчдах шинж тэмдэг илэрдэг аж. Дархлалын тогтолцооны эсүүд нь хэвийн үед гаднын эмгэг төрүүлэгч хүчин зүйлсийн эсрэг довтолдоггүй ба шаардлагагүй хариу урвалаас бие махбодыг хамгаалдаг. Энгийнээр хэлбэл, гаднын эмгэг төрүүлэгч хүчин зүйлсийн эсрэг дархлалын тогтолцоо хэт идэвхжиж, хариу урвал өрнөхийг харшил гэх юм билээ. Тэгэхээр хаврын улиралд хөрс, орчны тоос агаарт их хэмжээгээр дэгдсэнээс болж нүд улайн, хамар битүүрч, байнга найтааж, амьсгал давчиддаг байх нь. Зөвхөн амьсгалын замынх төдийгүй нүд, арьсны өвчлөл хаврын улиралд нэмэгддэг гэсэн үг.
НОГООН БАЙГУУЛАМЖ ТООСОНЦРЫГ АГААРТ ДЭГДЭХЭЭС ХАМГААЛДАГ
Тоосжилт нь ганцхан цаг уурын хүчин зүйл биш, хот төлөвлөлтийн асуудалтай шууд холбоотой гэдэг. Улаанбаатар хотын нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ олон улсын жишгээс хэд дахин бага байгаа нь тоосжилт нэмэгдэхэд нөлөөлдөг. Мод, зүлэг зэрэг ногоон байгууламж нь хөрсний элэгдлийг багасгаж, агаарт дэгдэх тоосонцрыг шүүх үүрэгтэй юм. Тэгвэл иргэд хэрхэн өөрсдийгөө хаврын агаарын бохирдлоос хамгаалах вэ гэхээр салхи ихтэй үед амны хаалт зүүх, нүдний шил хэрэглэх, шаардлагагүй бол гадаа удаан хугацаанд явахгүй байх, гэртээ чийгтэй цэвэрлэгээ тогтмол хийх, дархлаа дэмжих хоол, хүнс хэрэглэх зэргээр эрүүл мэнд, аюулгүй байдлаа хангах хэрэгтэй. Мөн бага насны хүүхдийг салхи ихтэй, тоосжилт өндөртэй үед гадаа олон цагаар тоглуулахгүй байхыг эмч нар зөвлөв. Гэртээ ч агаар сэлгэлтийг хоёр цаг тутамд хийж, агааржуулалтын хоолой бүрэн ажиллаж буйг хянах, засах шаардлагатай.
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв (НЭМҮТ)-ийн мэдээлснээр тоосжилтоос гадна бид амьдралынхаа 90 орчим хувийг дотоод орчинд өнгөрүүлдэг. Тэгвэл дотоод орчны агаарын бохирдол гэх зүйл бас бийг хүмүүс мэдэх байх. Үүнд бидний амьдарч буй орон сууц, ажил, чөлөөт цагаа өнгөрүүлдэг газар ч орно. Гэртээ байх нь агаарын бохирдол, өвчлөлөөс сэргийлэх арга зам бас биш байх нь гэсэн үг. Таны амьдарч буй байрны хана, тааз, шал ямар метриалтайгаас хамааран эдэлгээний үед орчны бохирдол үүсгэдэг. Хэт их бодис ашиглан гэрээ цэвэрлэх нь ч дотоод орчны агаарын бохирдол үүсгэж буй хэлбэр мөн гэж НЭМҮТ-ийнхөн хэлсэн. Гэртээ лаа, хүж, арц өдөр тутамдаа тогтмол асаах нь тохиромжгүй бөгөөд зарим нь химийн зохисгүй нэгдэл ялгаруулдаг гэнэ шүү. Түүнчлэн хүний дархлааны системээс хамааран тасалгааны ургамлаас ч харшилж, өв чилдөг байна. Тодруулбал, тасалгааны цөөнгүй төрөл, зүйлийн ургамлын тоосонцор, иш, навч, үндэснээс харшилдаг хүн бий. Үүнээс сэргийлэхдээ ургамлын навчин дээр хуримтлагдсан тоосыг чийгтэй алчуураар зөөлөн арчих, ургамал арчилсны дараа гараа сайтар угааж хэвших, эмчид үзүүлж, оншлуулж зөвлөгөө авах зэргээр арга хэмжээ авах боломжтой. Хаврын улиралд хүний дархлаа муудаж, бие сулардаг хэмээн уламжлалтын эмч нар үздэг нь орчны бохирдол дээд цэгтээ хүрдэгтэй холбоотой ч байж мэдэх юм.
ШАР УСНЫ ҮЕР БОГИНО ХУГАЦААНД ИХ ХЭМЖЭЭНИЙ ОРЧНЫ БОХИРДОЛ ҮҮСГЭДЭГ ГЭВ
Хавар цас хайлснаас үүсдэг шар усны үер нийслэл болон зарим суурин газарт орчны бохирдлыг өртөх шалтгаан болж байна. Ихэвч лэн гэр хороолол ихтэй бүсүүдэд шар усны урсгал хог хаягдлыг түрж, хөрс болон орчны эрүүл ахуйд сөргөөр нөлөөлдөг юм. Улаанбаатар хотын зарим хороололд цас, мөсний ус айл өрхийн нүхэн жорлон, бохирын цооног, ил задгай хогийн цэгүүдээр дамжин урсаж, халдварт өвчин тархах эрсдэлийг нэмэгдүүлдэг.
Шар усанд ахуйн хог хаягдал, мал, амьтны сэг зэм гээд элдэв нян холилдсон байх нь бий. Эдгээр нь зам, талбайд тархан тээврийн хэрэгслийн дугуй, эд зүйлсийн гадаргуугаар дамжин агаарт тоос болон дэгддэг хэмээн Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв (НЭМҮТ)-ийн Орчны эрүүл мэнд, нөлөөлийн үнэлгээний даргын үүргийг хавсран гүйцэтгэгч А.Энхжаргал хэллээ. Тэрбээр “Шар усны үерийн дараахан гэдэсний халдварт өвчин, суулгалт, арьсны үрэвсэл, харшил зэрэг өвч лөл нэмэгдэх хандлагатай байдаг. Иймээс иргэд шар ус ихтэй бүсээр зорчихгүй байх, хүүхдийг бохир усанд тоглуулахгүй, ил задгай хог хаяхгүй байх хэрэгтэй” гэж зөвлөлөө. Мөн бохир ус тогтсон газруудад ариутгал, халдваргүйжүүлэлт хийх, ус зайлуулах суваг шуудууг цэвэрлэх, хог хаягдлыг цаг тухайд нь тээвэрлэх ажлыг эрчимжүүлэх шаардлагатайг онцолсон. Улирлын чанартай шар усны үер богино хугацаанд их хэмжээний орчны бохирдол үүсгэдэг тул иргэд, байгууллагууд орчноо цэвэрлэж, ариун цэвэр сахих нь чухал болохыг тэрбээр сануулсан.
Олон улсын туршлагаас харахад агаар, хөрсний бохирдлыг бууруулахад хууль, эрх зүйн зохицуулалт, технологийн шинэчлэл, иргэдийн оролцоо хамгийн чухал хүчин зүйл болдог. Хөрсний бохирдол болон тоосжилтыг бууруулах олон улсын жишиг нь нэгдсэн мониторинг, орчны стандартад нийцсэн технологи, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, мөн бие засах газрын стандартыг сайжруулах замаар хөрсний нян, органик бохирдлыг багасгахад чиглэдэг.
П.Дайриймаа