Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэхийг гишүүдийн 56.3 хувийн саналаар дэмжсэн билээ. Улмаар анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр төслийг Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн юм. Гэвч үүнээс хойш 19 өдөр өнгөрөв. Гурван долоо хоногийн турш нэгдсэн чуулганы хэлэлцэх асуудалд уг төслийг багтаасангүй, бараа сураг нь ч алсраад байна. Ёс зүйн ноцтой зөрчил гаргасан, тангаргаасаа няцсан УИХ-ын гишүүдийг иргэдийн болон нэр дэвшүүлсэн намынх нь саналаар эгүүлэн татах, эсэхийг хэлэлцэхээр уг төсөлд тусгасан юм. Тойргоос сонгогдсон гишүүдийг иргэдийн, жагсаалтаар гарсан бол нэр дэвшүүлсэн намаас нь эгүүлэн татах санал оруулна, эцсийн шийдвэрийг парламент гаргана гэсэн үг. Мөн тухайн гишүүн Үндсэн хууль зөрчсөн гэж Цэц тогтоовол энэ тухайгаа УИХ-д танилцуулснаар шууд эгүүлэн татахаар тусгасан.
Уг хуулийг баталбал хамгийн түрүүнд эгүүлэн татагдаж, улмаар хуулийн байгууллагаар шалгуулах учиртай хэсэг гишүүн ихэд сандарч, үүнийг УИХ-ын босгоор давуулахгүйн тулд нэлээд юм боллоо. Гэвч хүч мөхөстөв. УИХ-ын гишүүнээр сонгогдсон л бол яаж ч дураараа авирлаж, Үндсэн хуулиа зөрчиж болдог хэмээн эндүү ойлгосон хүмүүст хуультай улс гэдгийг сануулан хариуцлага тооцож, парламентыг цэвэрлэх шаардлага бий. Тиймээс ч олонх уг төслийг дэмжсэн юм. Харин энэ ажил яагаад гацав.
Б.ЖАВХЛАНГААС ХАРИУЦЛАГА НЭХЬЕ
Дээрх хуулийн төслийг хэлэлцэх, эсэхийг хоёр долоо хоног дамнуулан ярьж байх зуурт Төрийн байгуулалтын байнгын хороо даргагүй байв. Учир нь уг байнгын хороог даргалж асан Ц.Сандаг-Очир БОУАӨ-ийн сайдаар томилогдон тушаал дэвшсэн. Түүний орны хүнийг тодруулж завдалгүй явсаар өнгөрсөн сарын 22-нд УИХ-ын гишүүн Б.Жавхланг даргаар нь сонгосон юм. Тэгэхээр хуулийн төслийг хэлэлцэхээр шийдсэнээс долоо хоногийн дараа тус байнгын хороо сая нэг даргатай болсон юм байна. Гэвч үүнээс хойш дахин хоёр долоо хоног өнгөрсөн ч төслийн эхний хэлэлцүүлгийн бэлтгэлийг хангаж чадаагүй явааг юу гэж ойлгох вэ. Мөн Б.Жавхлан бол гурван удаа УИХ-д сонгогдсон, Төсвийн байнгын хороог удирдаж, Сангийн сайдаар гурван Засгийн газар дамнан ажилласан нэгэн. Түүнд Төрийн байгуулалтын байнгын хорооны даргын ажилд “гарших”, суралцах шаардлага үгүй. Тэгээд ч дарга эзгүйд хэн нэг гишүүн нь орлож, байнгын хорооны ажил үргэлжилж байсан. Тэгэхээр үүнийг “хүндэтгэн үзэх шалтгаан”-д тооцох боломжгүй. Бас Б.Жавхлан бол МАН-ын 38 талын хүн. Эрх баригч намын даргын сонгуулиас үүдэн УИХ дахь МАН-ын бүлэг дотроо Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалангийн болон Г.Занданшатар, У.Хүрэлсүхийн бүлэглэл хэмээн хоёр хуваагдсан. Ерөнхийлөгчийн бүлэглэлд 38 гишүүн буюу олонх нь багтдаг. Тэгэхээр түүнд “том даргынхаа” санаачилсан хуулийн төслийг саатуулах шаардлага баймааргүй. Тэрбээр уг төслийг хэлэлцэхийг дэмжиж санал өгсөн гишүүдийн нэг юм. Эсвэл Сангийн сайдаар улираагаагүйд нь “гомдоод” ажил гацаагаад байна уу. Бүр дүр эсгэсэн олонхын эсрэг хүч нь хүрэхгүй яваа юм уу. Ямар ч байсан ажил гацсаны хариуцлагыг байнгын хорооны даргаас нэхэх нь зүй.
