“Жинхэнэ гоо үзэсгэлэн нь тэр цаг үеийн моод, түр зуурын, өнгөцхөн зүйл биш юм. Тийм учраас бид таны жинхэнэ мөн чанарыг тодотгож, толинд тусах дүрийг тань байгалийн гоо үзэсгэлэн, гоо зүйн өвөрмөц байдалтайгаар бүтээнэ” хэмээдэг АНУ-ын Колорадо мужийн Денвер хотын /Хаяг: 6501 E Belleview Ave Suite 280, Энглвуд, CO 80111/ гоо сайхны мэс заслын Locketz Facial Plastic Surgery эмнэлэг үйлчлүүлэгчиддээ хэлдэг.
Тус эмнэлэг тухайн хувь хүнд тохирсон тусламж үйлчилгээ үзүүлэх, байгалиасаа залуужуулсан харагдуулах мэс заслыг хийдгээрээ алдаршсан, тэр хэрээр туршлага хуримтлуулжээ.
Locketz Facial Plastic Surgery эмнэлгийн эмч, мэс засалч, доктор Гарретт Д.Локкетз нь АНУ-ын зүүн хойд хэсэгт оршдог, дэлхийн хамгийн нэр хүндтэй, эртний түүхтэй, шилдэг найман их сургуулийн нэгдэл болох Айви Лиг (Ivy League)-т боловсрол эзэмшжээ. Айви Лиг (Ivy League)-ийн боловсрол нь академик өндөр түвшин, нийгмийн элит байр суурь, болон маш нарийн сонгон шалгаруулалтыг илэрхийлдгээрээ алдартай.
Доктор Гарретт Д.Локкетз нь зөвхөн нүүр, хүзүүний мэс заслаар дагнасан. Нүүрний гүн өргөлт, хүзүүний гүн өргөлт, зовхи өргөх (блефаропластика), хөмсөг өргөх, уруул өргөх, хамрын мэс засал, мэс заслын бус эмчилгээний чиглэлээр мэргэшсэн эмч юм байна.
Тэрээр үйлчлүүлэгчдийнхээ нүүрний зохицлыг тэнцвэржүүлж, байгалийн гоо үзэсгэлэнг сайжруулахын зэрэгцээ нүүрний төрх, жинхэнэ байдлыг хадгалахад ихэд анхаарч ажилладаг. “Аливаа мэс заслын процедурын хувьд ажлаа амжуулах, түүнийгээ зөв хийх хоёрын хооронд амин чухал ялгаатай” гэдэг доктор Гарретт Д.Локкетз хийж буй процедур бүрээ нямбай хийж, өвчтөний сэтгэл ханамж, ерөнхий эрүүл мэндэд анхаардаг. Түүний үйлчлүүлэгч бүр мэс заслын дараа нүүр царайндаа итгэлтэй болж, бусадтай эрч хүчтэй, жинхэнэ байдлаар харилцах боломжтой болдгоороо алдаршсан эмч юм байна.
Тийм учраас доктор Гарретт Д.Локкетз хийж буй эмчилгээ бүрдээ хувь хүнд тохирсон, дэвшилтэт арга техникийг шингээсэн нүүрний гоо сайхны мэс заслын процедурын бүрэн цэсийг санал болгодог. Өөрөөр хэлбэл, тэрээр нүүрний гоо сайхны мэс заслын онцгой үр дүнг санал болгодог түүнд АНУ болон дэлхийн өнцөг булан бүрээс үйлчлүүлэгчид ханддаг байна.
Түүний Locketz Facial Plastic Surgery үйлчлүүлэгч бүрт элит түвшний тусламж үзүүлдэг. Тус эмнэлэгт хандсан, холоос ирж байгаа үйлчлүүлэгчиддээ зочид буудал захиаж, хувийн сувилахуйн тусламж үйлчилгээ, хувийн автомашины үйлчилгээ зэрэг консьержийн үйлчилгээ үзүүлдэг байна. Мэс заслын эмчилгээний үнийн тухайд процедурын нарийн төвөгтэй байдлаас хамааран ойролцоогоор 5-30 мянган доллар хүртэл хэлбэлздэг. Тухайлах юм бол нүүрний гүн өргөх, хөмсөг өргөх, хүзүү өргөх зэрэг цогц багцыг ойролцоогоор 30 мянган доллар, нүүр өргөх/хүзүү өргөх өндөр зэрэглэлийн мэс засал нарийн төвөгтэй байдал, мэс заслын эмчийн туршлагаас хамааран 20-30 мянган долларт хүрдэг. Харин нүүрний өөх шилжүүлэх мэс засал 7-14 мянган доллар, уруул өргөх мэс засал 5,8-6,8 доллар, хөхний өөхийг арилгах мэс засал 6-7.5 мянган долларын үнэлгээтэй байдаг. Ерөнхийдөө гоо сайхны элит түвшний эмнэлэг гэж болно. Тус эмнэлгээр манай монголчуудаас ч эмчлүүлж, гоо сайхандаа анхаардаг байна. Хэдэн жилийн өмнөөс АНУ-д амьдрах болсон Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг нар Locketz Facial Plastic Surgery эмнэлгээр үйлчлүүлсэн байна. Тэд нүүр хүзүүний гүн өргөлт буюу монголчуудын ярьдгаараа арьс татуулах үйлчилгээг тус эмнэлгээс авчээ.
М.Бат-Эрдэнэ