“ТООСОНД ДАРУУЛАХ” ХҮСЭЛ ХЭНИЙХ ВЭ
Төрийн байгуулалтын байнгын хорооны ахлах зөвлөхөөс энэ хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажил юу болж буйг лавлахад “Х.Тэмүүжин гишүүний өргөн барьсан УИХ-ын тухай хуулийн төсөл гэж бий. Ижил төслүүдийг нэгтгээд, УИХ-аас нэг ажлын хэсэг байгуулж ажиллахаар хүлээгдэж буй болов уу” гэлээ. Өөр санаачлагчидтай ч ижил хуульд өөрчлөлт оруулах төслүүдийг нэгтгэн хэлэлцдэг жишиг бий. Тэгвэл Х.Тэмүүжин гишүүн уг төслөө оны өмнө өргөн барьсан юм. Гэвч өнгөрсөн сард УИХ-ын даргыг шинээр томилох хүртэл түүний хуулийн төслийг хэлэлцэх асуудлын дараалалд оруулахыг эрх баригчид хүсэхгүй байлаа.
С.Бямбацогтыг УИХ-ын даргаар томилох үед АН-ын бүлэг завсарлага авч, бойкот хийсэн тул “тоосонд даруулаад” байсан төслийг нь сая нэг хэлэлцэж, дэмжсэн. Таван сарын турш гацааж байж өөрсдийнх нь эрх ашигт тулсан үед нэг шат ахиулсан гэсэн үг. Үүнээс хойш уг төсөл бас л сар орчим таг чиг болоод буй. С.Бямбацогт УИХ-ын даргаар сонгогдчихсон, одоо Х.Тэмүүжин гишүүний төслийг үргэлжлүүлэх, эсэх нь түүнд чухал биш. Тэгэхээр ийм удаан гацааж байж хэлэлцсэн төсөлтэй Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийг нэгтгэж, ажлын хэсэг байгуулахад бас л тодорхой хугацаа орох бололтой.
Үнэхээр л УИХ-ын нэр хүндийг аварч, хууль зөрчсөн, буруу булхайтай нэр холбогдсон, ёс зүйн доголдолтой гишүүдэд хариуцлага тооцож, парламентыг тэднээс цэвэрлэхийг хүсэж буй бол дээрх төслийг олонх яаралтай зүтгүүлэх ёстой. Гэтэл эсэргүүцэж байсан нь ч, дэмжсэн хэсэг нь ч чимээ аниргүй болчихлоо. Ерөнхийлөгчийн зүгээс ч ямар нэг алхам хийхгүй байна.
ЭСРЭГ САНАЛ ӨГСӨН “ЭРСДЭЛТ БҮЛГИЙНХЭН”
УИХ-ын тухай хуулийн төслийг дэмжихийг хүчтэй эсэргүүцэж, эсрэг санал өгсөн хүмүүс хэн хэн байсныг эргэн нэг сануулъя. Ёс зүйн ямар ч өгөгдөлгүй төрсөн М.Нарантуяа-Нара, Ц.Мөнхтуяа нар болон бүлэглэлийнхээ эрх ашгийн төлөө Үндсэн хуулиа зөрчиж, төрийн эргэлт хийж чаддаг, “улаан хамгаалагчид” болох А.Ариунзаяа, Х.Баасанжаргал, О.Батнайрамдал, Ж.Бат-Эрдэнэ, Э.Болормаа, Б.Баярбаатар, Х.Булгантуяа, М.Мандхай, Ч.Номин, П.Сайнзориг нар болон тэдний “эзэн” Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нар төслийг дэмжээгүй юм. Хуулийг яг өргөн барьсан хувилбараар нь баталбал тэд хамгийн түрүүнд эгүүлэн татагдах “эрсдэлт бүлгийнхэн” болж буй. Төрийн эргэлт хийхийг оролдсон, саналаа худалддаг, ёс зүйгүй авирлаж, эрх ашгийнх нь төлөө ажиллах ёстой иргэдийг доромжилдог ийм хүмүүс эгүүлэн татагдахгүйн тулд “Парламентын дархлаа алдагдах нь” гэсэн тайлбар хэлэн “тэмцсэн” нь гайхмаар. Уг нь парламентын нэр хүндийг хамгийн ихээр унагаж, дархлаагүй болгож буй хүмүүс нь тэд өөрсдөө билээ.
Тэдэн дээр АН-ын хэсэг гишүүн, ХҮН намынхан мөн нэмэгдсэн юм.
ЦЭЦ ӨӨРӨӨ ЁС ЗҮЙН ШАЛГУУР ХАНГАХ УУ
Ерөнхийлөгчийн өргөн барьсан төслийн 9.1.4-т “Цэц Монгол Улсын Үндсэн хуулийн 66.2.3-т зааснаар гишүүн Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэлт гаргаж , УИХ-д танилцуулсан бол” гишүүнийг шууд эгүүлэн татахаар заасан юм. Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй хуулийн дагуу Цэц ийм дүгнэлт гаргасан бол УИХ-д танилцуулж, тухайн гишүүнийг эгүүлэн татах, эсэхээ парламент өөрөө шийддэг. Тэгвэл энэ эрх мэдлийг шууд Цэцэд өгөх нь парламентын бүрэн эрхэд халдсан үйлдэл болно гэсэн болгоомжлол бий. Хуулийн төсөлд эсрэг санал өгсөн АН, ХҮН намын гишүүд ч энэ заалтаас нь “эмээсэн” биз.
Үндсэн хуулийн цэцийн есөн гишүүн өөрсдөө ёс зүйн шалгуурыг бүрэн хангах уу гэсэн асуулт бий нь үнэн. Цэцийн дарга Г.Баясгалангийн бүрэн эрхийн хугацаа 2025 оны зургаадугаар сард дууссан ч шинэчлэн томилоогүй л байна. Мөн түүний ажлын байрандаа архидан согтуурч, хөл дээрээ тэнцэж чадахгүй байгаа бичлэг олон нийтийн сүлжээгээр цацагдсан. Тэгэхээр тэр өөрөө ёс зүйн шалгуурт тэнцэхгүй нь. Уг байгууллагын өмнөх дарга .Одбаяр БНСУ-д онгоцны үйлчлэгчийн биед халдсан гутамшигтай үйлдэл гаргаж байв. Үүнээс хойш тус байгууллагын нэр хүнд олон нийтийн дунд унасан. Туршлагатай, ёс зүйн өндөр шалгуур хангасан, чадварлаг хуульчдаас бүрдэх ёстой Үндсэн хуулийн цэцэд иймэрхүү хүмүүс шургалсан байхад иргэд яаж итгэх билээ. Түүнчлэн Цэцийн нэг гишүүн нь УИХ-ын нарийн бичгийн даргаар томилогдоод явчихсан байгаа. Энэ мэтээр ирц дутуу, бүрэн эрх нь дууссан, ёс зүйн шалгуурыг хангахгүй даргатай байгууллага УИХ-ын гишүүдийг эгүүлэн татах, эсэхийг шийднэ гэхээр хэцүү.
Гэхдээ хуулийн төслийг Ерөнхийлөгч, эсвэл Засгийн газрын хэн нь ч санаачилсан бай, УИХ-аар хэлэлцэхээр дэмжсэн л бол парламентын мэдлийн асуудал болж хувирдаг. Өөрөөр хэлбэл, хэлэлцүүлгийн шатанд тухайн хуулийн төсөлд нэмэлт, засвар оруулах, өөрчлөх эрх нь УИХ-ын гишүүдэд бий. Тиймээс Ерөнхийлөгчийн санаачилсан төслөөс иймэрхүү “эрсдэлтэй” заалтыг нь хасаж, өөрчлөөд хууль зөрчсөн, ёс зүйн алдаа гаргасан, дураараа дургигчдаа эгүүлэн татаж, хариуцлага тооцдог тогтолцоо бүрдүүлэх боломжтой. Харамсалтай нь, 126 гишүүний яг хэдэн хувь нь эгүүлэн татах зохицуулалтыг, парламентын нэр хүндийг цэвэрлэхийг бодитоор дэмжиж байна вэ гэдэг нь эргэлзээ айна. Дөрөвдүгээр сарын 16-ны нэгдсэн чуулганд 101 гишүүн оролцож, 57 нь дэмжсэн юм. Гэтэл тэр олонх өнөөдөр хаана байна.
Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэхгүй удах тусам “эрсдэлт бүлгийнхэн”-д хэрэгтэй, ашигтай. Ингэж хойшлуулсаар тэд бүрэн эрхээ дуусгахыг хичээж буй. УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төсөл үнэхээр парламентыг цэвэрлэх, цэгцлэх агуулгатай байсан уу, эсвэл улс төрийн “өшөө авалт”, хэсэг хүнийг хашраах сануулга төдий юү гэдгийг удахгүй бид мэднэ. Хурдан хэлэлцэх тусам үнэнд ойртоно, гацаах тусам “улс төрийн тоглоом” байсан гээд тооцчиход гэмгүй.